Цаг нь болохоор гарцаагүй биелэх сайн мэдээ

Солонгос, Ансан / Ан Жун Хы

15,298 үзэлт

“Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно.” Иса 60:22

“Цагт нь яаравчлуулах болно” гэсэн Бурханы амлалт. Эргээд харахад миний сайн мэдээний амьдрал яг л Бурханы энэ амлалтын дагуу биелсэн юм. Бурханд залбирч, тэвчээртэйгээр хүлээх зуур “би” гэх ганц хүнээр дамжуулан Бурханы ивээл өрх гэр бүл дээр маань төдийгүй миний огт таньж мэдэхгүй хүмүүс дээр ч буусан юм. Бурханы товлосон “цаг” болоход тэр л дээ.

Би долоон настайгаасаа Ёхова Бурханыг Аврагч гэж итгэдэг сүмд явдаг байлаа. Сүнсний асуудал, тэнгэрийн хаанчлал, тамын оршихуйг үгүйсгэдэг тэр сүмийн сургаалаас ялгаатай нь Библид тамын тухай сургаал зөндөө. Библид гардаг там үнэхээр байвал яана гэхээс би айж, яагаад энэ дэлхийд төрсөн юм бол гэсэн бодол төрдөг байлаа. Би энэ талаар мэдэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн, гэрийнхээ ойролцоох протестант сүмүүдээр мөн ч олон удаа орж гарсан даа. Гэвч аль ч сүм нь надад байсан асуултуудын хариуг өгч чадаагүй юм даг.

Үнэнийг хэлэхэд би эхэндээ тийм ч төлөв даруу хүн байгаагүй л дээ. Учир нь манай хамаатнууд дунд сүмийн пастор хийдэг хэд хэдэн хүн байсан болохоор би өөрийгөө хэрдээ л итгэлийн амьдралын туршлагатай гэж бодон, эрддэг байлаа. Тэгээд ч тэр үү Бурханы сүмийнхэн надад үнэнийг хэлж өгөх гэхэд нь надад их эвгүй санагдаж билээ. Сүм болгон л өөрсдийн сургаалыг үнэн гэж хэлдэг ш тээ гэж би тэдэнд хэлж байв. Харин тэд бүдүүлэг хандлагыг минь эс тоон, надад бүхнийг их эелдгээр тайлбарлаж өгдөг байлаа. Тэдний хандлагад би гайхсан л даа. Гэсэн ч тэдэнтэй цаашид уулзан, Библийн хичээл үргэлжлүүлэн үзэж билээ.

Гэвч би итгэлийн өмнөх амьдралдаа хүлэгдэж, үнэнийг хүлээн авах нь бүү хэл хичээл үзсэн хойноо Библиэс үнэнийг эсэргүүцсэн нотолгоо олох гэж оролдоно. Гэвч зөрүүд байдлыг минь эвдсэн зүйл бол сүнсний тухай үг байсан юм. Бидний эх нутаг тэнгэрийн орон, Есүсийн золиосоор л бид тэнгэрийн эх нутагтаа харьж чадна гэдгийг сонсох мөчид надад тамын тал дээр айдас хүйдэс төрж, сүнсний тал дээрх асуултын маань хариу бүрэн тайлагдсан юм даа. Тэгээд л тэр нэг өдөр би ямар ч эргэлзээгүйгээр шуудхан л Бурханы сүмийн итгэгч болсон.

Хэдийгээр би сүмийн бүх сургаалд хараахан итгээгүй байсан ч сүнсний тухай сургаал нь үгүйсгэхийн аргагүй үнэн, Амралтын өдөр, Алгасал баяр нь тодорхой байсан тул би нөхрийгөө ядаж энэ талаар ч болов мэдэж аваасай гэж хүслээ. Тэгээд л би нөхрөө олж хараг гэж бодоод үнэний тухай хэд хэдэн ном ширээн дээр ил тавьсан юм. Төд удалгүй нөхрөө хамт явъя гэж ятгахад тэрээр миний ялгалгаар л явж байгаа мэт дүр эсгэн Сионд ирсэн ч эцэст нь нүглийн уучлалын ёслолд “номхон хонь” мэт оролцсон юм. Тэрээр миний гэртээ ил тавьсан номнуудыг нэг бүрчлэн уншиж, үнэний тал дээр тодорхой хэмжээний ойлголттой болсон байлаа.

