Ээжийн минь хөтөлсөн хүүхэд асрах өдрийн тэмдэглэл
Солонгос, Ижонбү / Ким Хён Жи
Шилжилтийн насан дээр ирсэн хойноо би ээжтэйгээ өдөр бүр үзэл бодлын дайн хийдэг болов. Нэг өдөр би мөн л ээждээ загнуулаад өрөөндөө орж хаалгаа тас савав. Одооноос ээжтэй ганц ч үг дуугарахгүй дээ гэж дотроо бувтнасаар ширээнийхээ ард ирж суулаа. Хичээлээ хийх санаатай номоо дэлгэсэн боловч өрөө замбараагүй байхаар нь номынхоо тавиурыг цэгцэлсэн хойноо хичээлээ хийе гэж шийдлээ. Тэгээд би урьд өмнө огт харж байгаагүй нэг хуучин дэвтэр олов. Дэвтрийн нүүрэн дээр “Хүүхэд асрах өдрийн тэмдэглэл” гэж бичсэн байсан бөгөөд ээжийн минь хөтөлсөн өдрийн тэмдэглэл байлаа.
Би багадаа ямар хүүхэд байснаа сонирхож байсан ч нөгөө талаар ээжийнхээ өдрийн тэмдэглэлийг хулгайлж уншсан болчих вий гэж сандарч байв. Эхнийх нь хуудсыг болгоомжтой гэгч нь эргүүлсэн чинь намайг төрөхөөс өмнө ээж минь бичсэн гэлтэй, “Аавынхаа зан аашийг дуурайгаасай” гэж бичсэн байх юм. Тэгээд тэр юм болов уу? Би аавтайгаа зан аашаараа төдийгүй царай төрхөөрөө ч адилхан л даа.
Намайг төрүүлснийхээ дараа ээж намайг хэзээ унтсан, юу идсэн, хэзээ эргэж харсан гээд л өсөлтийн бүх үйл явцыг нэгд нэггүй хөтөлсөн байлаа. Би ихэвчлэн өглөө унтаад шөнөөр сэрдэг болохоор ээжийн минь өдөр шөнө нь солигдсон тухай уншаад би ээжээсээ уучлал эрмээр болоод явчихав. Гэтэл өдрийн тэмдэглэлд ээж харин надаас уучлал эрсэн байх юм. Ханиад хүрсэн өдрүүдэд минь сайн асарч чадалгүй өвтгөсөндөө уучлал эрж, өдөржин уйлахад минь намайг юу нэхээд байгааг олж мэдээгүйдээ уучлал эрсэн байв. Намайг хоолоо сайн идээгүйд ч, өвдсөнд ч ээж минь өөрийгөө буруутгасан байх юм.
Ээж маань одоо бол тэр үеэс өөр л дөө. Залуудаа намайг төрүүлж, өсгөхөд ээжид минь бүх зүйл хэцүү, шинэлэг байсан байж таарна. Гэхдээ ээж хэцүү гэж огт хэлэлгүй, намайг баясахаар дагаж баясан, намайг гуниглахаар гуниглаж, надаас үргэлж уучлал эрдэг байж. Гэтэл шилжилтийн нас гэх шалтгаанаар ээждээ тийм муухай зан гаргаж ирсэн минь юутай харамсалтай. Миний ээж юм чинь охиноо юу ч хийсэн зөвтгөж, охиныхоо төлөө хүнд хэцүү юуг ч хийж өгөх ёстой гэж л боддог байж. Ийм бодлоор ээждээ хэлсэн үг, хийсэн үйлдэл болгондоо би харамслаа.
Тэр өдрөөс хойш миний шилжилтийн нас ард хоцорчих шиг болов. Ээжийгээ жаахан ч гэсэн ойлгож, ээждээ туслахсан гэж хүслээ. Тэрслүү зан маань тэр дороо алга болчихгүй болохоор хааяа ээждээ гомдоллож, шөргөөцөлдөх юм гарна л даа. Гэхдээ ээжийнхээ өнөөх тэмдэглэлийг дахин гаргаж уншаад, өөрийн үйлдлээ эргэн тунгааж, ээждээ муухай ааш гаргахгүй гэж шийдээд байгаа.
Ирэх жил би хорин нас хүрнэ. Би том болсон хойноо нялх хүүхэд шиг биш, том хүн шиг аашилна гэж ээждээ шийдэмгий хэллээ. Гэтэл ээж намайг хэдий тэгсэн ч ээжийнхээ хувьд би хэзээд нялх хүүхэд нь хэвээрээ байх юм гэнэ. Хүүхэд хэдий том болсон ч ээжийнхээ нүдэнд үргэлж нялх хэвээрээ байдаг гэж хүмүүс ярьдаг нь үнэн бололтой.
Нэг өдөр би хятад хэлний хичээл дээрээ миний хувьд №1 үнэт эрдэнэ юу болох талаараа бичих болов. Би “Ээжийн минь хүүхэд асрах өдрийн тэмдэглэл” гэж бичсэн дээ. Энэ бол миний хувьд ямар ч үнээр хэзээ ч зарж чадахааргүй зүйл. Энэ бол ээжийн минь хайр шингэсэн №1 эрдэнэ! Өнөөдөр дахиад нэг гаргаж уншъя байз.