WATV.org is provided in English. Would you like to change to English?

Тэвчээр ба хэтрүүлэг

258 Үзсэн тоо

Аз жаргалтай амьдрахад эрүүл мэнд маш чухал. Дасгал хөдөлгөөн ч эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай зүйл. Гэхээ дасгал хөдөлгөөнийг хэтрүүлбэл эсрэгээрээ бие, сэтгэлд хор учруулж мэдэх юм. Хэрээс хэтэрсэн дасгал сургуулилтаасаа болоод бэртэл авч, амжилтын ид оргил үедээ зодог тайлсан тамирчид байх жишээний.

Ууланд алхам алхмаар урагшилж авирдаг шиг, эсвэл жигд хурдаараа марафоны замаа гүйцээдэг шиг аливаа дасгал хөдөлгөөнийг тэвчээртэй, тогтмол хийх нь чухал. Өрсөлдөх сэтгэлээ эн тэргүүнд тавих, өөрийн чадварыг хэт үнэлэх, өвдөлтөө шүд зуун тэвчихийг тамирчдад төдийлөн зөвлөөд байдаггүй байна.

Үнэндээ тэвчээр, хэтрүүлэг хоёр ямхын төдий л зөрөөтэй. Гэхдээ энэ хоёрыг ялгах шалгуур бий. Жишээлбэл үе мөч, гуяны булчинд 48 цаг ба түүнээс дээш хугацаагаар өвдөлт үргэлжилбэл дасгалын хэмжээг 80 хувь хүртэл бууруулах хэрэгтэй. Дасгалын дараа амьсгал давчдах, бачуурах зэрэг шинж тэмдэг хэд хоногийн турш илэрвэл мөн адил бууруулах шаардлагатай. Дасгал хөдөлгөөнийг бага зэрэг хөлөрч, үе мөчинд өвдөлт өгөхгүй байх хэмжээнд хийхэд л хангалттай юм.

Зөвхөн дасгал хөдөлгөөн ч биш дуртай ажлаа хийх, ямар нэг зүйлийг сурахад ч мөн ялгаагүй. Аливаа юманд сөрөг үр дагавар гаргахгүйн тулд хэрээс хэтрүүлэлгүй, тэвчих үедээ тэвчдэг, зохицуулах юмаа зохицуулдаг мэргэн ухаан бидэнд хэрэгтэй.