Тэнгэр Эцэг Эхтэй хамт алхах нь

Паг Чан Жон / Солонгос, Чэжү

11,084 үзэлт

Нэг ням гарагт би хамаатныхаа надад танилцуулсан, манай гэрийн ойр байдаг нэг сүм рүү очиж, Бурханы сүмийнхэнтэй уулзлаа. Тэд надад загалмайг шүтээн гэдэг талаар ёстой л зангилаа тайлах мэт ойлгомжтой зааж өглөө.

Итгэл сүсэг ихтэй христчин аав ээжийгээ дагаад би багаасаа л хүзүүндээ загалмайн зүүлт зүүж, загалмайгаа бариад унтахаараа л тайван амардаг байж билээ. Загалмайг шүтээн гэсэн нь итгэлийг маань орвонгоор нь эргүүлэх мэт таагүй санагдлаа. Гэвч Библиэр баталсан болохоор тэднийг үгүйсгэх арга байсангүй. Хэд хоногийн дараа би Бурханы хүүхэд болж, гэртээ байсан бүхий л загалмайн дүрсээ хаяж, сэтгэлээсээ ч бас гаргаж орхив.

Үнэнийг мэдэж авчихаад зүгээр суугаад байж чадсангүй. Гэрийнхэндээ, бас миний бодсоноос ч илүүгээр загалмайд ач холбогдол өгч Библи дээрээ, цүнхэн дээрээ, бүр гутал дээрээ ч хүртэл загалмайн дүрстэй байсан аавдаа би авралын зар тараав. Гэрийнхэн маань бүгд үнэнийг амархан ухаарна гэж бодож байтал миний горьдлого талаар болов. Бодит байдал миний төсөөлж байснаас хавьгүй өөр байлаа. Аав маань намайг бүр сүм гэдэг үг хэлэхийг ч зөвшөөрөхгүй, ааш зан сайтай эгч маань хүртэл утсаар үнэнийг тунхаглах болгонд минь “Над руу битгий дахиад залгаарай” гэж хатуурхав. Би их ч уйлсан даа.

Гэвч хайртай гэрийнхнээ орхиж чадсангүй. Би тэдэндээ Бурханы үгийг бага багаар, бараг 7 жил гаруй зааж байгаа билээ. Нэг удаа эгч намайг гэртээ урилаа. Хэнийх нь итгэл зөв болох талаар надтай ярилцахыг оролдож байлаа. Ирэх цаг нь болж гэж бодоод би Эцэг Эхдээ чин сэтгэлээсээ залбирчихаад эгчийнх рүүгээ явлаа. Үдээс хойш Библи зааж эхлээд, маргаашийнх нь үүр хүртэл заасаар л байв. Эгчдээ Бурханы үгийг хүссэнээрээ, нүүр нүүрээ харж байгаад тунхаглаж чадсандаа нэг л сайхан байлаа.

Намайг ингэж авралын мэдээ дуулгасны дараа эгч “Юмнуудаа ав” гэх нь тэр. Намайг “Гэртээ харь” гэж хэлэх нь гэж бодтол харин ч санаснаас өөрөөр “Явцгаая. Баптисм хүртье” гэсэн гээч.

Тэр мөчид чихэндээ ч итгэсэнгүй. Долоогийн долоон жил үнэний эсрэг хүйтэн хөндий хандсан хүн шүү дээ. Бүр сүүлд нь сонсох нь ээ эгч утсаар Амралтын өдрийн тушаалын талаар сонсох үедээ сэтгэлд нь нэг юм гүн үлдсэн гэнэ. “Дахиж битгий залга” гээд байсан хэрнээ залгахаар утсаа аваад байсан шалтгаан нь тэр байжээ.

Эгчийн энэ өөрчлөлт аавд бас өөрчлөлт авчрав. Эгч хар багын их ажилсаг хүүхэд байсан тул аливаа ажлыг ямар ч асуудалгүй хийчихдэг байсан гэсэн. Тэгээд эгчийг Бурханы сүмд явна гэж хэлэхээр аав үгүйсгэж дургүйцээд байлгүйгээр сүмийн тухай мэдэж авсан юм. Бурханы үгийг нухацтай гэгч нь судалсныхаа дараа аав маань шинэ амийг хүлээн авч, 30 гаруй жилийн турш итгэлийн амьдралаар амьдрахдаа өөрчилж чадаагүй байсан буруу зуршлаа хаяж, зөөлөн зан ааштай болж, сонсох дуугаа ч хүртэл Бурханыг магтах шинэ дуугаар сольж, өөрийн гэсэн юм болгон дээрээ сийлсэн загалмайн дүрсээ арилгах зэргээр эрс өөрчлөгдөв.

Хожим нь аав маань итгэлээ ивээлтэйгээр сахиж байгаад, архаг хууч өвчнөөр амгалан гэгч нь нойрссон доо. Аавын маань үлдээсэн Библийн завсар нэг нугалаатай захидал байлаа. Захидалд бичсэн үг бүр нь аавыг маань үнэн Бурханы дотор хичнээн их баярлан догдолж байсныг харуулж байлаа.

“Бурхан чамайг маш их хайрласандаа энэ бүх ерөөлийг чамд өгч. Үнэний тухай сурах цаг ч гаргалгүй, чамайг зовоож байж дээ, аав нь. Уучлаарай охин минь.”

Аав захидалдаа үнэнийг хүлээн авснаасаа хойш өдөр болгон үүрээр гэмшлийн нулимс урсган байж аврал өгсөн Елохим Бурханд талархаж байснаа бичсэн байв. Түүнийг уншиж дуусаад би их талархаж байлаа.

