Жаргалтай айл гэрт “Чиний буруу” гэж үг байдаггүй

“Чамаас боллоо” гэдэг үг асуудал шийдвэрлэхэд саад болж, харин “Миний буруу” гэсэн үг сайн сайхан амьдралын бордоо болдог.

9,172 үзэлт

Хоёр хүн гудманд явж байгаад нэг нь газраас нэг түрийвч олжээ. “Хөөх, өнөөдөр би азтай байх чинь ээ. Мөнгө зүгээр ороод ирлээ шүү дээ!” Түрийвч олсон хүн ийн олзуурхав. Тэгтэл хамт явж байсан нөгөө хүн нь байдгаараа уурсаж, “Хүүе, би энэ замаар явах санал тавиа биз дээ. Тиймээс тал мөнгө нь минийх болно” гэж гэнэ.

Тэгтэл гэнэт түрийвчний эзэн гараад ирж. “Аанхан. Баригдлаа. Чи миний түрийвчийг хулгайлсан байж!” Түрийвч олсон залууд нэлээн шударга бус санагдсан бололтой “Хүүе, би үүнийг ердөө газар хэвтэж байхад нь олсон юм шүү. Тэгээд бас найзтайгаа хуваах гэж байсан юм чинь” гэж гэнэ. Тэгтэл найз нь “Чи түрийвч олохдоо анхнаасаа л хоёулаа эзнийг нь олж өгье гэх ёстой байсан юм” гэж мэдэн будлив гэнэ.

Хүн гэдэг амьтан аливаа юм бүтэлтэй сайн болох үед үр дүнг нь өөртөө хамааруулж, бүтэлгүй болох үед бусдыг буруутгах хандлагатай байдаг. Аливаа юм хүссэнээр нь болохгүй болохоор, эсвэл ашиг орлого муу байхаар хүмүүс нэг нэгнээ буруутгаж байхыг бид бишгүй л харж байсан. Улс орон гэх өргөн хүрээнд авч үзэхэд ч ард түмэн нь улс төрчдөө буруутгаж, төр барьж байгаа нам нь сөрөг хүчнээ буруутгаж, сөрөг хүчин нь төр барьж байгаа намаа буруутгана. Харин ажлын байранд ажилчид нь “Би энэ хүнээс, тэр хүнээс болж ажилдаа явмааргүй байна”, “Энэ хүн ажил дээр ёстой аймаар” гэх зэргээр нэгнээ зай завгүй буруутгана. Гэртээ ч мөн ялгаагүй. Зарим хүүхэд өөрөө олигтой сураагүй байж хувийн багш аваад өгчихөж чадахгүй гэж аав ээжээ буруутгана. Зарим аав ээж стрессдэж бухимдсандаа болоод үр хүүхдээ буруутгана. Зарим нь буруу хүнтэй гэрлэж гээд хань ижлээ буруутгана. Зарим нь яаж ийгээд нэг шалтаг олж, хариуцлагаас мултрахын тулд бүр цаг агаарыг ч хүртэл буруутгах нь бий.

Харин “Мундаг уран бичээч бийрээ буруутгадаггүй, мундаг хөгжимчин хөгжмөө буруутгадаггүй” гэсэн хэлц үг байдаг. Энэ нь багаж хэрэгслээ буруутгахаасаа илүү өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг юм. Гэр бүлийн тухайд хэрэв та юм юман дээр бусдыг буруутгадаг бол ердөө зөрчил маргаан л үүсгэхийн нэмэр. Бусдыг буруутгахаасаа өмнө эхлээд өөрийгөө эргэж харах хэрэгтэй.

Бусдыг буруутгана гэдэг амархан сонголт

Хүний амьдралд таагүй хэрэг тохиолдох цаг мөч бий нь бий. Заримдаа санаанд оромгүй саад бэрхшээлтэй ч тулгарна. Харин хүн аливаа юм сайн сайхан болж бүтэхэд өөрийгөө магтаад, бүтэл муутай болох үед бусдыг буруутгана. Үр дүн муудах үед хамаг анхаарлаа гадна тал руу хандуулж, яагаад тийм юм тохиолдсон энэ тэр гээд үй түмэн шалтаг хайна.

