Дэлхий дахинаа агаарын долгионоор дамжин уянгалах амийн дуу
New Song Radio нэвтрүүлгийн баг / АНУ, Нью Йорк
Ням гаргийн оройн 10 цагт хүмүүс баяр хөөртэй амралтын өдрүүдээ үдэн, шинэ 7 хоногт бэлдэнэ. Одод түгсэн намуухан энэ үдэш студийн дэлгэцнээ шууд эфирийн улаан гэрэл анивчин, дэлхийг гэрэлтүүлэн, сүнсийг сэргээх радио нэвтрүүлэг гурван цаг үргэлжилнэ. New Song Radio (Шинэ дуу радио) нэвтрүүлэг ийн эхэлнэ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн Сионы анхилуун үнэр, шинэ дууны сүр жавхлант, эгшиглэнт аялгуу радиогоор уянгалахад Елохим Бурханы ивээл нигүүлсэл бөмбөрцгийн нөгөө талд ч хүртэл түгж байгааг бид мэдэрдэг.
Шинэ дуу бол Елохим Бурханы аврал хайранд талархал, яруу алдрыг өргөх хүсэлтэй ариун хүмүүсийн дуу хөгжим юм. Хаана ч, хэзээ ч сонсож дуулж болдог шинэ дуу нь цаг завгүй амьдралдаа цуцсан бидний сэтгэлийг Бурханы хайраар гэрэлтүүлж, амьдруулж, сул дорой сүнсэнд минь хүчийг өгдөг.

Ертөнцийн бүх хүнд нэгэн зэрэг сонсгон, сэтгэлийн ухаарлын утсыг нь хөндөн, хайр дамжуулах зорилготой New Song Radio нэвтрүүлэг 2008 оны 11-р сард АНУ-ын Нью Жерси мужийн нэгэн их сургуулийн студээс гараагаа нам гүмхэн эхлүүлсэн юм. Гэвч энэ нь тогтмол биш, түр хугацааны нэвтрүүлэг байсан тул нэвтрүүлэх шинэ дууны бичлэг ч төдийлөн их байсангүй. Бидний ихэнх нь радио нэвтрүүлгийн тал дээр болон техник хэрэгслийн мэдлэг туршлага хомс байсан тул өндөр түвшний нэвтрүүлэг явуулахад учир дутагдалтай байлаа.
Анхны нэвтрүүлгээ бид одоо ч тов тодхон санадаг. New Song Radio нэвтрүүлгийг анх удаа дамжуулж байсан бид ч, нэвтрүүлгийг сонсохоор хүлээж байсан сүмийн итгэгчид ч аль аль нь сандарч догдолсон байв. Шинэ дуу анх эфирт эгшиглэхийг сонссон тэр мөчид бид бүгдээрээ өмнө хэзээ ч тэгж байгаагүйгээрээ сэтгэл хөдлөн хашхирч билээ. Елохим Бурханыг магтах шинэ дуу радиогоор уянгалж байв. Олон хүн ариун дууг нэгэн зэрэг сонсож чадлаа. Бүгд л догдлон баярлацгааж байв. Нэвтрүүлэг дуустал нэг нь ч анхаарлаа сарниулалгүй бүгд чих тавин сонссон юм. Тэр өдөр бидний хувьд туйлын баяр хөөртэй өдөр байсан.
New Song Radio нэвтрүүлгийн маань сонсогчид зогсолтгүй өсөж, анхны нэвтрүүлгээс хойш 3 сарын дараа үнэхээр ерөөлтэй зүйл тохиолдов. Харилцаа Холбооны Хорооны мэдэлд байдаг олон нийтийн радио станцаар шинэ дууны албан ёсны тогтмол нэвтрүүлэг явуулах шийдвэр гарч, нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа 3 цаг байхаар тогтов. Бурханы тусламжаар өмнөх нэврүүлгийн оронд шинэ дууны нэвтрүүлэг явах болж улмаар олон сонсогчдын анхаарлыг татсан. Одоо New Song Radio нэвтрүүлгийг маань 95 орны ард иргэд сонсдог бөгөөд уг радио станцынхаа хамгийн урт цагаар цацагддаг нэвтрүүлэг болсон юм.
