WATV.org is provided in English. Would you like to change to English?

​Амазонд гүйцэлдсэн сайн мэдээний ажил

Перу, Чиклайо / И Сүн Юун

70 Үзсэн тоо
FacebookTwitterEmailLineKakaoSMS

2020 онд Перуд Ковид-19 цар тахлын бэлэн байдал зарлаж, сайн мэдээний үйл ажиллагаа болон бидний өдөр тутмын амьдрал хязгаарлагдав. Тэгсэн ч сайн мэдээ зогссонгүй, харин ч бүр Перугийн Амазоны ширэнгэн ойд ч түгэв.

Сайн мэдээ ийн хурдтай тарахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол Херман ах дүү. Дэлхийн уушгины үүрэг гүйцэтгэдэг Амазоны ширэнгэн ой бол Бразил, Перу, Болив зэрэг улс орныг хамарсан өргөн уудам газар. Каямаст багшилдаг нэг багш ах дүү Пьюрад байдаг охинтойгоо уулзчихаад буцах замд нь Ковид-19-н улмаас хөл хорио тогтоон тэрээр Ламбайеке мужийн Чиклайо хотод амьдардаг хамаатныхаа гэрт байх хэрэг гарав. Талархууштай нь хамаатан нь манай Сионы гэр бүл байсан бөгөөд түүнээс үнэний тухай сонсож, ихэд анхаарч сонирхон, үнэнийг хүлээн авсан аж. Тэр ах дүү үнэнийг уудаг цаас шиг л шингээн авч, үнэнийг сурах гэж хүссэндээ хамаатнуудаа дагаад Сион руу бүр бүтэн цаг алхаад ирж байлаа. Хөл хорио удаан үргэлжилсэн тул тэрээр Чиклайод байнгаа бараг 2 сарын турш Библи судлан, маш хурдан сайн мэдээний үйлчлэгч болон өссөн. Долдугаар сарын дундуур ах дүү “Нутагтаа очсоны дараа ч итгэлээ сахих юм шүү” гэсэн асар том шийдвэртэйгээр төрсөн нутаг руугаа буцлаа.

Ах дүү нутагтаа очингуутаа хичээнгүйлэн үнэнийг тунхаглаж гарчээ. Биднийг бүр гайхшируулсан зүйл нь тэрээр ердөө долоон хоногийн дотор бидэн рүү залгаж, нутагт нь болон ойролцоох нутгуудад нь хүмүүс баптисм хүртэх гээд хүлээж байгаа гэлээ. Бид тэр даруй хуваарь гаргаж, олон хүн баптисм хүртэх гээд хүлээж байгаа газар болох Санта Мариад наймдугаар сарын эхээр уулзахаар товлов. Бидний санааг зовоож байсан нэг зүйл бол хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас тээврийн хэрэгсэл явахгүй байлаа. Амазоны бүс нутаг руу бүр нийтийн тээвэр явахыг ч зөвшөөрөхгүй байлаа. Эхлээд бид Эцэг Эхдээ залбираад дараа нь юу болохыг харахаар шийдлээ.

Үнэхээр л Бурхан хамаг замыг нээх нь тэр. Манай гэр бүлүүдийн нэг нь сайн дураараа унаагаараа үйлчлэхээр болов. Яг тэр үеэр Херман ах дүү Санта Мариагаас ойрхон Ниевад нэг байшин байгаа гэж дахин утасдаж, өөрөө тэнд биднийг хүлээхээр боллоо. Ниева хүртэл машинаар 12 цаг явав. Бид бичиг баримтаа бүрдүүлж бэлдээд, өглөө 8 цагт Чиклайогоос хөдлөв.

Амазон руу дөхөж байтал бороо орж эхлэв. Миний санаа зовж эхэллээ. Машины ард ачсан хамаг ачаа маань бороонд нэвт норж, бүхэл бүтэн 5 цаг гаруй ойн замаар давхисан ч үдэш 9 цаг болтол бороотой ойгоос гарч чадсангүй. Буруу замаар орчихсон байж мэднэ гэж бодоод замд таарсан хүмүүсээс асуухаар тэд “яваад бай” л гэнэ. Бороо ширүүсээд л байлаа. Жаахан амсхийх хэрэгтэй дээ гэж бодтол жолоо барьж байсан гэр бүл маань маргааш өглөө гэхэд товлосон газраа очих ёстой гэж биднийг зоригжуулна.

Ашгүй бороо зогсож, бид дахиад нэг цаг яваад Ниева хүрлээ. Тэгтэл дахиад нэг асуудал гарав. Ниевад гар утасны сүлжээ асуудалтай байдаг болохоор Херман ах дүүтэй холбогдож чадахгүй байлаа. Зөндөө их оролдсоны эцэст арай гэж маргааш өглөө нь үүрээр 6:00 цагт холбогдов. Аврал авахын хүслэн болсон хорь гаруй сүнс биднийг хүлээж байлаа.

Баптисм хүртээсний дараа бид шууд Библийн хичээл зааж өгөв. Биднийг явсны дараа гэр бүлүүд маань дангаараа итгэлээ сахих ёстой болохоор бид ишлэл нэг бүрийг нэгд нэггүй тайлбарлах гэж махран зүтгэж байсан юм. Дундаа нараар цэнэглэдэг нэг л гэрэлтэй байсан тул гэр бүлүүд шөнө дүл болтол лааны гэрэлд Библи сурлаа.

