Жинхэнэ Бурхантай уулзсан минь

Неру Патрисиа / Энэтхэг, GJ Вапи Чала

11,826 үзэлт

Би Христийн сүмд үйлчилдэг байсан өвөө, эмээ дээрээ өссөн юм. Миний амьдрал угийн л Бурханд итгэх итгэлээр дүүрэн байсан. Есүс Христ амьдралын минь баатар байсан бөгөөд би Түүнгүйгээр юу ч хийж чадахгүй байх гэж боддог байлаа. Өчүүхэн юман дээр ч, сэтгэл зовоосон асуудал гарахад ч би тэр болгонд Аврагч Есүст залбирвал үргэлж залбирлын минь хариуг өгнө гэж итгэдэг байлаа.

Өдөр нь сургууль дээрээ хичээнгүйлэн сураад, гэртээ харихаараа эмээдээ тусалж гэрийн ажил хийнэ. Тэгээд шөнө нь хичээлээ хичээнгүйлэн давтана. Хичээх бүрд минь Бурхан надад маш их тусалж би сурлагаараа сургуульдаа шилдэг нь байв. Дуулах авьяас, спортын авьяас, бичих авьяас гээд Бурхан надад олон чадвар ерөөсөн юм. Тиймдээ ч би олон шагнал авсан даа.

Дараа нь би Христэд итгэдэг залуучуудтай хамт ямар нэгэн утга учиртай ажил хийхээр сэтгэл шулуудсан юм. Тэгээд амьжиргаа доогуур айл өрхөөр очиж, Бурханы үгийг дамжуулж, мөн тэдэнд туслахын тулд соёлын арга хэмжээ зохион хандив цуглуулаад тусалж байв. Тэгсхийгээд нөхөрт ч гарч, Ражастаны төв Жайпур хотод амьдрахаар нүүв. Тэнд би Энэтхэгийн хэд хэдэн улсын сургуульд хорин хоёр жил англи хэлний багшаар ажилласан.

Хичээл бүр дээр Сургаалт үгс номноос эш татаж ёс суртахууны үнэ цэнийг харуулсан Бурханы үгээр эхэлдэг байв. Бурханыг алдаршуулахыг хичээж, энэ нь намайг багшид олгодог дээд шагнал төдийгүй сайдын тэмдгээр шагнуулахад хүргэсэн юм.

“Бурхан цаг үргэлж намайг ерөөж, цаг үргэлж залбирлыг минь сонсдог атал би Бурханд дэндүү бага цаг зарцуулдаг юм байна” гэсэн бодол нэг өдөр надад орж ирэх нь тэр.

Тэгээд “Яв, бүх үндэстнийг дагалдуулагтун. Та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа” гэсэн Матай 28:19 ишлэл байнга сэтгэлд минь байдаг байв. Би шийдвэр гаргаж, хийж байсан ажлаа зохицуулаад догдолсон сэтгэлээр Бурханы ажилд гүйн орлоо. Христийн хайр золиосыг тунхаглаж байгаадаа би ихэд баяртай байлаа.

Цаг хугацаа өнгөрөх тусам сүм доторх зөрчил, тэмцэл, өндөр албан тушаалын төлөөх өрсөлдөөнийг хөндлөнгөөс харах нь надад дарамттай байв. Сүм дотор ертөнцийн, тэр тусмаа улс төрийн уур амьсгал бий болох үед миний сэтгэл үймнэ.

“Өө, Бурхан минь! Таны мөргөлийн өргөө ийм байх ёсгүй. Туслаач. Танд үнэнээр мөргөх сүм рүү намайг хөтөлж өгөөч!” гэж би Бурханд чин үнэнээр залбирч гарав.

Бурхан мөн л залбиралд минь хариулж, тэнгэр элчээ манай гэрт илгээлээ.

Намайг сүмээсээ буцаж ирэхэд хүү минь хоёр залуутай ярилцаж байв.