Хүмүүст ер нь өөрийгөө л хамгаалах хамгаалалтын механизм байдаг төдийгүй тэр дунд бусдыг буруутгах сэтгэл зүйн үзэгдлийг төсөөлөл (проекц) гэдэг байна. Хэн нэгэн хүлээж авахад хэцүү нөхцөл байдалд орохоороо их уй гашуу, цохилтонд орж, өөрийн эрхгүй ямар ч ухамсаргүйгээр хамгаалалтын механизм гэх проекцыг хэрэглэдэг байна.

Хүмүүс юу юугүй бусдыг буруутгадаг шалтгааны нэг нь хямралаас мултрах хамгийн амархан арга болохоор тэр аж. Энэ нь бусад хүн ямар нөхцөл байдалд орох нь хамаагүй, эхлээд өөрөө аюулгүй талд нь зогсох гэсэн бодол санаа юм. Үнэндээ бол өөрийнхөө алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрнө гэдэг эвгүй, бас маш хэцүү л дээ. Хүн бүр л өөгүй төгс, зөв хүн гэж үнэлүүлэхийг хүсдэг. Тийм ч учраас алдаагаа хүлээн зөвшөөрөх нь шударга бус юм шиг санагдаж, алдаагаа хүлээн зөвшөөрчихвөл чадваргүй мэт харагдана гэж айдаг. Ийм тохиолдолд тэд алдаа буруугаа бусдад тохоход сэтгэлийн ачаа нь хөнгөрөх шиг болдог.

Өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөлгүйгээр асуудлын учир шалтгааныг гаднаас олох гэсэн хандлага хараахан томоожоогүй хүүхдэд бүр илүү байдаг байна. Тэд ямар нэг таагүй нөхцөлд орохоороо “Найзууд маань надтай тоглохыг хүссэн учраас би давтлагандаа явж чадаагүй”, “Ээж надад сануулаагүй учраас би хичээлийн хэрэгслээ авчирч чадсангүй”, эсвэл “Дүү маань миний тоглоомыг эвдэлсэн” гэх мэт үй түмэн шалтаг тоочиж, хямралаас зайлсхийхийг оролддог аж.

Зуршил болсон бусдыг буруутгах хандлага эсвэл асуудлын шалтгааныг бусдад тохох зэрэг нь өөрийн төлөвшөөгүй байдлыг л илчлэн харуулж байгаа хэрэг. Бусдыг буруутгах гэх бүрийдээ дахин нэг бодож үзэцгээе. Мөн ингэх нь томоогүй хүүхдээс ч дор зан авир байж болохыг санаарай.

“Чамаас боллоо” гэх үгийг зайлуулдаг зүйлс

Америкийн нэгэн агаарын тээврийн компани нэг зорчигч тасалбараа авчихаад, онгоцонд нь хууль ёсны эрхийнхээ дагуу сууж байхад чирч гаргаснаараа дэлхий дахины уур хилэнг өдөөсөн байдаг. Учир нь авиа компани онгоцны захиалгыг хэтрүүлснээс болоод уг зорчигчийг онгоцноос буухыг хүстэл зорчигч хүсэлтийг нь хүлээн аваагүй байна. Уг агаарын тээврийнхэн зорчигчийг их түрэмгий байсан учир онгоцноос чирч буулгах хэрэгтэй болсон гэж үйлчлүүлэгчээ буруутгаж байжээ. Хожим нь хүмүүсийн шүүмжлэл туйлдаа хүрсэн болохоор буруугаа хүлээсэн байдаг. Гэвч энэ нь тэр компанийн хувьцаа унаж, үйлчлүүлэгчдийн уг компанид итгэх итгэл доод цэгтээ хүрсний дараа болсон юм.

Хэн нэгнийг буруутгаж л байгаа бол тухайн хувь хүн, компани, улс орон огт хөгжих боломжгүй. Учир нь тухайн хүн ямар ч буруу зүйл хийгээгүй гэж үзээд, засаж залруулах зүйл, дутуу дулимаг талаа олж чадахгүй, зөв гэж үзсэн тэр алдаагаа л давтаад байдагтаа тэр.