Маргааш нь Амралтын өдрийн өглөөний мөргөл эхлэхээс өмнө дахиад хоёр гэр бүл шинэ амиар төрөв. Херман ах дүүгийн охин өглөөний мөргөлийн дараа Библи үзээд, Бурханы хүүхэд болов. Библи сураад гэр бүлүүдийн маань тэнгэр Эцэг Эхийг гэсэн итгэл их өссөн нь мэдрэгдсэн болохоор бидний сэтгэл их хөдөлсөн. Орой нь Херман ах дүү мөргөл удирдав. Уг нь ах дүү хэдхэн сарын л өмнө баптисм хүртсэн шинэ хүн шүү дээ. Гэхдээ цаашдаа тэрээр эндхийн гэр бүлүүдээ халамжилж, мөргөл удирдах хэрэгтэй болсон. Тэрээр хүндэтгэлтэйгээр мөргөл сахисныхаа дараа тэнгэр Эцэг Эхийн золиосыг ухаарсан тухайгаа ярилаа. Хэзээний мундаг эш үзүүлэгчийн төрх байдалтай болсон байлаа.

Ах дүү үнэнийг хүлээж авахаасаа өмнө үнэнийг хайж, олон сүмээр явж байсан гэнэ лээ. Хоёрдугаар Есүс, тэнгэр Эхийн талаар сонсох тэр мөчид энэ л яг үнэн сүм байна гэж бодогдсон гэсэн. Ах дүүгийн үүх түүхийг сонсоод тэнгэрийн ам бүлийнхэн маань дэлхий даяар үнэнийг хайж байгаа байх даа гэж бодогдсон. Сайн мэдээний бүх түүх Бурханы хүслийн дагуу л явдгийг би дахин нэг ухаарсан даа. Тунхаглахад хэцүү гэж бодож байсан нөхцөл байдалд ч Бурхан хүн төрөлхтнийг аврах төлөвлөгөөгөө хэдийн гүйцэлдүүлсээр байдаг ажээ. Тэр ах дүүг Амазон руу хөтөлж, Амазонд сайн мэдээ тунхаглуулснаараа Бурхан үүнийгээ баталж байлаа.

Тунхаглалыг бэрхшээлтэй хүнд хэцүү гэж урам хугаралгүй, тэнгэрийн гэр бүлүүд маань үнэнийг хүлээж байгаа гэсэн бодлоор би сайн мэдээнд зүрх сэтгэлээ зориулна аа. Ямар ч нөхцөлд байсан сайн мэдээний төлөө өдөр бүр хүчин зүтгэхийг хүсэж байна.

Надад болон энд байгаа гэр бүлүүдэд гүн ухаарал өгсөн ах дүүгийн захидлаар бичвэрээ өндөрлөе.

​Үнэхээр талархал бялхан байна. Эцэг Эхийгээ мэдэхээс өмнө би аврал авахыг хүссэндээ олон сүм, олон шашнаар явсан. Удаан хугацаанд янз бүрийн л шашинд татагдаж явсан ч тэдгээрийн аль нь ч надад аврал авах итгэл үнэмшил төрүүлээгүй юм. Тиймд би дахиад л үнэнийг хайдаг байлаа. Тэгж байтал Ковид-19 цар тахлын хөл хорионоос өмнөхөн өөр бүс нутаг руу явах ажил гарсан юм. Энэ нь намайг хөтлөх Бурханы хүсэл байсан байх.

Тэнгэр Эцэг Эх оршдог тухай сонсоод сэтгэлд минь нэгэн зурвас гэрэл гялсхийх шиг болсон. Дотроо би “Үнэн энд л байна” гэж бодоод, Библи судлах бүрийд сүнслэг хараа маань тэлж байгааг мэдэрсэн.

Хайж байсан үнэнээ олсон гэдэгтээ, энэ үнэн дотроо явж байгаа гэдэгтээ би итгэлтэй байгаа. Ариун Сүнсний үеийн Аврагч Эцэг Эх Алгасал баярыг сэргээн өгч, энэ замыг нээсэн төдийгүй Алгасал баяраар Бурханы тамга авсан хүмүүс л зөвхөн явж чадах үнэн зөв зам энэ юм.

Сурах юм надад их байгаа ч Эцэг Эх бидэнд амь өгснийг, мөн Тэд бол тэнгэрийн орны өв залгамжлалыг бидэнд өгөх Бурхан гэдгийг би мэдэж авсан. Одоо би сонссон үгээ бусад хүмүүст дуулгаж, аврал руу ирэх хүртэл нь тунхаглах шинэ хүсэл тэмүүлэлтэй болсон. Ниевад хүлээж авсан тэр ерөөл бол миний анхны алхам юм.

Төрсөн нутагтаа сайн мэдээ тараах ерөөл өгсөн тэнгэр Эцэг Эхдээ талархаж байна. “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” (Иох 14:15) гэсэн Бурханы айлдлын дагуу би ах эгч дүү нартайгаа цуг Бурханы тушаалыг цаашид үргэлжлүүлэн сахих болно оо. Төрөлх хотдоо сайн мэдээ тараана гэдэг ёстой ер бусын гайхамшиг байсан. Мөн энд удахгүй Сион байгуулагдах илүү том гайхамшиг гарна гэдэгт ч би итгэж байна. Би ингээд ч зогсохгүй, сайн мэдээ тараасаар л байх болно. Библид Бурханы сайн мэдээ ертөнцийн хязгаар хүртэл тунхаглагдана гэсэн тул бид Амазоны уугуул иргэд болон бусад овог аймгуудад хүртэл тунхаглах учиртай.

Тэнгэр Эх минь, нутгийнхныг маань үнэний баттай замыг олоход тусална уу. Та минь энэ дэлхийд бидэнтэй хамт байж, залбирлуудыг маань сонсож, биднийг ерөөсөөр байгаа гэдэгт би итгэж байна.