
Дэлхийд алдартай нэгэн дуучныг Солонгост тоглолт хийхэд нь үзэгчид ихэд урам нь хугарч, тэр ч байтугай бүр уурлаж гомдол гаргажээ. Гайхамшигтай хоолойныхоо чадвараар сэтгэлийг нь хөнддөг дуучнаа амьдаар нь сонсохыг хүссэндээ үнэтэй тасалбар авч, тоглолтыг нь үзэхээр иртэл түүний хоолой нь сааралтаж, дуу нь сул байсан тул араар суусан үзэгчдэд бүр сонсогдох ч үгүй байсан гэнэ. Учир нь тэрээр бэлтгэл сайн хийлгүй тайзан дээр гарсан аж.
Өмнө нь сайн хийдэг байсан юмаа удаан хугацааны дараа дахин хийх гэхээр нэг л болж өгдөггүй. Тэр ч бүү хэл бүр сайн тоглодог байсан хөгжмөө ч тоглохгүй удчихаар гар хуруу сайн эвлэж өгдөггүй шүү дээ. Бүтэн жил уйгагүй дасгал хийж байж хөгжүүлсэн булчин дасгал хийхгүй л бол ганцхан сарын дотор л алга болчихно.
Хөгжим ч бай, спорт ч бай, эрдэм мэдлэг ч тэр байнгын дасгал сургуулилт хийж байж л ур чадвараа хэвээр хадгална. Итгэлийн амьдрал ч мөн үүнтэй адилхан. Өмнө нь хичнээн сайн итгэлтэй байсан ч залбирахгүй, Библи сурахгүй, Бурханы сургаалыг амьдрал дээр хэрэгжүүлэхгүй бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр итгэлийн амьдралаас холдохоос өөр аргагүй. Улмаар хэзээ нэгэн цагт өмнө нь бүр огт тийм юм хийж байгаагүй мэт сонин санагдаж, дахин оролдох талаар бүр боддог ч үгүй.
Итгэл сүсэг дотор байхын тулд өдөр бүр дасгал сургуулилт хийцгээе. Тэнгэрийн хаанчлалд орох Бурханы хүүхдийн хувиар эцсээ хүртэл үлдэх цорын ганц арга энэ юм.