Ертөнц түргэн ууртай, гэртээ эхлээд засаарай!

Уурлах уу, эсвэл тэвчих үү? Хамгийн сайн сонголт бол уураа хянаж захирах.

14,404 үзэлт

Өнөө үеийнхэн уураа барьж хянах чадваргүй, бүр л тэвчээргүй байх болсон. Хурдны зам дээр эгнээ байраа сольсны төлөө жолоочтой нь муудалцсан өөр нэг жолооч уурандаа машинаа гэнэт зогсоож, арынх нь машин ч араас нь мөргөлгүй арайхийн зогсож. Гэвч арынх нь таван машин мөргөлдөж, үүнийх нь уршгаар нэгэн гэм буруугүй жолооч амиа алдаж, нөгөө дөрөв нь хүнд болон хөнгөн бэртэл авсан байна. Чимээ шуугиан гаргаснаас үүдэн орон сууцны доод давхрынхаа түрээслэгчид уурлаж, доод давхартаа гал тавьж, улмаар хоёр хүн нас баржээ. Нэг хүү өөрийг нь сахилгажуулсан эцэг эхээ хөнөөсөн байна. Нэгэн оффисын ажилтан ажлынхаа хүнтэй маргалдаж улмаар амь насыг нь хороожээ. Уураа барих чадваргүйгээс үүдсэн энэ мэт хэрэг байн байн гарсаар.

Хүн ер нь уураа дарж чадахгүй бол бүр дордож, уур хилэнгээ хянаж чадахгүй эмгэг үүсгэж мэдэх юм. 2013 онд АНУ-ын Вашингтонд нэг эр арван гурван хүн буудаж алаад өөрөө нас барсан байдаг. Тэрээр уураа хянах чадваргүй эмгэгтэй байжээ. Энэ наад цаадахыг бодолгүй, уураа хэт гаргадаг хүмүүс өөрийнхөө амь насыг төдийгүй бусдын амь насыг ч сүйтгэдэг байна.

“Хэн ч уурлаж болно. Уурлах амархан. Гэхдээ зөв хүнд, зөв хэмжээгээр, зөв цагт, зөв зорилгоор, зөв замаар уурлах нь хүн бүрд байдаг чадвар биш. Мөн энэ нь тийм ч амархан биш.”

Аристотелийн ийн хэлснээр бол уурлах дандаа ч тийм муу биш аж. Заримдаа хүмүүс шударга биш юман дээр уурладаг. Иймэрхүү уурыг бол зөв уур гэдэг ба төдийлөн их асуудал болохгүй. Асуудал нь ихэнх тохиолдолд хүмүүсийн уур хилэн зөв уур биш, хэрүүл маргаан дэгдээдэг жирийн уур уцаар байдаг.

Эцсийн хохирогч нь уурласан хүн өөрөө

Уурнаас үүдсэн асуудлын хамгийн том хохирогч нь уурласан хүн өөрөө байдаг. Хүн нэг уурлахаараа адреналин, кортизол зэрэг стрессийн гормон ялгаруулдаг байна. Хэрвээ энэ гормонууд ялгарвал цусны даралт ихсэж, судасны цохилт түргэсэн, бие махбодод өөрчлөлт гарч, зүрхэн дэх судасны хана гэмтдэг байна. Ийм байдал олон удаа давтагдвал зүрхний өвчин, цусны даралт ихсэх, судасны хатуурал, хоол боловсруулах эрхтний эмгэг үүсгэхээс гадна тархины эсүүдийг гэмтээдэг учраас Альцгеймер өвчин тусах магадлал нэмэгддэг. Мөн ийм дааврууд нь хорт хавдрын эсийг устгаж байдаг байгалийн алуурчин (NK) эсийн үйл ажиллагааг дарангуйлж, үүнийх нь уршгаар хорт хавдрыг эсэргүүцэх эсэргүүцэл сулардаг ажээ.

Англид явуулсан нэгэн туршилтаар “Уурласан хүний гаргасан амьсгалын ботгирсон молекулууд нь хорт бодис агуулдаг. Бүтэн цаг гаруй хуримтлагдсан ийм хорт бодисоор 80 усан гахай хангалттай устгаж дөнгөнө” гэж тайлагнасан байдаг. Тийм байхад ийм их хор бий болгосон тухайн хүний эрүүл мэнд тэр тусмаа бүр хичнээн их гэмтэх бол оо? Хүн уурлахад хөгшрөлт хурдан явагдана. Нэгэн Америкийн эрдэмтэн их сургуульд байхдаа явуулсан судалгаагаар уурлах түвшин ихтэй хүмүүсийн нас баралтын түвшин 50 нас хүрэхэд 4-7 дахин их байсан гэж өгүүлсэн байдаг.

