Хоёр дахь өсвөр нас болох цэвэршилт

Цэвэршилт нь өвчин биш, байгалийн үйл явц. Ийм шаналалд орсон хүн өөрөө сэтгэл санаа тайван байж амрах хэрэгтэй, харин ар гэрийнхэн нь түүнд хайр халамжаар санаа тавих ёстой.

52,260 үзэлт

Толины өмнө настай эмэгтэй сууж байгаа аятай л санагдана. Мөн зүрхээ гэнэт цохилж байгаа юм шиг санагдана. Яаж ч хичээсэн сэтгэл санаагаа захирах хэцүү. Гэвч учир шалтгаангүй юм гэж үгүй билээ. Иймэрхүү зүйл үргэлжилбэл өөрийгөө хоёр дахь өсвөр нас гэгдэх цэвэршилтэн дээр ирсэн эсэхээ бодох хэрэгтэй.

Амьдрал гэдэг улиран одох он цагтай л адилхан. Энэ ертөнцөд дуугаа хадаан ирж, анх хөл тавьж, хөлд орсон нялх балчраас өсвөр нас хүртэл цаг хугацаа бол харанхуй газар үр соёолох урин хавар гэлтэй. Хүний амьдралын цэцэг дэлбээлэх залуу нас бол хөрст дэлхийд наран туяаран гийх зун цаг гэмээр. Амьдралын дунд үе бол хүнд хүчир ажлынхаа хөлсийг авах ургацын улирал юм. Сульдан ядарч, буурал суух тэр үе бол бүхий л ажил үйл зогсдог цасан бүрхүүлт өвөл гэлтэй.

Зуны дараа намар болдог нь жам. Үүн шиг эмэгтэй хүний бие махбод өөрчлөгдөх нь ч жам юм. Нэг их асуудалгүйгээр энэ явцыг туулчихвал уг нь сайн санж. Гэвч дунд насны эмэгтэйчүүдийн 90% цэвэршилтийн элдэв шинж тэмдэг илэрч, зовж зүдэрч байдаг байна. Мэргэжилтнүүд эмэгтэй хүн цэвэршилтээ хэрхэн зохицуулах нь гэр бүлийн амьдралд болон тухайн эмэгтэйн аз жаргалд асар их нөлөө үзүүлнэ гэсэн байдаг.

Цэвэршилтийн шалтгаан ба шинж тэмдэг

Толь бичиг дээр цэвэршилтийг бие махбод насанд хүрсэн үеэс хөгшрөлтийн үе рүү орох үе гэж тодорхойлсон байдаг. Эмэгтэй хүний хувьд хөгшрөлтийн явц үргэлжилсээр байдаг тул өндгөвчний үүрэг суларч, ялгаруулах эстрогений түвшин эрс багасдаг тул эмэгтэй хүн бие махбодын хувьд ч, физиологийн хувьд ч өөрчлөгддөг. Цэвэршилтийн шинж тэмдэг ихэнхдээ цэвэршилтийн өмнөх болон дараах арван жилд илэрдэг. Цэвэршилтийн шинж тэмдгүүдийн хувьд халуурах, ядрах, халуу оргих, зүрхний цохилт түргэсэх, хоол боловсруулах чадваргүй болох, нойргүйдэх, ой тогтоолт муудах, мэдрэлийн эмгэг, сэтгэл гутрал, мөр, өвдөг гэх мэт булчингийн тогтолцооны хэсэгт өвдөх, ядрах гэх мэт юм.

Цэвэршилтээс үүдэлтэй эмэгтэйлэг шинжээ алддагаас болоод нэг л хоосон мэдрэмж төрж, насаа хөгширснөөс ичиж, хүүхдүүд нь тусдаа гарч биеэ даагаад явснаас улбаатай “хоосон үүрний хам шинж” илрэх гэх мэтээр цэвэршилтийн үеэр туйлын сэтгэл гутралтай байдаг байна. Хэрэв ээж нь цэвэршилтээс болж шаналж байх тэр үеэр хүүхэд нь өсвөр насан дээр байгаа бол байдал бүр л дордоно. Гэрээ бүр тулааны талбар болгож ч мэдэх юм. Хүүхэдтэйгээ зөрчилдөх зөрчил маргаан нь эмэгтэй хүнийг цэвэршилтийн үед сэтгэл зүйн хувьд дарамтанд оруулах өөр нэг шалтгаан болдог.

Андропоз бол цэвэршилтийн эрэгтэй хувилбар. Эрчүүд нас нь явж, зарим нэг хам шинж илэрдэг тул эрэгтэй гормоноо алддаг. Гэнэт л цэвэршилтийн шинж бий болдог эмэгтэй хүнтэй адилгүй нь энэхүү андропоз харьцангуй удаан явагддаг. Тиймээс тэд өөрчлөлт анзаардаггүй, стрессийн хам шинж гэж боддоггүй байна.

Андропоз явагдаж зүдэрч байгаа эрчүүд бие махбодын хүч тамир ч, сэтгэлийн тэнхээ нь ч сулардаг болохоор байн байн сэтгэлээр унаж бухимдах нь бий. Эрчүүд хөгшрөхөөрөө эмэгтэйлэг болж, өмнө нь үзэхдээ тэгдэггүй байсан киногоо үзэхдээ нулимс унагаж, эсвэл эхнэрээрээ хамгаалуулахыг хүсдэг гэж хүмүүс ярьдаг. Учир нь тэдний тестостероны түвшин багасдаг тул эстрогений түвшин ихэсч байгаа хэрэг. Эсрэгээрээ эмэгтэй хүн хөгшрөхөөрөө ичих нэрэлхэх нь багасч, дуу нь чангарч, нийгмийн алив үйл ажиллагаанд идэвхтэй болдог аж.

