Гарамгай тамирчны онцлог

14,314 үзэлт

Хүндийн өргөлтийн тэмцээний зааланд цаг хугацаа зогссон мэт гэнэт нам гүм болно. Тэнхээ мэдэн хашхирахын сацуу хамаг хүчээ төвлөрүүлэн шавхаж, тамирчин хүндийн туухайгаа дээш өргөнө. Амжилт харуулах гэрэл асаж, баззер дохио хангинана. Үзэгчдийн зүгээс баярын уухай сонсогдож, тамирчны царайд баяр хөөр дүүрэн гэрэлтэнэ.

Хүндийн өргөлтийн тамирчид асар хүнд жинтэй туухайг тэгж өргөж чаддаг нууц юу юм бол? Америкийн зохиолч Жеймс Клер (James Clear) хүндийн өргөлтийн нэгэн дасгалжуулагчаас гарамгай тамирчдын онцлогийг асуужээ. Тэгтэл дасгалжуулагч “Өдөр бүр яг адилхан хөдөлгөөнөө давтдаг уйтгартай залхмаар бэлтгэл сургуулилтыг тэсвэрлэх нь онцлог шинжийн нэг” хэмээн хариулсан гэдэг.

Зарим үед тамирчид урам зориг нь мохож, идэвхгүй болж шантарч хаямаар санагдаж мэднэ. Гэвч тийм үедээ тэд сөрөг сэтгэл хөдлөлд автахын оронд өөрөө өөрийгөө идэвхжүүлэх арга замыг эрэлхийлдэг аж. Тэсвэр тэвчээрийн цаг хугацааг давж гарсан тамирчин л дэвжээн дээр бат зогсож, бэлтгэл сургуулилтын явцад хуримтлуулсан хүч чадал, ур чадвараа шавхан, биеийнхээ жингээс 3 дахин хүнд жинтэй, өмнө нь огт өргөж дийлэхээргүй санагдаж байсан хүнд жингийн туухайг өргөж чаддаг байна.

Манай Бурхан бидэнд сайн мэдээний үүрэг даалгасан. Сайн мэдээний зорилго үргэлж тодорхой, бид цаг ямагт халуун сэтгэлээр дүүрэн байвал дэндүү сайхан л даа. Гэвч заримдаа бид туйлдаж, сульдаж, даалгасан үүрэг нүсэр санагдаж, шантарч гутрах нь бий. Тэр мөчид мөрөө унжуулж хүсэл тэмүүллээ алдахын оронд сайн мэдээний төлөөх халуун сэтгэлээ сэргээх арга хайгаарай. Итгэлийн амьдралд залбирах, Бурханы үг судлах зэрэг нь бидний байнга хийдэг нийтлэг зүйл. Гэвч ингэх явцад Бурхан бидний сэтгэлийн галыг өрдөж, бидний сүнсийг сайн мэдээний дэвжээн дээр баттай зогсоож байдаг билээ. Тэсвэр тэвчээрийн шалгуурыг туулсан хүн өөрийн хүчээр хийж чадахгүй байсан зүйлээ Бурханы өгсөн Ариун Сүнсний хүчээр амархан хийж чадах юм.