Бороо салхитай өдөр болохоор л
Чой Жэ Жон / Солонгос, Гүнпу
Би бороотой өдрүүдэд дургүй. Бүрхэг цаг агаар намайг гунигт автуулж, гутал хувцас норгочихно. Бороотой өдрүүдэд дургүй байдгийн бас нэг шалтгаан бол үе мөч маань бороо орохыг бүр андахгүй, цаг уурын газраас ч илүү тодорхой мэдүүлдэгт байгаа юм. Гэхдээ би заримдаа бороон дундуур инээмсэглэн алхдаг.
Багадаа би сумын төвийн бага сургуульд сурдаг байлаа. Манай гэр яг төвд нь байдаг байв. Сургууль гэр ойрхон байсан болохоор заримдаа би сургуулийнхаа биеийн тамирын талбайгаас ээжийгээ дээвэр дээрээ угаасан хувцсаа дэлгэж байхыг нь харна. Тэр үед нэлээн олон сурагч гучин минут, бүр цаг гаруй алхаж байж сургуульдаа ирдэг байсан юм. Тэдэнтэй харьцуулахад би хамаагүй таатай нөхцөлд сурч байсан хэрэг л дээ.
Нэг өдөр ширүүн салхитай бороо орж, би сургуулийнхаа биеийн тамирын талбай дундуур бороо зүсэн алхаж байлаа. Би их давжаа биетэй хүүхэд байсан болохоор тэр үед хүмүүс надаар хошигнон, “Цүнхнийхээ араас дагачихсан хичээлдээ явж байх юм аа” гэдэг байж билээ. Тэгэхээр надад салхины өөдөөс алхах амаргүй байх нь мэдээж. Өөдөөс түлхэж унагаах гэж байгаа аятай хүчтэй салхины өөдөөс арай ядан алхаж байтал алсад нэг сүүмгэр дүрс харагдсан нь манай аав байлаа.
“Бага охиноо хийсчих шахан явааг хараад аав нь хүрээд ирлээ.”
Аав маань ихэвчлэн завгүй ажилтай, надтай хамт байх цаг бараг гардаггүй байсан болохоор би тэр үед их гайхсан. Гэсэн ч дотроо баярлан, аавыгаа дагаад гэртээ ирж билээ.
Хэдэн жилийн дараа би хотын сургууль руу шилжиж, аав ээжээсээ тусдаа амьдрах болов. Хааяа ширүүн салхитай бороо ороход аав над руу залгаад, мэнд эсэхийг минь асуудаг байлаа. “Миний охин салхинд хийсчихэлгүй гэртээ хүрээд ирээ юү?” гээд л санаа зовнилоо тоглоом шоглоом болгон хэлээд хөхөрнө.
Одоо би салхи бороонд ажирдаггүй дунд эргэм насны хүчирхэг эмэгтэй болжээ. Гэхдээ бороо салхитай өдөр бүр надад “Охин минь хийсчихэлгүй мэнд яваад ирээ юү?” гэх аавын минь дуу хоолой сонсогдох шиг л болдог юм.