
Америкийн нэрт эрдэмтэн профессор Жаред Даймонд залуудаа Шинэ Гвинейд түр байх үеэр нэг ийм явдал болжээ. Тэрээр нэг өдөр шувуудыг ажиглан судлахаар уугуул нутгийнхантай цуг ойн гүнд ороод, шөнө тэндээ хоноглох болж гэнэ. Тэрээр ойн цоорхойгоор гялалзах оддыг харахаар нэгэн том модны доор майхнаа барихыг санал болгов. Гэтэл нутгийнхан огло харайн босож болиулав.
“Энэ бол үхсэн мод. Тиймээс хэзээ хугарч унахыг мэдэхгүй. Унтаж байхад дээрээс дарчихаж ч мэднэ!” гэх нь тэр.
Нутгийнхан түүнийг харин ч бүр модноос хол, задгай газар аваачив. Профессор жаахан гонсойж, “Энэ нутгийнхан хэт сүртэй, дэмий юманд санаа зовох юм” гэж боджээ.
Хожим нь тэрээр ойд судалгааны ажлаа хийж байх зуураа үхсэн мод гэнэт унахыг хэд хэдэн удаа нүдээрээ харав. Дөнгөж тэр үед л тэрээр нутгийнхны хэлснийг ойлгов. Амар хялбар, биеийн амар харсан алив үйлдэл буцааж боломгүй үр дүн дагуулж мэдэх тул аливаа эрсдлээс болгоомжилдог тэдний амьдралын хэв маягийг өөрийн эрхгүй бүрэн хүлээн зөвшөөрч гэнэ.
Бидний амьдралд ч мөн үхсэн мод шиг аюулгүй байдалд маань, аз жаргалд маань заналхийлж байдаг хүчин зүйлс бий. Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, дуртай бараа бүтээгдэхүүнээ хэт их хэрэглэх, хийх ёстойгоо хойш тавих, гомдоллох гээд л. Энэ мэтийг зуршил аятай байнга давтан хийх нь хэзээ мөдгүй хугараад унаж мэдэх үхсэн модны доор унтахтай адилхан биш үү?