Уураа гаргах үед бол түр зуур сэтгэл онгойж байгаа мэт санагдаж магадгүй л дээ. Харин бие сэтгэл нь сүйрч байдаг аж. Хүмүүс үүнийг мэддэггүйдээ уураа гаргах нь дээр гэж эндүү боддог. Нэг багийг нь боксын мешок цохих байдлаар уураа гаргах боломж олгож, нөгөө багийг нь хэдэн минут суугаад тайвшир гэж. Энэ туршилтын дүнд боксын мешок цохиж байсан хүмүүс нь бусдад их түрэмгий ханджээ. Уураа барьж дийлэхгүй, дуртай үедээ уураа гаргаад байвал өөрөө л туйлдаж ядарна. Тэгвэл уураа хэрхэн захирч хянах ёстой вэ?

Уур хилэнгээ барих арга

1. “Зүгээр дээ, ийм юм байх”

Сэтгэл судлаач Альберт Эллис хэлэхдээ “Уур уцаар гэдэг ер нь хэн нэгэн ямар нэг юм хийх ёстой гэсэн горьдлого хүлээлтээс үүсдэг” гэсэн байдаг. Тухайлбал бүтэн өдөржин хүүхдээ асарч халамжилдаг эзэгтэй нар нөхрүүдээ ажлаа тарж ирэээд хүүхдүүдтэйгээ цагаа өнгөрүүлэх ёстой гэж боддог бол нөхрүүд өөрсдийгөө бүтэн өдөржин ажил хийсэн тул амрах ёстой гэж бодож байх жишээний. Эцэг эхчүүд хүүхдээ сургуулиасаа тодорхой нэг дүн авсан байх ёстой гэж боддог бол хүүхдүүд аав ээжийгээ өөрсдийнх нь хүссэн бүхнийг хийх ёстой гэж боддог. Хүн иймэрхүү хүлээлттэй байгаад байхаар бүх зүйл санаснаар нь болохгүй бол уурладаг. Бусдын бодол сэтгэлгээ таныхтай адил байх албагүй шүү дээ. Харин ч санаснаар болохгүй байх нь элбэг. Хэн нэгнийг ямар нэг зүйл хийнэ гэж хүлээхийн оронд уужуу сэтгэлтэй байж, “Зүгээр дээ, ийм юм байх” гэж л бодоорой.

2. Цаг хугацаа бол эм

Хүний харилцаа хандлагын тухайд олноо танигдсан Дейл Карнеги нэг уншигчаас номыг нь шүүмжилсэн сөрөг захидал авчээ. Карнеги уур нь хүрч тэр даруй хариу бичжээ. “Би таны боловсролд үнэхээр эргэлзэж байна. Таныг энэ захидлыг маань ч зөв зүйтэй ойлгоно гэж бодохгүй байна” гэж биччихээд шургуулгандаа шидэж орхив. Хэд хоногийн дараа түүнийгээ уншаад дахин ийн бичжээ. “Номны маань тухайд зөвлөгөө өгсөнд баярлалаа. Илүү сайн ном бичихийн төлөө хичээнэ ээ.”

Уурын гормон ердөө арван таван секундын дотор дээд хэмжээндээ хүрээд эргээд алга болдог байна. Уур хичнээн их хүрсэн ч тэр даруй юу юугүй орилж бархирч, дайрч давшлаад хэрэггүй. Харин гүнзгий амьсгал авч, амьсгалаа гаргаж цаг өнгөрөөхийг хичээ. Санаа сэтгэл тайвшраад ирэхээр оновчтой шийдвэр гаргаж чадна шүү дээ.

3. Уураа тухайн өдөртөө үлдэн хөө

Английн 105, 100 настай эхнэр, нөхөр хоёр гэрлээд хамгийн удаан буюу 80 жилийн урт удаан амьдрал туулснаараа 2005 оны 5-р сард Гиннесийн номонд бичигджээ. Сэтгүүлч тэднээс гэр бүлийн аз жаргалтай амьдралаа хэрхэн үргэлжлүүлж чадсаныг асуухад гэргий нь “Бид ч хааяа хоорондоо маргалдаж муудалцдаг л байсан. Гэвч уурлаж муудалцсан чигтээ хэзээ ч орондоо ордоггүй байлаа. Тэгээд дандаа л гар гараа атгалцаад унтдаг байлаа” гэж хариулсан байна.

