
Анхны хүүхдээ төрүүлснээс таван сарын дараа юмдаг. Би нэг өдөр амрахаар хэвттэл гэнэт нэг бодол санаанд орж ирээд нойрыг минь хулжааж орхив.
“Намайг үхэхээр юу болох бол?”
Энэ бүхэн яагаад гэнэт сонирхол төрүүлээд байгаа талаар мэдэх ч юм алга. Гэхдээ л би үхлийн дараах амьдралыг сонирхсон хэвээрээ л байв. Магадгүй би дөнгөж л хүүхдээ асрах ёстой ээж болж байсан болохоороо ч тэр үү, үхэхээс бүр ч их айх болов. Яг тэр үеэрээ Бурханы сүмийн хэдэн хүнтэй таарсан юм. Үнэндээ бол би Бурханы сүмийнхэнтэй хүүгээ гэдсэнд байхын л харьцаатай байсан л даа. Сүмийнхнээс Амралтын өдрийн тухай сонсоод тэр өдөр би үнэхээр гайхсан. Харин эгч маань буддист байсан тул би сүмийнхэнтэй уулзахаа больсон байсан юм. Тэгээд үнэний талаар сурах боломж дахиж олдоогүй л дээ.
Анхны хүүхдээ төрүүлсний дараа таарсан Бурханы сүмийн хүмүүс надад Христмас баяр Библи дотор байхгүй гэв. Би бүр шоконд орлоо. Үнэний талаар илүү нарийн сурмаар санагдаж, би тэднээс сар орчим үнэний талаар сурав. Шинэ гэрээний үнэн, тэнгэр Эх, цаг үргэлж санаанд минь ороод байсан сүнсний ертөнцийн зүй тогтол зэргийг бүгдийг Библиэр баталж чадсан юм.
Бурханы хүүхэд болж дахин төрснийхөө дараа удалгүй Амралтын өдрийн мөргөл тэмдэглэв. Амралтын өдөр сахих зуур би Библи дээр Бурхан энэ өдрийг ариун болгож гэсний адил сүнс маань цэвэр болж байгааг мэдэрсэн юм. Бурханы хуулийг сахихгүй байх шалтгаан надад байсангүй. Мөргөлд суухын хэрээр би энэ ертөнцийн бүх бурхдаас хамгийн агуу нь Бурхан гэдэгт улам бүр итгэв.
Үнэн дотор бат зогсоод ирэхээр манай эгч төдийгүй гэрийнхэн маань тэр чигээрээ намайг эрс эсэргүүцэж эхлэв. Сүмд дургүйлхэж, хамгийн аймаар нь тэд Бурханы сүмийн талаар буруу мэдээлэл олж сонссон байлаа. Тэдэнд сүмийнхээ талаарх буруу ойлголтыг залруулахыг хүссэн ч манай сүмийн талаарх тэдний сэтгэгдэл өөрчлөгдсөнгүй. Гэвч тэдний бүгдийнх нь сэтгэлийг нээж өгөөрэй гэж үргэлжлүүлэн залбирахаас өөр сонголт надад байсангүй.
Хэдэн сар өнгөрсөн ч тэдний хандлага өөрчлөгдсөнгүй. Алгасал баяр дөхөөд байдаг. Миний сэтгэл бүр байж ядан шатаж байв. Би зориг орж ээждээ:
“Ээж ээ, та Алгасал баяр тэмдэглэвэл Бурханы хамгаалалтанд орно. Охин нь тантайгаа цуг энэ баярыг тэмдэглэмээр байна” гэж хэллээ.
Тэгтэл ээж харин “За яахав би сахина” гэж хэлсэн юм. Тэр даруй ээж маань Сион руу ирж, авралын тэмдгийг авч билээ. Тэгээд Амралтын өдөр тэмдэглэж улмаар Алгасал баяр ч сахив. Энэ бүхэн гэнэт болсон болохоор би жаахан гайхав.
Хожим нь би энэ бүхэн зүгээр нэг болоогүйг мэдэж авсан юм. Ээжийг үнэнийг хүлээн авахын өмнө нагацынхаа явдаг байсан протестант сүмийн нэг пастортай уулзах боломж надад тохиосон юм. Нагац маань намайг тэр пастортай уулзахыг зохицуулж өгсөн болохоор би түүнтэй хоёр ч удаа уулзсан юм. Анх удаа би ганцаараа байсан. Хоёр дахиа уулзахдаа би Сионы хэдэн гэр бүлтэй хамт байсан ба бид хэд түүнд Библийн үнэн болсон Амралтын өдөр, Алгасал баяр гээд бүгдийг зоригтойгоор хэлэв. Магадгүй манай ээж тэр үеэр бидний авралын зар тарааж байгааг сонсоод гайхсан байх аа.
