WATV.org is provided in English. Would you like to change to English?

Эхийн хайр бол онцгой хайр

О.Баясах / Монгол, Улаанбаатар

355 Үзсэн тоо

Зарим хүн амьдралыг хайран дээр тогтдог гэдэг. Хүн төрж өсөх явцыг анзаарч байхад тэдний хэлдэг нь үнэн мэт. Учир нь бид бие биендээ анхаарал халамж тавьж, тусалж, туслалцаа аван, хайраар холбогддог шүү дээ. Амраг хосын хайр, анд нөхдийн хайр, аав ээж ахан дүүсийн хайр… Нээрээ л янз бүрийн байдлаас хайрыг олж харж болно. Түүгээр ч зогсохгүй мөнгө болон эд материалыг ч хайрладаг хүн бий.

Тэгвэл энэ бүх хайрын мөн чанар нь юунд оршдог юм бол? Би хайрын мөн чанарыг өөрөө өөрийнхөө төлөөх аминч үзэл гэж боддог байлаа. Хэн нэгнийг хамгаалж байгаа шалтгаан нь надад хэрэгтэй болохоор, хамт байхыг хүсэх шалтгаан ч мөн надад сайхан байдаг болохоор гэж боддог байв. Хүн ер нь өөрөө өөрийгөө л боддог аминч чанартай болохоор “хайр” ч гэсэн өөрийн эрх ашгийн төлөө байдаг гэсэн дүгнэлтэнд хүрээд байсан юм.

Гэвч нэг зургийг хараад тэрхүү бодолдоо эргэлзэв. Нэгэн гөрөөс өөрийгөө хоёр ирвэсэнд бариулж буй зураг байв. Зурагчин тайлбарлахдаа “Ирвэснээс зугтаж байсан гөрөөс хангалттай зугтан амь гарч болох байсан ч гэнэт зогсоод ирвэсэнд бариулж байгаа юм. Гөрөөсний ингэх болсон шалтгаан нь янзагаа зугтаж чадахааргүй байдалтай болсныг мэдээд тэр. Эх гөрөөс янзаганыхаа төлөө өөрийгөө ирвэсний өгөөш болгохоор шийдэж, зугтаж байгаа үрийнхээ араас сүүлчийн удаа харан зогсож байгаа нь энэ” гэж өгүүлсэн байв.

Хайр гэдэг нь өөрийнхөө төлөө л байдаг гэж дүгнэж байсан би уг зургийг хараад “Яагаад?” гэсэн асуулт төрөв. Үхчихвэл үр хүүхэд, гэр бүл, найз нөхөд, эд хөрөнгө, нэр алдар гээд бүх зүйл өөрт ямар ч ашиггүй болно шүү дээ. Гэтэл яагаад энэ эх гөрөөс өөрөө үхсэн ч хамаагүй үр төлөө л амьдруулахыг хүсээ юм бол?

Асуултынхаа хариултыг би тэнгэр Эхийн хайрыг ухаарсныхаа дараа л мэдэж авсан. Эхийн хайр бол онцгой хайр юм. Хүн ч бай, амьтан ч бай бүгдэд нь л өөрийгөө гэх сэтгэл байдаг ч ээжүүдэд бол үр хүүхдээ гэх агуу хайр байдаг. “Би үгүй болсон ч үр минь амьдрах ёстой, надад ямар ч ашиггүй байсан ч түүнд минь л ашигтай байх ёстой, би зовж байсан ч тэр минь л жаргалтай байвал бол оо.” Энэ мэт сэтгэл бол тэнгэр Эхээс энэ газрын ээжүүдэд өвлөгдсөн онцгой нандин хайр юм.

“Бидний төлөө Тэр өөрийн амиа өгсөн тул үүгээр бид хайрыг мэднэ” (1Иох 3:16) гэсэнчлэн Бурхан Өөрийн бүхнээ зориулан байж тэрхүү золиосоороо бидний сэтгэлд жинхэнэ хайрыг суулгаж өгч дээ. Хайр нь хөрсөн энэ ертөнцөд өөрийгөө л бодож амьдарсан энэ мунхаг хүүхэддээ одоо ч гэсэн үүнийг ухааруулсаар байгаа тэнгэр Эцэг Эхдээ сэтгэлийнхээ гүнээс талархаж байна.