Өчүүхэн төдий өө сэв байсан ч

И Ён Жин / Солонгос, Пусан

2,320 үзэлт

Жил бүрийн ургацын улиралд манай Сионы гэр бүлүүд хүн хүч муутай тариаланчдад тусламжийн гараа сунгадаг юм. Энэ удаа бид алим ангилж сортлох ажилд туслахаар Миряны Орымгул дахь жимсний аж ахуй дээр очлоо.

Орымгулын хөндий нь Чонхуан уулын замд байрладаг, зургаан сарын дундаас найман сарын зуны ид дунд хүртэл мөс болон тогтсон сонин тогтоцтой хөндий юм. Энэ мөс нь өвөлдөө хайлдаг. Тиймээс энэ хөндийг Солонгосын 224 дэх байгалийн дурсгалт газар гэж тодорхойлсон байдаг. Гайхамшигт байгалийн орчин нөхцөлд болон шим тэжээлтэй хөрсөнд боловсорсон тэндхийн алимнууд нь уг тосгоныг төлөөлөх онцгой бүтээгдэхүүн аж. Харин тариалангийн болон загасны аж ахуй эрхэлдэг бусад газарт байдагтай л адил тариаланч дутагдалтай аж. Түүгээр зогсохгүй тариачин гар нь өвдөөд байгаа учраас бүр ажлаа ч хийж чадахаа больсон байв. Биднийг жимсний аж ахуй дээр очиход тэрээр алимнуудаа сортолж ангилах гээд овоолж хураасан байлаа. Тариаланч ямар ч ажил хийж чадахгүй болсондоо бачимдан, дэмий л хөлөө дэвслэн байв. Гэвч бидэнтэй уулзсанаас хойш санаа нь амарч инээмсэглэж харагдана.

Бид хураасан алимыг ургацынх нь үе шатын дагуу сортолж ангилна гэдгийг алим хураахаас хавьгүй амархан гэж бодож байтал тийм биш байлаа. Эхлээд алимнаас ишийг нь тайрч авна. Дараа нь гэмтэлтэй, өө сэвтэй алимнаас өө сэвгүйг нь ялгаж салгана. Тариаланч бидэнд алимны ишийг маш богино тайрахгүй бол бусад алимаа хатгаж гэмтээх гээд байдаг гэлээ.

Чанар сайтай алимыг чанар муутайгаас нь ялгана гэдэг ч бас л ярвигтай ажил байлаа. Ямар ч өө сэвгүй, гоё өнгөтэй хэрнээ яг чанар сайтай алим гэдэгт нь ангилчихъя гэхээр хэмжээ нь жижиг байгаад байв. Харин хичнээн том хэмжээтэй байлаа ч өө сэвтэй, эсвэл хэлбэр нь зөв биш бол чанар муутай алим гэж ангилагдаж байлаа. Заримдаа гоё өнгө сайтай хэрнээ хальсан дээр нь жаахан л зураас байснаасаа болоод B сортын алим гэж ангилагдана. Энэ нь надад ёстой харамсмаар санагдсан.

Стандартын энэ хатуу шаардлагыг хангаагүй алимыг бол хичнээн хөлс зүтгэлээр тарьж ургуулсан байсан ч хамаагүй агуулахад хураадаггүй гэж тариаланч хэлсэн юм. Тариачны энэ үг миний сэтгэлд гүнээ үлдэв. Жимс жимсгэнэ ч хүртэл агуулахад хураалгахын тулд стандартын хатуу шаардлага хангасан байх ёстой байх нь байна шүү дээ. Тэгэхээр тэнгэрийн оронд орох хэм хэмжүүр, шалгуур хичнээн хатуу байх бол оо! Сайхан боловсорсон алим мэт улаахан өнгөтэй тэнгэрийг ширтэн хараад би тэнгэрийн амбаарт сайн үр жимс болон хураагдахын тулд зан чанараараа Бурханыг бүрэн дуурайн, муу зан аашаа хаях шийдвэр гаргасан даа.