Хамгийн үнэ цэнэтэй ажил, хамгийн онцгой ерөөл

Энэтхэг, Остинтаун, Чой Сү Хён

11,159 үзэлт

Жирийн л солонгос аавуудын өөр тутмын амьдрал тийм байдаг шиг би өдөр бүр од харан ажилдаа явж, од харан ажлаасаа тарж ирнэ. Тэр үед тэртээ хол орших оддын ертөнц юу болохыг, хэний төлөө гялтганан гялалзаад байгааг нь мэддэггүй байж. Ердөө эгэл нэгэн айлын өрхийн тэргүүний хувиар бусдыг гомдоох үг хэлэлгүй, ар гэрийнхнээ амар жимэр амьдруулахсан гэж л бүтэн жилжингээ амрах сөхөөгүй махран ажилладаг байсан сан.

Ингэх нь хүний амьдралын хамаг утга учир биш ч байж мэднэ гэсэн бодол эхнэрээсээ үнэнийг сонссон тэр мөчөөс эхлэн төрсөн юм. Үнэнийг хэлэхэд анхандаа би итгээгүй. Хэдий итгэлээр сул ч 30 гаруй жил явсан католик сүм дээрээ ганц ч удаа сонсоогүй зүйл дэндүү олон байсан болоод тэр байх л даа.

Эгч нь ч эхнэртэй маань сүм дээр Библийн хичээл үзсэн бололтой байв. Эхнэрийн маань эгч сүм дээр сурсан зүйлээ өдөр бүр ярьж миний бодлыг асуудаг байлаа. Ганц хоёр цаг Библи болон Бурханы тухай сонсож, ярилцахаар Бурханы үнэн сэтгэлийг минь дэвтээж байлаа. Яг л шиврээ бороо хувцас норгодог шиг.

Хэдэн сарын дараа эхнэр маань нүдээ эргэлдүүлэн ийн хэлсэн юм.

“Одоо Бурханы баяр болж байгаа. Баяраар Бурхан илүү их ерөөл өгдөг юм.”

Маргааш нь би ажилдаа явахаасаа өмнө үүрийн мөргөл сахихаар явж буй эхнэрээ даган очлоо. Үүрээр гэхэд маш олон хүн мөргөл сахихаар ирсэнд нь би гайхлаа. Бас тэд бүгд л эелдэг найрсаг байсанд би мөн гайхав. Тэр өдөр би баяр хөөртэй сэтгэлээр Бурханы сүм дээр Бурханы хүү болох ерөөл хүртсэн юм даа. Бүр өмнө нь хийх ёстой байсан зүйлээ сая нэг хийсэн мэт сэтгэл санаа ч сайхан байв. Сүнс маань дахин төрөөд тэр байх л даа. Өдөр бүр амьсгалдаг үүрийн агаар тэр өдөр нэг л онцгой санагдаж билээ.

Амар тайван болсон сэтгэл маань удаан үргэлжилсэн бол сайхан байхсан ч түүнээс хойш би завгүй болж хэдэн сар сүмд очиж чадсангүй. Тэгтэл зовж зүдэрсний нэмэр ч гарсангүй. Ажил маань санаснаар бололгүй эцэстээ бизнесээ зогсооход хүрсэн юм. Тэрхэн агшинд амь зуух ч хүндрэлтэй болоод ирэв. Эхнэр маань яг над шиг л ирээдүйдээ санаа зовж байсан ч үүнийгээ нүүрэндээ ил харуулалгүй “Бүх зүйл Бурханы хүслээр болно” гээд намайг аргадлаа.

Тэр жилийн сүүлийн Амралтын өдөр болон хойтон жилийнх нь анхны Амралтын өдрийн мөргөлийг би гэрийнхэнтэйгээ цуг сахиж, эхнэрийн маань хэлснээр надад тохиолдсон бүхэн Бурханы хүсэл байсныг ойлгосон доо. Үнэн худлыг бага багаар ялгаж салган, нүдэнд харагдахгүй сүнслэг ертөнцийн ерөөл хичнээн агуу болохыг ухаарсан юм. “Ард түмэн минь мэдлэг дутсанаас болж устгагдсан” хэмээх үгтэй адил Бурханы талаарх мэдлэг байхгүйгээс тэнгэрийн оронд огт орж чадахааргүй байсан харанхуй мунхаг сүнсийг минь Бурхан үнэгүйгээр аварсан болохоор хэрхэн талархахгүй байж чадах билээ.

