Намайг удаан хүлээсэн Бурханы ачийг хариулах цаг

Со Жүн Ён / Солонгос, Соннам

225 Үзсэн тоо

Багц ургамал ч ургахад хэцүү, үржил шим муутай элсэн цөлд израиль ард түмний төлөө Бурханы буулгаж өгсөн “манна” эхэндээ гайхамшигтай хоол хүнс байсан. Гэвч урт удаан 40 жилийн аянд идсэн “манна” яваандаа израиль ард түмний хувьд “заваан хүнс” болж хувирсан байдаг.

Аав ээж маань намайг 5 сартай байхад үнэнийг хүлээн авч, хэдэн жилийн дараа эш үзүүлэгчийн замыг сонгосон гэнэ лээ. Үүний ачаар би бага наснаасаа л Сионы олон гэр бүлийн хайр халамжинд бөмбөрч өссөн дөө. Сион дахь амьдрал маань өсвөр нас хүртэл баяр хөөрөөр дүүрэн байлаа. Гэвч сургуулийн он жилүүдэд найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөмөөр байвч Амралтын өдөр бүр Сион руу явж хууль тушаал сахих ёстой болдогтоо үргэлж сэтгэл дундуур байх болов. Бурханы үгийг хэрэгжүүлэх ёстойг мэдэх нь мэддэг ч зүрх сэтгэлээсээ ухаарч хүлээн авна гэдэг мэдээж тэс өөр.

Гомдол дургүйцэл яг л хогийн ургамал аятай нэг л “ургачихвал” амьдрах чадвар сайтай юм билээ. Сэтгэл дотор улам л томроод байна. Шилжилтийн насан дээр миний байдал бүр ч дордож эхлэв. Аав ээжийнхээ хайрыг, Сионы ах эгч дүүсийн анхаарал халамжийг би ойлгохгүй, хүний хэрэгт хөндлөнгөөс оролцлоо гэж бодох болов. Итгэлийн амьдралдаа сахиж ирсэн хууль тушаал надад яг л “төмөр гав гинж” мэт санагдах боллоо. “Энэ бүхэн аав ээжээс л болж байгаа юм” гээд хамаг гомдлоо тэдэндээ гаргах нь энүүхэнд.

Учраа олохгүй зөрчилдөж явсаар нэг л мэдэхэд ахлах сургуулиа төгсөх цаг ойртлоо. Ирээдүйдээ санаа зовж, стресстэж явах үедээ би ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан Библийн сургалт болох талаар сонссон юм. Миний хувьд яг хэрэгтэй хөтөлбөр байсан ч оролцох хүсэл надад нэг л төрж өгөхгүй байв. Өөрийгөө Библийн талаар хангалттай сайн мэднэ гэж боддогтоо ч тэр үү 4 шөнө 5 өдрийн турш танихгүй ах эгч дүү нартай цуг байна гэдэг надад их эвгүй санагдсан л даа.

Гэхдээ яагаад ч юм тэр сургалтанд хамрагдчихав. Миний төсөөлж байсанчлан хөтөлбөр Библийн хичээлээр эхэллээ. Библийн үгийг би бодож байснаасаа ч илүү тодорхой ойлгож авлаа. Амралтын өдөр хичнээн ерөөлтэйг, тэнгэрийн нүгэлтэн бидэнд Алгасал баяр хичнээн эрхэм нандин болохыг би хангалттай мэднэ гэж бодож байсан ч үнэн хэрэгтээ тийм биш байж. “Би яагаад үүнийг мэддэггүй байсан юм бол оо” гэж өөрийгөө гайхан, бүх хичээл шинэлэг санагдаж байлаа. Бидний авралын төлөө ямар ч зовлон амсахаас татгалзаагүй тэнгэр Эцэг Эхийн маань золиос нэг бүр нь миний сэтгэлийг огшооно. Надад ямар ч хамаагүй гэж бодсон Бурханы үг, хайр, ерөөл нь үнэндээ бүгд миний төлөө байсныг би гүнээ ухаарсан даа.

