Зурагтаа унтраавал гэрийнхэн чинь харагдана
Цензур тавилгүй хэт их зурагт үзэх нь гэр бүлийн харилцаанд саад учруулж байдаг. Зурагт үзэх зөв зохистой аргын талаар тунгаан бодоцгооё.
Солонгост л гэхэд хүн өдөрт наад зах нь 3 цаг зурагт үздэг байна. Тэгэхээр 1 жилийн дотор сар хагас хугацаанд зурагт үзэх нь. Ная насална гэж тооцвол амьдралынхаа алт шиг 10 жилийг зурагтын өмнө алмайрч суугаад өнгөрүүлэх нь байна шүү дээ.
Television (зурагт) гэх үг нь эртний грек хэлний “хол” гэсэн утгатай “tele” болон латин хэлний “харах” гэсэн утгатай “vision” хэмээх үгсийн нийлэмж юм. Нээрээ л үгийн өөрийнх нь энэ утганд гарч байгаачлан зурагт гэгч нь алс холыг, дэлхийн нөгөө захад болж байгаа үйл явдлыг ч гэртээ суугаад харах боломж олгодог мэдээллийн хэрэгсэл юм.
Гэвч үнэндээ бол ойр дэргэдэх гэрийнхнээ харах боломжийг хааж байдгийг мартаж болохгүй. Уйлж байгаа хүүхдээ саатуулах үүднээс зурагтаар хүүхэлдэйн кино тавьж өгөх, гэр бүлээрээ цуглардаг зочны өрөөндөө зурагтаа тавих зэрэг нь эдүгээ байдаг л үзэгдэл болж хувирчээ.
Тогтмол нэвтрүүлгээс гадна кабелын төрөл бүрийн суваг гардаг болохоор ч тэр үү өглөө сэрэх мөчөөс орой унтах хүртлээ зурагтаа асаалттай байлгадаг зуршилтай айл ч нэлээн байдаг. “Гэр бүл салалтаас болж хүмүүс зурагт их үздэг болсон уу эсвэл хэт их зурагт үздэг болсноос болж гэр бүл салалт ихэссэн үү гэдгийг мэдэх аргагүй. Гагцхүү зурагт үзэж байхдаа бие биедээ найр тавин гар сунгах боломжгүйг л сайн мэдэж байна.” “Эрүүл гэр бүлийн онцлог” номын зохиогч Долорес Курран ийн өгүүлсэн байдаг.
Зурагт үзэхийг ямар ч учир шалтгаангүйгээр дандаа ч тийм муу гэж хэлж байгаа юм биш л дээ. Гол нь зурагтыг хэрхэн ашиглаж байгаа нь чухал асуудал. Телевиз нь орчин үеийн бидний амьдралд салшгүй холбоотой учраас ухаалаг зөв хэрэглэвэл ашиг тустай ч бодлогогүй буруу хэрэглэвэл хор хөнөөл учруулж ч болзошгүй.
Зурагт хэт их үзэхийн хор уршиг
Зурагт үзэх хугацааны нэг цаг тутам нь таргалалт үүсгэх магадлалыг 2% нэмэгдүүлдэг болохыг нэгэн судалгаагаар баталсан байдаг. Учир нь зурагтын дэлгэц нь тархин дахь хоолны дуршлыг түр саатуулж, улмаар цадсан ч гэсэн өөрийн мэдрэлгүйгээр идсээр байдаг аж. Түүнээс гадна буйдан дээр хэвтчихээд хуруугаа л хөдөлгөх төдий байдаг болохоор хөдөлгөөний дутагдалд оруулна. Мөн “Case Western Reserve” их сургуулийн эмч нарын судалгаагаар дундаж насныхан хэт их зурагт үздэг төдийгүй Альцгеймер өвчин (зөнөх өвчин) гэх мэт тархины өвчин тусах эрсдэл зурагт үздэггүй хүмүүсээс гурав дахин их байдгийг тогтоожээ.
Үүгээр ч зогсохгүй зурагт нь хэт их харааны мэдээлэл өгч, улмаар сурах чадварыг бууруулан, гэмт хэрэг, аваар осол, гай гамшиг гээд муу мэдээ их харуулдаг болохоороо стресс бухимдал, санаа зовнил нэмнэ. Мөн бодит бус, хууль зөрчсөн контентуудынхаа улмаас халдлага түрэмгийллийг нэмэгдүүлж, садар самуунд урин дуудсан контентуудаараа хэвийн бус бэлгийн харилцааны зан авирыг өдөөж, элдэв худалдаа арилжааны сурталчилгаагаараа түргэн ууртай болгох, шоппинг хийх хүсэл ихтэй болгож, эрүүл мэндийн тухай дахь үй түмэн мэдээ мэдээллээс нь болж хүмүүс эрүүл мэнддээ хэт анхаарч, хэтэрхий их санаа зовнилд автдаг.