Аливаа хүн зөвхөн ертөнцийг, орчин нөхцөлийг, бусдыг буруутгаж цагаа дэмий үрдэг бол хохирох хүн нь зөвхөн та өөрөө. Ер нь нөхцөл байдал, орчин, бусад хүн гэдэг бол таны хяналтаас гадуурх зүйл шүү дээ. Харин хянаж болох ганц зүйл бол хүн өөрөө өөрийгөө л хянаж чадна. Тиймд хүн өөрийнхөө хяналтаас гадуурх зүйлсийг л буруутгаад, өөрийгөө өөрчлөхийг хүсэхгүй байвал өөрт хожих юм гэж юу ч байхгүй.

Хятадын гүн ухаанч Сюнзи (荀子) “Бусдыг буруутгадаг хүн үргэлж гай зовлонд унаж, тэнгэрийг буруутгадаг хүн хөгждөггүй” гэсэн байдаг. Аливааг хэн нэгний буруугаас боллоо гэж бодож байвал та түүнд дүргүйлхэж, улмаар дургүйцэл нь уурыг төрүүлнэ.

Шалгалтандаа бэлдэж байгаа сурагч ээжээсээ өглөө эрт сэрээхийг гуйсан гэж бодъё. Ээж нь ажлаасаа оройтож ирэх нөхрөө хүлээгээд шөнө аажуу унтсандаа болоод хүүгээ сэрээх хэмжээний эрт сэрээгүй байна. Хичээлдээ хоцорсон хүү сэрээсэнгүй гэж ээжийгээ буруутган, ээж нь оройтож ирсэн нөхрөө буруутгана. Тэгтэл аав нь ажлынхантайгаа орой хоолонд орсон тул тэгэхээс өөр арга байгаагүй гэж эсэргүүцэн, өөрөө сэрээгүйд нь хүүгээ буруутгав. Энэ мэтээр нэг нэгнээ буруутгадаг гэр бүлийн дотор аз жаргал үндэслэхгүй.

Зөвхөн бусдыг буруутгаж, хариуцлага хүлээхээс зугтах юм бол маш их зүйл алдах болно. Юм юман дээр бусдыг буруутгаад байдаг хүмүүс эцэстээ өөрийн гэсэн амьдрал байхгүй байдаг. Тийм хүмүүс бол өөрийнхөө хүслээр биш, бусдын амьдралаар эргэлддэг мануухайтай адилхан юм.

Амьдралын гол дүр нь хүн өөрөө

Энэ нь зөвхөн өөрийгөө буруутгах ёстой гэсэн утга биш шүү. Өөрийгөө хэт их буруутгаад байвал өөртөө итгэх итгэлээ алдаж, сэтгэлээр унаж гутралд ордог. Юм юман дээр бусдыг буруутгах ба алдаагаа хүлээн зөвшөөрч, алдаандаа хариуцлага хүлээх хоёр утгын хувьд тэс өөр. Алдаагаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь “Миний амьдрал бол минийх. Тиймд зөв хийгээгүй юм бүхнээ би өөрөө л засаж тохируулж, бэрхшээлийг өөрөө л даван туулна” гэж ярьж байгаатай адилхан юм.

Бусдыг буруутгахад хүчээ барахын оронд өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч, амьдралаа эерэгээр жолоодоход тэр хүчийг хэрэглэвэл хөгжих боломж нээгдэнэ. Нэг хүн зугаалганд явсан гэж бодъё. Гэтэл гэнэт бороо орж л дээ. Хэрэв тэр хүн тэнгэр рүү харж, тэнгэрийг буруутгавал уур нь хүрч, хамаг зугаалга нь сүйрнэ. Харин цаг агаараа харж нягталж, шүхэр аваагүй өөрийнх нь буруу гэж бодвол цаашдаа цаг агаарын мэдээ шалгадаг болж, дараачийн удаа шүхэр авч явах хэмжээний ухаан сууж, хөгжинө.

