Сайхан сэтгэл, сэтгэл уярам үг

Жон Ин Ён, Солонго Ижонбү

8,926 үзэлт

Найман настай том хүү маань их аймхай л даа. Шөнө дунд 00-н өрөө явах, эсвэл ус уух гээд явахдаа заавал аав ээжийнхээ нэгийг сэрээгээд дагуулж явдаг. Гэтэл нэг өдөр хүү маань үүрээр сэрээд ганцаараа 00 орох чимээ гарав. Яаж ганцаараа явж чадсан юм бол гэж бодоод, чих тавин чагнаж, гарах чимээгээр нь хөдөлгөөнийг нь төсөөлж байлаа. Төд удалгүй хүү маань 00-н өрөөний хаалга хаачихав.

“Юу вэ? Миний хүү биш юм байх даа?”

Жаахан гайхаад, босоод өрөө рүү нь явлаа. 00-н өрөөнөөс гарч ирсэн хүн яалт ч үгүй том хүү маань байв.

“Миний хүү, хаалгаа яагаад хаасан юм? Айгаагүй юу?”

“Ус татах чимээнд гэрийнхнээ сэрчих байх гээд хаасан юм аа.”

Хүүгийнхээ үгэнд сэтгэл уяраад явчихав. Хүүгээ оронд нь хэвтүүлчихээд тэвэрч, “Бусдадаа санаа тавьсан сэтгэл чинь ээжид нь сайхан байна” гэж шивнэв.

Нэг өдөр оройн хоолоо идчихээд гал тогоогоо цэгцэлж байтал бага хүү маань нөгөө л намайг ажлаа хийж дуусгахыг хүлээдгээрээ хүлээж байлаа. Таван настай хүү маань намайг гэрээ цэвэрлэж дуусахаар хамт орондоо ордог л доо. Гэтэл тэр өдөр их ядарсан бололтой “Ээж ээ, наадхаа дуусгаад л унтах уу?” гэж хэд хэд асуув. Тэгэхээр нь “Нойр нь хүрч байвал түрүүлээд унтаарай” гэтэл ээжийгээ хүлээнэ гэж зүтгэв. Удаан хүлээгээд уйдсан шинжтэй над руу ирлээ.

“Ээж ээ, ядарч байна уу? Манай ээж туслагч машинтай бол гоё байхгүй юу. Тэгсэн бол ээжтэйгээ хамт хурдан унтахгүй юу…”

Хүүгийн маань өхөөрдөм төсөөлөл, гэрийн ажил хийгээд ээжийгээ ядарсан гэж бодож байгаа нь бахархмаар санагдаж билээ.

Том хүү маань гэрийнхэндээ санаа тавьж, бага хүү маань ээжийгээ гэж байна шүү дээ. Хоёр хүүгээрээ дамжуулан бусдыг гэх сэтгэл хичнээн сайхан байдгийг би ухаарч авав. Би ч гэсэн бусдад санаа тавьдаг сайхан сэтгэлтэй болж, халуун дулаан үгээр бусдыг уяраана аа.