Хамгийн үнэ цэнэтэй ажил

Натнэйл Ассефо Селтен, АНУ CO Денвер

739 Үзсэн тоо

“Есүс үнэхээр Бурхан гэж үү? Ер нь Бурхан байдаг юм уу?”

Христчин гэр бүлд төрж өссөн гэсэндээ би дунд сургуульд байхдаа нэг сүмд явдаг байсан ч ахлах сургуульд ороод биологи, хувьслын онол зэрэг хичээл үзээд ирсэн чинь Бурхан байдаг эсэхэд эргэлздэг болсон. Шинжлэх ухаанаар бол наад захын энгийн онол ч тодорхой баримт нотолгоогоор батлагддаг шүү дээ. Гэтэл Бурханы тухайд Бурхан байдаг гэдгийг баталж нотлох баримт алга байна шүү дээ. Би Библийг ойлгож чаддаггүй, дээр нь Библи дээр итгэхэд хэцүү хэсэг зөндөө гардаг. Хэдийгээр би Бурханд итгэж чадахгүй байсан ч гэсэн Бурханы оршихуйг тов тод гэрчилж чадах туйлын үнэн гэж хэрэв байдаг бол надад мэдүүлж өгөөрэй хэмээн Бурханаас гуйн, итгэлээ дөнгөн данган сахисаар л байлаа.

Дөрвөн жил эргэлзэн явж байтал тэнгэр газрыг дүүргэдэг Бурхан энэ өчүүхэн сүнсний дуу хоолойг тоон сонсож, манай сургууль дээр авралын зар тараагаад явж байсан тэнгэр элч нартай би тааралдлаа.

Тэд Бурханы сүмд явдаг байсан ба Бурханы талаар яв цав биелсэн Библийн зөгнөлөөр надад хүн төрөлхтний мянга мянган жилийн түүхийг хөтөлдөг Елохим Бурханыг гэрчилсэн юм. Миний хувьд ойлгоход хэцүү байсан Библи эвлүүлдэг тоглоомын хэсэг шиг л ижил ижлээрээ нийлж, эвлүүлдэг тоглоомыг эвлүүлж дуусахад миний сүнс авралын түүх болон тэнгэр элчийн ертөнцийн нууцыг олж хараад сэтгэл догдлон баярлав. Библи зүгээр нэг зохиомол түүхээс бүрэлдсэн домог биш байлаа. Бурханы туйлын үнэн ямар ч шинжлэх ухаанаас илүү тов тодорхой байсан тул би Бурханд бүрэн дүүрэн итгэлээ.

Үнэнээр дүүрэн байдаг Сион болон үнэнийг хүсэн хүлээх ах эгч дүү нарт татагдаж, надад ёстой сайхан байлаа. Миний харьяалагддаг Денвер Сионд олон оюутан байдаг болохоор итгэлийн амьдралаа дөнгөж эхлүүлж байсан би тэднээс хүчтэй итгэл, сайн мэдээний төлөөх оргилсон хүсэл тэмүүлэл, даруу зан, эелдэг зөөлөн үг яриа гээд олон зүйл сурч авсан даа. Манай сургуулийн итгэгчид болон бусад их дээд сургуулийн итгэгчид Библийн клуб байгуулахаар долоо хоног болгон хамтдаа цугларч, үнэний номоор Библи сурч байсан юм. Сайн сайхан ирээдүйнхээ төлөө хувь хувьдаа суралцдаг сургууль дээрээ хүн төрөлхтний ирээдүйг эрхшээн захирдаг Бурханы хүслийг сурч мэдэх нь надад бол дэндүү агуу зүйл гэж бодоод, би оюутны хотхоны Библийн клубт орсон л доо.

Ах эгч дүү нартайгаа цуг тэнгэр Эцэгийн бичсэн үнэний номыг унших явцад тэнгэр Эцэг Эх маань биднийг хичнээн их хайрлаа вэ гэдгийг би мэдэрсэн.

“Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.”Лук 22:15–20

Тэнгэрт хийсэн нүглээсээ болж үхлээс зугтах аргагүй болсон байсан нүгэлтнүүдийг Алгасал баяр сахин аврал аваасай гэж Есүс ихэд хүссэн байна. Тэрээр махаа урж, цусаа урсган байж загалмай дээр зовж тарчлахыг ч хүртэл юман чинээ санаагүй байх нь байна шүү дээ.

Намайг хөтөлсөн гэр бүлүүд яагаад тэгтлээ хичээнгүйлэн авралын зар тарааж байсны учрыг би ухаарлаа. Үүний учир нь Бурхан хүн төрөлхтний авралын төлөө үхэх золиос хүртэл амссанд байсан бөгөөд шинэ гэрээгээр Бурханы тэрхүү хязгааргүй хайрыг ухаарсан итгэгч нар зовлон бэрхшээлийг ч ажралгүй Христийг дагаж байсан нь тэр ажээ.

Би авралын зар тараахаар өөрийгөө дайчлав. Ангийн найз нөхөд, гудманд хажуугаар өнгөрсөн хүмүүс гээд тааралдсан хүн бүрдээ авралын мэдээ дамжуулж гарлаа. Найзууд маань намайг шоолж, надаас “Тийм юманд яахаараа итгэдэг байна аа” гэж асуун, тохуурхана. Бусад хүмүүс ч ялгаагүй тиймэрхүү л хандлагатай байлаа. Шинэ гэрээ нь аврагдах цорын ганц арга, аврагдахын тулд хүмүүс энэ мэдээг сонсох хэрэгтэй байтал үгүйсгэн үл тоомсорлоход нь тэнгэр Эцэг Эх маань тэр хүмүүсээс болж хичнээн их харамсдаг бол доо гэж бодохоос зүрх шимширч байлаа.