Библид ч мөн “Уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг (Ефе 4:26)” гэж айлдсан байдаг. Еврей аав ээжүүд өдөр нь хүүхдүүдээ маш хатуу зэмлэж загнаж байсан ч унтахынх нь өмнө үргэлж аргадаж тайвшруулдаг ажээ. Тухайн тэр өдөртөө багтааж уураа намжаах нь илүү дээр. Тухайн тохиолдолд л нэг удаа уурлахад хангалттай. Уурласан мөчөө дахин дахин бодож, “За гайгүй ээ!” гэсэн янзтай сэтгэлдээ удаан байлгаад байвал өөрийнхөө эрүүл мэндэд хор хөнөөл учруулаад зогсохгүй, нөхцөл байдал бүр ч дордох болно.

4. Уураа ашигтай энерги болгож хувирга

Зохиолч Томас Карлайл хэдэн жил бичиж дуусгасан гар бичмэлээ эхлээд найздаа үзүүлжээ. Найзыг нь түр гарсан хойгуур гэрийн үйлчлэгч нь хог гэж бодоод зуух руу шидчихсэн аж. Томас бөөн уур болж, сэтгэлээр унав. Тэгж байгаад тэрээр тоосго өрөх барилгачинг олж хараад “За яахав. Би энэ барилгачин тоосгыг нэг нэгээр нь өрж байгаа шиг зохиолоо бага багаар дахиад бичье” гэж шийдэв. Үүнийхээ ачаар тэрээр урьд өмнөхөөсөө ч илүү сайн зохиол бичиж чадсан байгаа юм. Ийм маягаар нэгэн гайхалтай бүтээл туурвисан нь “Францын хувьсгалын түүх” ном юм.

Уурлах болгондоо үүнийгээ дасгал хөдөлгөөн хийх, юм унших, бүр хичээх, чадвараа сайжруулах боломж болго. Тэгвэл үр бүтээлтэй үр дүн гарах боломжтой шүү дээ. Эсрэгээрээ уурласан үедээ их идэж, юм хум дураараа худалдаж авч, юм хум эвдэж, хэн нэгнийг хүчирхийлж зодож цохин, хатуу ширүүн үгээр дайрч давшилбал аймшигтай үр дүн гарна.

5. Хоосон завь болоорой

“Завиар гол гаталж байгаа хүн хоосон завьтай мөргөлдвөл уурлахгүй. Харин тэр завин дээр нь хүн байгааг харвал саад боллоо энэ тэр гэж хашхирна. Хэрэв тэр хашхирсныг нь сонсохгүй бол бүр ч хашхирч, харааж зүхэж эхэлнэ. Тэр завин дээр хүн байгаа болоод л тэр шүү дээ.” Энэ бол Чуан Цзугийн бичээс. Энэ мэтээр бусдыг хоосон завь мэтээр харвал уурлахгүй зүгээр өнгөрч болох бөгөөд түүнээс гадна өөрийгөө хоосон завь шиг болговол бусдын алдааг ч хүлээн зөвшөөрч чадах юм.

6. Уур чинь хүрэх үед сэтгэлээ засаж, дараах асуултуудыг өөрөөсөө асуу

  • Уурласныхаа дараа харамсахгүй гэдэгтээ би итгэлтэй байна уу?
  • Уурлахаас өөр арга нээрээ байхгүй гэж үү?
  • Би уурлалаа гэхэд надад ямар ашигтай вэ?
  • Бусдын байр сууринаас авч үзэхэд энэ уурлах зүйл мөн үү?
  • Би зөв хүндээ уурлаж байна уу?
  • Би тархины эд эсээ гэмтээсэй гэж үнэхээр хүсч байгаа билүү?
  • Би уурласнаараа гэр бүлийнхнээ хохироохгүй байгаа?
  • Би нөхцөл байдлыг уурлах үүднээс ойлгоод байгаа юм биш байгаа?

7. Ууртай хүнтэй яаж харьцах вэ?

