Аз жаргалтай айл гэрийн чухал шинж, талархал
Талархдаг хүн аз жаргалтай байдаг. Эерэг сэтгэл оюунтай байвал хүн ер нь юм бүхэнд талархдаг болдог.
Нельсон Мандела арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэн тэмцсэнийхээ төлөө бүх насаар нь хорих ял сонсож, 27 жил шоронд сууж байгаад 1990 онд суллагдсан юм. Тэрээр 70 настай байсан тул хүмүүс түүнийг их хөгширсөн байх гэж бодож байлаа. Тэгтэл тэрээр эрүүл чийрэг, цовоо сэргэлэн төрхтэй шоронгоос гарч ирэн, хүмүүсийг гайхшируулав. Сэтгүүлч түүнээс эрүүл залуу байгаагийнх нь нууцыг асуухад:
“Би шоронд байнга Бурханд талархдаг байсан. Тэнгэр өөд хараад Бурханд талархдаг байлаа. Газар руу хараад талархдаг байлаа. Ус уухдаа талархдаг байлаа. Хоол идэж байхдаа талархдаг байлаа. Тэр байтугай хөдөлмөрийн лагерьт хүнд хүчир ажил хийж байхдаа ч талархдаг байлаа. Үргэлж талархаж байсандаа л би эрүүл чийрэг хэвээрээ байгаа хэрэг” хэмээн хариулсан гэдэг.
Нэгэн оюутан охин машины ослоос болж бүх бие нь гуравдугаар зэргийн түлэгдэлттэй болжээ. Царайлаг, хөгжилтэй охин байсан ч энэ бүхэн нь алга болж, бүх бие нь боолттой, хуруугаа ч хөдөлгөж чадахгүй орон дээрээ хэвтэх болов. Тэрээр сэтгэлийн гүн гутралд орж, амьдралын хүсэл тэмүүллээ хаях хэмжээнд дэндүү их цөхөрч байсан аж. Бүр 30 гаруй хагалгаа, нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд ч таталдсан түлэнхий царайгаа хуучин хэвэнд нь оруулж чадсангүй. Гэвч одоо бол тэрээр харин ч аз жаргалтай байгаа аж. “Жи Сон оо, би чамд хайртай” номын зохиогч И Жи Соны үүх түүх ийм.
Эрхий хуруунаас нь бусад хурууных нь яснууд түлэгдсэн тул хуруу болгоныг нь зүсэх мэс засал хийлгэснээс хойш тэрээр өдөр бүр талархах шалтгаан хайж эхэлсэн гэнэ. Зүүн гарын хуруу нь баруун гараас нь арай урт байсан тул савх хэрэглэж чадах болсондоо талархаж, халбагаа өөрөө барьж чадаж байгаадаа талархаж, өвчтөний хувцсаа өөрөө товчилж чадаж байгаадаа талархаж, мөн шатаар өгсөж, уруудаж чадаж байгаадаа талархаж байсан гэнэ. Ийнхүү талархлаар л амьдралын учир шалтгааныг дахин олж авсан тэрээр “Талархах нь гайхамшиг бий болгодог дадал юм” гэж хэлсэн байдаг.

Амьдрал доод цэгтээ хүрч доройтон, уналтанд орох үед талархал гэдэг зүйл нь авралын олс шиг бидний амьдралыг гэрэл гэгээ рүү хөтөлдгийг эдгээр хүмүүс баталсан байна. Заавал ийм эрс уналтын муу муухай үед ч биш. Ер нь их талархдаг хүмүүсийн ихэнх нь бусадтай эв зүйтэй, нийтэч амьдраад зогсохгүй өөрсдийгөө золгүй гэж ер боддоггүй аж. Талархал дүүрэн айл гэрт харилцааны асуудал гардаггүй.