Бурхан надад тийм их зүйл бэлдчихээд байхад би огтхон ч анзааралгүй явснаа бодоод Бурханаас ямар их өршөөл эрмээр санагдсан гээч. Эргээд бодтол би өмнө нь Библийн хичээл олигтой үзээгүй байлаа. Хэн нэгэн зааж өгөх гэхээр нь би угаасаа хар багаасаа л өдөр бүр сонсдог байсан болохоор мэддэг юмаа дахиад сурах хэрэг байна уу гэсэн бодол төрж, ихэвчлэн татгалздаг байсан юм.

Ухаан суугаагүй томоогүй хүүхдээ удаан хүлээсэн Бурхандаа би үнэхээр их талархаж байна. Одоо ачийг нь хариулах миний ээлж. Тэгээд би нэг сүнс авралд хөтөлж, Бурханаа баярлуулъя гэж шийдлээ. Тэр үед л надад анх удаагаа Сионд өөрийнхөө төлөө бус харин Бурханы төлөө ямар нэгэн зүйл хийх хүсэл төрж билээ.

Халуун сэтгэлтэй залуустай цуг Библийн хичээл сонссоныхоо дараа Бурханы үгийг тунхаглая гэж шийдсэн ч “Би ер нь тунхаглаж чадах болов уу? Хүмүүст юу гэж хэлэх үү?” гэсэн айдас төрж, гар хөл салганан, толгойд юу ч орж ирэхгүй байлаа. Сайн мэдээний ажил хичээнгүйлэн хийдэг гэр бүлүүдийг зөндөө харж байсан болохоор өөрийгөө ч бас чадна гэж бодсон чинь өмнө нь хийж үзээгүй болоод ч тэр үү яах учраа олохгүй тулгамдаад эвгүй байлаа.

Ихэнх хүн Бурханы үгийг сонсохгүй, тэр байтугай үнэнийг буруутгах хүн ч зөндөө. Гэнэт надад Сионы ах дүү, эгч дүүс үнэхээр мундаг харагдлаа. Тэд ямар ч саад хавчлага, зовлон дунд өөрсдийн бэрхшээлийг үл ажран, Бурханы үгийн дагуу баяр хөөртэйгөөр, сайн дураараа сайн мэдээ тунхаглаж байсан юм.

Би тэр ивээлтэй гэр бүлүүдтэй цуг хичээнгүйлэн үр жимс гаргах мөчид ертөнцийг бүхэлд нь олж авсан юм шиг л баярлаж байв. Хэдийгээр надад үр жимсгүй үе байсан ч тэр цаг мөч бас хоосон өнгөрөөгүй. Учир нь би удаан хүлээсний эцэст маш чухал зүйл ухаарч авсан болохоор тэр л дээ.

Би бараг бүтэн жилийн турш сайн мэдээ тараагаад үр жимс байхгүйдээ санаа зовж, шаналж байв. Би ямар нэг буруу юм хийсэн юм болов уу гэсэн айдас төрж, дотроо шаналж байх үеэр Бурханы баярууд тохиов. Би илүү шаргуу тунхаглахын тулд гэр бүлүүдтэйгээ цуг “Амжилт” гэж хашхираад гарсан ч нэг их үр дүн гарсангүй. Нэг мэдэхэд гэртээ харих цаг болчихов. Бид бие биенээ зоригжуулж, дахиад нэг хүнд тунхаглая гэж шийдлээ. Тэгж яваад хоёр оюутантай таарлаа. Тэдний нэг нь биднийг анхааралтай сонсож байснаа:

“Библид байгаа бол итгэх л хэрэгтэй” гэх нь тэр.