Түүнчлэн үзэгчдийн хандалт их авах гэсэн сүүлийн үеийн драма нь хүмүүсийг ёс суртахууны доголдолтой болгодог тул тодорхой зааг тавилгүй зурагт үзсэнээс болж нийгэмд ноцтой хор уршиг учруулж буй асуудал яригдсаар байна. Ялангуяа өсөж яваа хүүхдүүдэд илүү хор нөлөө учруулж болзошгүй. Нялх багаасаа зурагт их үзвэл аав ээжийнхээ үгэнд орохгүй, тэр байтугай аав ээжийгээ төвөгшөөж бухимдаж хүлээж авдаг болдог. Хүүхэд ер нь зурагт асаалттай байх үед аав ээжтэйгээ харилцах боломжоо алдаж, сэтгэл санааны хувьд хөгжиж чаддаггүй. Зарим эцэг эхчүүд гэрийн ажилдаа болоод саатуулах үүднээс эсвэл зурагтаар явж байгаа дуу бүжгийг дагаад сурч авна гэж боддогтоо хүүхдээ зурагтны өмнө орхих тохиолдол их.
Гэвч хичнээн сургалт боловсролын агуулгатай хөтөлбөр байлаа ч хүүхдэд зурагт удаан үзүүлэх нь бие махбодын хувьд ч, оюун санааны хувьд ч сайн биш. Учир нь зурагт үзэх нь зуршил болбол хүүхдийн тархины бүтцийг гэмтээгээд зогсохгүй анхаарал төвлөрөх чадвар төдийгүй хүүхдийн бүтээлч байдал буурдаг аж.
Зурагт үзэх цаг ихсэх тусам гэр бүлийн доторх яриа хөөрөө, харилцаа тасрах магадлал төдий чинээ их. Зурагтын дуунаас болж гэрийнхнийх нь яриа сонсогдохгүй. Энэ нь хэдий нэг гэрт байдаг ч хоорондоо харилцан ярилцах боломжгүй гэсэн үг юм. Бүр ярилцах асуудал байсаар байхад ч хүртэл тэр тухайгаа ярилцах боломж гардаггүй. Заримдаа дуртай дуртай нэвтрүүлгээ үзэх гээд зурагтынхаа удирдлагыг булаацалдаж, гэрийнхэнтэйгээ маргалдах хэрэг ч гарна. Иймэрхүү нөхцөлд айл гэр эв найртай байна гэж үгүй.
Зурагтаа унтраавал яах вэ?
АНУ-д нэгэн ашгийн бус байгууллагаас “Зурагтаа унтрааж амьдралаа асаа (Turn off TV, Turn on Life)” гэсэн уриан дор жил бүр зурагтаа унтраах долоо хоногийн аян өрнүүлдэг байна. Солонгос улсад ч мөн 2005 онд “Зурагт үздэггүй иргэдийн нийгэмлэг” байгуулагдаж улмаар гэр бүлийн сар болох 5-р сарын эхний долоо хоногийг“ зурагт үзэхгүй долоо хоног” болгох аян өрнүүлдэг аж.
Зурагт үзэхгүй бол уйтгартай, залхмаар, ертөнцөөс тасарчих мэт санагдаж байж магад. Гэвч энэ нь дэмий л санаа зовнил. Солонгосын нэгэн олон нийтийн телевизийн нэвтрүүлгээр Сөүл болон Гёнги аймгийн 130 айл өрхийг сонгон хамруулж, 20 хоногийн турш зурагтаа асаахгүй байх туршилт явуулжээ. Эхэндээ хэд хоног хүүхдүүд нь аав ээжээсээ зурагтаа асаа гэж уйлагнан, нөхрүүд юу хийхээ мэдэхгүй дургүйлхэн, найз нөхөдтэйгөө уулзсан ээжүүд юун тухай ярихаа ч мэдэхгүй гээд оролцогчид нэвтрүүлгээс татгалзах шинжтэй байв. Гэвч тиймэрхүү үр дагавар удаан үргэлжилсэнгүй.