Аливаа айл гэрийнхэн Бурханд итгэдэг бол бүр ч илүү талархлаар бялхах ёстой шүү дээ. Яагаад тэр билээ? Тэр нь л Бурханы хүсэл юм чинь аргагүй.
Талархдаг сайн зуршилтай болохын тулд дасгал хий
1. Аливаа юмс сайн сайхан, бүтэлтэй байх үед л зөвхөн талархах ёстой юу?
“Өсвөр насны хүү чинь тантай үг сөрлөө гэхэд энэ нь танай хүү гудманд тэнээд явж байгаа биш, гэртээ байгаа гэсэн үг шүү дээ. Татвар төлж байгаа чинь та ажилтай байгаа л гэсэн үг. Баяр ёслол, дайллага цайллагын дараа угаах аяга таваг их байгаа нь та найзуудтайгаа цагийг их сайхан өнгөрүүлсэн гэсэн үг. Өглөө эрт сэрүүлэг чинь хэт чанга дуугарч байгаа бол та амьд байгаа гэсэн үг шүү дээ.”
Талархах ямар нэг сайхан үйл хэрэг хүлээгээд байх хэрэггүй. “Талархах юм юу ч байхгүй байхад юундаа талархана гэж? гэж бодох хүн олон. Харин талархана гэдэг нь талархах онцгой тохиолдол хэр ихээс, талархах юм юу байгаагаас хамаардаг юм биш ээ. Харин таны сэтгэл бодлоос хамаардаг юм.
2. Эерэг бодол нь талархах зүйл олж харах нүд.
Шүүмжлэмтгий, аливаад сэтгэл хангалуун биш, сөрөг хүмүүс талархах нөхцөл байдалд ч талархдаггүй. Харанхуй цэцэрлэгт байгаа цэцэгс, моддыг харъя гэвэл гар чийдэн асаах ёстой шиг эерэг бодол сэтгэлээр ертөнцөд гэрэл тусгавал өмнө нь анзаараагүй талархах зүйлээ олж авч чадна.
Эерэг бодолтой байвал өчүүхэн жижиг юман дээр ч талархана. Талархдаг сэтгэлтэй амьдарвал аз жаргалтай хүн болно. Эерэг бодол, талархал, аз жаргал гурав нь харилцан уялдаа холбоотой. Адилхан сарнайг хараад зарим хүн өргөстэйд нь гомдоллох бол зарим хүн тэр өргөсөн дундаас дэлбээлж гарч ирсэнд нь талархана. Аль хүн нь аз жаргалтай байх бол? Зарим хүн өглөө босоод ажилдаа явах замдаа “Дахиад л залхуутай ажилдаа явж байна. Ажил ч ёстой нэг ядраах юм аа.” гэж бодож байхад зарим нь ажилтай байгаадаа талархана. Хэнийх нь хөлийн алхаа хөнгөн, хэн нь илүү баяр хөөртэй байх нь ойлгомжтой биз ээ.
3. Юуг ч байдаг л зүйл гэж үзэх ёсгүй.
Дээр дурдсан И Жи Сон сормуус, чихний дэлбээ, хумс байгаа нь хүртэл утга учиртай гэдгийг ухаарч талархсан гэнэ лээ. Эргэн тойрноо харвал талархах үй түмэн зүйл бий. Харин бид тэр бүхнийг байдаг л зүйл гэж боддогоосоо болоод талархах боломжоо алдчихдаг.
Хүмүүсийн эелдэг зан, сайхан сэтгэлийг байдаг л зүйл гэж хүлээж авах юм бол мэдээж талархах хэцүү. Гэрийнхэндээ хандах тухайд ч мөн ялгаагүй. Эхнэр нь нөхрийнхөө хүнд хүчир ажил хийдгийг нь байх л зүйл гэж үзээд үнэлдэггүй бол, нөхөр нь эхнэрийнхээ хийдэг гэрийн ажлыг зайлшгүй хийх ёстой ажил гэж үзэн талархаж мэддэггүй бол, аав ээжийнхээ тэжээж тэтгэж, хувцаслаж, сургууль соёлд явуулах гэж зүтгэдгийг хүүхдүүд нь эцэг эхийн үүрэг хэмээн үнэлж мэдэхгүй бол тэд гэр бүлээсээ аз жаргал мэдэрч чадахгүй.