Ээж маань миний үйлдэл бүрийг ажиглан харсаар байв. Тэгээд Алгасал баяр тэмдэглэнэ гэж шийдсэн бололтой байв. Учир нь ээжийн санаа зовсон шиг би буруу замаар явсан биш, мөн ээждээ хэлсэн бүхэн маань Библиэс байсан юм.
Ээжийгээ тэнгэрийн хүүхэд болсны дараа л би Сиондоо тасралтгүй яваасай гэж залбирдаг байв. Нэг удаа санаанд оромгүй бэрхшээл ээжид тулгарлаа. Ээж бие нь муудаж эмнэлэгт үзүүлж, бүх зүйл гэнэтхэн л болж ээжийн өвчнийг хорт хавдрын эцсийн шат гэж оношлох нь тэр.
Энэ нь сэтгэлээр унамаар хэрэг байтал ээж цөхөрч сэтгэлээр уналгүй Бурханыг түшиж байсан даа. Амийн мөн чанар зөвхөн тэнгэр элчийн ертөнц болох мөнхийн ертөнцөд л байдаг гэдгийг ухаарснаасаа хойш ээж маань Сион руу тасралтгүй ирж, химийн болон туяан эмчилгээн дундаа ч Бурхантай хийсэн гэрээгээ дагаж байсан юм.
Ээжид маань амьдрах боломж 20 хувь, бүрэн эдгэх боломж бараг 0 хувьтай л байлаа. Харин химийн эмчилгээ эхэлснээс хойш долоон 7 хоног болж байтал нэгэн гайхамшиг гарч, эмч хүртэл гайхаж байлаа. Хавдар нь бүр ор мөргүй алга болсон байв. Үнэндээ бол ээж мэс засалд орж, хагас жил гаруй эмчлүүлсэн байсан ч эдгэрэх баталгаа байгаагүй юм. Гэтэл ээж ийм богино хугацаанд хагалгаанд ч ороогүй байж бүрэн эдгэрсэн юм. Тэгээд ээжийн маань Бурханд итгэх итгэл улам ч хүчтэй болов. Бурханы тушаалыг өөр юунаас ч илүү үнэ цэнэтэй гэж үзэх болов.
Энэ нь надад өмнө нь хийдэг байсан нэг зүйлийг санагдуулав. Ээжийнхээ төлөө би залбирах бүрдээ ээжийг минь Бурханы хуулийг үнэтэй гэж үзэн сайн сахихад туслаарай, ээж минь тэнгэрийн хаанчлалд заавал ороосой гэж хүсэн залбирдаг байж билээ.
Өчүүхэн зүйлийн төлөөх болон гэнэн томоогүй итгэлээр гуйсан гуйлтанд минь хүртэл хариулсан Бурханы тусламжийг биеэрээ үзсэнээс хойш би нөхрийгөө тэнгэрийн гэр бүл болгож өгөхийг тасралтгүй залбиран гуйх боллоо. Гэвч үнэндээ түүнд авралын зар тараана гэдэг тийм ч амархан биш л дээ. Учир нь нөхөр маань гэр орныхоо төлөө өдөр бүр завгүй ажилладаг юм. Нөгөөтэйгүүр сүмд дургүй гэж жигтэйхэн.
Гэтэл нөхөр маань гэнэт мухар олгой ургаж, санаанд оромгүй шалтгаанаар Сион руу ирлээ. Түүнийг эмнэлэгт хэвтэж байхад нь сүмийн хүмүүс очиж эргэж тойрон, тэр ч бүү хэл ажил үүргээ гүйцэтгэхэд нь тусалсан. Нөхөр маань тэдний энэ байдлыг хараад сэтгэл нь хөдөлж, талархсан сэтгэлээ хэлэхээр Сион руу очлоо. Тэгээд Библи үзээд шинэ амийг хүлээн авсан юм.
“Арван жил нэг эрин шиг өнгөрнө” гэсэн үг байдаг даа. Бас хэзээ ч зүрх сэтгэл нь нээгдэхгүй байх даа гэж бодож байсан эгчид маань нэг өөрчлөлт гардаг юм байна. Эгч намайг хичнээн их үзэн ядсан ч хамаагүй эгчийгээ л аврагдаасай гэж байж ядан хүсэх намайг мэдэрсэн нь хамгийн их сэтгэлд нийцсэн дээ. Эгчийн надад хандах хандлага тэс өөр болсон.
