Зөгийн балнаас илүү чихэрлэг, шижир алтнаас илүү үнэ цэнэтэй үр жимс

АНУ, TX, Даллас Бурханы сүм

6,932 үзэлт

Даллас Сионд маань нэгэн гал сөнөөгч ах дүү байдаг юм. Осол аваар болсон халуун цэг дээр очдог ажлын онцлогтой болохоороо Бурханы хамгаалалт ямар их хэрэгтэйг хэн хүнээс илүү мэдэрнэ. Тиймдээ ч сүүлийн хэдэн жил авралын мэдээг ажлынхандаа байнга тунхагласаар ирсэн л дээ. Гэвч ажлынхан нь ихэнхдээ ах дүүгийн тунхагласныг сонсохыг хүсэхгүй, улмаар түүнтэй маргадаг юм. Зарим нь үнэнийг сурах сонирхолтой байснаа удаа ч үгүй ойр тойрныхоо хүмүүсийн таагүй хандлагаас болоод сэтгэл нь хаагдчихна.

Ах дүүд маш харамсалтай байгаа ч өөрийнх нь сүнсний нүд чихийг нээж, үнэнийг ухааруулсан Бурхандаа гүнээ талархдаг юм. Тэрээр санаа тавьдаг ажлын газрынхнаа аврах гэж хүчин зүтгэсэн хэвээр байлаа. Коронавирусын дэгдэлт даамжирч, дордох тусам ах дүү ажлынхнаа аврахыг бүр ч илүү хүснэ.

Ажлынхандаа нэг нэгээр нь Бурханы үг хичээнгүйлэн тунхаглах зуур нэг дарга нь сонирхож байгаа нь илт байж. Дарга нь гурван долоо хоногийн турш бараг өдөр бүр ажлын завсарлагааны цагаар ажил дээрээ Библи сурсан юм. Тэрээр коронавирусын улмаас онлайнаар явуулж байсан гэрлэсэн эрэгтэй багийн сургалт семинарт хүртэл оролцож, Сионы халуун дулаан уур амьсгалыг шууд биш ч гэлээ мэдэрсэн байна. Эцэст нь Бурханы хүүхэд болох ерөөл хүртсэн юм.

Ах дүүгийн даргаас бид Бурханы хүүхэд болсон сэтгэгдлийг нь асууж билээ. “Үгээр илэрхийлж чадахгүй л байна. Хамаг шар үс боссон” гээд гарныхаа шар үсийг харуулан инээлээ. Тэр дарга ах дүүгийн авралын зар тараах хүсэл нь дүрэлзэн асаж байлаа.

“Би тавин жил шахам Католик сүмд явлаа. Тэгсэн байж ийм агуу үнэн Библид нуугдсан байсныг огт мэдээгүй. Бурханаас өөр хэн ч энэ үнэнийг зааж чадахгүй. Энэ үнэнийг надад ухааруулсан Бурхандаа үнэхээр их талархаж байна. Үнэний үгийг бушуухан сураад, гэрийнхэндээ болон бусад хүмүүст дамжуулах юм сан” гэж хариулна лээ.

Тийм хөөрхөн үр жимс Бурхан руу хөтөлсөн гал сөнөөгч ах дүү ажлаасаа анхны үр жимсээ гаргасны дараах баяр хөөрөө нууж чадахгүй байлаа. Тунхагласан Библийн үгийг нь хэн ч сонсохгүй байсан ч манай ах дүү ер урам нь хугарч, шантраагүй. Харин ч өөрөөсөө хамаагүй өндөр албан тушаалтай даргадаа тунхаглах зориг гаргасан байгаа юм. Ах дүүгийн энэ оргилсон сэтгэлд нь бид үнэхээр сэтгэл хөдөлсөн.

Үүгээр дамжуулаад шантрахгүй л бол гарцаагүй үр жимс гарна гэдгийг мөн тэрхүү тэвчээрийн үр жимс нь зөгийн балнаас илүү чихэрлэг, шижир алтнаас илүү үнэ цэнэтэй байдгийг Бурхан энэ удаа ухааруулсан юм даа. Удаан хугацаанд гэрийнхнээ, танилуудаа хөтлөхөөр хичээж ирсэн олон ах эгч дүү нар маань хүч сэлбэсэн. Бид шантарч бууж өгдөггүй итгэлээр сайн мэдээний үүргээ бүгд биелүүлэх болно оо.