Баяр хөөр, гайхширал дунд Бурханы хуулийг сахиад сар гаруй болж, Бурханы үгийг судлах тусам сэтгэлд нэг зүйл мэдрэгдэж байлаа. Тэр бол Бурхан хэн нэгнийг шаналан хайж байгаа явдал. Тэр хэн нэгэн нь яг л над шиг тэнгэрээс алдагдсан хүүхэд нь. Үүнийг би ухаарч тунхаглалын талаар нухацтай бодож эхлэв.

Хаанаас ирээд хаашаа явахаа ч мэдэхгүй, ажилд нухлуулж өдөр хоногт хөөгдөн амьдарч байсан би тэнгэрийн найдвар өвөрлөн Сионд амар тайвныг мэдрэх болсон нь хэн нэгэн манай гэрийнхэнд үнэнийг тунхагласны ач шүү дээ. Нээрээ л үнэнийг хүлээн авснаас хойш миний амьдрал аз жаргалтай болсон доо. Миний төлөө зориулагдсан мөнхийн тэнгэрийн орныг бодохоор ертөнцийн юунд ч би атаархдаггүй ээ. Энэ ерөөл, ивээлээ бусадтай хуваалцах, Бурханы хүсэж байгаа үйлчлэгч болмоор санагдаж байлаа.

Зүгээр хийе гэсэн сэтгэл өвөрлөж суулаа гээд болох ажил биш шүү дээ. Би зориг гарган сайн мэдээний тэргүүн шугам руу орлоо. Зориг муутайхан тунхаглах бүрдээ би зэмлэл, няцаалттай л тулгарч байв. Шантарч няцаад больж болохоор байсан ч Бурхан надад хүч өгч байгаа мэт мартахын аргагүй үр жимс зөвшөөрсөн юм.

Нэг чиглэлээр ажиллаж байсан нэг танилдаа үнэнийг тунхаглая гэж шийдлээ. Тэр үед тэрээр надаас асуух юм байна гээд ийн хэлэв. “Манай хүүхэд нэг найзыгаа дагаад сүмд очсон чинь Бурханыг Эцэг гэж дуудаад байж гэнэ. Тэгээд надаас Эх Бурхан гэж байдаггүй юм уу гэж асуусан” гэж хэлээд Библид Эх Бурхан байгаа эсэхийг надаас лавласан юм. Тэрхэн агшинд миний зүрх хүчтэй цохилоод ирэв.

“Үнэнийг хайж байсан сүнс холгүй байжээ дээ!”

Энэ хүн л миний хайж байсан тэнгэрийн гэр бүл гарцаагүй мөн гэсэн итгэл надад төрсөн юм.

Сионд ирж Бурханы үгийг судлаад үнэнийг хүлээн авсан ах дүү хэд хоногийн дараа Эх Бурхан байдаггүй юм уу гэж асууж байсан хүүхдээ Бурханы энгэрт хөтөлсөн юм. Түүнээс хойш үнэний тал дээр бат итгэлтэй болж, гэрийнхнийхээ эсэргүүцлийг мэргэн ухаанаар ялж, итгэлээ чанд сахидаг болов.

Бурхан сайн мэдээний үүргийг бидний авралын төлөө өгсөн гэдэг дээ. Үнэн юм байна лээ. Бурханы төлөө хийнэ гэж шийдээд энэ замаар алхсан ч сүнслэгээр бол эсрэгээрээ миний төлөөх үнэтэй ухаарлууд цаана нь нуугдсан байж. Үгийг тунхаглахаас өмнө Сионы маань ах эгч дүүс тэнгэр Эцэг Эхийн мах цусаар холбогдсон гэр бүл байсныг, алдагдсан ах дүүгээ хайх нь баяр хөөртэй ажил гэдгийг мэдээгүй явж дээ. Харин толгой дотор эргэлдэж байсан тэдгээр мэдлэг үгийг тунхаглан үр жимс гаргахад сая нэг сэтгэл рүү хүрч билээ. Үгээр илэрхийлэх аргагүй Бурханы золиос ба Бурханы жишээг даган тэргүүн эгнээнд явж байгаа гэр бүлүүдийн хичээл зүтгэлээр сүнс нэг бүр олджээ гэдгийг биеэрээ мэдэрсний дараа хажууд байгаа ах эгч дүү нар маань үнэхээр эрхэм санагдсан.

