Инээмсэглэл баяр хөөр авчирдаг

Со Хы Жон, Солонгос Дэжон

11,793 үзэлт

Нэг өдөр миний толгой эргээд байв. Бүх бие сульдаж байгаа юм шиг санагдаж, дотор ч муухайрч байх шиг. Бие бялдар сайтай, өмнө нь ингэж хүч тамир сульдаж, хоолонд дургүй болж байгаагүй тул гэнэтийн энэ шинж тэмдэг нэлээн санаа зовоож эмнэлэг явав.

Өмнө нь аавынхаа хэвтэж байсан эмнэлэгт үзүүллээ. Эмч намайг энэ шинж тэмдэгтээ санаа зовох юм үнэхээр байхгүй гэлээ. Тэгтэл эмч гэнэтхэн аавыгаа сахиж байсныг минь санав бололтой аавын бие ямархуу байгааг асуув. Тэрээр бас аавыг байн байн гадагш гарч байна уу гэж асуулаа. Аав нь гэртээ л үг дуугүй байсаар сэтгэл гутралд орж мэдэх тул түүнээс сэргийлье гэвэл аавыгаа байнга инээлгэж байгаарай гэж мөн зөвлөв.

Тэр үеийг хүртэл би аавыгаа инээлгэх талаар бодож байгаагүй учир эмчийн энэ үг миний санааг зовоох болов. Тэр өдрөөс хойш би эмчийн хэлснээр аавыгаа яаж инээлгэх вэ гэж боддог боллоо. Ашгүй олж мэдсэн “толин тусгалын мэдрэхүй” гэдэг зүйл надад их туслав. Хүний тархинд бусад хүний нүүрний хувирал, зан ааш зэргийг тусгаж авдаг мэдрэлийн эс байдаг аж. Тиймээс бусад хүний инээмсэглэж байхыг харахаар өөрөө бас инээмсэглэдэг байна. Тиймээс би эхлээд инээсэглэх юм бол аав бас аяндаа инээд хөөр болох юм байна гэж бодсон л доо.

Тэр үеэс хойш би аавынхаа өрөөний хаалгыг тогшихоосоо өмнө инээмсэглэдэг болов. Нэг өдөр би аав руугаа эхэлж дөхөж очоод ямархуу байгааг нь асуув. Аав мөн л бахь байдгаараа эртний түүхээ ярьж эхэллээ. Тэр түүхийг ярих болгонд нь би хайнга сонсдог байсан юм. Тэгтэл энэ удаа харин аавыгаа инээлгэхээр шийдсэн болоод ч тэр үү аавыгаа анхаарч сонслоо. Аав маань намтраа бичихийг хүсдгийг нь санаад, би бүр аавынхаа хэлсэн үгийг нэг бүрчлэн бичиж тэмдэглэж авлаа. Үүний үр дүнд ааваасаа асуух юм ихтэй болж, аавтайгаа илүү ойр дотно болж байх шиг санагдлаа.

Аавтайгаа яриа хөөрөө өрнүүлсний дараа энэ яриагаа аудио файл болгон бичиж авмаар санагдав. Тэгээд би бичлэг хийхэд бэлдчихээд ааваасаа ямархуу байгааг нь дахин асуув. Аав тэгтэл “Миний охин надтай цацартал инээмсэглээд ярилцаж байгаа нь анх удаа юм байна. Яриад л байсан чинь сайхан санагдчихлаа. Бүр мартчихсан байсан үүх түүх ч санаанд орж байна” гэлээ. Аавынхаа яриа хөөрөөг сонсох дурамжхан байсныг минь аав энэ үгээрээ илчлэх шиг болов. Ааваасаа хүлцэл эрмээр санагдлаа.

Наян долоон настай аавынхаа өмнө би одоо л дөнгөж жинхэнэ охин шиг нь зогсож байх шиг. Инээмсэглээд өөдөөс нь эгцлэн харахад л аав ээжийгээ баярлуулдаг гэдгийг би мөн ч хожуу ухаарч байгаа хэрэг шүү. Аав ээжийнхээ царайг гэрэлтэхийг хараад одоо би их баяртай байгаа. Өөрөө ч бас эрүүл саруул болж байх шиг. Энэ мөчөөс эхлэн би хүн бүр рүү инээмсэглэж, баяр хөөрөө хуваалцах болно оо.