Хамтын ажиллагааны хүч

8,360 үзэлт

Хиггс бозон гэдэг нь сансар огторгуйг бүрдүүлдэг эгэл бөөмсийн нэг төдийгүй орчин үеийн физикийн шинжлэх ухаанаар сансар огторгуйг тайлбарлахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч физикийн эрдэмтэд Хиггс бозоны оршихуйг урьдчилан таамаглаад байсан хэрнээ 50 орчим жилийн турш нотолж чадаагүй юм. Харин энэхүү эгэл бөөмийн оршихуйг нотолсон газар бол CERN буюу Европын цөмийн судалгааны байгууллага.

CERN нь 25 жилийн хугацаанд олон улсын 10000 физикчийн хамтын ажиллагаагаар 27км урттай хүчтэй бөөмсийн хурдасгуур болох LHC (Large Hadron Collider) хэмээх байгууламжийг амжилттай зохион бүтээж, үйлдвэрлэжээ. Үүгээр зогсохгүй CERN-г зорин ирсэн хэдэн мянган физикч эрдэмтдийн хүчээ нэгтгэн судалсан олон жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд Хиггс бозон бөөм оршин байдгийг эцэстээ 2012 онд нотолсон аж.

Энэхүү хамтын ажиллагааны системийг CERN-г амжилтанд хүргэсэн хүчин зүйл гэж тооцдог. CERN-н дэд ерөнхийлөгч асан Сержио Бертолуччи хэлэхдээ 100 гаруй улсын эрдэмтэд гарал үүсэл, хэл, соёл, амьдралын зуршил, сэтгэлгээний хэв маяг зэрэг бүгд өөр өөр хүмүүс байсан ч ийнхүү гайхалтай амжилт гаргасан учир шалтгаан нь шинжлэх ухаанаар дамжуулан хүн төрөлхтөнд ашиг тус өгөх гэсэн тодорхой зорилготой байсных хэмээн тайлбарласан байдаг. CERN нь дэлхий дахины веб “World Wide Web” (WWW) хэмээх сүлжээ бий болгож, интернетийн хувьслыг тэргүүлэн, Нобелийн шагналтнуудыг олноор төрүүлсэн юм.

Бид бол дэлхий ертөнцийг аврах үүрэг хүлээсэн сайн мэдээний үйлчлэгчид. Амьдарч ирсэн орчин нөхцөл, амьдралын хэв маяг өөр өөр байсан маань хамаагүй ээ. Бүх хүн төрөлхтнийг аврах гэсэн тодорхой зорилго дор манай ах дүү, эгч дүү нар итгэл найдвар, хүсэл зорилгоо нэгтгэвэл сайн мэдээний хамтын хүчин чармайлтын ер бусын гайхамшигт шинэ түвшинг бий болгоно.

“адил сэтгэж, адил хайртай байж, нэгдэн, нэгэн бодолтой байж, баярыг минь гүйцээ. … Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж, хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар.” Фил 2:2-4