Хажууд нь байсан найз нь ч бас толгой дохин, тэд хамтдаа үнэнийг хүлээн авлаа. Тэр үед би нэг зүйлийг ой тойндоо шингэтэл ухаарсан даа. Хэрэв бид шантарч бууж өгөхгүй, тэвчээртэй байх юм бол Бурхан эцэст нь бидний хүслийг биелүүлж өгдөг юм билээ.

Мэдээж ямар нэг тодорхой төлөвлөгөөгүй, зүгээр хүлээгээд нэмэргүй л дээ. Сайн мэдээний үүрэг даалгавраа биелүүлэхийн тулд бидэнд тэвчээр, хайр, халуун сэтгэл, эр зориг, өөрийгөө захирах чадвар, мэргэн ухаан гээд олон сайн чанар хэрэгтэй. Сайн мэдээ тунхаглаж байж л би алдаа онооноосоо суралцаж, надад юу дутууг, би юуг засах ёстойгоо ухааран, эдгээр сайн чанаруудад бага багаар суралцсан.

Цэргийн албанаас гадуур ажиллаж байсан үе маань миний хувьд ухаарлын торгон мөч байв. “Цэргийн албанаас гадуур ажиллана” гэдэг нь тодорхой нэг байгууллагад, тодорхой үүрэг чиглэлээр, тодорхой хугацаанд ажиллан цэргийн албаа хаах тогтолцоо юм. Би цэргийн алба хаах хүсэлт гаргасан боловч хэд хэдэн удаа бүтэлгүйтэв. Нэлээн бэрхшээлтэй тулгарсны эцэст би тусгай ажлын ротод орж, ажлын байрандаа Бурханы яруу алдрыг гарган хамт олондоо үнэнийг тунхаглана гэсэн хүсэл шийдвэр өвөрлөсөн юм.

Гэсэн хэдий ч Бурханы сургаалыг ажил дээрээ хэрэгжүүлэх амар байсангүй. Тогтоосон хугацаанд, төлөвлөсөн хэмжээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд би өдөржин амсхийх завгүй ажиллаж байв. Өссөн орчин, бодол сэтгэлгээ өөр өөр болоод ч тэр үү хамт ажилладаг хүмүүстэйгээ сайхан харилцаа үүсгэх ч мөн асуудалтай байлаа.

Завгүй ажил, хүмүүсийн харилцаанаас үүссэн дарамтыг мэдрээд миний бие сэтгэл бүр туйлдчихав. Би бухимдаж, шантрах болгондоо ингэж явснаас цэргийн алба хаасан бол арай дээр байх байж гэж бодоод, энд надад ямар нэг үүрэг байхгүй юм байна гэсэн бодолдоо өөрийгөө зөвтгөдөг байлаа. Байнга сөрөг бодол тээх болсноос ч тэр үү хааяа нэг сайн мэдээ тунхаглах боломж олдсон ч “Дараа нь хоорондын харилцаа муудвал яана”, “Тэд огт сонирхох шинжгүй харагдсан”, “Намайг сонсох болов уу?” гэх мэт анхаарал сарниулах янз бүрийн бодол саад болно.

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, ажлаас гарах өдөр маань ч тулаад ирэв. Хүнд хэцүү үед зогсчихсон юм шиг санагддаг байсан цаг хугацаа огт тийм биш байлаа. Би дахиад эргэлзэж тээнэгэлзээд суух нь утгагүй гэж бодоод эр зориг, итгэл хайрлахыг Бурханаас гуйн залбирсан юм. Тэгээд ажлынхаа нэг залуутай таарлаа. Тэр залууг өөрийн гэсэн үзэл бодолтой, ажилдаа ч нэр хүндтэй болохоор нь би Бурханы үгийг сонсох болов уу, Библи болон Бурханы талаар сонирхох болов уу гэж санаа зовж байсан юм. Гэсэн ч би бүх санаа зовнилоо хойш тавьж, түүнийг сүмдээ уримаар байгаагаа хэлэв.