Удаан хугацааны дараа эгчтэйгээ аажуу тайвуу ярилцах боломж гарч ирлээ. Тэр үед эгч миний шашнаар шалтаглан муухай харьцаж байсандаа уучлалт гуйв. Бид хоёр хоёулаа баахан уйлж, бүхнийг цээжнээсээ гарган, дотор уужирлаа.
Эгч маань ганцаардмал, зовлонтой амьдралаар амьдардаг байсан юм. Удаан бодсоны эцэст эгчид маань хэрэгтэй зүйл ердөө “Эхийн хайр” гэдгийг би ухаарсан. Эгчид Эхийн хайрыг мэдрүүлэхийн тулд юу хийх яах ёстойгоо би их боддог байлаа. “Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэн болж, би эгчийг энэ арга хэмжээнд урьсан юм.
Эгчийг сүм рүү ирэхийг нь харахад л надад маш сайхан санагдаж, эгч үзэсгэлэнг үзсэний дараа царай нь гэрэлтээд л тэс өөр болсонд нь би нүдэндээ ч итгэж чадахгүй байж билээ. Үзэсгэлэнгийн танхимын хамгийн сүүлийн хэсэгт эх хүн болохын үндсийг харуулсан бичвэрийг уншаад, Библид гэрчилсэн тэнгэр Эхийн оршихуйг дахин дахин шалгаж байв. Магадгүй эгчийн бодол санаа тэгэхэд өөрчлөгдсөн байх аа.
Гурван өдрийн дараа эгч над руу залгаж “Би танай Бурханд итгэмээр байна” гэх нь тэр.
Чихэндээ ч итгэсэнгүй. Үнэн яриад байна уу гээд би эгчээс дахин лавлалаа. Тэгтэл эгч “Бурханд чинь итгэмээр байна” гэж нөгөө л үгээ давтана. Эцэст нь эгч Бурхан руу ирж, нүглийн уучлалын ерөөлийг авсан юм.
Эгчийн хувьд тэр үед их хүнд хэцүү үе байсан төдийгүй сэтгэл санаагаар унаж зовж байсан юм. Надад том жижиг ямар ч бэрхшээл тулгарсан Бурханд итгэх итгэлээр намайг хэрхэн ялж байгааг харсан болохоор эгч “Итгэлийн хүч ийм байх нь ээ? Би ч гэсэн Бурханд итгэх ёстой юм болов уу” гэж бодсон гэнэ. Нэгэн сайхан өдөр эгч үзэсгэлэнд уригдан ирж, маш их баяр хөөрийг мэдэрсэн дээ. Түүний сүмийн талаарх тогтсон үзэл санаа нь тэр үзэсгэлэнг үзээд ор мөргүй арилсан гэнэ.
Эгч маань Бурханыг хүлээн аваад удаагүй байхад нөхөр нь бас үзэсгэлэнд уригдан ирж, тэнгэрийн хүүхдээр төрлөө. Эгчийн нөхөр анх удаа сүм дээр ирээд намайг ах эгч дүү нартай цуг байхад маш их гайхсан гэнэ. “Сүмдээ байнга яваад байвал чи ч бас дүү шигээ гэрэл цацарсан хүн болно доо” гэж нөхөр нь эгчид хэлээд, сүмдээ явахдаа их л урамтай байгаа гэдгийг би эгчээс сонслоо. Эгчийн маань нөхөр ямар их сэтгэл нь хөдөлсөн бол оо.
Өмнө нь эгч хатуу хүн гэдгээрээ алдартай байсан чинь одоо эрс өөр болж, хүн бүрийн л дуртай хөрш нь болчихсон Сиондоо ч их ирээд л. Ярианых нь байдал хүртэл тэс өөр, ойр дотных нь хүмүүс танихын аргагүй тийм дөлгөөн намуухан болсон. Эгчийн ингэж өөрчлөгдсөн нь тэр чигээрээ хүн бүрд Сионы үнэр болж байв. Эгч маань одоо тэнгэрийн гэр бүлүүддээ үйлчлэх боломж хайж, мөн Бурханы хууль тушаалыг хичээнгүйлэн сахиад тун завгүй нэгэн болсон.
Бурханы хүүхдийн хувьд улам бүр үнэ цэнэтэй болж байтал эгч мөн авралын зар тараах үүрэг хүлээх гэж ихэд хүсэх болов. Арвын арван жил үнэнийг хүлээн авахаас татгалзан зөрүүдэлж билээ. Гэтэл эцэст нь ингэж нэг үнэнийг авдаг юм байжээ. Яг одоо хэн ч хичнээн ч зөрүүдэлсэн хамаагүй хэн ч бай Бурханы хүү охин болж болно гэж эгч маань бат итгэдэг юм.
