АНУ-ын Хойд Каролина мужийн Китти Хоук далайн эргийн ойролцоох Килл-Девил Хиллз хэмээх гүвээ. Бүх биеэрээ ширүүн салхи сөрөн, нисэх загварын онгоцоо чирэн, гүвээ өөд гарах ах дүү хоёр. Ах дүүс өөрсдийн зохион бүтээсэн онгоцоо ийн нисгэж, төд удалгүй хүн төрөлхтний хамгийн анхны өөрөө нисэх онгоцыг бүтээж амжилтанд хүрчээ. Уг нислэг ердөө 12 сек үргэлжилж, 36.5 метр ч хүрэхгүй зам туулсан ч салхины хүчээр биш, онгоц өөрөө өөрийнхөө хүчээр агаарын зам нээсэн агуу амжилт байлаа.
Тэнгэрт нисэхийг хүссэн хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэхийн тулд ах дүүс Райт унадаг дугуй засварын ажил хийж байхдаа цаг зав л гарвал агаарын нислэг, математик, физик, шинжлэх ухааны судалгааны ажилтай холбогдолтой ном товхимол зэргийг шимтэн уншдаг байжээ. Тэд өдөр шөнөгүй судалгаа хийж, хэдэн зуун нисэх загварын онгоц хийсэн боловч нисэх оролдлого хийх болгонд онгоц нь газар шаагаад уначихдаг байв. Бүтэлгүйтэх болгондоо байнга шархдаж бэртэж, зовж, эвдэрсэн онгоцоо л байн байн засварлаж, бүтэлгүйтсэн шалтгаанаа хайсаар өдөр хоногуудыг залхмаар өнгөрүүлсэн ч ах дүү хоёр огтхон ч шантарч бууж өгөөгүй юм. Хөх тэнгэрт дураараа дүүлэн нисэх цорын ганц мөрөөдлөөр л юм бүхнийг даван туулж байсан ах дүүст 1903 оны 12 сарын 17 гэх өдөр баяр хөөр, яруу алдрын өдөр байсан юм.
АНУ-ын нэгэн сэтгэл судлаач өгүүлэхдээ тэд олон удаагийн бүтэлгүйтэлд ч бууж өгөлгүй, тэсвэр хатуужлаар байнга хүч сорин, эцэст нь амжилтанд хүрсэн нь зорилгынхоо төлөөх агуу том хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байсантай нь холбоотой гэж дурдсан байдаг аж. Саад бэрхшээл, сорилт, хүнд хэцүү байдалтай тулгарсан үедээ ч шантрах бодлоос илүүтэй зорилгодоо хүрэх гэсэн сэтгэл нь давамгайлж байх юм бол амархан сэтгэл алдрахгүй юм.
Тэнгэрийн хаанчлалыг чиглэсэн хүсэл найдвар нь тодорхой хүн бол зовлон бэрхшээлийн шуургыг түүртэлгүй давж, сорилт шалгуурын хонгилыг ч ядах юмгүй нэвтэрдэг. Ганцаардаж, тамирдаж ядарсан мөчөө сүр жавхлант тэнгэрийн хаанчлалд Бурхантай хамт байгаагаар төсөөлөн бодоод л ялаад гарчихна. Бидэнд шантарч яасан ч боломгүй итгэлийн зорилго байгаа юм чинь. Нэгэнтээ итгэл дотор нэг хоёр алхаад эхэлсэн л бол сэтгэл догдлуулам яруу алдрын өдрийг хүртэл цаашид бүр ч хүчтэйгээр урагш давшин алхацгаая.