4. Талархлын түвшин өөр өөр.
Талархана гэдэг өөрөө их сайхан зүйл. Гэхдээ талархлын түвшин өөр өөр байдаг байна. Талархах эхний түвшин нь “Хэрвээ миний хүссэнээр л зөвхөн болбол би талархана” гэх “болзолт талархал”. Хоёр дахь түвшний талархал нь ямар нэгэн зүйл миний хүссэнээр болсон учир “тийм учраас талархлаа” гэх талархал. Гурав дахь түвшин буюу талархлын дээд түвшин нь бэрх, хэцүү байсан ч хамаагүй шалтгаан, нөхцөл байдлаас шалтгаалдаггүй “үл хамаарах талархал” юм. Аливаа бэрхшээлийг талархаж даван туулсан ихэнх хүмүүс энэ гурав дахь түвшний хэмжээнд талархдаг байсан аж. Хэрэв нөхцөл байдал сайжрах хүртэл хүлээх юм бол талархах боломж бүр огт ирэхгүй байж ч магадгүй юм. Хүнд хэцүү үед талархах гэдэг тийм ч амар биш л дээ. Гэхдээ хичнээн хэцүү байсан ч ер нь талархаж байх нь л ашиг тустай.
Талархах нь үйл үг болохоос нэр үг биш
Хэн нэгэн цохихгүй л бол хонх хонх биш.
Хэн нэгэн дуулахгүй л бол дуу дуу биш.
Хайртайгаа илэрхийлэхгүй л бол хайр хайр биш.
Талархахгүй л бол ерөөл ерөөл биш.
Талархаж байж л ерөөл ерөөл болно.
Аливаа юманд үйлс үйлдэл дагалдаж байж л улам тодорно гэсэн утга харуулж. Заримдаа бид зүгээр л дотроо талархаж байхад талархлаа илэрхийлэхгүй байсан ч хангалттай гэж боддог. Гэвч талархал гэгч зүйл илэрхийлж байж л бүр утга учиртай болно. Зүгээр л сэтгэл дотроо талархаад байхын оронд гадагш гаргаж, илэрхийлж байж л хайрлах сэтгэл, харилцан итгэлцэл хуримтлагдана шүү дээ.
Хэн нэг хүн жаахан эелдэг хандахад л бид тэр даруй баярлаж талархсанаа илэрхийлдэг хэрнээ гэрийнхэндээ болохоор тэртэй тэргүй мэдрэх юм чинь гэж бодоод талархлаа тэр бүр илэрхийлээд байдаггүй. Энэ нь алив асуудал энэ тэрд гэрийнхнээ байнга л хажууд байх ёстой гэсэн бодлоос нь эхтэй. Талархах үедээ гэрийнхэндээ энэ талархлаа үгээр юм уу бичгээр илэрхийлдэг байх ёстой. Талархаж, талархсанаа илэрхийлэх үед санаснаас ч илүү ашиг тустай. Бусдыг баярлуулаад зогсохгүй өөрөө ч баярлана. Түүнээс гадна талархал хүлээн авсан хүн нь нөгөө талархлаа илэрхийлсэн хүнээ бүр ч баярлуулах гэж хичээнэ. Ийм байдлаар талархах хэрэг улам бүр тохионо. Тийм учраас талархлын ашиг шимийг хамгийн их хүртэгч нь талархдаг хүн өөрөө байх юм.