New Song Radio нэвтрүүлэгт сайн дураар ажилладаг Сионы зургаан гэр бүл бий. Гурав нь нэвтрүүлгээ хөтөлж, нөгөө гурав нь найруулагч, дууны найруулагч, теxникч хийдэг. Бидний дундаас нэг гэр бүл маань л өмнө нь нэвтрүүлэг хийж байсан туршлагатай. Мэргэжлийн онцгой ур чадвар, өндөр техник технологи шаардагддаг радио нэвтрүүлгийн салбарт мэдлэг мэргэжилгүй хэрнээ сайн мэдээний ажилд хувь нэмрээ оруулж чадна гэж урьд өмнө хэзээ ч бид төсөөлж байсангүй. Хэрэв Бурхан энэ салбарт мэргэшсэн мэргэжлийн хүн сонгосон бол бидний хэн маань ч энэ байран дээр зогсохгүй байх байсан. Харин Бурхан олон талаараа дутуу дулимаг бидэнд энэ ажлыг хариуцуулсан юм. Бурханд бид хэрэгтэй учраас сонгосон бус, Бурхан бидэнд зөвхөн ерөөл өгөхийг л хүссэн болохоор тэр.
Нэвтрүүлэг бүрийн өмнө бид Бурханы хүслийг ухааруулж, тусалж өгөхийг гуйн Бурханд хамтдаа залбирдаг. Бид дуугаа сонгохдоо аль болох хүмүүсийн захиалсан дууг сонгодог. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн захидал имэйлээс бас Елохист сэтгүүлийн зарим нийтлэлээс сонгон сонсогчиддоо уншиж өгдөг. Манай нэвтрүүлгийн гол булан бол “Inside New Song Music (Шинэ дуунд)” гэдэг булан юм. Энэ булангаар бид шинэ дууны бадгийг мөр мөрөөр нь уншиж, түүгээр дамжуулан Библийн бичээсийг тайлбарладаг.
Бид зургаа бүгд л өөр өөрийн үүрэгтэй. Ач холбогдлын хувьд үл ялиг ондоо ч гэсэн ажил бүр чухал. Хамгийн чухал нь бидний нэгдмэл байдал юм. Хүн бүр өөрийн хариуцсан ажлаа үнэнчээр хийхгүй л бол асуудал тулгарна. Тийм ч учраас бид өчүүхэн зүйлийг ч үл тоомсорлодоггүй. Хэн нэг маань өөрийнхөөрөө зөрүүдлээд байвал сайн үр дүн гарахгүй юм. Хайр, хүндэтгэл, харилцан ойлголцол, анхаарал халамж, буулт хийх, дуулгавартай байдал зэргээр бид нэгдэж чадвал Бурханыг баярлуулж, нэвтрүүлгээ сонсогчиддоо илүү өгөөжтэй сайнаар хүргэх юм. Энэ нь ах дүү, эгч дүү нар маань Ариун Сүнсээр нэг болж сайн мэдээний сайн үр жимс гаргадагтай л адил зүйл.
Бид бүгд үүнийг ухаарсан учраас нэвтрүүлгийн үндсэн ажлаасаа гадна ирсэн имэйлэнд хариу бичих, сонсогчдын утсаар асуусанд хариулах, шинэ дууны радио нэвтрүүлгийн цахим хуудасны мэдээлэл шинэчлэх гэх мэт олон ажлыг дор бүрнээ л хичээнгүйлэн хийж байна.
New Song Radio нэвтрүүлэг долоо хоногт ганцхан удаа явдаг ч гэлээ нэг нэвтрүүлгийн бэлтгэл ажил, хүчин зүтгэл нь харин багагүй. Шөнийн 1 цагт нэвтрүүлэг дуусаж, энэ тэр юмаа цэгцэлсний дараа гэртээ харьдаг. Тэгээд орондоо ормогцоо л нам унтана. Өглөө ажилдаа явахын тулд жаахан унтах хэрэгтэй шүү дээ.
