​“Сайн байна” гэж хэлэх нь гэр бүлийг бүхэлд нь аз жаргалтай болгодог

Сайн магтах нь өөртөө итгэх итгэл, урам өгдөг. Бие биенээ магтаж, эрүүл уур амьсгалтай гэр бүл бий болгоё.

23,369 үзэлт

“Хань аа / За. / Арын цэцэрлэгт байсан дэгдээхий харав уу? / Харсаан. / Хаана байна? / Тамиргүй хөгшин биедээ зориулаад идчихсэн хө. / Сайн байна! Сайн байна! Сайн байна! Сайн байна! Ашгүй дээ хө.”

Энэ бол “Сайн байна! Сайн байна!” гэж нэртэй Солонгосын нийтийн дууны нэг хэсэг. Хөндлөнгөөс харахад нөхрийн тарьсан хэрэг тийм ч сайн үйл биш аж. Уг нь тэднийх дэгдээхийгээ өсгөж, том болохоор нь зарсан бол амьжиргаанд нь нэмэртэй байх байсан. Гэвч нөхөр нь эхнэрийнхээ санаа бодлыг нь ч асуулгүй ганцаархнаа идчихэж шүү дээ. Ийм байдалд эхнэр нь уурласан ч нөхөрт нь хэлэх үг байхгүй. Гэвч эхнэр нь нөхрөө сайн юм хийж гэж магтжээ. Эхнэр нь нөхрийнхөө томоогүй занг ч тоохгүй магтсан нь сайхан харагдсан болоод ч тэр үү, хөгжилтэй үгтэй энэ дуу хүмүүсийн дунд нэлээн алдартай. Хэрэв энэ дэлхийн хүн бүр иймэрхүү байдаг сан бол хэрүүл уруул хийх хэн ч байхгүй байхсанж. Эв эетэй энэ хосын харилцан ярианаас л харахад магтаж сайшаах үг гэдэг хэрүүл маргааныг үлдэн хөөж, эв найр дагуулдаг аж.

“Whale Done!” (Халим чадчихлаа!) номонд тайлбарласнаар магтаал гэгч нь хүмүүсийг амьтантай ч нөхөрлөж харилцах боломж олгодог хүчирхэг хэрэгсэл аж. Тийм байхад хүний сэтгэлийг хөдөлгөж, сайн харилцаа тогтооход магтахаас өөр арга байгаа гэж үү. Гэвч ихэнх хүмүүс бусдад бол ядах юмгүй тал засдаг хэрнээ гэрийнхнээ магтах тал дээр нэг л харам байдаг. Тэдэнд эвгүй санагдаж, эсвэл гэрийнхэндээ бол сайхан харагдах албагүй гэж боддогтоо магтахаас илүүтэйгээр харин ч гэрийнхнийхээ алдааг илүү онцлох, чичлэх маягтай байдаг.

Хүмүүсийг аз жаргалтай баяр хөөртэй болгодог зүйл бол магтаал. Тиймд магтаал урмын үгэнд харам байх хэрэггүй. Алдаа эндлийг нь онцолж чичлэхийн оронд хаацайлж, “Сайн байна!” гэж магтаж, халуун ам бүлийнхээ сэтгэл санааг нь өргөцгөөе.

Магтаал гэж юу вэ?

1. Хүн бүр магтуулах дуртай

“Сайн байна.” гэж цэцэрлэгийн багш нар хүүхдүүддээ их хэлдэг. Юмны учир начрыг сайн мэдэхгүй хүүхэд хүртэл нэг магтуулчихаараа дахин магтуулахын тулд хичээдэг. Нэгэн судалгаанд багшаараа байнга магтуулдаг хүүхэд магтуулдаггүй хүүхдээс хавьгүй сайн сурлагатай байдгийг харуулдаг. Магтуулах нь хүүхдэд төдийгүй томчуулд ч хамаатай. “Сайн байна. Сайн хийжээ” гэх үгийг ажилтнууд хамгийн их сонсохыг хүсдэг гэнэ. Хүмүүс магтаалын үгээр хичнээн их цангадгийг эндээс харж болохоор байна. Ярьж сонсож чаддаггүй ургамал ногоо ч хүртэл магтуулахаараа сайн ургадаг. Амьтад ч бас магтахаар арга мэхээ гаргадаг байна. Тиймээс хүн гэгч сэтгэлийн амьтны хувьд магтаал асар их үр нөлөө авчрах нь мэдээжийн хэрэг юм.

