WATV.org is provided in English. Would you like to change to English?

Сайн байна!

Чой Сог Хүи, Солонгос Соннам

1244 Үзсэн тоо

Нэгэн ээж цахилгаан шат руу хүүхдийн тэрэг түрээд явж байлаа. Тэргэн дээр сууж байсан хүүхдийн үс гялалзан, нүд булаам хөөрхөн аж. Тэгтэл би түүний бугуйн дээр нэг тэмдэг байгааг анзаарав. “Сайн байна” гэсэн үг бичсэн байх шиг харагдлаа.

“Алив дээ. Наад бугуйн дээр чинь юу байгаа юм бэ?”

Сонирхсондоо болоод би бяцхан жаалаас ингэж асуутал ээж нь өмнөөс нь ийн хариулав.

“Цэцэрлэг дээр нь байхад ийм тэмдэг авсан байна лээ. Би усанд оруулахдаа арилгах гэтэл уйлаад байхаар нь энэ хавийг нь угааж чадаагүй юм. Тэгээд л энэ тэмдэг ингээд үлдсэн.”

Ээжийгээ усанд оруулж байхад тэр тэмдгээ арилчих вий гэж яасан их санаа зовсон бол гэхээс би өөрийн эрхгүй инээд хүрэв. Магтахаар халим хүртэл бүжиглэдэг гэсэн үг санаанд орох нь тэр. Амьтан хүртэл магтахаар баярлаад бүжиглэдэг байхад хүмүүс хэр их баярлах бол оо?

Би гэрийнхнээ ингэхэд хэр магтдаг билээ гээд өөрийгөө эргэцүүлж үзэв. Магтлаа гээд мөнгө төлөх ч биш, хэцүү ч биш байхад эргэн тойрныхоо хүмүүсийг барагтай бол магтаж урамшуулж байгаагүйдээ би харамсав.

Эхнэрийнхээ хийж өгсөн хоолыг амтархан идэж байхдаа ч би ер нь л чив чимээгүй иддэг сэн. Их л сайндаа “Дажгүй амттай байна” гэнэ. Эхнэр маань амттай хоол бэлдэхээрээ миний ирэхийг урьд өмнөхөөсөө ч илүү хүлээдэг юм. Энийг нь бодохоор хийсэн хоолондоо надаас сайхан үг хүлээдэг л байж таараа. Ханийгаа одоо бодсон чинь их өрөвдчихлөө.

Эхнэр нөхрийн эсвэл аав ээжийн хоорондын хайрын харилцаагаа сахин хамгаалахын тулд зөвлөгөө сануулга маягийн үг хэлэх гэхээсээ магтаалын үг илүү их хэлэх хэрэгтэй байдгийг би дахин нэг ухаарлаа.

“Хань минь, чи минь дэндүү сайхан хоол хийдэг шүү. Үнэхээр сайхан байдаг шүү.”