Ажлын өдрүүдэд тус тусын ажилдаа явж, авралын зар тараагаад завгүй байдаг. Хагас бүтэн сайнд нэвтрүүлгээ бэлддэг. Зай завгүй энэ шахуу цагийн хуваариасаа болж хааяа их ядардаг. Гэвч энэ ядаргаа нь бидний авч буй ерөөлтэй харьцуулахад юу ч биш юм. Түүнээс гадна New Song Radio нэвтрүүлгээр сонсогчиддоо урам зориг өгөх үед сул дорой бидний сүнс эрч хүчээр дүүрдэг. Шинэ дуу сонсоход сүнс маань ариусаж, мөн Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн Сионы гэр бүлүүдийн Елохист сэтгүүлд нийтэлсэн нийтлэлүүдийг уншаад Елохим Бурханы хүүхэд болсноороо бид маш их бахархдаг. Радио сонсогчдын маань чин сэтгэлийн захидлууд ч бидний бүх ядаргаа, сэтгэл зовнилыг үргээдэг.
Ямар нэгэн шалтгаанаар сүмээс холдсон гэр бүлүүд New Song Radio нэвтрүүлгийг маань сонсоод Бурхан руу эргэж ирсэн тухай захианууд хамгийн ивээлтэй. Радиогоор зөвхөн шинэ дуу сонссондоо ч биш, мөн гэр бүлүүдийн түүхийг сонсоод урам зориг орж, Бурхан руу эргэсэн гэж тэдний олонх нь ярина.
Энэ гайхамшигтай ажил нэгдүгээрт Бурхан бидэнтэй хамт байж, ерөөж байгаа учраас, хоёрдугаарт нэвтрүүлгийн сонсогчид маань өөрт болсон явдлыг гэр бүлүүдтэй сайн хуваалцдаг болохоор гарч байгаа юм. Хэдэн өдрийн өмнө манай нэвтрүүлэгт нэгэн сонсогч маань Саудын Арабт болсон явдлаа илгээсэн юм. Эцэг Эх Бурханы хязгааргүй хайр, Алгасал баярын агуу хүчийг бидэнд сануулж өгсөн тэрхүү захидлыг та бүхэнтэй хуваалцмаар байна.
「Би Саудын Араб улсад томилолтоор ажилладаг байв. Тэнд амь нас маань олон ч удаа аюулд өртсөн. Нэг өдөр ажлаа тараад элстэй цөлөрхөг замаар гэр рүүгээ явж байтал машин маань гэнэт жолоодлогогүй болж ийш тийш хамаагүй явж, эргэлдэж гарав. Би нүдээ тас аниад Бурханаас аврал гуйн залбирсан юм. Хэдэн секундын дараа нүдээ нээтэл машин маань юу ч мөргөлгүйгээр овоорсон их элс рүү шигдэн зогссон байхыг хараад би маш их гайхсан.
Энэ явдлаас хэдэн сарын дараа 130 км/цагийн хурдтай явж байхад минь урд дугуй хагарч том осол гарч болох байсан ч зүгээр өнгөрсөн. Өнгөрсөн 11 сард дахин осол болсон ч би бас л аврагдсан. Энэ бүхэн Алгасал баярын хүч юм. Хэд хэдэн ослын дараа Алгасал баярыг жил бүр тэмдэглэвэл Бурхан бүх аюулаас намайг хамгаалдаг гэдгийг би нүдээрээ харсан юм.」
Дээрх захидал олон сонсогчийн зүрхэнд Бурханыг гэсэн итгэл суулгаж өгсөн. Энэ мэтээр сонсогчдын бичсэн зүйл өнөө үед үй түмэн сүнсийг аврах хэрэгсэл болж, сайн мэдээний үүрэг гүйцэтгэдэг юм. Харин энэ бүх үнэт захидлыг бүгдийг нь тэмдэглэж чадахгүй байгааг минь уучлаарай.