2. Магтаал гэдэг нь итгэл

Глориа Бек “Амтат магтаал” номондоо аав ээжүүдийн хүүхдүүддээ өгч болох хамгийн сайн магтаал бол тэдэнд итгэх гэж өгүүлжээ. Хэрэв хүүхэд ээжээсээ “Та байхгүй бол хэн намайг сэрээх юм бэ?” гэж асуулаа гэхэд ээж нь “Чамайг бүх юмыг өөрөө хийж чадна гэж ээж нь итгэдэг” гэж хариулбал хүүхэд өөртөө итгэх итгэл төрнө. Хэн нэгэн бидэнд итгэхэд л биднийг ойлгож, хүлээн зөвшөөрдөг хүн байдаг юм байна гэж санагддаг шүү дээ. Улмаар ямар нэг юм хийх хүслээр дүүрч, биднийг магтсан хүний найдварыг хөсөрдүүлэхгүйн төлөө бүр ч илүү шаргуу ажиллах хүсэл төрдөг байна. Тэр ч байтугай заримдаа бүр нуугдмал авьяас нь хүртэл илэрч, өмнө нь боломжгүй гэж бодож байснаа гүйцэлдүүлдэг.

3. Магтаал гэдэг нь өөдрөг сэтгэл

Магтаал нь зөвхөн магтуулж буй хүндээ ч биш, магтдаг хүндээ ч сайн нөлөө үзүүлдэг байна. Магтвал өөдрөг үнэлэмжтэй болж, илүү гүн ойлголттой болж чадна. Зохиолч Боб Конклин дургүй хүндээ дуртай болоход тустай сэтгэлгээний аргыг ийн танилцуулжээ. Хэн нэг хүн үзэл бодлоо хэт тулгаад байвал түүнийг зөрүүд, муйхар гэж бодохын оронд их итгэл үнэмшилтэй хүн гэж бодоорой. Мөн хэн нэгэн мөнгө үрэх дургүй бол түүнийг “нарийндаа хатсан” гэж бодохын оронд хэмнэгч гэж бодоорой.

Хэрэв та бодох хандлагаа ийн өөрчилбөл дургүй хүмүүсээ хүртэл магтдаг болж, өөдрөг сэтгэлтэй байж чадна. Хүний алдааг нь л зөвхөн хараад байвал тэр хүнээ магтаж чадахгүй шүү. Хүнд магтаал урмын үг хэлэх сэтгэл л байхад магтах юм олдож л таараа. Энэ дэлхийд өөгүй төгс хүн байдаггүй шиг сайн тал, сайн чанаргүй хүн гэж үгүй.

4. Магтаал гэдэг нь санаа тавих

Хүнийг ер нь онц гойд мундаг юм хийгээгүй байсан ч магтаж болно. Жишээ нь эхнэр нь үснийхээ хэв маягийг өөрчилсөн байлаа гэхэд нөхөр нь “Хөөх, үсний стилээ өөрчилжээ. Гоё харагдаж байна” гэхэд л эхнэрт нь сайхан санагдана. Харин эхнэр нь үснийхээ стилийг юм уу хувцаслалтаа өөрчилчихөөд байхад гэрийнхэн нь хэн нь ч анзаарахгүй, эсвэл ямар ч реакцгүй байвал өөрийг нь тоохгүй байна гэж бодоод гунина. Гэрийнхэндээ анхаарал сайн хандуулж, өчүүхэн жижиг өөрчлөлт байлаа ч бодол санаа, сэтгэгдлээ илэрхийлэх хэрэгтэй.