“Ээж ээ, өмнө нь хэзээ ч ийм юм сонсож байсангүй. Энэ хүмүүсийн тараасан үг нь үнэхээр гайхмаар юм” гэж надад хүү минь гайхширан хэллээ.

Би хувцсаа ч солилгүйгээр зочидтой хурдхан мэндэлчихээд сургаалыг нь сонсов. Бурханы тушаалууд, Сион, Эх Бурхан гэх зэрэг үнэний үгэнд нь би алмайрч орхив. Үгийг сонсох тусам тун сонирхолтой агаад хурдхан бүгдийг нь мэдэж авмаар санагдана. Нөгөөтэйгүүр би урьд өмнө нь хэзээ ч Бурханы хуулийг сахиж байгаагүйгээ ухаараад өөрийгөө гэмтэйд тооцож, ичиж байв. Ялангуяа тэнгэр Эхийн тухай сонсоод энэ дэлхий дээр хэн ч өмнө нь Эхийн тухай надад хэлж байгаагүйд нь үнэхээр балмагдаж байсан юм.

Түүнээс хойш би тасралтгүй Библи сурч, хагас сарын дотор жинхэнэ Бурханы хүүхдээр дахин төрөв. Бурханы баяр наадмын хот Сион нь үнэндээ л миний хайж байсан Бурханд үнэнээр мөргөх өргөө байв.

Үнэнийг хүлээн авсны дараагаар би авралын зар тараахаар бусад гэр бүлүүдийг дагав. Хүмүүс эхэндээ их уриалагхан байснаа, авралын зар тараах гэхээр л хаалгаа тас хаагаад орчихно. Тэд бүр юу гэдэг гээч. “Хамтдаа хоол идэх юм уу ярилцахыг хүсвэл л дахиад ирээрэй. Харин сайн мэдээ битгий ярь” гэнэ. Библид байгаа үнэнээс тэгтлээ татгалзах нь үнэндээ надад хачин санагдаж байлаа.

“Би сүмээ орхиж чадахгүй ээ. Үхвэл миний оршуулга энд байх болно. Хүүхдүүд маань ч энд хуримаа хийнэ.”

Үхсэний дараа цогцос оршуулах газраас нь мөнх амь хавьгүй илүү чухал гэдгийг тэдэнд ухааруулахыг хичээсэн ч сонсохоос дургүйцнэ. Бурханы үгийг тараасан ч үнэнийг үгүйсгэсэн тэднийг хараад надад үнэндээ харамсалтай санагдаж байлаа.

Авралын зар тарааж байхдаа бид заримдаа хүний сүрдүүлгэнд ордог ч тэднийг Эцэг, Эхийн тухай сонсож өгсөнд нь бид талархдаг. Ийм л хүмүүс дундаас тэнгэрийн гэр бүлүүдээ хайж олохоос илүү талархууштай хэрэг юу байх билээ.

Одоо хүү, ууган охин хоёр минь сайн мэдээний үйлчлэгчийн ажлыг хийж байгаа. Бас нөхөр бид хоёр гэр сүм удирдаж байна. Манай гэрийг Бурханы орших газар болгож өгөөч гэж би Бурханд залбирч байсан юм. Тэр залбиралд минь ч гэсэн Бурхан хариулсан. Одоо би бага охиныгоо Сион руу хурдан ирүүлэхийн төлөө залбирч байна.

Бурхан оршдог газар амьдарч, жинхэнэ Бурханд мөргөн залбирч, магтаал өргөж байгаадаа би маш аз жаргалтай байна. Нүглийн уучлал, мөнх амийн ерөөл, тэнгэрийн орны найдварыг надад соёрхсон Эцэг Эхдээ чин сэтгэлээсээ талархал өргөе. Сэтгэлээсээ залбирвал бүгдийг нь сонсож, хариулж өгдөг Елохим Бурхан бол жинхэнэ Бурхан минь билээ. Тэнгэрийн хаанчлал орох хүртлээ Сионд үлдэж, сайн мэдээ тараамаар байна аа.