Хоол идэхдээ ч зурагт үздэг донтой байсан сурагч өрөөгөө цэвэрлэн, угаалга хийж, ням гараг болохоор л өдөржин удирдлагаа тэврээд хэвтдэг байсан өрхийн тэргүүн хүүхдүүдтэйгээ хөгжилдөн тоглож эсвэл ханцуй шамлан эхнэртээ тусалж байв гэнэ. Бусад олон оролцогчид чөлөөт цаг их гарч байгаагаа мэдэрч, сонин сэтгүүл, ном уншиж, гэр орноо цэгцэлж, ямар нэг ашиг тустай ажил хийн, өмнөх шигээ биш, цагийг их утга учиртайгаар өнгөрөөж эхлэв. Мөн нэгэн оролцогч “Эрт унтаж, эрт босож байгаа учир ядрах, бухимдах гэж байхгүй болж, бие хөнгөрсөн” гэж өгүүлсэн аж.
Зурагт асаахгүй л бол хүүхдүүдэд илүү хэцүү байна байх гэх бодлоос нь тэс өөр, харин ч эсрэгээрээ томчуудаас илүү хүүхдүүд нь хурдан дасаж байсан гэнэ. Тоглоомоороо тоглож байхдаа ч зурагт асаадаг байсан хүүхэд ном уншиж, өөрөө зохиосон шинэ тоглоомоо тоглож байв. Үүнийг хараад эцэг эхчүүд хүүхэд зурагтанд донтох нь томчуудын хариуцлага гэдгийг ухаарчээ.
Гэрийнхэн өөр хоорондоо сайн ойлголцож, яриа хөөрөө илүү их өрнүүлсэн нь хамгийн том өөрчлөлт байсан байна. Нэг ёсондоо зурагтаа унтраасандаа л гэрийнхэн нь харагдаж, зурагтын дуу гарахгүй байсан учраас л гэрийнхнийхээ яриаг анхаарч эхэлсэн байгаа юм. Зурагтгүй зочны өрөө эл хуль чимээгүй биш, харин ч яриа хөөрөө дүүрэн өрнөж байсан гэнэ лээ.
Зурагт үзэх ухаалаг аргууд
- Зурагтаа тавилгаа голлуулж байрлуулах хэрэггүй. Зочны өрөөндөө биш, аль болох аав ээжийнхээ өрөөнд тавихыг хичээ.
- Зурагт асаахыг зуршил бүү болго. Эхлээд сонин юм уу сайтаар телевизийн хөтөлбөр харсны дараа үзэхийг хүссэн нэвтрүүлгийнхээ цагийн хуваарийг харж, тэр цагтаа л зурагтаа асаахыг хичээ.
- Эцэг эх өөрсдөө зурагт үзэхээс татгалзах жишээ үзүүлэх ёстой. Аав ээж нь өдөржин зурагт үздэг байж хүүхдүүдээ зурагт битгий үз гэх нь эсэргүүцэл л бий болгохын нэмэр.
- Хүүхдээ зурагтны өмнө ганцааранг нь бүү үлдээ. Хүүхдийн нэвтрүүлэг үзэж байсан ч аав ээж нь хамт үзэж, агуулга болон гол дүрийнх нь талаар хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй.
- Гэр бүлээрээ ням гарагт зурагт хамт үзэх төлөвлөгөө гарган, ном унших, салхинд гарах, спорт тоглоом тоглох зэргээр зурагт үзэхгүй байх хугацаандаа хийж болох зүйлсийн талаар төлөвлө.
- Хүүхдийнхээ насанд тохирсон теле нэвтрүүлэг сонгож үз.
- Хоолоо идэхдээ эсвэл хөнгөн зууш идэхдээ зурагтаа заавал унтраа.
- Зурагтаасаа дор хаяж 2м хол зайтай, зөв сууж, нэг цагаас хэтрэхгүйгээр зурагтаа үзэж бай.
- Хоёр ой хүрээгүй хүүхдэд зурагт үзүүлэхгүй байх.
Та зурагтаа захирч чадахгүй бол зурагт чинь таныг захирах болно. Зурагтнаасаа болоод арай л их цагийг гарздаж байх вий, гэрийнхэнтэйгээ яриа хөөрөө өрнүүлж байх учиртай зочны өрөө тань зурагт л үздэг орчин болчихсон байх вий гэдгээ эргэн нэг хараарай. Тэгээд өнөөдрөөс эхлэн зурагтын дэлгэц ширтэхийн оронд ам бүлийнхэн рүүгээ хараарай. Тэгж гэмээнэ өмнө нь анзаарч харж байгаагүй эрхэм нандин зүйлсийг та олж мэдэрнэ.