Санаандгүй биш зайлшгүй учрал, гэр бүл
Гэр бүл гэдэг нь бие биенээ халамжлах юм. Гэр бүлийн үнэ цэнэ, хайр, салшгүй холбоо хадгалагдах ёстой.
Биологийн хувьд бол гэр бүл нь генээ хуваалцдаг төдийгүй цусны бүлэг нь адилхан эсвэл цусны бүлэг нь хамааралтай хэсэг бүлэг хүмүүс юм. Биеийн бүх эс цусаар дамжин шим тэжээл, хүчилтөрөгч хангагддаг тул цус нь амийн үндэс. Нэгэн гэр бүлийнхэн тэр л цусаа хуваалцдаг билээ.
Цусан холбоо нь өөр бусад харилцаанаас илүү хүчтэй. Гэр бүлийн холбоо хамаарлын талаар “Цус уснаас өтгөн” гэсэн хэлц байдаг. Ам бүлийнхний нэг нэгнээ гэх хайрыг салгаж болохгүй. Гэр бүлийнхнээсээ салж хагацсан хүмүүсийн тухайд гэрийнхнээ өөрсдөө санаатайгаар орхиж яваагүй л бол тэднийгээ олох гэж байдгаараа хүчин зүтгэх нь жам.
Эцэг эх, үр хүүхдийн холбоог тэнгэрийн тавилан гэлцдэг. Хүний амьдрал сонголтын цуврал. Гэхдээ эцэг эх, төрсөн ах эгч дүүс, үр хүүхэд гэдэг сонгох зүйл биш. Аав ээж нь баян байна уу ядуу байна уу, төрсөн ах эгч дүүс адилхан зан чанартай байна уу өөр байна уу, хүүхэд дуулгавартай байна уу үгүй байна уу хамаагүй ердөө тэднийгээ хүлээн зөвшөөрч, хайрлах л хэрэгтэй. Зөрөөд өнгөрсөн хүн ч уулзалдах учиртай болоод л тэр гэлцэх нь бий.
Найз нөхөд эсвэл хамт олон гэдэг бол бидний сонгож болох хүмүүс, бас бодол санаа маань өөрчлөгдвөл харилцаагаа дуусгачихаж болох хүмүүс. Харин гэр бүл тийм биш. Гэр орон гэдэг бол өөр өөр насны, өөр өөр зан араншинтай, өөр өөр үеийнхэн өдөр бүр хамт амьдардгаараа хамаг л зөрчил маргаан болдог газар. Японы нэгэн кино найруулагч “Гэр бүл гэдэг бол бусад хүн үзээгүй үед нь хаячихмаар зүйл” гэсэн байдаг.
Заримдаа хүмүүс гэрийнхнээсээ болж сэтгэл нь шархалж, гутарч гуних нь бий. Зарим хүмүүсийн тухайд гэр бүлийнхэн нь залхмаар хүмүүс шиг санагдаж, бүр харилцаагаа ор тас тасалмаар санагдах нь ч бий. Хэт их хөндлөнгөөс оролцдогоос нь болоод заримдаа хүмүүс гэр бүл гэх хазаараас сугарч гармаар санагдана. Харин цаашдаа гэр бүлээсээ салах тусам тэднийгээ илүү их санана. Үүний учир нь бид бас гэр бүлийнхнээрээ дамжин эдгэрч байдаг учраас тэр юм.
Гэр бүлийн задрал уу эсвэл олон янз байдал уу?
Гэрлэлт болон цусан холбоон дээр төвлөсөн гэр бүлийн уламжлалт бүтэц өнөө үед хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Өрх толгойлсон гэр бүл, хойд аав ээжийн гэр бүл, үрчлэгдсэн гэр бүл, салсан тусдаа байдаг гэр бүл гээд олон янзын гэр бүл байх болсон нь гэр бүлийн хэм хэмжүүрийг тодорхой бус болгоод байгаа юм.
Хүмүүсийн гэр бүл гэж хүлээн зөвшөөрдөг хүрээ багассан. Хэдэн жилийн өмнө Солонгосын жендерийн тэгш байдал ба Гэр бүлийн яамны сайдын хийсэн нэгэн судалгаагаар арван хүний дөрөв нь төрсөнгүүдээ гэр бүл гэж хүлээн зөвшөөрдөггүй, таван хүний нэг нь бүр аав ээжийгээ ч гэр бүл гэж хүлээн зөвшөөрдөггүй байна. Судалгаанд оролцогчдын тал нь ханийнхаа аав ээжийг гэр бүлээсээ хөөж байв.
