Би эхнэртэйгээ ногооны талбайд буурцагны иш зулгааж яваад шувууны үүр оллоо. Хоосон үүр л юм байх гэж санаад нэг их юм бодсонгүй, буурцагны иштэй нь цуг хамаад хаячихав. Гэтэл ажлаа хийж явтал миний хөлний ойролцоо нэг шувууны зулзага байхыг хараад их гайхлаа. Би яаран тэр зулзагыг алган дээрээ тавиад эргэн тойрноо дахин ажтал ойролцоо өөр нэг зулзага харагдав. Дахиад байгаа болов уу гээд ийш тийшээ хартал нэлээд зайтай бас нэг зулзага харагдлаа.
Гэнэт би буурцагны иштэй цуг шувууны үүр хамж хаяснаа саналаа. Тэгээд зулзагануудыг цуглуулан, хаясан үүрээ олохоор явлаа. Олдохгүй бол яана аа гэхээс санаа зовж байтал ашгүй өнөөх үүр олдож би бөөн баяр болов. Би нялх зулзагануудыг үүрэнд нь болгоомжтой гэгч нь хийгээд, ойролцоох модноос үүрийг нь өлгөн, холоос зулзагануудыг ажиглалаа. Төд удалгүй эмэгчин шувуу амандаа хоолтой ногооны талбайд нисэж ирснээ нялх үрсээ хайж байгаа бололтой байв. Үүрийнх нь байрлал өөрчлөгдсөн болоод ч тэр үү эмэгчин шувуу үүрээ олохгүй байх шиг санагдлаа. Тэгэхээр нь би зүгээр хараад сууж чадалгүй үүрийг нь буцаагаад буурцагны ишнүүд байсан газар тавьчихав. Тэгээд дахиад л шувуу хэрхэхийг холоос нүд салгалгүй ажиглалаа. Төд удалгүй эх шувуу зулзагануудаа олж, нэг нэгээр нь хооллож гарав. Нялх зулзагануудаа асран халамжилж байгааг хараад би ч сэтгэл хангалуун байлаа. Эх шувууг зулзагануудаа олоод баярлахад нь би ч дагаад баярлаж байсан юм.
Гэртээ ирсэн хойноо би эхнэртэйгээ шувууны талаар ярилцаж байтал мөнөөх эх шувуу гэнэт манай цонхон дээр үзэгдэх нь тэр. Надад ямар нэг юм хэлэх гээд байх шиг санагдлаа. Тэгээд би эхнэртээ шувуу надад талархлаа илэрхийлэх гэж ирээ юм болов уу гэтэл эмэгчин шувуу нааш цааш жиргэн, цонхны эргэн тойронд ниссээр л байлаа. Шувууны байр байдал цаанаа л түгшүүртэй санагдаж, гэнэт надад үүрэн дэх зулзаганууд нь дутуу байсан байх гэсэн бодол орж ирлээ. Эмэгчин шувууны дохио зангаа цөхрөнгөө барсан шинжтэй байсан тул би бусад зулзагануудыг нь хайхаар гарлаа. Би овоолж хаясан буурцагны ишний наагуур цаагуур анхааралтай ажиглаж байгаад ёроолд нь нэг зулзага байхыг олж харлаа. Баярласандаа зулзагыг бушуухан үүрэнд нь аваачиж тавив.
Алга болсон нялх үр зулзагаа олохын тулд тусламж гуйсан эмэгчин шувууны арга ядсан үйлдлийг хараад тэнгэр Эх минь бодогдлоо. Хараахан олдоогүй байгаа үрсийнхээ төлөө тэнгэр Эх минь сэтгэлээ яасан их чилээдэг бол оо? Эмэгчин шувууны үр зулзагаа гэх гүн гүнзгий хайраар дамжуулан надад тэнгэр Эхийн зүрх сэтгэлийг ухаарах боломж соёрхсон Эцэг Эхдээ чин сэтгэлээсээ талархаж байна. Тэнгэр Эхийн отгон үрээ гэсэн туйлын их, энэлэн шаналсан сэтгэлийг нь ойлгосон болохоор би алдагдсан ах эгч дүү нараа заавал олоод, Эхийнхээ энгэрт тэврүүлнэ гэж шийдээд байгаа.