Намайг Библи судлан, Бурханы хууль тушаалыг сахиж итгэлээ өсгөх зуур нөхөр маань ч бас өдөр бүр Бурханы үгэнд шимтэн, итгэлээр өсч байлаа. Нөхөр маань ертөнцийн муу зуршлуудаасаа аажим аажмаар салж, сайн мэдээний үүргээ ухамсарлан сайн мэдээ тунхаглахад ч идэвхтэй оролцох болов.

Тэрээр бизнес аяллаар явах үедээ ажлынхаа нэг хүнд Хоёрдугаар Есүсийн талаар байнга тунхагладаг байж. Ажлынх нь тэр хүн нэлээн бодсоны эцэст үнэнийг хүлээн авч, Алгасал баяр тэмдэглэснийхээ дараа нөхөрт маань “Үнэнийг хэлсэнд баярлалаа” гэсэн мессеж ирүүлсэн байв. Манай нөхөр мессежийг нь уншаад авралын үнэнийг зааж өгсөн Бурхандаа яруу алдар өргөж билээ. Нөхрөө би Бурханы хүүгийн хувиар сайн мэдээний үйлчлэгч болж өссөнийг хараад сэтгэл их огшсон.

Нөхөр маань үнэнийг хүлээж авснаас хойш бидэнд байнга бодогдож байсан нэг хүн бол хадам ээж маань. Хадам ээж байнга сүмд очдог, Библи үзэх дуртай, Бурханы үгийг ихэд нандигнадаг хүн л дээ. Тийм болохоор хүүгээ жинхэнэ Бурхантай уулзсаныг мэдээд, хүүгийнхээ гэр бүлтэй цуг итгэлийн замаар алхана гэж бид бодсон юм. Гэтэл бидний бодсоноос эсрэгээр, хадам ээж маань үнэнийг эсэргүүцэх нь тэр.

Нөхөр маань “Ээж тэнгэр Эцэгийн бидэнд заасан үнэнийг судлаад л байх юм бол хэзээ нэгэн цагт үнэнийг хүлээж авна” гээд огтхон ч бууж өгсөнгүй. Соломон мянган шатаалт тахил өргөсний эцэст залбирлын хариултаа авсныг сонсоод би маргаашнаас нь хадам ээжийнхээ сүнсний төлөө нэг ч өдөр алгасалгүй үүрийн залбирал өргөсөн дөө. Зөвхөн залбирсан биш цаг завтай үедээ гэрт нь очиж, линкээр сургаал явуулж, Бурханы үг тунхаглах гэж их хичээсэн. Бас үе үе хадам ээж дээрээ очин, ажлаас нь хамжилцаж, тэгэнгээ сүмийн талаар сонин сэтгүүл дээр гарсан мэдээ нийтлэлийг өгдөг байв. Нэг бол сүмийнхээ арга хэмжээнд урина. Ийм байдалтай 10 жил өнгөрлөө.

“Ерөнхийлөгчийн шагнал авсан, бас Английн хатан хааны шагнал хүртэл авсан сүм яаж буруу байх вэ дээ?”

Нэг өдөр би хадам ээжийгээ ийн хэлэхэд чихэндээ ч итгэсэнгүй. Тэгэхэд нь нөхөр маань хадам ээжийг сүм рүү цуг явъя гэж ятгав. Ээж дуртайяа “За тэгье” гээд Сион руу ирж, шинэ амийн ерөөл авахыг нь би хоёр нүдээрээ харсан хэр нь нэг л итгэж өгөхгүй байв. Хадам ээж маань саяхныг хүртэл хуучин сүмдээ яваад л байсан юм л даа. Биднийг итгэлийн амьдралаар жаргалтай амьдарч байгааг харах сайхан санагдсан гээд ээж бидэнд сэтгэлээ уудалж билээ. Тэгж хэлэхийг нь сонсоод би ихэд огшиж, баярласан. Удаан хүлээсэн болоод ч тэр үү сэтгэл бүр оволзож байв.

Сайн мэдээ тунхаглах явцад ийм их баяр хөөр мэдэрсэн маань ёстой гайхамшигтай. Үнэнийг хүлээж авахаасаа өмнө би яагаад тунхаглах ёстойгоо ойлгодоггүй байсан юм. Ар гэр, садан төрөл, таньдаг хүндээ тунхаглана гэдэг мэдээж утга учиртай хэрэг л дээ. Гэхдээ яагаад танихгүй хүмүүс рүү гүйж очин, тэднээс таагүй үг сонсон байж тунхаглах ёстойг нэг л ойлгож өгөхгүй байв. Үнэнийг хүлээж авсны дараа ч миний энэ бодол огт өөрчлөгдөөгүй юм. Тунхаглахын чухлыг мэдэж байсан ч үүнийг бусдын хэрэг мэт санаж иржээ.

