Усан үзмийн талбайн ажилчдын тухай сургаалт зүйрлэл

12,748 үзэлт

Есүсийн айлдсан сургаалт зүйрлэлээс хүүхдүүдээ нэгдмэл байхыг хүсдэг Бурханы хүслийг харж болно.

“Тэнгэрийн хаанчлал нь усан үзмийн талбайдаа ажилчдыг хөлслөхөөр өглөө эрт гарсан газрын эзэнтэй адил юм. Тэрээр өдрийн нэг денараар ажилчидтай тохиролцон тэднийг усан үзмийн талбайдаа илгээв. Гуравдугаар цагийн орчим тэр гадагш гарч, гудамж зээл дээр ажилгүй зогсож буй өөр хэдийг хараад тэдэнд “Та нар бас усан үзмийн талбай уруу яв. Би та нарт шударгаар төлнө” гэсэнд тэд явжээ. Зургадугаар болон есдүгээр цагийн орчим тэр дахин гадагш гарч мөн үүнчлэн үйлдэв. Арван нэгдүгээр цагийн орчим… тэр “Та нар бас усан үзмийн талбай уруу яв” гэлээ. Орой болоход усан үзмийн талбайн эзэн даамалдаа “Ажилчдыг дуудаж, сүүлийнхээс нь эхнийхийг хүртэл хөлсийг нь төл” гэжээ. Арван нэгдүгээр цагийн үед хөлслөгдсөн нь бүгд нэг нэг денар хүртэв. Эхэнд ирэгсэд… “Энэ сүүлчийн хүмүүс ердөө нэг л цаг ажилласан шүү дээ. Өдрийн ачаа болон халууныг үүрсэн биднийг тэдэнтэй адил үнэллээ” гэжээ. Гэвч эзэн тэдний нэгэнд “Анд минь, би чамд буруу юм хийгээгүй. Чи нэг денараар надтай тохирсон биш үү? Өөрийнхийгөө аваад, яв. Харин би энэ сүүлчийнхэд чамд өгсөнтэй адил хөлс өгөхийг хүсэж байна. …” Мат 20:1-16

Есүсийн амьдарч байсан тухайн үед нар мандахаас нар жаргах хүртэл өдрийг 12 цагт хуваадаг цагийн зүй тогтолтой байв. Одоогийн цагаар тооцвол ойролцоогоор гуравдугаар цаг гэдэг нь өглөөний 9 цаг, зургадугаар цаг гэдэг нь жин үд, есдүгээр цаг нь үдээс хойш 3 цаг, арван нэгдүгээр цаг гэдэг нь орой 5 цагийн үе юм.

Сургаалт зүйрлэлд усан үзэм тариалагч эзэн зах дээр ажилгүй зогсож байгаа хүмүүст бүгдэд нь усан үзмийн талбайдаа ажиллах боломж гаргаж өгсөн.

Өглөөнөөс эхлэн талбайд орж ажилласан хүн, үдээс өмнө 9 цагт, жин үдэд, үдээс хойш 3 цаг ба 5 цагт орж ажилласан хүн ч орой болоход бүгд адилхан хөлс авчээ. Хүний бодлоор бол урт цагаар ажилласан хүн илүү хөлс авах нь зохистой ч усан үзмийн талбайн Эзэн болсон Бурхан өглөөнөөс эхлэн талбайд ажилласан эхний хүнд ч, орой 5 цагаас ирж ажилласан сүүлийн хүнд ч ав адилхан хөлс өгдөг.

Бурхан бол зөвт бөгөөд шулуун шударга (Дэд.Хуу 32:4), мөн үйлдсэнийх нь дагуу буцаан төлдөг Нэгэн (Илч 22:12). Үйлдсэнийх нь дагуу буцаан төлдөг шулуун шударга Бурхан ганцхан цаг ч бай, бүхэл өдөржин ажилласан ч бай адилхан хөлс өгсөн нь эцэстээ тэдний ажилласан цаг өөр ч хийсэн ажлынх нь хэмжээ адилхан байжээ гэж дүгнэхэд хүргэж байгаа юм.

“Бурханаар бахархаарай” номын 12-р бүлгээс