5. Магтаал гэдэг нь цуурай

“Би хичээж л байна. Гэвч хэн ч үүнийг маань мэдэхгүй байна. Намайг огт хүлээн зөвшөөрөхгүй юм байна л даа.” Иймэрхүү маягаар боддог хүн байх аваас тэрээр чадвараа бүрэн харуулж чадахгүйгээс гадна хохирогчийн сэтгэлгээндээ баригдаж бусдыг ч огт магтаж чадахгүй. Түүнээс гадна үргэлж өөрөөрөө сайрхаж, магтуулахыг хүсдэг хүн бусдыг тавгүйтүүлдэг. Хэн ч өөрийг чинь магтахгүй байна гэж гомдоллохоосоо өмнө бусдыг чин сэтгэлээсээ магтаж байгаарай. Бусдыг харамгүй магтдаг хүн л магтаал их сонсдог.

Магтаалаар амьдрал нь цэцэглэсэн хүмүүс

Амжилтанд хүрсэн хүмүүст гэр бүлийнхнийх нь магтаал их нөлөөлсөн байдаг. Сургууль дээрээ бол үймээн таригч гэгддэг байсан Эдисон ээжийнхээ магтаалын ачаар 1000 гаруй бүтээлийн зохиогчийн эрхийг эзэмшигч болж, нэртэй зохион бүтээгч болж чадсаныг бүгд мэднэ шүү дээ. 20-р зууны шилдэг суут ухаантан Эйнштейнийг сургууль дээр нь ямар ч чадваргүй, найдвар муутай хүү гэж үздэг байсан ч ээжийнхээ “Миний хүүд бусад хүүхдэд байхгүй онцгой авьяас чадвар бий. Бусад хүүхдүүдтэй яг адилхан байвал яаж амжилтанд хүрэх вэ?” гэсэн магтаал, дэмжлэгийн ачаар агуу эрдэмтэн болсон байдаг.

Өдөр бүр ажлаа тарсны дараа шинэ хөдөлгүүр зохион бүтээхээр бүтэн шөнөжин саравчинд суудаг нэг хүн байжээ. Тэр үед машин гэдэг бол эд баялаг эрх мэдлийн бэлгэ тэмдэг байж л дээ. Харин түүний мөрөөдөл нь олон хүнийг хямдхан үнээр машин авч унуулах байж. Хүн болгон түүнийг шоолон инээлдэж, хийж байгааг нь ердөө цагийн гарз гэцгээж байсан ч эхнэр нь түүнд итгэж, дэмжиж байсан байна. Эцэст нь тэрээр мөрөөдлөө биелүүлсэн байдаг. Энэ бол төмөр хөлгийн хаан гэгддэг Хенри Фордын түүх юм.

Заримдаа гэрийнхэн чинь дутуу дулимаг, нэг л хангалтгүй санагдаж мэдэх ч тэднийг магтаж, урам зориг өгвөл тэд их хүчирхэг болдог байна. Гэрийнхнийх нь дэмжлэгээс илүү хүч өгдөг зүйл юу байх билээ? Гэр бүлийнхнээ сайн яваасай гэж үнэхээр хүсдэг л бол тэднийгээ чин сэтгэлээсээ дэмжиж, зохистой цагт нь магтахаа мартуузай.

Магтах арга

1. Үйлдэл чинь хэлж буй магтаалдаа нийцэх ёстой.

Хүнийг магтаж байхдаа царай чинь хөшүүн, эсвэл нүүрний хувиралгүй, эсвэл гараа энгэртээ зөрүүлсэн байвал тэр хүн өөрийг нь магтаж байгааг мэдрэхгүй, харин ч сэтгэл нь тавгүйрхэж магадгүй. Хэн нэгнийг магтах үедээ авир үйлдэл чинь хэлж байгаа магтаалдаа нийцэх ёстой. Жишээ нь яралзтал инээмсэглэдэг ч юм уу, эсвэл чанга тэврэх, эсвэл эрхий хуруугаа гаргаж ч болно. Юу ч хэлээгүй байсан ч үйлдлээрээ магтах боломжтой юм шүү.