Эгч бид хоёр хоёулаа сүнс аврах адилхан сэтгэлтэй болж, өмнө нь манай эгчтэй нийлээд үнэнээс татгалзаад байсан нагац эгчийгээ Сион руу ирээч гэж урилаа. “Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэнг үзсэнийхээ дараа нагац эгч маань Бурханы сүмийг өөрөөр харж эхэлсэн. Хандлага нь өөрчлөгдсөнийг хараад эгч маань надаас ч илүү баярлаж байв. Нагац эгчийг маань анх удаа сүм рүү ирэхэд манай эгч “Намайг анх Сион руу хөтлөхдөө чи яг ийм байсан байх даа” гэж хэлээд маш их уйлж билээ.
Нагац эгчийн төлөө эгч их залбирсан шинжтэй байлаа. Эгчийгээ гэмшсэний дараа сайн мэдээний үйлчлэгч болон дахин төрөхийг нь хараад би энэ удаа ч бас “Эгчийг маань Паул элч шиг сайн мэдээний үйлчлэгч болгож өгөөрэй” гэсэн залбирлыг Бурхан сонсжээ гэдгийг ухаарсан юм.
Залбирлыг маань сонссон Бурхан л энэ нэг сүнс удалгүй Өөр рүү нь эргэнэ гэдгийг мэдэж байсан байж таараа.
Би багадаа ээжтэйгээ дэлгүүрт явж байгаад ээжээсээ төөрчихөж билээ. Тэр үеэр ээж нэг улаан хүрэм өмсчихсөн байсан юм. Тэгээд би улаан хувцастай хүн болгоныг л хайж, ээжийгээ олохоор чармайж билээ. Тэгтэл ээж хаанаас ч олдсонгүй. Яг тэгж байтал хэн нэгэн нэрээр минь маш чанга дуудлаа.
“Ким Гён Сүг! Наанаа юу хийгээд байгаа юм бэ? Наашаа хурдан хүрээд ир!”
Тэр өдөр ээжийгээ олоход минь тусалсан манай эгчийн дуу энэ байсан юм. Энэ тусынх нь хариуд би эгчийгээ сүнсний Эх рүү хөтөлсөн юм шиг санагдана. Тэнгэрийн хүүхэд болсон өдрөө эгч надад учруулсан бүх хэцүү хүнд цаг мөчийнхөө төлөө уучлал гуйж билээ.
Эгч намайг тэвэрч аваад: “Шантарч бууж өгөхийн оронд миний төлөө яаж залбирч чадсан байна аа?” гэж асууж билээ.
Хүн л юм хойно үнэндээ би эгчтэйгээ ширүүн тулах үедээ юм бүхэнд л шантарч байгаа юм шиг санагдаж байсан юм. Харин би авралын зар их тараахын хэрээр үнэнд итгэх итгэл маань улам бүр хүчтэй болж байсан тул огтхон ч бууж өгөлгүй гэрийнхэндээ Бурханы хүслийг эцэлт цуцалтгүй дамжуулж чадсан юм. Мэдээж хамгийн том шалтгаан нь “Эх” байсан л даа.
Тэнгэр Эх миний сүнсний төлөө маш их санаа зовсондоо бүхий л залбирлын минь хариуг өгсөн дөө. Өчүүхэн зүйлийн төлөө залбирахад ч Эх миний гуйлтыг сонсон хариулж байлаа. Залбирлын хариугаа авах болгондоо Эх минь надад “Би чамтай хамт байж, чамайг хамгаалж байна” гэх урмын үгээ хэлэх шиг болдог юм. Эх минь агшин бүрд надад санаа нь зовж, надаас илүү шаналж зовсон байж таараа. Эхийн тухай бодох бүрдээ би ямар ч бэрхшээл сорилттой нүүр тулсан хамаагүй сайн мэдээ тараахдаа шантарч бууж өгөөгүй юм.
Эхийн хайр хэзээд нэг хэвээрээ мөнхийн мөнхөд үргэлжилнэ. Өдөр тутмынхаа амьдралд би Эхийн тэр их хайрыг мөн ч их мэдрэх юм даа. Бурханаас хязгааргүй их ерөөл авсан болохоороо Бурхандаа үргэлж талархаж, Бурханы ажлын төлөө өөрийгөө дуртайяа зориулна. Эх минь цаг үргэлж ажилласаар л байгаа, би ч мөн ажилласаар л байна.