Европ тивийн баруун хязгаарт орших Испани улсын газар нутагт Паул элч олон удаа тунхаглалаар явсан ч очиж чадаагүй байдаг. Паулын тэрхүү хүсэл тэмүүлэл дээр бид халуун сэтгэлээ нэмж, Испанийн Барселон хот руу тунхаглалын аян замд мордлоо.
Явахаасаа өмнө итгэлээр бат шийдвэр гаргасан ч бодит байдлын хана харин өндөр байлаа. Нөхцөл байдал сайтай нийгмийн халамжийн тогтолцоонд дутах зүйлгүй амьдардаг испаничууд сүнсний ертөнц болон Бурханы тухайд ямар ч бодол эргэцүүлэл байхгүй нь илт байв.
Нэг өдөр, хоёр өдөр, гурван өдөр… Бүтэн долоо хоног өнгөрчихөөд байхад Бурханы үгэнд анхаарлаа хандуулах хүнтэй бид таарсангүй. Мөн бид өөрсдөө ч аажмаар хүч тэнхээгүй болж эхлэв. Нэгэн гэр бүл харамссан сэтгэлээ нууж чадалгүй нулимс урсгав. Алс холыг харж, нулимсаа залгих эгч дүүг хараад, гав ганцаараа сайн мэдээ тунхаглаж байсан тэнгэр Эцэг минь бодогдов. Мөнхийн ертөнцийг харж чадахгүй хүн төрөлхтөнд харуусан гуних Эцэг минь санаанд орж зүрх шимширч билээ.
“Тэнгэрийн хаанчлалыг хүсэн хүлээх Бурханы хүүхэд Барселонд байж л таараа. ”
Тэднийгээ олохсон гэхээс санаж байлаа.
“Энэ л сэтгэл тэнгэр Эцэг Эхийн минь сэтгэл юм байх даа? ”
Бурханы хүсэл сэтгэлийг бодонгоо би бодлоо өөрчлөв. Эндхийнхэн үнэнийг үл тоож буй шалтгаан нь тэдний элбэг хангалуун амьдралаас болж байгаа биш, харин Бурханы шаналан дуудах дуу хоолойг нь бид л дамжуулж чадахгүй байгаад юм. Тэр өдрөөс хойш би алдагдсан тэнгэрийн ой санамжийг нь сэргээж, Бурханы энгэр рүү эргүүлэхийг хүссэн сэтгэлээр сүнс нэг бүрд үнэнийг тунхаглалаа.
Бидний чин хүсэл сэтгэл тэнгэрт хүрсэн байх аа. Богино хугацааны тунхаглал эхлээд гурав дахь Амралтын өдөрт нэг эгч бидэн дээр ирэв. Өнгөрсөн удаад гудамжинд хальт Бурханы үг сонссон хүн байлаа. Ажил хийхээр Испанид ирсэн тэр эгч Испанид ирээд удаагүй байхдаа хэцүү бэрхшээлтэй тулгараад ч тэр үү, тийм биш байсан ч ганцаараа хүний нутагт амьдрах бүр хэцүү байсан гэнэ. Юу юунаас илүү тэр эгч нутагтаа орхиод ирсэн хүүхдүүдээ маш их санаж байж л дээ.
“Үр хүүхдээ санах тэр сэтгэл бол тэнгэр Эхийн сэтгэл. Тэнгэр Эх ч гэсэн тийм сэтгэлээр биднийг хайж энэ газарт ирсэн.”
Нэг эгч дүүгийн хэлсэн энэ үгэнд тасралтгүй нулимс урсгасан тэр эгч Бурханы үг судалсныхаа дараа үнэнийг дуртайяа хүлээн авсан юм. Жаахан л оройтож уулзсан болохоос. Барселонд ч гэсэн Бурханыг хайдаг сүнснүүд байсан юм. Тэр эгчээс гадна тэнгэр Эхийн талаарх үгийг сонсоод, номхон хонь шиг дуулгавартай гэгч нь шинэ амийн ерөөл хүртсэн бас нэг эгч дүү бий. Тасралтгүй Библи судалж, Бурхантай ойртож байгаа хүмүүс бүгд л Европт уулзсан эрхэм нандин сүнснүүд билээ.
Одоо бид тунхаглалаа дуусгаад Солонгостоо буцаж ирсэн л дээ. Залбирлаараа Испанийн сайн мэдээнд оролцож байгаа. Өвлийн жаварт хөлдсөн газрыг урин хаврын нарны элч хайлуулдаг шиг хүмүүсийн мөс мэт сэтгэлийг тэнгэр Эхийн халуун дулаан хайраар хайлуулахыг бид чин сэтгэлээсээ хүсэж байна. Үүрийн шүүдэр мэт залуусын хувиар Барселонд биеэрээ мэдэрч сурсан Бурханы хайрыг өдөр бүр хэрэгжүүлж, энэ үеийн сайн мэдээний үүргийг дуусгана гэдгээ амлан тангараглаж байна.