Гэрийнхэн маань Сион руу ирэх тэр үед би олон зүйл ухаарсан. Сайн мэдээний замаар алхах явцад олон ч юм өөрчлөгдөж дээ. Сайн мэдээ тараах хичнээн сайхан гэж санана. Бурханыг түшдэг хүмүүсийн авах ерөөл хичнээн их билээ дээ. Ухаарал болгон маань намайг тэнгэрийн хаанчлалд орох зохистой төрхөөр дахин төрүүлэхийн төлөөх надад зайлшгүй шаардлагатай сайн сайхан чанарыг заах сурах бичиг мэт санагдаж байлаа.

Таван жилийн өмнө нөхрийнхөө ажлын улмаас Чэжү арал руу нүүсэн юм. Тэгтлээ дассан газраа орхино гэхээс нэг л гунигтай байлаа. Гэвч байгалийн өнгө үзэмж нь үнэхээр таалагдсан л даа. Мөн миний сэтгэлийг юу юунаас илүү хөдөлгөөд байсан нэг зүйл байв. Намайг Чэжү арал руу нүүж очихын алдад Чэжү нэгдсэн чуулганыхан нэгдсэн тунхаглал өрнүүлж, гурван өөр бүс нутгийн итгэгчид хамтран сайн мэдээ тарааж билээ.

“Нэгдсэн” гэдэг үг Чэжү арал дээр ялангуяа их чухал сонсогдох нэг шалтгаан байдаг юм билээ. Энэ арал дээр хүмүүс эрт цагаас эхлэн 18000 гаруй бурханд мөргөж байсан юм байна. Үй түмэн хийд, дуган бий. Хүмүүс хаалганыхаа дээр тотго орчимдоо элдэв дүрс өлгөсөн байх жишээтэй. Амьдардаг газар нь эргэн тойрон догшин ширүүн далайгаар хүрээлэгдэж, үүнээсээ болоод янз бүрийн бурхны хүчээр хамгаалал авахыг хүсдэг болсон байлаа. Уламжлалт ардынх нь шашин тэдний амьдралын нэг хэсэг болсон тул ихэнх хүмүүс нь гай гамшгаас аврах Бурханы амлалт шингэсэн Алгасал баярын тухай огт сонсоогүй байлаа. Энэ арлын энэ мэт сүнслэг байдлыг өөрчлөхийн тулд бид нэгдмэлээр хашхирах хэрэгтэй байсан юм.

Эхлээд зөнч нар нэгдэж ажиллах жишээ үзүүллээ. Тэд хамтдаа цуглаж, Чэжү арал дээр яаж сайн мэдээний ажлыг ивээлтэй явуулах талаар хэлэлцэв. Тэгж байтал итгэгч нар ч бас аяндаа л нэг сэтгэлтэй болов. Нэгнээсээ жийрхэж биеэ барьсан цаг мөч удаан үргэлжилсэнгүй. Бид удалгүй сайн мэдээ тарааж нэг сэтгэлтэй боллоо. Ийм маягаар нэгдмэл байдлын хүч үр дүнгээ өгч эхлэв. Бид бүр нутгийн уугуул иргэд ч хүртэл очиж үзээгүй алслагдсан тосгонуудад ч сайн мэдээ тарааж, үнэнийг тэсэн ядан хүлээж байсан олон хүнтэй уулзаж баяр хөөр бялхан байлаа.

Хэдхэн жилийн өмнө гэхэд цөөхөн л хүн Бурханы сүмийн тухай сонссон байсан. Харин нэгдмэлээр тунхагласны дараа нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, хөдөө буйд тосгоныхон ч, жуулчид ч Бурханы сүмийн тухай сонссон гэж ярих болжээ. Олон хүн алс холоос Сион руу ирж байгаа. Бид Чэжү арлын төвд байдаг худалдааны дүүрэгт ч сайн мэдээ тарааж, олон олон худалдаачид Бурхан руу ирж, үнэнийг хүлээн авсныхаа дараа тэд дахин төрж, Сионы үнэр түгээн байгаа. Ийм маягаар хүн бүхэн Бурханы сүмийг мэдэх болсон нь бүгд л нэгдмэл байдлын үр дүн байлаа.

Бурхан яагаад бидэнд Чэжү арал дээр нэгдээрэй гэснийг ухаарч, тэнгэр Эцэг Эхийн үгийг дуулгавартай дагах нь л сүнс амьдруулах арга зам юм гэдгийг сэтгэл зүрхэндээ хоногшуулж авсан билээ. Тийм ч богино биш итгэлийн аян замд Бурхан надад ухаарал өгч, яг хэрэгтэй үед сэтгэлийг минь уярааж байлаа. Бэрхшээл зовлонд байнга л гомдоллож, ертөнцийнхөнд атаархан, тэнгэр Эхийнхээ сэтгэлийг шархлуулж байхад ч хүртэл шүү дээ. Харин Эх маань цаг үргэлж миний дэргэд хайраараа хамт байсан билээ. Үүнийх нь ачаар л одоогийн би тэнгэр Эхийн ивээл дор тэнгэрийн яруу алдрыг чиглэн алхаж байгаа билээ.

Өнөөдөр ч бас үзэсгэлэнт Чэжү арал дээр алдагдсан ах эгч дүү нараа хайх авралын зарын аян замд намайг хайрладаг Бурхантайгаа цуг би баяртайгаар алхаж байна. Би тэнгэр Эхийнхээ царайд инээмсэглэл болохыг хүснэ.