Өөрөө уурлахгүй байх нь чухал төдийгүй ууртай хүнтэй харьцах нь ч бас чухал юм. Хэн нэгэн уурлах үед зэрэгцэж уурлах юм уу өдөөн хатгаж турхирсан үг хэлж, уурыг нь асаавал хэрүүл маргаан л болно. Хэн нэгэнд хэзээд л уурлах шалтгаан байдаг учир түүнийг сонсох хүн хэрэгтэй байдаг. Тийм үед нь тууштай сонсож, санал нийлж өгвөл уур нь дарагдаж, өөрийг нь сонссонд харин ч талархана. Хэдийгээр ямар нэг юмыг буруугаар ойлгож, эсвэл ямар ч үндэслэлгүй уурласан байлаа ч үгийг нь сонсож, тайвшрах хүртэл нь хэлснийг нь хүлээж авах нь дээр. Тайвширсных нь дараа юу гэж бодож байгаагаа хэл.

Тэвчээртэй байхыг зааж сургах нь ч ар гэрийн суурь боловсрол

Өчүүхэн юман дээр дүрсхийн уурладаг нь зөвхөн томчуул биш ээ. Нэг сурагч ангид унтаж байхад нь сэрээсэн багшдаа уурлаж, нэг хүүхэд хүнтэй зодолдохыг нь зогсоох гэж оролдсон ээжийгээ хэл амаар доромжилж, мөн нэг цэцэрлэгийн хүүхэд эгчээс нь бага халаасны мөнгө өглөө гээд өвөөгөө өшиглөсөн байдаг. 2013 оны 2-р сард Солонгосын Багш нарын холбооноос Солонгос даяар бага, дунд, ахлах сургуулийн 594 багшийн дунд судалгаа явуулжээ. Судалгааны дүнгээс харахад арван багш тутмын дөрөв нь түргэн ууртай сурагчдаас болж ажлаасаа гарах талаар бодож байсан гэж хариулжээ.

Энэ асуудлын тухайд мэргэжилтнүүдийн нийтлэг санал нь ар гэрийн суурь боловсрол хүмүүжил чухал гэдэгт төвлөрдөг. Хүүхэд багадаа уурлаж, уцаарлах үед аав ээж нь тэднийг тайвшруулж аргадаад, дараа нь юу буруу, юу зөвийг зааж өгөх хэрэгтэй. Тэгж байж хүүхэд уураа хянаж сурна. Хүүхэд хэрэв багаасаа юм бүхнийг өөрсдийнхөө хүссэнээр болгоод байвал тэвчээр гэж юманд сурч чадахгүй. Тэдэнд юу болох, болохгүйг зааж өгөх ёстой. Ингэснээр тэд уйлах л юм бол хүссэнээ авч болно гэж бодохгүй. Ингэхдээ эцэг эхчүүд хүүхдүүдээ зохисгүй үгээр дарамталж болохгүй. Мөн хүүхдүүдээ ухаалаг утас хэрэглүүлэхийн оронд ном, сонин унших боломж олгон, тэдэнтэй өдөр бүр дор хаяж арав минут энгийн яриа хөөрөө өрнүүлэх нь тэдэнтэй ярилцах явцад нээлттэй, чөлөөтэй ярилцах боломж олгоно.

Аав ээж нь байнга уурлаад байвал хүүхэд аав ээжээ эсэргүүцэх хэрэг гарна. Эцэг эх нь хэдий чинээ бие махбодийн шийтгэл онооно хүүхэд төдий чинээ өсвөр насандаа буруу үйлдэл их гаргадаг гэсэн мэдээлэл байдаг. Аав ээжийнх нь орилж хашхирах өсвөр насныхны сэтгэлийг бие махбодийн шийтгэлээс дутахааргүй шархлуулдаг байна. Тиймээс хүүхдээ оюун санааны хувьд төлөвшүүлэхийн тулд аав ээжүүд хүүхэддээ уураа ухаалгаар дарж чаддаг үлгэр жишээ үзүүлэх ёстой.

Ар гэр ам бүлийнхэн хоорондоо ойр дотно байдагтаа нэг нэгэндээ юу юугүй уур уцаараа илэрхийлэх, уураа гаргах энүүхэнд. Гэр бүлийнхний тухайд хүлээлт найдвар өндөр байхын хэрээр тэр хүлээлт нь талаар өнгөрөх үед урам хугарах нь их байдаг төдийгүй ер нь хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ харьцахад амархан гэж боддог. Тэгтэл гэр бүлийнхнээсээ болж олсон сэтгэлийн шарх гүн байдгаар барахгүй харин ч удаан хөндүүр явдаг. Хэн хүнээс илүү эрхэмлэн нандигнаж, талархаж явах учиртай гэр бүлийнхэндээ уур уцаараа гаргахгүй байхыг хичээгээрэй. Энэ сард гэрийнхэн дундаа “Уурладаггүй гэр бүл” челленж явуулахад болохгүй нь юун?