​Өглөөг сайхан угт!

Шинэ өдрийг эхлүүлэх өглөө. Өглөө жаргалтай бол тухайн өдөр жаргалтай, өдөр бүр тийнхүү жаргалтай бол амьдрал жаргалтай.

17,836 үзэлт

“Өглөө гээд бодохоор ямар үг санаанд чинь орж байна?” гэсэн асуултанд зарим хүн нарны цацраг, үүрийн шүүдэр, суниах, цэвэр агаар, боломж гэж хэлж магад. Харин заримынх нь санаанд яарч адгах, хэт унтах, хоцрох, завгүй байх, ядрах гэх мэт үг орж байна гэж магадгүй. Өглөөтэй холбоотой ямар үгс санаанд орж байгаагаас өглөөг хэрхэн өнгөрүүлдгийг нь төсөөлж болохоор байна.

Жил бүрийн шинэ оны эхний өдөр улс улсын нар манддаг газруудад шинэ оны анхны нар харж, оноо гаргах гэдэг хүмүүс багширна. Жилийн эхлэл нь шинэ оны анхны өдөр. Харин тэр өдрийн эхлэл нь өглөө. Сайхан өглөө байх нь сайхан өдрийн түлхүүр юм. Учир нь өглөөг жаргалтай эхлүүлбэл бүтэн өдрөө жаргалтай болгож байгаа хэрэг шүү дээ. Өглөө гэгч таны нэгэн өдөр ямар байхад нөлөөлж, тэр өдрүүд сар, жилүүд болж, эцэстээ бүх л амьдрал чинь болдог учраас өглөөг бүх амьдралд тань нөлөөлдөг алтан цаг гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй биз ээ.

“Өглөө амандаа алт зуугаад ирдэг” (Итали), “Өглөө эрт босдог хүнд Бурхан тусалдаг” (Испани), “Оройноос өглөө сэргэлэн”(Орос), “Өглөөний цаг бол мөнгө хийдэг цаг” (Франц), “Жилийн зорилгыг хавар гаргаж, өдрийн зорилгыг өглөө гаргадаг” (Хятад). Өрнө, дорнын алинд ч өглөөний цагийн чухлыг харуулсан зүйр үг, сургамж үг олон.

Хүний биеийн био хэмнэл нар мандах үед ажиллаж, харин харанхуй болох үед амарч байхаар тогтсон байдаг. Био хэмнэл алдагдвал дааврын ялгарал болон бодисын солилцоо гэх мэт эсийн үйл ажиллагаа алдагдаж, амархан ядарч, юм л бол сэтгэлээр унан, өвчлөмтгий болдог. Био хэмнэл нь тархин дахь серотонин болон мелатонины ялгаралтай нягт холбоотой. Эдгээр дааврыг зүй зохистой ялгаруулахын тулд өглөөний таатай зуршилтай байх ёстой. Үнэ цэнэтэй өглөөний тэрхүү цагийг аз жаргалтай баяр хөөртэй, сэтгэл хангалуун болгох сайхан зуршил сурч авцгаая.

Талархалтайгаар бос

Өглөө хамгийн эхлээд хийдэг зүйл бол орноосоо босох. Сэрж босох цагаа болонгуут аяндаа нүдээ нээгээд, дорхноо босдог бол ч уг нь сайн сан. Гэвч тэгдэггүй ээ. “Тавхан минут илүү унтчихъя” гэж бодоод хөнжилдөө хоргодох нь сорилтонд унахтай л адилхан. Орноосоо шууд босдоггүй орондоо цаг нөхцөөдөг бол энэ нь бүр л илүү унтмаар санагдахад хүргэнэ.

Тэгвэл зарим нэг санах зүйл бий. Илүү их унтахыг биш, харин сэрж чадах чадварыг ерөөл гэнэ. Хүний амьдрал ер нь баталгаагүй. Орой унтах, өглөө босох байнга давтагдаж байдаг учраас байдаг л зүйл гэж хүлээн авч мэдэх юм. Гэвч маргааш өглөө нь баттай сэрнэ гэдгээ хэн ч баттай мэдэхгүй шүү дээ. Урьд шөнө нь ямар нэг асуудалгүйгээр өглөө эсэн мэнд сэрэх нь байдаг л зүйл болчихож ер болохгүй юм.

Өглөө сэрэнгүүтээ шинэ өглөөтэй золгосныхоо төлөө талархал өргөдөг хэвшилтэй болцгооё. Талархах сэтгэл нь илүү их унтах гэсэн хүслийг дарж, сэтгэл сайхан босож ирэх хүч болж өгнө.