Цэвэршилтийг даван туулах арга

Цэвэршилтийг урилгагүй зочин гэж хүлээж авахын оронд амьдралынхаа хоёр дахь хэсэгт бэлтгэх дохио гэж бодох хэрэгтэй. Өнөө үед зуун настнууд их байх болсон. Цэвэршилтээс хойш бол амьдралын чинь гуравны нэг үлдэж байгаа гэхэд болно. Хүн өсвөр насаа сайн даван туулж чадвал том хүн болж чадна. Үүн шиг цэвэршилтийн үеэ ухаалгаар даван туулж чадвал хожим амьдралдаа сэтгэл санаа тогтвортой, тайван байдаг байна.

Ингэхийн тулд бие чинь дийлэхийн хэрээр тогтмол дасгал хөдөлгөөн хийж, шим тэжээлтэй хоол идэж, хангалттай сайн унтаж амрах хэрэгтэй. Мөн ойр тойрныхонтойгоо чин сэтгэлийн яриа хөөрөө дэлгэж, чадах ядахынхаа хэрээр ажиллаж, чөлөөт цагийн үйл ажиллагаанд оролцон, амьдралынхаа утга учрыг олох хобби, сайн дурын ажлаа олох хэрэгтэй. Хүнсний нэмэлт тэжээл, гормон тариулах, сэтгэл зүйн зөвлөгөө авах зэрэг нь эмчилгээнд зайлшгүй шаардлагатай байж магадгүй ч стресс уур бухимдал нь цэвэршилтийн хам шинжийг улам дордуулдаг учраас бүр илүү чухал зүйл нь өөдрөг сэтгэлгээ, өөдрөг бодол юм. Аав ээж нь будилж самуураад байвал энэ нь хүүхдэд нэлээн хүчтэй нөлөөлдөг байна. Улмаар бие биенээ шархлуулж болно. Тиймээс аливааг даван туулахдаа гэр бүлийнхэнтэйгээ харилцаж, асуудлыг хамтдаа шийдэх хэрэгтэй.

Цэвэршилтийн шинж тэмдэг нь хүн хэр зэрэг архи ууж, тамхи татдагаас юм уу эсвэл хүн хэр тарган, цусны даралт хэр өндөр, чихрийн шижинтэй эсэхээс хамаарч янз янз илэрнэ. Эдгээр нь гормоны шүүрлийг дарангуйлдаг тул эрүүл мэндэд хор хөнөөлтэй зуршлаас зайлсхийж, цээрлэх хэрэгтэй.

Гэр бүлийнхний хайр халамж хамгийн сайн эм

Цэвэршилтийн үед гэр бүлийн халуун дулаан хайр халамж шиг шидэт эм гэж байдаггүй. Гэрийнхнийх нь хайхрамжгүй байдал, “Яваандаа гайгүй болчих биз” гэж бодоод сэтгэл гутралыг нь үл тоовол тэр эмэгтэйн сэтгэлийн хямрал улам дорддог. Бие нь сульдаж, эмзэг өөнтөгч болсон байхад нь хань ижил үр хүүхэд нь баяр хөөр, уйтгар гунигаа хамт хуваалцахад бэлэн байвал сэтгэл зүйн хувьд маш их тайтгарал болдог байна.

Хүүхдүүд нь аав ээжийнхээ ололт амжилтыг хүндэлж, туршлага мэдлэгийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрт тулгарч буй санаа зовоосон асуудлын талаар аав ээжтэйгээ ярьж, зөвлөгөө хүсэх юм бол аав ээжийн чинь хаягдаж орхигдсон мэт мэдрэмж арилж, эцэг эхийн хувиар дахин өөртөө итгэлтэй байдлаа олж авна. Мөн тэдэнтэй хамт салхинд алхах, дасгал хөдөлгөөн хийх, хоол хийх зэргээр ямар нэг ажил хийх нь зүйтэй. Эхнэр нөхрүүд зөрчил маргаан үүсгэхгүйг хичээн, хоорондоо сайн ярилцаж байх хэрэгтэй. Бие биедээ хайраа илэрхийлж, сэтгэл санаагаа тогтвортой байлган, нэгнийхээ хоббиг идэвхтэй дэмжин, гэрийн ажил хийхдээ харилцан туслах хэрэгтэй. Асуудлыг хамтдаа даван туулах юм бол цэвэршилтийг амархан даван гарч чадна.

Линкольн “Дөч гарсан эр хүн бүр нүүр царайндаа анхаарч хариуцлагатай байх хэрэгтэй” гэсэн байдаг. Гэрэл гэгээтэй, эерэг бодол санаа нь сайхан нүүр царайгаар, харин гомдол дүүрэн, сөрөг бодол санаа нь дургүйцэл зэвүүцлээ илэрхийлсэн нүүр царайгаар илэрдэг байна. Хүмүүний дотоод сэтгэл бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж, залуу наснаас ч илүү үнэ цэнэтэй, гоо сайхан болгодог юм шүү. Цэвэршилт гэгчийг “Би одоо хөгширчихлөө” гэж бодон, нэг их гуньж гутрах хэрэггүй. Харин ч буурь суурьтай сайхан томоожсон хүн болж төлөвших явц гэж хүлээн аваарай. Тэгж гэмээнэ сэтгэл санаа хаврын нарлаг өдөр шиг цаг үргэлж залуугаараа байна.