Өөдрөг сайхан үгийн үр
Роксанне К.Миллер, АНУ NY Нью Виндсор
Манай гэрийнхэн “Аз жаргалтай гэрийн мөргөл” тэмдэглэснийхээ дараа “Эерэг үгс аз жаргалыг бий болгодог” гэсэн гарчигтай “Гэр бүлийн хайр ба харилцаа” буланд гарсан нийтлэлийг хамт уншсан юм. Үгийн хүч чадлыг ухааруулах нийтлэл байв. 2016 оны Рио де Жанейрогийн Олимпын үеэр “Би чадна, би чадна!” гэх үгийг дахин давтан хэлснээрээ өрсөлдөгчөө ялсан Өмнөд Солонгос улсын туялзуур жадны тамирчны тухай уг нийтлэлд гарсан нь сэтгэл их хөдөлгөв. Туялзуур жадчин бараг ялагдаж байсан төдийгүй ялах магадлал тун бага байсан хэдий ч тэрээр эрс шийдэмгий “эргэлт” хийж, туялзуур жадны тэмцээнд түрүүлж чаджээ.
Тэр үеэр 7 настай хүү маань математикийн анхан шатны мэдлэг эзэмших гээд тэмцэж байлаа л даа. Үүнээс болоод бид хүүгийнхээ багштай байн байн холбоо барих хэрэг гарна. Багш нь хүүгийн маань тэр үед сурсан зүйлийг маш чухал гэж онцолж байлаа. Нөхөр бид хоёр хүүгийнхээ багшийн зааварчилгааг нухацтай хүлээн авч, хичээл тарсны дараа математикийн бодлого дээр нь хүүтэйгээ хамт ажиллах гэж хичээдэг боллоо. Бид хүүдээ шахалт үзүүлж байгаагаа олж мэдсэн тул ямар нэг юмс, зоосон мөнгө зэргийг ашиглан ойлгуулах санаатай янз бүрийн арга хэрэгсэл туршиж үзсэн л дээ. Хүүгийн маань толгойгоо унжуулсаар гэртээ орж ирэх нь бидний сэтгэлийг хямрааж орхино.
Харин нэг үдээс хойш бид нэг л өөр байгааг нь анзаарлаа. Хүү маань гэртээ инээд хөөр цацруулан ирж, бушуухан үүргэвчээ уудалж, тоон дээр авсан оноогоо үзүүлэв. Тэрээр өдрөөс өдөрт өндөр оноотой ирдэг болж, бүр 100 оноо авдаг боллоо. Эцэг эхийн хурал дээр хүүгийн маань багш бидэнд хүүг математикийн хичээлдээ их сайжирсныг хэлэв. Хүү маань мөн хичээлийн үеэр илүү анхаарлаа төвлөрүүлж, бүх талаар эерэг хандлагатай болсон гэнэ.
Юу ингэж өөрчлөө юм бол? Нэг өдөр бид хүүгээ математикийн бодлого болгон дээр “Би чадна. Би чадна. Би чадлаа” гэж бичсэн байгааг олж харлаа. Тэгээд л бид “Гэр бүлийн хайр ба харилцаа” гэсэн булан түүнд хичнээн их нөлөөлснийг нь ухаарсан юм.
Бараг ялагдаж байсан туялзуур жадны тамирчин ийм үгээр ялалт байгуулсантай адил бид эерэг үгийн үрээр юуг ч хийж чадна. Тэнгэр Эцэг Эх маань хүүхдүүд нь болсон биднийгээ хэзээ ч мохоож урмыг нь хугалахгүй шүү дээ. Харин ч бүх зүйлд хайр, тайтгарал, итгэл найдвар өгч, эерэг сайхан үгсээр биднийг зоригжуулдаг. Өөдрөг сайхан үгсийн үр миний хүүг амжилтанд хүргэсэн шиг би ч бас өөртөө, гэр бүлдээ болон эргэн тойрныхоо хүмүүст өөдрөг үг хэлж хэрэгжүүлэх болно. “Аз жаргалтай айл” сэтгүүлээр дамжуулан манай гэрийнхэнд мэргэн ухаан, аз жаргал, баяр баясгалан бэлэглэсэн Бурхандаа талархаж байна.