Үнэнийг ойлгох хүн олдохгүй удах үед би заримдаа сэтгэлээр унадаг байсан л даа. Харин тэнгэр Эцэг Эхийгээ бодохоор шантарч няцаагүй юм. Тийнхүү шантрахгүй байтал алдагдсан ах эгч дүү нараа олох боломж надад тохиосон билээ. Бурхан бидэнд “Цагаа олсон ч, олоогүй ч үгийг тунхагла” гэж хэлсэн шалтгаан нь нээрээ бид тэгэх л юм бол эцэст нь алдагдсан тэнгэрийн гэр бүлээ олох болохоор тэр аж.

Сургуулийн маань коридорт уулзсан Крис ах дүү үнэнийг сонирхон, бусдаас тэс өөр байлаа. Манай сүм дээр ирнэ гэж амласнаараа тэрээр ирж, Бурханы тамга болох Алгасал баярыг сураад, Бурханы хүүхэд болох ерөөлийг баяртайгаар хүлээн авсан юм. Гурван долоон хоногийн дараа тэрээр аав ээж хоёрыгоо болон таван найзаа Сион руу хөтөлсөн. Мөн бэр эгчдээ тунхаглатал эгч нь эрс эсэргүүцэн, итгэлийг нь болиулах гэж бүр өөрийнхөө сүмийн пасторыг хүртэл авчирсан гэнэ. Гэвч эгч нь бас төгс үнэнийг хараад сүнслэг нүд нь нээгдсэн бололтой Мексикт байсан нөхрийгөө авчран, үнэнийг хүлээн авсан юм. Мөн хоёр хүүгээсээ авхуулаад явсан газар болгондоо авралын мэдээ тарааж, хорь шахам сүнс хөтөллөө. “Нэг сүнс аврах нь бүх ертөнцийг аварч байгаа хэрэг” гэж айлдсан Эхийн үгний утга учрыг тэгэхэд л би ойлгосон юм даа.

Ингээд ч зогссонгүй. Өнгөрсөн хоёр жилд оюутны хотхоны эргэн тойрноос би сайн мэдээний үйлчлэгч болон өсөж байгаа Мекидес эгч дүүг оролцуулаад нийтдээ 180 гаруй сүнсийг хөтөлжээ. “Хэн ч сонсохгүй байхад нэг сүнсийг ч яаж хөтлөх вэ дээ” гэсэн миний бодсоноос эсрэгээр Бурхан төсөөлснөөс маань ч ихээр, хичээл зүтгэлээс маань ч ихээр намайг ерөөжээ. Миний эргэн тойронд авралын сайн мэдээ хүлээгээд байж байгаа сүнсний ах эгч дүү нар тийм их байгаа гэдгийг би яаж мэдэх билээ дээ? Хэрвээ тэдэнд хэлээгүй байсан бол тэр хүмүүс одоо болтол мэдэхгүй байх байлаа. Тийм эрхэм нандин үр дүн гарах хүртэл мэдээж надад бэрхшээл зовлон ч их байсан л даа. Гэвч би тийм болохоороо л өөрийгөө сүнс нэг бүрийг нандигнан хайрладаг байх даа гэж боддог юм. Түүнээс гадна итгэлийн замд бидэнд тулгардаг зовлон бэрхшээл Эцэг Эхийн хайрыг бүр ч илүү ухааруулдаг юм байна лээ. Хэрвээ Бурхан биднийг хайрлаагүй байсан бол шинэ гэрээг байгуулж өгөх гэж загалмай дээр зовохгүй байх байсан. Хүүхдүүд бидэндээ дамжуулж өгөх гэж үнэнийг дахин сэргээхээр урт удаан хугацаанд чулуу үүрэхгүй байх байсан билээ.

Долоон тэрбум хүнд тунхаглах нь хүн төрөлхтнийг үхлийн гинжнээс ангижирч, аврал аваасай гэсэн Бурханы хайрын гуйлт хүсэл юм даа. Арван хүн сонсохгүй татгалзсан ч тэглээ гээд битгий сэтгэлээр унаж гутраарай. Учир нь арван нэг дэх хүн сонсоно. Долоон тэрбум дахь хүнтэй уулзах хүртлээ бид тунхагласаар л байхад болно шүү дээ. Долоон тэрбум хүнд тунхаглах хамгийн амархан, мөн хамгийн баттай арга зам бол тасралтгүй тунхаглах. Тэр нь л цорын ганц арга зам юм билээ.

Шинэ гэрээний сайн мэдээ хэн нэгний амьдралыг бүрэн дүүрэн өөрчилнө гэдэгт би баттай итгэж байгаа. Яагаад гэхээр миний амьдрал өөрчлөгдсөн юм чинь. Үнэн Бурхантай уулзахаас өмнөх үеэ бодохоор би гэдэг хүн эцэс төгсгөлгүй манан дунд л хэрэн хэсэн явж байсан юм шиг санагддаг. Одоо харин би баяр хөөрөөр дүүрэн байна.

Бурханыг хайж байгаа сүнснүүдийг олохоор үнэнийг хичээнгүйлэн тунхаглаж, тэнгэр Эцэг Эхийнхээ зовлон шаналлыг богиносгохын тулд бүх зүрх сэтгэлээрээ тэднийг тэнгэр Эцэг Эхийн энгэрт хөтлөх болно оо. Зөвхөн Бурханаар батлагдсан хүнд л даалгасан сайн мэдээний ажлыг хийдэг энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн бол би. Мөн энэхүү ажил бол энэ дэлхийн өөр юутай ч харьцуулшгүй хамгийн үнэ цэнэтэй ажил билээ.