Өсвөр насны хүүхэдтэйгээ нийцтэй байхыг хүсдэг хэр нь хүүхэд тань нэг л хамтарч өгөхгүй байвал зөвхөн хүүхэддээ л буруу өгөхийн оронд өөрийнхөө арга барил, хандлагыг шалгах гээд үзээрэй. Тэгвэл харилцаагаа сайжруулах арга нээгдэнэ.

Анхны Африк гаралтай америк Артур Аше арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг ялан гарснаар томоохон хэмжээний теннисний тэмцээнд ялж, улмаар зодог тайлсныхаа дараа дасгалжуулагч, нэвтрүүлэгч, улмаар хүний эрхийн төлөө тэмцэгч болсон юм. Гэсэн хэдий ч тэрээр зүрхний хагалгаанд орж байх үеэрээ цус сэлбүүлж ХДХВ-ийн халдвар авчээ. “Бурхан яагаад ийм аймаар өвчнийг танд оногдуулна вэ?” гэж хэн нэгэн асуухад тэрээр ийн хариулсан гэдэг.

“Шагналын цом барьж байхдаа би Бурханаас “Яагаад надад оногдуулна вэ?” гэж огт асууж байгаагүй. Тэгтэл одоо өвчин тусчихаад “Яагаад надад оногдуулна вэ?” гэж асуух ёсгүй шүү дээ. Би хэрэв өвчнийхөө тухайд Бурханаас “Яагаад заавал надад?” гэж асуувал Бурханы өгсөн ерөөлийн тухайд бас “Яагаад заавал надад?” гэж асуух хэрэгтэй болох нь ээ дээ?”

Өөрт хэцүү, золгүй, гунигтай санагдах үедээ “Энэ бүхэн нээрээ бусдаас, нөхцөл байдлаас, орчин нөхцөлөөс болсон уу?” гэдгийг бодох хэрэгтэй. Тэр бүхнээс болоод золгүй байгаа юм биш ээ. Харин “тэднээс болж золгүй боллоо” гэж өөрөө л бодоод байгаа хэрэг. Байнга л хүний хөлд гишгэгдэж байдаг хогийн ургамал ч хүртэл зэлүүд талыг буруутгалгүй, замын хучилт, чулууны завсар зайгаар ургадаг шүү дээ.

Сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэл санаа, амьдрал ер нь өөрөөс л хамааралтай. Хэрэв бусдыг “Чиний буруу” гэж чичилдэг бол бусад бүх хуруу ч бас таныг чиглэж байгааг санаарай.

“QBQ (Асуултын цаана асуулт)” номын зохиолч Жон Ж.Миллер уг номондоо хүн ер нь “яагаад, хэзээ, хэн” гэж асуухын оронд “юуг, яаж” гэдэгт л анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэж гардаг. Гэрт чинь хулгайч ороод бусниулчихсан бол танай гэрийнхний хувьд “Чи яагаад хаалга түгжсэн эсэхээ шалгаагүй юм?”, “Гэрээс хэн хамгийн сүүлд гарсан юм?” гэцгээн, хэний буруу байсныг олох гэхийн оронд “Хулгайд алдсан зүйлээ яаж олох уу?”, “Ийм явдал дахиж гарахгүйн тулд юу хийх ёстой вэ?” гэж ярьцгаах нь үр дүнтэй.

Ингэхийн тулд бусдыг буруутгахын оронд бүр буруу гэдэг нь эргэлзээгүй байсан ч тэдний алдаа дутагдлыг өгөөмөр сэтгэлээр ойлгохыг хичээх хэрэгтэй. Дээрх тохиолдолд “Би л хаалгаа цоожлохоо мартчихсан бололтой, миний буруу”, “Гарахаасаа өмнө би шалгах ёстой байсан юм, миний буруу” гэж хэлсэн бол халуун дулаан уур амьсгал бий болгож, яах ийх зөв шийдэл, гаргалгаа олж чадна.

Аз жаргалтай айл гэр бүлд “Үйл хэрэг бүтэмжтэй бол миний ач, миний сайных, харин үйл хэрэг буруугаар эргэвэл чамаас боллоо” гэх юм байхгүй. Харин ч эсрэгээрээ байдаг билээ.