Хамгийн их баяр хөөр

М.Дорждагва / Монгол, Улаанбаатар

11,033 үзэлт

Далаа давсан урт үстэй, сахалтай, тас хар нүдний шилтэй, жинсэн хослол, кобой гутал өмссөн билиг танхай нэгэн. Энэ миний үнэнийг ухаарахаас өмнөх төрх. Тухайн үед киноны зураг авалтанд ороод үс, сахлаа ургуулсан байсан юм. Жүжигчин гэдэг ажлыг хийгээд, ганц нэг бүтээл найруулан, багагүй кинонд дүр бүтээсэн би өөрийн авьяасандаа сэтгэл хангалуун, бусдад таалагдах гэхээс илүү өөрийнхөөрөө амьдарч ирсэн хүн.

Харин итгэлийн амьдралын тал дээр тийм байгаагүй. Бурханд итгэдэг, Библийг мэднэ гэж яриад байгаа хэрнээ Библиэ уншаад ойлгохгүй. Бурханы үгийг олигтой тайлбарлаж өгдөггүй пастортаа Бурханд итгэхээсээ илүү итгэвч, юунд ч юм гомдох, юуг ч юм үгүйлэн сэтгэл өнчирнө.

Нэг өдөр хамт сурч байсан оюутан цагийн найз над руу залгалаа. Бид хоёр сүмийн талаар ч ярьж, найз маань миний явдаг сүмд мөнх амь байхгүй гэсэн юм. Үүнээс хойш ч тэр найз маань байнга л залгаж Библи болон сүмийн талаар ярина.

Тэрээр нэг удаа надтай ирж уулзана гэхээр нь “Би өөрөө яваад очъё” гээд найзынхаа явдаг Бурханы сүмд ирж билээ. Орчин нь цэвэр. Хүмүүсийн харьцаа эелдэг. Нэг л шинэ зүйл мэдрэгдэж байсан ч би цагаа хараад “Надад 15 минутын л зав байна” гээд суулаа. Тэр үед нэг хүн надаас хэд хэдэн юм асуув. Тэр дунд “Та нүглийн уучлал авсан уу?” гэж асуухад нь би инээдээ барьж ядан байсан юм. “Энэ олон жил сүмд явсан би нүглээ уучлуулаагүй гэвэл өөр хэн уучлуулсан болж таарах вэ?” гэж хэлмээр санагдаж билээ.

Харин хичээлийг нь үзсэний дараа бие сулбайж, ямар нэг юмнаас айх ч шиг болов. Хэдийн бүтэн цаг өнгөрөөд байсан ч би дахиад жаахан юм сонсмоор санагдана. Тэрийгээ нуух гэж ядаж байтал нөгөө хүн надаас “Та Ээж Бурханы тухай сонссон уу?” гэж асуув.

“Эх Бурхаан? Чи одоо юу яриад байна аа? Цорын ганц Бурхан л байдаг биш үү. Ийм юм яриад суухаасаа айхгүй байна уу? Байдаг юм бол гаргаад ир!”

Би уурлан дуугаа өндөрсгөж байсан юм. Харин Библийн гэрчлэлд тодорхой байгаа Эх Бурханы талаар судалж үзээд миний ухаан балартах шиг болов. Бие хүндрэн, айдас нөмөрч, ийм агуу юмыг мэдэхгүй явжээ дээ. Бушуухан Бурханыг хүлээж авахгүй бол ингэж алгуурлаж суух хооронд юу юугүй тэнгэрийн хаалга хаагдах гэж байгаа мэт санагдав.

Сүмийн танилцуулгын кино үзээд, би дотроо “Ээж ээ” гэж өөрийн эрхгүй дуу алдан, кинонд гарч байгаа хүмүүс шиг тэнгэр Эхэд тэврүүлмээр болж, тогтож сууж чадахгүй байлаа. Бардам сэтгэл арилж, Бурханаас ч эмээн, дахин нэг хичээл зааж өгөхийг хүссэн ч нэлээн удсан тул намайг маргааш ир гэлээ.