Бусдын түүхийг сонсоод сэтгэл нь хөдөлсөн хүмүүсийн захидлууд ч бидэнд олон бий.
「New Song Radio нэвтрүүлэг надад их урам өгдөг. Танай нэвтрүүлгийг сонсох бүрд тэнгэр Эцэг Эх Бурхан надтай ярьж байгаа мэт санагддаг. Шинэ дуу бүгдээрээ гоё шүү. Шинэ дуу миний хэн гэдгийг, хаанахын харьяат болохыг минь сануулж өгдөг.」
Энэ мэт сэтгэгдлийг уншаад бидэнд даалгасан энэхүү ажлын төлөө бүр ч их талархдаг юм. Алдагдсан тэнгэрийн ах дүү, эгч дүү нараа олоод, Эцэг Эх Бурханы хайрыг дамжуулан, тэнгэрийн найдвар төрүүлнэ гэдэг л долоо хоног бүр бидний хийж байгаа ажлын гол зорилго бөгөөд биднийг хөдөлгөдөг хүч юм. Энэ зорилгоосоо хазайхгүйн тулд бид үргэлж өөрсдийгөө эргэн нэг хардаг. New Song Radio нэвтрүүлэг бол бидний хичээл зүтгэлээр бий болсон ажил биш, энэ үед Бурханы гүйцэтгэж байгаа авралын агуу ажлуудын нэгээхэн хэсэг.
2000 жилийн өмнө Паул элч олон улс орноор явж сайн мэдээ тарааж байсантай адил үйлсийг бид гаргаж байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Бурханы хайр, авралын сайн мэдээг дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд хормын дотор шууд эфирээр дамжуулж байна шүү дээ. Энэ ертөнцөөр аялах тоо томшгүй олон хүнд радио долгионоор дамжуулан амийн дууг сонордуулж байгаадаа бид хязгааргүй их баяртай байдаг.
Дуу хөгжим гэгч улс орон, хэл усны саадыг үл харгалздаг олон улсын хэл юм. Дэлхийн эдийн засгийн хямрал эцэс төгсгөлгүй мэт үргэлжилж, гэмт хэрэг, аваар осол өдөр бүр гарч, хаа сайгүй амин хувиа хичээх гэх мэт асуудал дүүрэн өнөөгийн нийгэмд дуу хөгжмийн хүч туйлын их хэрэгтэй. Ийм нөхцөлд New Song Radio нэвтрүүлэг бүх дэлхийн өнцөг булан бүрд амийн дуугаараа дулаан туяа цацруулан, илүү сайхан ертөнцийг бий болгохын төлөө Бурхан бидэнд энэ цаг үеийг зөвшөөрч өгсөн гэдэгт бид итгэж байна.
New Song Radio нэвтрүүлгээр дэлхийн бүх хүнд өдөр бүр амийн дуу сонсгож, Елохим Бурханы хайр ивээл, яруу алдрыг Самари, дэлхийн хязгаар хүртэл түгээх нь бидний хүсэл мөрөөдөл. Илүү олон хүн шинэ дуу сонсож, итгэлээ дахин олоод, сүнснийхээ мөнх амийг авна гэдэгт бид баттай итгэж байна. Анх төрсөн сэтгэгдлээ марталгүй, Бурханы бидэнд даалгасан сайн мэдээний ажлыг цаг үргэлж даруу байдал, үйлчлэх сэтгэлээр хийх болно оо.
Өнгөрсөн нэг долоо хоногт ч бас сэтгэл хөдлөлөөр дэлхийг уяраах олон багц мэдээ, захидлууд New Song Radio нэвтрүүлэгт маань илгээгдсэн биз ээ. Үдшийн 10 цагт “Шууд эфир” гэсэн улаан гэрэл асахад бид догдлон цохилох зүрхээ дарж, шинэ дуугаа чангалан, микрофоноо асаадаг.
Ерөөл их аваарай! New Song Radio нэвтрүүлгийн сонсогчид оо, нэвтрүүлэгтээ тавтай морилно уу!