Давид Бурханд талархсанаараа их магтаал, их ерөөл авсан талаар Библид гардаг. Бурхан түүнийг “зүрх сэтгэлийн дагуух хүн” гэсэн байдаг. Телевизийн алдарт ток шоу нэвтрүүлгийн эзэн Опра Винфри амжилтынхаа түлхүүрийг талархлын өдрийн тэмдэглэлээ гэж хэлсэн байдаг. Тэрээр тухайн өдөр юу юу тохиолдсоныг нягталж үзээд, талархах бүх зүйлээ тэмдэглэлийн дэвтэртээ жагсааж бичдэг байсан ажээ. Агуулга нь нүсэр том байх албагүй л дээ. Жишээлбэл хөх тэнгэр өөд харах, амттай хоол идэх, уураа барих зэргийн наад захын жижигхэн зүйл. Хувийн талархлын тэмдэглэлтэй байх сайн хэрэг ч гэлээ тэр талархлын тэмдэглэлээ гэрийнхэн дундаа нэг дэвтэрт бичвэл энэ нь ч бас бие биенийхээ дотор сэтгэлийг унших боломжтой харилцааны нэг арга болно.
Ганди “Талархлын хэмжээ нь аз жаргалын хэмжээ” гэж хэлсэн байдаг. Нэгэнтээ талархал аз жаргал хоёр шууд пропорцианоль хамааралтай учраас талархах зүйл нэг нэгээр нэмэгдсээр хуримтлагдах явцад аз жаргал ч мөн бялхана.
Талархахын хүч
Талархсанаар олон юм олж авна. Мөн олон юм алдана. Стресс бухимдал, сэтгэл гутрал, туйлдаж ядрах, ганцаардал, уур уцаар, шунал, санаа зовнил гээд бие махбодод сөрөг нөлөөлдөг бүхнийг алдана. АНУ-ын Калифорны их сургуулийн профессор Роберт Эммонз арван жилийн судалгаа хийж, хүн талархсанаар эрүүл саруул, аз жаргалтай амьдрал олж авдгийг нотолсон байна. Өдөр бүр талархах таван зүйл жагсааж бичсэн багийнхан нь тэгж бичээгүй нөгөө багийнхнаасаа хавьгүй эрүүл, илүү өөдрөг, сэтгэл санааны хямрал, стресс бухимдал багатай байсан аж.
Сэтгэл гутрал гэгч зүйл хүний амь насыг ч авч одож мэднэ. Тийм сэтгэл гутралд тохирох байгалийн эм бол талархах. Талархал өргөх нь хүмүүсийг авардаг гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй биз ээ. Үргэлж талархдаг хүн уураа амархан дарж чаддаг байна. Учир нь талархал гэгч зүйл хэзээ ч сөрөг муу муухай сэтгэлтэй нэг дор оршдоггүй.
Хэрэв бид өөрсдийгөө бусадтай харьцуулах юм бол хүлээж найдаж байсан шигээ болохгүй бол атаа шуналтай, ядарч туйлдсан, санаа зовнисон, уур уцаартай, санаа зовнил, түгшүүртэй нэгэн болно. Харин байгаадаа сэтгэл хангалуун байж, талархаж амьдардаг бол атаа шунал төрүүлдэг элдэв муу бодлоос ангижирна.
Талмудын сударт “Энэ дэлхийн хамгийн мэргэн ухаантай хүн бол суралцдаг хүн, энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн бол талархдаг хүн” гэсэн үг байдаг. Мөн “Аз жаргал үргэлж талархлын хаалгаар орж ирж, гомдлын хаалгаар гарч явдаг” гэсэн барууны зүйр үг ч байдаг. Аз жаргалтай байя гэвэл талархал хамгийн түрүүнд байх ёстой. Ам бүл гэх хамгийн эрхэм нандин хүмүүстээ баярлаж талархаж буйгаа харамгүй илэрхийлж байгаарай. Талархал хэтэрлээ гэхэд ямар ч гарзгүй. Харин ч бялхах тусмаа сайн.