Монголчууд бидний олонх нь мал аж ахуй эрхэлдэг. Өргөн уудам бэлчээрт үхэр, морь, хонь, ямаа, тэмээ гээд таван хошуу мал өсгөдөг. Ихэнхдээ хонь маллана. Нэг айл гэхэд бараг мянга гаруй хоньтой. Хар, цагаан, борлог, алаг тарлан гээд хонь бүр өөр зүсмийн.
Би хоньчны хүү болж төрсөн. Улаанбаатарт дээд сургуульд ирэх хүртлээ бага насаа Хэнтий аймгийн Баянмөнх суманд өнгөрүүлсэн. Сургуульд сурахаар ихэнхдээ аав ээжээсээ тусдаа амьдардаг байлаа. Зуныхаа амралтаар гэртээ ирж, аав ээжийнхээ хэлсэн ёсоор хонио бэлчээдэг байв. Энэ өссөн орчин маань намайг хоньчин хонио чононоос хамгаалдгийн адил биднийг хуурамч эш үзүүлэгчдээс хамгаалж, хариулж байдаг Бурханы гайхамшигт авралыг сайн ухаарахад хүргэсэн байх.
Хонь хавар төллөдөг. Энэ нь хоньчны хамгийн завгүй үе. Нэг айл олон хоньтой, бараг 500 гаруй хонь хургалах болдог. Хонь яг хэзээ хургалахыг мэдэхгүй учраас мөн шинэ төллөсөн төлөө хөлдөж эндэхээс санаа нь зовж хонь хургалах үеэр хоньчид нойроо хасаж хотоо байн байн эргэнэ.
Хоньчин хонио яг хүүхэд шигээ хамаг байдгаараа л халамжлан арчилна. Аль хонь нь аль хурганы эх вэ гэдгийг андахгүй. Хэрэв эх нь хургаа голбол хургатай нь хоёуланг нь тусад нь 4, 5 хоног пүнзэнд хашна.Тэгэхэд ихэнх хонь хургаа авч хөхүүлж эхэлдэг. Эх нь хургаа тоохгүй хажигласаар байвал эцэстээ хурга нь үхэхэд хүрнэ. Ингэх юм бол хоньчин тийм хургыг сүүгээр угжин том болгодог.
Өглөө бүр хоньчин хонин сүргээ туун гэрээсээ 5, 6 километр хол байдаг бэлчээрт хонио идээшлүүлнэ. Чоно хонин сүргийг сүүдэр мэт даган гэтнэ. Хоньчин гэр өөдөө явах юм уу жаахан л боломж гарвал хонь уул өөд авирч чонон сүрэг тэднийг алсаас дагана. Хэрэв хонь шинээр хургалах юм уу, шинэ хурга сүргээсээ хоцорч бэлчээрт үлдвэл чоно гэнэт дайрч, шувуу хурга шүүрнэ. Иймээс хоньчин хүн хонин сүргээ цаг ямагт хариулж байдаг юм. Хоньчин сүргээсээ жаахан л холдвол чоно хонь руу ухасхийн дайрдаг.
Чоно хэзээ ч ганцхан хонь руу дайрдаггүй. Зарим хонийг нь сүүлдээд, заримыг нь гуянаас нь хазаж, заримыг нь ар шилэн хүзүүнээс нь хазаж шархдуулдаг. Чоно нэг дайрвал бараг 50, 60 хонийг айхавтар хазаж орхидог. Түүнээс гадна гичий чоно нь бэлтрэгнүүддээ шархадсан хонь руу хэрхэн дайрч, олз идэш олохыг зааж сургадаг. Энд тэндгүй шархдаж гэмтсэн хонь арай ядан алхан, майлалдаж гарна. Ингэж чононд бариулж шархалсан хоньдоос шувуу шүүрч, тоншиж нүдийг нь ухаж орхино.
Хонь ер нь хараа муутай амьтан. Сохорвол сайн мууг ялгахгүй, өмнө нь чононд бариулж хаширсан болохоор эзнээ ойртоход хүртэл үргэж зугтана.
Заримдаа босож ч чадахгүй. Тарж бутарсан хонин сүргээ хараад хоньчин санаа тавьж, хонь руугаа “Чаа!” хашхиран тууна. Нялх хурга байхаасаа л эзнийхээ дууг сонсдог байсан хонь нь эзнийхээ дууг таньж номхрон, өрөвдөлтэйгөөр майлна. Хоньчин уулын уруу хонио туухдаа сул дорой хүчгүй хонио тэвэрч, өвдөж шархалсандаа айж дагжсаныг нь тойглон тайвшруулна.