Тэр шөнөдөө би огт унтсангүй. Айдас, зүйрлэшгүй их баяр хөөр зэрэгцэн, арай гэж үүр цайлгаад бүх ажлаа хойш тавин Бурханы сүм рүү яаран ирлээ. Тэр өдөр энэ газарт Христээр мэндэлсэн тэнгэр Эцэгийн талаар Библийн гайхамшигт зөгнөл үзээд шууд л Елохим Бурханы хүүхэд болж билээ.

Жинхэнэ Бурханыг хүлээн аваад бие сэтгэл амилан сэрж, зүрх тархи, арьс мах, яс, чөмөг нугас гээд Бурханы амьсгал цутган орж байгааг мэдрэх шиг болсон. Тэгээд зөвхөн Библи сурахад л анхаарлаа тавьж, хэд хоногийн дараа 3 сүнс Сион руу хөтөллөө. Тийм бардам, муухай нүгэлт намайг гололгүй, дулаан энгэртээ тэвэрч өгсөн Эхдээ үнэхээр их талархаж, жинхэнэ амар тайвныг мэдэрч билээ.

Үнэний үнэ цэнийг мэдээд хуучин сүмийнхнээ бодлоо. Хараахан үнэнийг хүлээж аваагүй тэднийг бүгдийг нь Сионд авчирна гэсэн зорилго тавьж, үгийг хичээнгүйлэн тунхаглаж байлаа. Анх надад ярьсан бүхэн Библид байсан болохоор нь хүмүүст хэлэх л юм бол яг над шиг ойлгоод ирнэ гэж бодсон маань бодит байдал дээр тийм биш байлаа. Тэнгэрийн гэр бүл болсон хүн байгаа ч, олон ч хүнээс би доог тохуу сонссон доо. Тийм ойлгомжтой, ийм үнэн юмыг “Худлаа” гээд эсэргүүцэх үй олон хүмүүсийг хараад, биднийг аврах гэж энэ газарт ирсэн Эцэг Эх хичнээн их зүдэрснийг, надад ямар их хайртай юм бэ гэдгийг бодохоос хоолой зангирч байв. Үнэнийг сонсоод л ухаарах хэмжээнд сэтгэлийн хаалгыг минь нээж өгсөн Эцэг Эхдээ талархаж байвч жинхэнэ Бурханыг хүлээж авахгүй байгаа хүмүүс үнэхээр харамсалтай санагдаж байв.

Зовлон дагалдсан ч би үнэнийг тунхаглахдаа огтхон ч ичдэггүй. Галактик эрхэсийг бүхэлд нь захирч байдаг төгс хүчит Бурханы хүүхэд болсон болохоор итгэлээр ч бэхжиж, үгийг зоригтойгоор тунхаглахаар Эцэг Эх маань үр жимсний бялхам их ерөөл буулгаж өгсөн юм.

Талархууштай нь үр жимснүүдийн маань ихэнх нь сайн мэдээний үйлчлэгчээр өсөж, дааж авсан үүргээ итгэмжтэй хийцгээж байгаа. Библийн сургуулиа яг төгсөх гэж байсан, хамт ажиллаж байсан жүжигчин эмэгтэй Бурханы тусламжаар үнэнийг хүлээн авч, одоо сайн мэдээний ажил хийж байна. Бурхан миний дутмаг амыг нээн, Сион руу хөтөлсөн гэр бүлүүд маань гэр сүм хариуцах, ариун дуу дуулах, төгөлдөр хуур тоглох гээд янз бүрийн үйлчлэл хийж, ивээлтэйгээр мөргөл тэмдэглэж байгааг нь хараад би Эцэг Эхдээ хязгааргүй их талархдаг юм.

Сион руу ирэхдээ намайг хамгийн их зовоосон хүн бол миний хань. Хань минь хааяа нэг протестант сүмд явдаг төдий л итгэлтэй хүн байв. Хачирхалтай нь намайг Библи яриад эхлэхээр л уурсана. Аз болж хүү минь балчир хэрнээ үнэнийг төвөггүйхэн ухаарч, аавтайгаа цуг ээжийнхээ төлөө залбирдаг байлаа. Жил гаран залбирсны эцэст эхнэр маань үнэн рүү ирсэн юм. Дараа нь би эхнэр маань тэр үед ойлгохын аргагүй авирлаж байсных нь учрыг мэдэж авсан юм. Эхнэрийн явж байсан сүмийн пастор түүнд нөхрийнхөө үгийг огт сонсож болохгүй гэж хэлсэн юм билээ. Тийм саадан дунд ч манай эхнэрийг Сион руу саадгүй хөтөлсөн Бурхандаа дахин дахин талархдаг юм. Одоо ч эхнэр маань итгэлээр өсөж өдөржин сайн мэдээний ажил хийдэг. “Гэр бүлийнхнийг минь Бурханы ажил хийлгэж өгөөч” хэмээн хүсэн чин сэтгэлээсээ залбирч байсныг минь Бурхан сонсож хариулт өгсөнд нь би маш их баярладаг юм.

