Аав минь

Таг Жин Сыл, Солонгос Анян

7,962 үзэлт

Гэрлэж тусдаа гарсны дараах анхны баяраар би төрсөн гэртээ очсон юм. Өрөөнд амарч байтал зочны өрөөнөөс аав нөхөр хоёр ярилцах нь сонстов. Дараа нь би өрөөнд орж ирсэн нөхрөөсөө асуув.

“Аав та хоёр юу яриа вэ?” “Энэ тэр улс төр ярилаа.” “Аав улс төр ярилаа гэж үү?”

Сонин юм даа. Аавыг улс төр сонирхдоггүй л гэж бодож байсан сан.

Дараагийнх нь нэг баяраар би ээжтэйгээ саунд орохоор явж, аав нөхөр хоёр гэрт үлдэв. Амардаг өдрөө аав маань өрөөндөө TV үзэх юм уу дасгал энэ тэр хийдэг болохоор тэр хоёрыг тус тусдаа л өдрийг өнгөрөөх байх гэж бодсон юм. Хоёр цаг гаруй болоод гэртээ эргээд иртэл ширээн дээр шатрын хөлөг дэлгээстэй байв. Нөхөр маань “Эхний тоглолтонд би хожиж, үлдсэн хоёр тоглолтонд аавд нам тавиулсан” гээд, аавын шатарт сайныг нь магтаж билээ. Бага байхын л манай гэрт шатар байдаг байсан ч тэр шатар аавынх байсныг ч, аав маань шатар сайн нүүдэг гэдгийг нь ер мэддэгүй байжээ.

Манай нөхөр аавыг маань жаахан бүдүүн бараг ч инээхээрээ их халуун дотно, сайхан байдаг гэв. Бодсон чинь би нээрээ аавтайгаа өдөр тутмын яриа хөөрөө өрнүүлж байгаагүй юм байна. Аав, ээж, эгч, би гээд манай гэрт аав л ганцаараа эрэгтэй байж. Тиймдээ ч тэр үү аав маань саунд ганцаараа орж, өөрөө гэрлийн шилээ сольж, хүнд ачаа энэ тэрийг ганцаараа өргөдөг байсан. Бидэнтэй хамт ер дэлгүүр хэсэж байгаагүй. Заримдаа намайг мөрийг нь бариад өгье гэхээр “Зүгээр зүгээр” гэж цааргалж, ганцаараа байгаа нь л илүү амар, тэрэндээ дассан аятай байдаг сан. Тиймээс л би аавынхаа тухай сайн мэддэггүй юм байна.

Хаа нэг утасдахаар аав хальт мэнд асуучихаад л ээжид утсаа өгчихнө. Үгүй бол “Дараа ирэхээр чинь уулзъя” гээд утсаа түрүүлээд тасалчихдаг сан. Аавтайгаа тайван нухацтай ярьж чаддаггүй байсны учир би аавынхаа бодол, өдөр тутмын амьдралд нь санаа тавьдаггүй байсных аж. Ингэлээ гээд гомдоод байдаггүй ч хоёр охиноо өсгөхдөө аав маань хичнээн ганцаардсан бол оо?

“Аав маань үг дуу цөөтэй, бүдүүн бараг, хөдөөний бодь хүн л дээ.”

Аавын талаар асуухаар би ер нь иймэрхүү л хариулдаг. Аавыгаа аягүй бол би ч тийм болгосон байж мэднэ. Одооноос аавтайгаа илүү дотно болно оо. Юу бодож явдгийг нь, юунд дуртайг нь гээд аавынхаа тухай илүү мэдэж авна аа.