Зун болохоор хоньчин хонио ус сайтай, хамгийн шим тэжээлтэй ногоон бэлчээрт идээшлүүлж хариулахаар оторт гаргана.
Яагаад гэхээр зун 7, 8 сардаа сайн бэлчээж, тарга тэвээрэг авхуулбал намар, өвөл, хавартаа алзахгүй, Монголын урт онцгой хүйтэн өвлийг аюулгүй давна.
Мянга шахам хонийг хариулна гэдэг амаргүй л дээ. Хоньчин өдөр бүр тал, уулгүй явж тарж бутарсан хонио хариулна. Алга болсон хонио олохоор хаа байгаа газраа л явуулын хүнээс асууна. Тэгээд нэг хонио олчихвол баярласандаа инээмсэглэн хүн хүнд ярина.
Хоньчин хүн хониндоо үнэхээр хайртай байдаг. Хонин сүргээсээ хэзээ ч хараагаа салгадаггүй. Хонь их номхон амьтан. Монголчууд дөлгөөн тайван хүнийг хонь шиг гэдэг.
Хонь өвдөж шархалсан ч төвөг болоод байдаггүй маш тэвчээртэй мал. Бас их үнэнч. Ямаа аль л аюултай газар руу, хоньчингүй аятай хаа сайгүй явдаг. Харин хонь эзнийхээ дууг сонсон, хоньчны туусан зүгт явдаг. Энэ мэтээр хонь эзнийхээ аясыг дагаж, хайран дунд нь өсөж олширдог юм даа.
Хоньчин хонио аль л ус бэлчээр сайтай газарт хотлуулдгийн адил, тэнгэр Эцэг Эх минь бидний сүнсний хоолыг өгч, амийн үгээрээ ногоон бэлчээр рүү хөтөлж өгдөг. Мал төллөх үеэр хоньчин нойроо хасаж, үүр шөнөгүй хонио эргэж тойрдгийн адил амийг өгсөн Эх Бурхан минь шөнө дөл болтол, үүр цайтал бидний төлөө залбирсаар байгаа шүү дээ.
Хоньчин хониноосоо хараа салгалгүй хариулж, чононоос хамгаалахаар үргэлж хамт байж, сүүдэр мэт дагадаг. Энэ нь Эх Бурхан биднийг нүдний цөцгий мэт хайрлан, хонины арьс нөмөрсөн чонотой адил хуурамч эш үзүүлэгчдээс болж сүнс нь шархдах вий гэж хамгаалж байдагтай яг адилхан юм. Хонио чононд дайруулсан хоньчны алдаанаас болоод нүдээ шувуунд тоншуулж сохорсон хонь эзнээ ойртоход хүртэл айж чичрэн үргэж, эзнээ харж чаддаггүйтэй адил, сүнсээр сохор болсон хүүхдүүд нь хэдийн ирчихээд байгаа Эхийг зөв таньж мэдэхгүй байна. Гэсэн хэдий ч Эх минь чоно мэт Сатаны хор уршгаар шархалсан сүнс нэг бүрийг тэвэрч өгч, эмчлэн, сүнс нэг бүрийг аврахаар хичээж байна.
Алдагдсан хонио олсон хоньчны баяр бахадлыг үгээр илэрхийлэхийн аргагүй. Алдагдсан нэг хүүхдээ хайж олсон Эхийн баяр баясгаланг төсөөлшгүй.
Хоньчин амьдралынхаа баяр хөөр, уур уцаар, уйтгар гуниг, жаргалыг хониндоо л гаргадаг. Хонь нь эрүүл, тарган цатгалан байвал бахархаж, хонь нь өвдвөл шаналдаг. Миний мэдэхийн хоньчин жаахан зүйлийг ч мэдэрч байдагтай адил бидний сүнсний Хоньчин болсон Эцэг Эх Бурхан маань бидэнд хичнээн хайртай гэдгийг л би сайн ухаарч байна. Хоньчин хонио хариулдаг шиг тэнгэр Эцэг Эх Бурхан маань намайг хааш нь ч хөтөлсөн дагаж чадах итгэлтэй хүүхэд болно оо, би. Хайртай шүү, Эцэг Эх Бурхан минь.