2. Нэн даруй магтах нь сайн хэрэг

Магтахад цаг хугацаа нэн чухал. “Ямааны мах халуун дээрээ” гэдэг шиг хэн нэгэн магтууштай юм хийвэл тэр дор нь магтах сайн. Жишээ нь эхнэр нь амттай хоол хийсэн гэж бодъё. Нөхөр нь хоол идэж байхдаа юу ч хэлээгүй хэрнээ хожим “Өнгөрсөн сард хийсэн хоол чинь үнэхээр амттай байсан шүү” гэвэл яах уу? Эсрэгээрээ амсангуутаа “Хөөх, ямар гоё амттай хоол вэ. Миний хань мундаг тогооч шүү!” гэсэн гэж бодъё. Аль нь илүү үр дүнтэй гэж бодож байна даа?

3. Илүү тодорхой болгох

“Мундаг юм аа”, “Сайн хүү байна даа” гэх мэт тодорхой бус магтахын оронд илүү нарийн тодорхой хэлбэл илүү үр дүнтэй байх болно. Жишээ нь хүүхэд чинь зураг зурахад “Гоё зуржээ” гэхийн оронд “Өнгө өнгөөр будсан ёстой гоё зураг байна даа” гэх юм уу “Энэ зургандаа их олон утга санаа оруулсан харагдаж байна” гэж хэлэхээр хүүхэд чинь таныг өөрийнх нь сэтгэлийг ойлгодгийг мэдэрч, илүү баярлана.

4. Үйл явцыг нь магт

Хэрэв сайн үр дүн гарсных нь дараа л магтах гэвэл юуг нь магтахаа олохгүй хэцүү төдийгүй нөгөө хүндээ дарамт л өгнө. Харин хүссэн үр дүндээ хүрээгүй байсан ч хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлийнх нь талаар “Их хичээсэн шүү! Ямар мундаг тэвчээртэй юм бэ?”, “Чадах бүхнээ хийсэн юм чинь зүгээр дээ”, “Дараагийн удаа бүр сайн хийх юм байна даа” гэх мэтээр магтвал дараа нь тэрээр өөртөө итгэж, улам хичээх болно.

5. Бүү хэтрүүл

Бодит биш, худлаа юман дээр магтах, эсвэл бардам сэтгэгдэл төрүүлэхүйц хэтрүүлсэн магтаал нь зөв магтаал биш. Мөн нэмж хэлэхэд олон хүн байгаа үед тодорхой нэг хүнийг л магтаад байхаас болгоомжлох хэрэгтэй. Гурван хүүтэйгээ хамт байж байгаад нэгийг нь л мундаг гээд байвал нөгөө хоёр хүү чинь сэтгэлээр унана шүү дээ.

6. Өрсөлдөгчийг нь магтаж болохгүй

Харилцаж буй хүнийхээ өрсөлдөгчийг магтахаас зайлсхий. Тэгж магтвал өөрийг нь түүнтэй харьцуулж байна гэж бодох тул энэ тал дээр анхаарах нь зүйтэй. “Ээжийнх нь найзын хүү 1-р байранд орсон байна лээ”, “Манай найзын нөхөр тушаал дэвшсэн гэсэн”, “Найзын маань эхнэр үнэхээр үзэсгэлэнтэй” гэх мэтээр гуравдагч этгээдийг магтвал сонсож байгаа гэрийнхний чинь сэтгэл санаа шууд л тавгүй болно.

Өөрийг нь магтдаг хүнээ хэн ч үзэн яддаггүй. Марк Твен “Би сайн магтаалаар хоёр сар амьдарч чадна” гэж хэлсэн бол Жан Жак Руссо “Өвс ногоо ургахад нарны дулаахан гэрэл хэрэгтэй байдаг шиг хүн эрүүл чийрэг өсөхөд магтаал гэх нарны гэрэл хэрэгтэй байдаг” гэсэн байдаг. Магтаал хичнээн чухал гэдэг л энэ юм.

Өнөөдрөөс эхлээд нүдээ том нээгээд, халуун ам бүлийнхнээ магтах юу байна олохыг хичээгээрэй. Сайн магтах нь ч магтагдах зүйл юм шүү дээ. Магтуулахдаа бардамнах, эсвэл ичсэндээ болоод магтаалаас татгалзах гэх хэрэггүй. Харин даруу сэтгэлээр баяр хөөрөө хамтдаа мэдрээрэй. Үргэлж бие биенээ харилцан магтдаг айл гэр эрүүл саруул, эрч хүчтэй байдаг байна.