Эцэг Эхдээ залбирах л юм бол хариулт нь яг ирж байв. Би үнэнийг хүлээж аваад л хэдэн жилийн турш төрсөн нутагтаа үнэний үг тунхаглахсан гэж мөрөөдөж залбирсан минь биеллээ. 2014 оны зун Сионд ч тунхаглалын наадам болж, хөдөө орон нутагт сайн мэдээ тараах аян эхлэв. Тэр үед богино хугацааны тунхаглалын хөдөлгөөнд би оролцлоо. Богино хугацааны тунхаглалд эхний ээлжийн баг болж явсан гэр бүлүүдтэй хамт хоёр долоо хоногийн турш амрах сөхөөгүй сайн мэдээ тунхаглан, 22 сүнс шинэ амийн ерөөл рүү ирлээ. Анх богино хугацааны тунхаглалд явах үеэр хаврын цас их орж, манай автобус даваа руу гарч чадалгүй сууж, нимгэн хувцастай, цастай даваа өөд 3 цаг явган мацаж байж билээ. Одоо тэнд гэр сүм бий болсон. Гэр сүмийн хариуцагч эгч дүү өмнө нь мөн л протестант сүмийнхээ гэр сүмийг хариуцан ажиллаж байсан хүн. Эгч дүү ганцаараа л үнэний үгийг сонсоод ухаарсан биш, 5 охин нь 80 гаруй настай ээж нь гээд бүгд Бурханы хүүхдүүд болсон.

Энэ их ерөөл, энэ олон үр жимс нэг нь ч миний хүч чадлаар гараагүй. Би ердөө “Энэ үнэтэй мэдээг хурдхан дамжуулъя. Хойш тавьж болохгүй” гэсэн бодлоор Эцэг Эхийн замыг дагасан л төдий. Сургуульд байхдаа ч хичээлд дургүй, хичээл муухан хийдэг над шиг хүн амьдралдаа хэзээ ч тэгж хичээж байгаагүйгээрээ хичээж, Библийн хичээлийн хэд хэдэн дэвтэр дүүргэсэн гээд бодохоор үнэнийг би ямар баяр хөөртэй хүлээж аваа вэ гэж бодогдмоор. Бурхан дотор балчир хүүхэд шиг баярлаж, хэнд ч хамаагүй үгийг тунхагла гэсэн үгэнд дуулгавартай дагах гэсэн сэтгэлийн минь хариуд Эцэг Эх олон талантаар намайг урамшуулсан байх. Эцэг Эхийн соёрхсон хайр ивээлийг сэтгэлдээ гүн хадгалж, хэзээ ч бардамналгүйгээр итгэлийн замаар хичээнгүйлэн алхана аа, би.

Би жүжигчин гэдэг ажлыг хийгээд, их бага баяр хөөр эдэлж, ерөнхийлөгчийн шагнал хүртэл авч байсан л даа. Харин тэр бүхэн Сионд сайн мэдээний төлөө зүтгээд тэнгэрийн шагнал авсан шиг тэгтэл нь их баярлуулж байгаагүй ээ. Би амьдралдаа хамгийн их баяр хөөрийг Сион дээрээ л мэдэрдэг.

Мөнх амь гэдэг хамгийн том шагналыг Бурханаас авсан болохоор би бүрэн төгс өөрчлөгдөн тэнгэрийн хаанчлалд орох хүртлээ бүх хүчээ дайчлан сайн мэдээний төлөө амьдарна аа. Дутуу дулимаг энэ хүүдээ тэнгэрт ч бас зөндөө шагнал авахад тусалж өгөөрэй, Эцэг Эх минь.