Ажил энэ тэр гээд завгүй гүйж явахад гэнэт надад “Хэрвээ би сайн мэдээний ажил ингэж хичээнгүй хийвэл сүнслэг ерөөл асар их хурааж авах байсан байх даа” гэсэн харамсах сэтгэл төрдөг юм. Яг тэр мөчид надад ертөнцийн элдэв доог тохуу, саад хавчлаган дунд алдагдсан хүүхдүүдээ хайхаа зогсоолгүй, Өөрийгөө дорд болгон хязгааргүй хайраараа үйлчилж ирсэн тэнгэр Эцэг Эх маань бодогдсон доо.

“Бурхан над шиг нүгэлтэнг аврах гэж л бүх яруу алдраа хойш тавьж, энэ газарт хүрч ирсэн байхад би яагаад…”

Гэмшил, харууслын нулимс өөрийн эрхгүй урслаа. Гэмшсэндээ би сайн мэдээний тэргүүн эгнээ рүү гүйн орлоо. Эцэг Эхийнхээ тухай бодонгуут л гайхалтай нь би хэнд ч тэр баяр хөөртэйгөөр, талархах сэтгэлээр Бурханы үг тунхагладаг боллоо. Ийм маягаар олон сүнс Бурханы энгэрт эргэн ирсэн дээ.

Би тэнгэр Эхийн талаар нэг дэлгүүрийн эзэнд тунхаглатал маргааш нь тэрээр ээж хүү хоёроо дагуулаад Сионд ирж үнэнийг хүлээн авлаа. Дараа нь тэд олон сүнс хөтөлж, Угчон Go&Come сургалтын цогц төвд шагнал хүртэж байсан нь одоо ч сэтгэлд тодхон санагдаж байна.

Гэрийнхээ ойролцоо би нэг залуухан ээжтэй танилцсан маань ер мартагддаггүй юм. Тухайн үед тэрээр ажлаасаа гараад удаагүй байсан ч хоёр хүүхдээ асрах, гэр орны ажлаа амжуулах гээд нэлээд түүртдэг байж. Тэгээд ч тэр үү тэнгэр Эхийн хайраас асар их тайтгарал олж, Бурханы хайрыг бусадтай хуваалцдаг сайн мэдээний үйлчлэгч болон дахин төрсөн дөө. Эгч дүүтэйгээ хамт тунхаглахаар гарсан эхний өдөр анх уулзсан хүн маань цэвэр буудай үр жимс болсон. Хэрэв би тунхаглагчийн амьдралаар амьдраагүй сэн бол ийм нандин зүйл надад тохиолдохгүй байх байлаа.

Гэхдээ юу юунаас илүү чухал нь манай гэрийнхэн бүгдээрээ Бурхан дотор өдөр хоногуудыг ерөөл дүүрэн өнгөрөөж байгаа нь ёстой зүүд мэт санагддаг юм. Охин маань өсвөр наснаасаа л протестант сүмд идэвхтэй явж байсан болохоор үнэний үг сонссон хэр нь тэр дороо Сион руу ирж төвдөөгүй юм. Гэтэл одоо охин минь бодлоо өөрчилж, сайн мэдээнд өөрийгөө зориулдаг үүрийн шүүдэр болж өсөөд байгаа.

Эргээд харахад би бүх зүйлд талархдаг юм. Бурхан миний зөрүүд бардам занг, биеэ барьж чаддаггүй байсан түрэмгий авирыг чимээгүйхэн тэвчиж, намайг үнэн дотор шинэ хүн болгон дахин төрүүлж дээ. Хийх ёстойгоо хийлгүй, эргэлзэж тээнэгэлзэж байсан итгэлгүй байдлаа ухаарах хүртэл минь Бурхан намайг мөн ч их хүлээж дээ. “Цаг нь болохоор яаравчлах болно” гэсэн үгний утгыг би эцэст нь ойлгосон. Энэ үг Эцэг Эх маань намайг төдий чинээ хүлээнэ гэсэн үг байжээ.

Тийм ч учраас би үнэнийг үгүйсгэдэг хүмүүст бууж өгөхгүй ээ. Учир нь тэдний дунд дэлхийгээс ч үнэтэй эрхэм нандин ах дүү, эгч дүү нар минь бий шүү дээ. Эхийн минь тэгтлээ хайж байгаа сүнс ч байж мэднэ. Бурхан бүх зүйлийг цаг нь болбол илчилж өгнө гэдэгт би итгэлтэй байна.