Янз бүрийн шалтгаанаар улам л олон хүн ганцаараа амьдрах болжээ. Үүнтэй уялдаад нэг хүний бараа бүтээгдэхүүн их бий болж, тэр байтугай бүр ганцаараа хооллох ресторанууд ч бий болсон. Зарим тохиолдолд хүмүүс ганцаараа байж байгаад нас барж, гэрийнхэн нь тэрийг нь бүр хожуу мэдэх тохиолдол ч гарна. Энэ нь бүр ганцаараа байж байгаад нас барсан хүмүүсийн эд зүйлийг цэвэрлэдэг байгууллагууд бий болоход хүргэсэн гээд бод доо.
Энэ үзэгдлийн тухайд зарим нь гэр бүл сүйрч байна гэж, зарим нь үеэ дагаад өөрчлөгдөж буй гэр бүлийн бүтцийн олон янз байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдэг. Гэр бүлийн бүтэц өөрчлөгдөж болно л доо. Гэхдээ хүн бүрийн тухайд гэр бүл гэгч нь ямар нэг утга учиртай шүү дээ. Мөн хүний орон гэр гэгч хүч тэнхээ олж авч, насан туршаа амрах хамгийн чухал газар. Бидний мартах ёсгүй зүйл юу гэхээр гэр бүл гэгч нь гэр бүлийн бүтэц ямар байсан ч хамаагүй хоорондоо гүн гүнзгий холбоо, итгэлцлээр холбогддог байх ёстой юм.
Нэг нэгнээ халамжлах гэр бүл
Төрсөн цагаасаа хойш хэн нэгний халамж анхааралгүйгээр амьд үлдэж чадах нэг ч хүн байхгүй. Гэрийнхэн нь түүнийг хооллож ундлан, хувцаслаж, зааж сургаж, хамгаалж байж л тэр гэр бүл гэх нэгэн хашаанд өсөж торнидог. Гэрийнхнээрээ халамжлуулангаа бусдыг хэрхэн халамжилж санаа тавихыг сурч аван, хожим нь тэрээр бас хэн нэгнийг санаа тавьж халамжилдаг нэгэн болно.
Бие махбод, сэтгэл санааны тогтвортой байдал нь баталгаажсан ам бүлтэй байна гэдэг том зол. Хүүхдийн хувьд гэр бүл нь хамаг утга учир байгаад зогсохгүй гэр бүлийнхнийх нь халуун хайр халамж түүний бие бялдар, сэтгэл санаа, нийгмийн хөгжилд ихээхэн нөлөөлдөг. Бүрэн бие даах хүртлээ гэр бүлээсээ хангалттай анхаарал халамж авдаг хүн өөрийгөө үнэлэх үнэлэмж сайтай, оюун санааны тогтвортой байдал сайтай байдаг.
Гэр бүлийн хайр халамж гэдэг нь зүгээр нэг аав ээжийн үр хүүхдээ өсгөх гэсэн утга биш ээ. Гэртээ ч, ажлын газар дээр ч болдог юм юм хамаарна. Хүүхэд нэгэнт л гэр бүлийнхнээсээ хайр халамж авч өссөн болохоор гэр бүлийн нэг гишүүний хувиар тэдний өмнө хариуцлага хүлээж буй тул аав ээж нь хөгширч өвдөхөд хүүхдүүд нь асарч тойлдог. Нэгэнд нь асуудал тулгарахаар гэр бүлийнхэн нь түүнийг хамгаалж, харин нас барахад нь ажил явдлыг нь гүйцээнэ. Ингэж л хүн төрөхөөсөө үхэх хүртэл гэрийнхнээсээ үнэгүйгээр халамж анхаарал авч, өгч байдаг.
Нэг хүн “Гэр бүл гэдэг бол гэрийнхнээ яг одоо хаана байгааг үргэлж мэддэг нийгмийн тогтолцоо” гэж хэлсэн байдаг. Гэр бүлийнхэн нэг нэгнээ хаана байгааг огт татгалзалгүй асууж болдог. Бие махбодын хувьд алс хол байсан ч хэзээд л нэг нэгнээ хаана байгааг, юу хийж байгааг мэдэх гэдэг. Тэд үргэлж бие биенийхээ аюулгүй байдлыг шалгахыг хүсдэг төдийгүй гэр бүлийнхэн нь аюулд орвол хаана ч байсан тэр даруй зугтаж чаддаг. Гэр бүл бие биенээ халамжилж, нэг гэр бүл болно.
Гэр бүл нь хамт байвал амьд үлддэг
1846 оны 11-р сард шинэ амьдрал хайхаар Америкийн барууныг зоригсод Сьерра Невада нуруунд гацжээ. Тэнд байсан 80 орчим хүний 15 нь гэр бүлгүй ганц бие эрчүүд, бусад нь ар гэр, ам бүлтэй байсан аж. Тэд хэдэн сарын турш хүйтэн жавар, өлсгөлөнг тэвчиж, дараа жилийнх нь гуравдугаар сард аврагдсан байдаг. Аврагчид ирэхэд ердөө 40 хүн л амьд үлдсэн байж гэнэ. Гэр бүлгүй 15 эрэгтэй хэдийгээр эрүүл чийрэг, сул чөлөөтэй байсан хэр нь тэдний зөвхөн гурав нь амьд үлдэж, харин гэр бүлтэй хүмүүсийн талаас илүү хувь нь амьд үлджээ. Амьд үлдсэн хүмүүсийн зарим нь бага насны хүүхдүүд, өндөр настангууд байв.
