Үнэнийг хэлье

6,818 үзэлт

Америкт нэлээд олон нэр хүндтэй эмнэлгүүд “Үнэнийг хэлье” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлжээ. Энэ нь эмнэлгийн зүгээс алдаа эндэл гаргах тохиолдолд эмнэлгийн баг уг алдаа эндлийнхээ улмаас өвчтөний ар гэрийнхэнтэй уулзан, мөрдөн шалгалтанд үнэнчээр хариулахаа амлаж, өвчтөнийг тайвшруулж, өөрсдийгөө тэдний байр сууринд тавин адил мэдрэх хөтөлбөр юм байна. Хэрэв эмнэлгийн баг тодорхой мөрдөн шалгалтын явцад алдаа эндэл гаргасан нь тогтоогдвол баг чин сэтгэлээсээ өвчтөнөөс уучлалт гуйж, зохих нөхөн төлбөрийг санал болгох аж. Энгийнээр хэлбэл энэ нь алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж байгаа явдал юм.

Эмнэлгийн баг алдаа эндэл гаргасан гэж тогтоогдоогүй ч өвчтөний төлөө сэтгэл зүтгэлээ зориулан үйлчилсэн бол өвчтөний ар гэрийнхэн арай бага шархалдаг гэнэ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн эмнэлгүүдийн зүгээс эмч өвчтөнд хайнга хандсан гэх гомдол заргын тоо өмнөхөөс хагас хувиар буурсан гэж мэдэгджээ.

Хүн бүр л алдаа эндэл гаргадаг. Хамгийн чухал нь энэ гаргасан алдаагаа яаж зохицуулж байгаад учир байгаа юм. Хэн нэгэн алдаа гаргачихаад үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй оронд нь дуугаа өндөрсгөн яривал, эсвэл тэр алдаагаа далдлах гэж оролдвол, эсвэл зүй ёсоор нь уучлалт гуйлгүй шалтаг тоочих гэвэл энэ байдал зөрчил маргаан л үүсгэнэ шүү дээ. Уучлалт гуйна гэдэг ялагдагч хүний хийдэг зүйл огт биш. Гарцаагүй уучлал гуйх хэрэгтэй үед уучлалт гуйх боломжоо алдсан хүн л харин ялагдагч юм.