Инээмсэглээд, эерэг сайхан үг хэл

Өглөө сэрээд хамгийн эхлээд ямар үг хэлдэг вэ? Тэр үг чинь эерэг үг байх ёстой. “Хэзээний өглөө болчихож байгаа юм уу? Босмооргүй байна аа” гэж хэлбэл үйл хөдлөл тань удааширч, сэтгэл санаа сэргэхгүй. Ядарч, нойр чинь хүрч байх тусмаа “Хөөх, ямар сайхан өглөө вэ”, “Сайхан амарчихлаа. Өнөөдөр ч бас сайхан байна аа” гэж хэлээрэй. Ингэж амаараа хэлэх юм бол тархи энэ үгийг хүлээн авч, нээрээ л сайхан байх болно. Сайхан мэдрэмжинд тархи улам идэвхтэй ажилладаг байна. Толинд харж байгаад малилзтал инээмсэглээд тэгж хэллээ гэхэд л өөртөө итгэлтэй болно.

Өглөөд өөртөө хэлэх эхний үг чинь эерэг үг байх ёстой. Гэрийнхэндээ ч мөн ялгаагүй “Сайхан амарсан уу, өглөөний мэнд” гэж эерэг байдлаар ярих ёстой. Өглөөнөөс эхлээд л үглүүлж, загнуулж, шүүмжлүүлж, захиран тушаалгахыг хэн ч хүсэхгүй. “Өглөөний мэнд, сайхан нойрсов уу, сайхан зүүд зүүдлэв үү?” гээд аятайхан мэндэлбэл сэтгэл санаа сэргэж, эрч хүчтэй болно.

Гэрийнхнээ хайраар сэрээ

Өглөөд баяр хөөртэй байхын тулд танай гэр бүлийн хүн бүр сэтгэл санаа сайхан байх ёстой. Харин цагтаа босдоггүй хүнийг босох гэсээр байтал уур унтуу хүрч, эсвэл хашхирч мэднэ. Тэгэхээр мэдээж бос гэж албадуулж байгаа хүний дургүй хүрч таараа. Нүдээ нээх мөчөөсөө л тухгүй болчихвол сэрээсэн хүн ч, сэрээлгэсэн хүн ч нэг нэгнийхээ өглөөг сүйтгэж байгаа хэрэг.

Голдуу ээж хүн хүүхдүүдээ сэрээдэг. Хүүхдүүдээ сэрээх үеэрээ тэдэн рүү хашхирч бухимдаж, биеийг нь сэгсчиж, хөнжлийг нь хуу татаж огт болохгүй. Уур уцаартай сэрдэг хүүхэд сайхан зан ааштай өглөөний цайгаа уухгүй. Сэтгэл санаа хүндхэн хичээлдээ явбал найз нөхөдтэйгээ эвтэй байх хэцүүгээр үл барам хичээлдээ ч сонирхолгүй байна.

Хүүхдээ инээмсэглээд босоосой гэж хүсэж л байвал тааламжтай байхаар аятайхан дуудах хэрэгтэй. Яагаад эрт босох ёстойг нь намуухан хэлж, хөл гарт нь иллэг хийн, эхийн хайрыг мэдрүүлээрэй. Хүүхдийнхээ дуртай хөгжмийг тоглох, эсвэл богино үлгэр ярьж өгч бас болох юм. Сэтгэл санааных нь байдлыг ихэд анхаарч, хүүхдээ өглөөг ямар ч стрессгүй угтахад туслах нь чухал.

Өглөөний цайгаа уу

Өдрийг эрч хүчтэй эхлэхийн тулд сэтгэл санаа ч, бие махбод ч энергиэр цэнэглэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл өглөөний цайгаа уух ёстой. Өдрийн гурван хоолны хамгийн чухал хоол нь өглөөний хоол. Урьд оройн хоолноос арав гаруй цагийн зайтай учраас өглөө ходоод хоосон, цусан дахь сахарын хэмжээ багассан байдаг.

Өглөөний цайгаа уухгүйгээр ажлаа эхэлбэл өглөөгүүр л хамаг энергиэ барчихна. Ажил, хичээл сурлагын үр бүтээмж ч буурна. Улмаар өглөө авч чадаагүй энерги, эрч хүчээ нөхөж авах гээд өдөр юм уу оройн хоолоо хэтрүүлж идэх талтай. Оройдоо хэт их идчихвэл цатгалдаад, хавагнаад сайн унтаж чадахгүй. Тэр ч байтугай маргаашийн биеийн байдалд чинь ч сөргөөр нөлөөлнө.