Юу тэднийг тэрхүү туйлын зовлонг тэвчин гарахад боломжтой болгосон бэ гэхээр тэдний бие махбодын хүч чадал биш, ердөө гэр бүлийнхнийх нь хайр байсан гэнэ. Амьд үлдэгсдийн нэг 65 настай нэгэн гарандаа хүнд шархтай байсан ч эхнэрийнхээ халамж анхаарлын ачаар аврах багийнхныг иртэл амьд сэрүүн байсан байна. Энэ хэргийг судалсан антропологич Дональд Грэйсон “Гэр бүл гэдэг бол амьд үлдэх баталгаажсан чек юм” гэсэн байдаг.
1995 оны зун Америкийн Чикаго хотыг хүчтэй халууны урсгал дайрчээ. Бүр +40℃ хэмийн халуун өдрүүд үргэлжилсээр нэг сарын хугацаанд 700 орчим хүн хэт халалтын гамшгийн улмаас нас баржээ. Нэг бүс нутагт ганцаараа амьдардаг 65 эрэгтэй нас барсны ихэнх нь зөвхөн гэртээ байж, гадаад ертөнцөөс тусгаарлагдсан байсан байна. Тэгтэл Чикагогийн хамгийн ядуу дүүрэг болох Өмнөд Лондейл хотод хохирогч цөөн байсан аж. Тэгтэл эндхийн оршин суугчид гэр бүлээрээ амьдардаг байсан нь тогтоогдсон байгаа юм.
Австралид нэгэн амьгүй төрсөн нярай ээжийгээ тэвэрсний дараа эргэн амь оржээ. Америкт дутуу төрсөн ихэр эгч дүүсийг нэг инкубаторт хамт тавихад эгч нь гараа дүүгийнхээ дээгүүр тавин тэвэрч, улмаар биеийн байдал нь хүнд байсан дүүгийнх нь бие тогтворжсон байна. Дөнгөж нэгэн ам бүл болсон бяцхан үрсийг сүүлийн үеийн эмнэлгийн техник, хэрэгсэл биш, харин гэр бүлийн хайр байсан аж.
Гэр бүл эв эетэй байхад боломжгүй зүйл гэж үгүй. Нэгэн хүн “Хэрэв чи дэлхий дээр амьд үлдэхийг хүсэж байвал гэр бүл босгон байгуул” хэмээсэн байдаг байна. Гэр бүлийн хайр, гэр бүлийн холбоо нь хүнд хэцүү орчинд ч амьдрах хүсэл эрмэлзэл олж, цөхрөлийн үед ч найдвар бий болоход тусалдаг байна.
Есдүгээр сарын 11-ний террорист халдлага, Дэгүгийн метроны ослын эмгэнэлт явдал гээд гамшиг тохиолдоход гамшгийн газраас гарч чадаагүй хүмүүс гэр бүлдээ сүүлчийн мессежээ үлдээсэн байдаг. Нэгэнтээ үхэл нөмрөхөд тэдний хэн нь ч эд баялаг, ололт амжилтынхаа тухай яриагүй. Гагцхүү гэрийнхэндээ хайртайгаа хэлсэн мессеж үлдээж, эсвэл үлдэж хоцорсон ар гэрийнхнийхээ төлөө л санаа зовж байгаагаа илэрхийлсэн байдаг. Дэлхийн нэгэн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Стив Жобс амьдралынхаа сүүлчийн мөчид компанидаа санаа зовохын оронд гэр бүлийн ач холбогдлын талаар ярьжээ. Нобелийн шагнал хоёр удаа хүртэж, энэ хорвоод асар их гавьяа байгуулсан Мари Кюри “Энэ хорвоогийн цорын ганц аз жаргал бол гэр бүл хоорондоо холбоотой байж, нэг болох явдал юм” гэж хэлсэн байдаг.
Гэр бүл гэдэг бие биедээ таалагдсан ч, таалагдаагүй ч хамт л амьдардаг хүмүүс. Сайн сайхан зүйл тохиолдоход хамтдаа баярлаж, хамтдаа жаргаж, хүнд хэцүү үед бие биенээ тайвшруулж, урам хайрладаг. Яг л “Санаандгүй бид учраагүй” гэж эхэлдэг дуу шиг нэг гэр бүлийнхэн хамт учирдаг нь санаандгүй тохиолдол биш юм. Харин ч магадгүй хүмүүний халдаж ойртож чадашгүй Бурханы төлөвлөгөөний дагуу бүрэлдэн тогтдог зайлшгүй харилцаа гэлтэй.