Тэрээр Сионд дуртайяа ирлээ. Миний төсөөлж байснаас ялгаатай нь тэр надаас сүнсний талаар болон Бурханы оршихуйн талаар ихэд сонирхонгуй асууж байлаа. Би түүнд сонирхсон бүх асуултынх нь хариуг Библиэр тайлж өгтөл тэрээр тэр өдөртөө Бурханы хүүхэд болох ерөөл хүртлээ. Би хичнээн их талархсан гээч. “Энэ сүнсийг л амьдруулахын төлөө Бурхан намайг ийш илгээсэн байж дээ” гэсэн итгэл төрж, сэтгэл оволзоод ирсэн.

Одоо би үүрэгт ажлаа дуусгачихаад шинэ эхлэлийн цэг дээр зогсож байна. Яавал залуу насаа харамсах зүйлгүйгээр өнгөрөөх вэ гэдгээ тунгаан сууна. Би ямар ч ажил хийж, ямар ч амьдралаар амьдарсан бай Бурханд төвлөрсөн итгэлээ алдалгүй байж, Бурханы даалгасан сайн мэдээний үүргээ биелүүлэхийн тулд хамаг хүчээ дайчлах болно оо. Яагаад гэвэл би Бурханы хүслийг биелүүлэх үед л ерөөл ивээл, баяр баясгалан намайг дагадаг гэдгийг мэдрээд байгаа.

Сайн мэдээний төлөө юу хийхээ тунгааж суугаа өөрийгөө бодохоор би их гайхдаг юм. Учир нь хэдхэн жилийн өмнө л би Бурханаас гадуур амьдрах юмсан гэж хүсдэг нэгэн байлаа. Сионд удаан амьдарсан болохоор Бурханы хайрыг ч, авралын үнэнийг ч хангалттай мэднэ гэж бодсон маань эндүүрэл байж билээ. Үнэндээ би маннаг “заваан хүнс” гэж үзээд, Бурханы эсрэг гомдоллодог байсан израильчуудаас ялгарах юмгүй байж. Бурханы бялхам их ерөөл дунд амьдраад байгаа хэр нь Бурханы ивээлийг “ивээл” чинээ санахгүй, Бурханыг өөрөөсөө түлхэж байсан өнгөрсөн амьдралаасаа би үнэхээрийн их ичиж, харамсдаг юм.

Тэнгэр Эцэг биднийг хичээнгүйлэн залбирч, Бурханы үг хичээнгүйлэн судалж, сайн мэдээ хичээнгүйлэн тунхаглаарай гэж яагаад захисныг нь би одоо л ойлгохтойгоо болж байна. Бид Бурханы үнэн, Бурханы хайрыг өөрийн биеэр мэдрэхгүй л бол ухаарч чадахгүй юм билээ. Тийм болохоор л Бурханы хүүхдүүд бид залбирч, Бурханы үг судалж, сайн мэдээ тунхаглах нь чухал. Цаашдын итгэлийн замд маань энэ бүхэн зайлшгүй хэрэгтэй. Бурханы сургаалыг дагах зам баяр баясгалантай ч бай, дардан биш ч бай аль алинд нь надад сурах, ухаарах зүйлс зөндөө бий гэдэгт итгэж байна. Намайг ухааруулах гэсэн Бурханыхаа хүслийг огоорохгүйн тулд би Бурханы үгийг судалж, сайн мэдээ тараах алхаагаа зогсоохгүй ээ.

Бурхан намайг хэр удаан хүлээснийг нь бодохоор би бүр ч илүү шаргуу ажиллах ёстой юм шиг санагддаг. Эргэлзээд суух цаг зав одоо надад байхгүй ээ. Одооноос би гуйвшгүй бат итгэлээр сайн мэдээний ажлаа гүйцэтгэн, зөгнөлд эцсийн цэг тавих үүрийн шүүдэр залуу хүнийхээ үүргийг биелүүлэх болно оо!