Хэдэн жилийн өмнө зөвшөөрөгдсөн “10 талант”-ны үүрэг намайг сайн мэдээг шинээр харахад хүргэсэн. Үнэндээ анх “Над шиг дутуу дулимаг хүн яаж арван хүний сүнсийг ухааруулна аа?” гэж санаа зовохоо урьтал болгоод байсан л даа. Зорилгоо биелүүлсэн гэр бүлүүд болон миний хооронд асар их ялгаа байлаа. Би чадлаараа сайн мэдээнд шамдаж байна гэсэн ч энэ тэр хэрэггүй ажилд сэтгэлээ булаалгах юм уу хий дэмий зүйлтэй сүнслэг ерөөлөө харьцуулан дэнсэлж байх зуур тэр гэр бүлүүд зөвхөн тэнгэрийн оронд л найдан, өгөгдсөн үүргийнхээ төлөө бүхнээ зориулж байлаа. Сэтгэл болоод зан байдал нь өөр юм чинь үр дүн нь өөр байлгүй яахав.

Өнгөрсөнд гэмшин, мэдэх мэдэхгүйн хооронд холбирч байсан сэтгэлээ барьж тогтоон “Ганц л амьдарна. Сайн мэдээний төлөө л амьдаръя” гэж сэтгэл шулуудлаа. Сэтгэл дэх хоосон шуналаа хаяад илүү том итгэлтэй болж дахин төрөх гэж хичээсэн чинь Бурхан томоос том ерөөл авах боломж хүлээж буй газар руу биднийг гэр бүлээр нь хөтөлсөн билээ. 1600 гаруй хэлтэй, хэдэн зуун сая бурхадтай, 1.3 тэрбум гаруй хүн амтай Энэтхэг орон.

Хэл ус өөр, шашин шүтлэгийнхээ тал дээр хүчтэй үзэл баримтлалтай болохоор ихэнх хүн нь үнэнийг эсэргүүцнэ. Энд бидэнд хүнд хэцүү үе олон байсан л даа. Ухаарахгүй байгаа энэ хүмүүсийг хараад сэтгэл өвдөн, зүрх шимширч нэлээн хэдэн удаа нулимс урсгаж байсан сан. Гэрийнхэн маань бүгдээрээ “Денгийн халуурал” өвчин тусан зүдэрцгээв. Харин тэр бүхэнд талархаагүй удаа бидэнд үгүй билээ. Эцэг Эхийнхээ алхсан замыг дагаж байж л Эцэг Эх минь надаас болж хичнээн зовж, сэтгэл нь өвдсөнийг, намайг хичнээн их хайрладгийг жаахан ч гэсэн ухаарахтайгаа болсон доо. Одоо ч мөн дэлхийн үй олон хүүхдийнхээ төлөө золиос амсан, авралын түүхээ хөтлөн буй Эцэг Эхийгээ бодохоор “Баярлалаа” гэхээс өөр үг амнаас гардаггүй юм.

Сайн мэдээний он жилүүд өнгөрөх тусам Бурхантай хамт алхан Бурханы үзүүлсэн жишээг даган амьдрах нь хамгийн том аз жаргал, хамгийн үнэ цэнэтэй ажил гэдгийг сэтгэлийнхээ гүнд ухаарсан даа. Сайн мэдээний талант хураагдах болгонд мэдрэгддэг баяр хөөр энэ дэлхийн хаанаас ч олдошгүй ерөөл билээ. Би хэн болоод Бурхан надад энэ их ивээлээ хайрлаа юм бол оо.

Хүсэл мөрөөдлийн шинэ он гарлаа. Хүүхдүүдтэйгээ уулзах өдрийг хуруу даран хүлээж буй тэнгэр Эцэгийн хүсэл, нэг ч болов сүнс нэмж олохын төлөө өдөр бүр өглөө оройгүй чухалчлан залбирах тэнгэр Эхийн найдвар энэ жил заавал биелээсэй хэмээн сэтгэлээсээ хүснэ. Нэг өдрийн өмнө ч болов тийн биелэхийн төлөө би дутуугаа дүүргэн, хурц ширүүн зан аашаа засаад, бүх зүрх сэтгэлээрээ сайн мэдээ тунхаглах болно оо.

Цаг үргэлж санаж санагалзан буй Эцэг Эх минь, дэлхий дахинд байгаа тэнгэрийн гэр бүлүүдтэйгээ хамт нэг сэтгэлээр шинэ оны мэнд дэвшүүлье.

“Эцэг Эхдээ талархаж байна. Тандаа хайртай шүү!”