Өглөөний хоол гэдэг зөвхөн тухайн хувь хүний эрүүл мэнд биш, гэр бүлийн холбоог бөх бат болгож байдаг. Спортын баг тамирчид тоглохынхоо өмнө тойрч зогсоод ялахын төлөө хашхирдаг шиг өглөөний цай гэдэг бол гэрийнхэн эрч хүчтэй нэг өдрийн төлөө багаар ажиллахтай адилхан юм. Ширээ тойрч, өөд өөдөөсөө харж суугаад, хоол идэх нь өчүүхэн зүйл мэт сонсогдож магадгүй л дээ. Гэвч ажил ажил руугаа салж явахаасаа өмнө өглөөний цайгаа хамт уудаг айл гэрийнхэн болон тэгдэггүй айл гэрийнхэн хоорондоо асар ялгаатай.

Эрт босохыг зуршил болго

Библид “Хичээнгүй нэгний сэтгэл цадна” гэж бичсэн байдаг. Бестселлер зохиолч Эндрю Мэтьюс “Аз жаргалтай байхын тулд эхлээд хичээнгүй бай” гэж хэлсэн нь ч бий. Бусдын хүндэтгэлийг хүлээсэн, амжилттай амьдардаг агуу хүмүүсийн дунд залхуу лазан хүн ер нь ховорхон.

Хичээнгүй хүмүүсийн ялгарах онцлог нь тэд өглөө эрт босдог. Хэт их унтах нь өглөөг амархан сүйрүүлчихнэ. Хэрэв өглөө аажуу босдог бол, мөн аливаад цагийг нь тулгадаг бол тэвчээргүй болж, гэрийнхэндээ дургүйлхэж бухимдана. Ам бүл олуулаа бол бүр угаалгын өрөөгөө хэрэглэх дарааллаас авхуулаад зөрчил мундахгүй.

Эрт босоод өглөөдөө хангалттай цаг гаргах үед илүү эерэг үг хэрэглэж, өглөөний цайгаа зөв цагтаа ууна. Мөн угаалгын өрөөгөө булаацалдахаас зайлсхийж, бусдыгаа хүндлэх боломж гарна. Өглөө эрт босдог бол завгүй гэдэг нэрээр хойш тавьсан ажлаа эхлүүлэх боломжтой болно.

Аажуу босдог хүн ч аялал зугаалгатай өдрөө эрт босдог доо. Тэрэн шигээ өглөө эрт босохын тулд өмнөх шөнө нь догдолж унтах хэрэгтэй. Бухимдалтай, ядарсан байдалтай унтахын оронд догдолж, өглөөг тэсэн ядан хүлээх юм бол хавьгүй эрт босож чадна.

Хятадын сонгодог зохиолын нэг “Да шүэ (Их сургууль)” гэдэг бүтээл дээр “Өөрийгөө шинэчилье гэвэл өдөр бүр шинэ бай” гэсэн утгатай үг байдаг. Харанхуйг үлдэн хөөж, ертөнцийг гэрэлтүүлэх өглөөн нарны цацраг. Зовлон бэрхшээл туулахдаа амьдралын зам дээр гарч ирдэг алив шинэ найдварыг хүмүүн бид гэрэлтэй зүйрлэдэг шүү дээ. Тиймээс гэрэл дагуулан ирдэг өглөө бол Бурхан хүн төрөлхтөнд өдөр бүр шинэ амьдрал эхлүүлэг гэсэндээ өгдөг бэлэг нь байж таараа.

Юм бүхэн шинээр эхэлдэг үнэ цэнэтэй өглөөгөө сайхан өнгөрүүлэх үү эсвэл яарч сандран өнгөрүүлэх үү? Аль нь ч байлаа гэсэн ганцаараа байснаас хамтдаа өнгөрүүлбэл хавьгүй илүү урамтай, амжилтанд хүрэх магадлал илүү байх болно. Гэрийнхэн хамт амьдардаг хэрнээ нэг нэгэндээ анхаарал халамж тавихгүй, бушуухан тус тусдаа яарч сандран өглөөг өнгөрүүлдэг айл гэр байвал одооноос эхлээд өглөөний айл болж яагаад болохгүй гэж? Талархалтайгаар өглөө эрт босож, халуун дулаан мэнд мэдэлцэн, хөнгөхөн суниаж амран, найрсаг үг яриа өрнүүлж, өглөөний цайгаа хамт уугаарай. Өөрийнхөө нэгэн өдрийг ийнхүү таатай эхлүүлбэл бүтэн өдөржин сэтгэл тэнүүн байх болно. Тийнхүү гэрээрээ өдрийг гайхамшигтай сайхан өнгөрүүлэх нь лав.