WATV.org is provided in English. Would you like to change to English?

Одоо бидэнд хэрэгтэй зүйл, “өршөөл” ба “уучлал”

Нөгөө хүнийхээ алдаа бурууг хаацайлж, бурууг нь уучлах нь тэр хүний төлөө мэт боловч эцэстээ өөрийнхөө төлөө хийж буй зүйл юм.

1273 Үзсэн тоо

Дээр үед эрдэм номтой хүмүүс барагтай бол уурладаггүй, өршөөж, уучилж, тэвчдэг байхыг сайхан чанар гэж үздэг байжээ. Гудамж замд байдаг чадлаараа орилох юм уу дүрсхийн уурлаж муудалцах нь дорд хүмүүсийн хийдэг соёлгүй үйлдэл байжээ. Тэгтэл хэзээнээс ч юм хэн нэгэн дуугаа өндөрсгөн ярих нь харин ч ноён шиг хүндлүүлж байгаагийн хэлбэр болж. Хорвоо ертөнц өөрчлөгдсөн гэхэд дэндүү өөрчлөгдөж дээ.

Хамтын ертөнцөд олон хүнтэй харилцаж амьдрахаар шархлах, шархлуулах зүйл их гарна. Хачирхалтай ч үнэндээ хүн өөрийнхөө бусдад хийсэн бурууг амархан мартчихдаг ч бусдын өөрт нь хийсэн бурууг санасаар байдаг. Тиймд хэзээ нэгэн цагт өшөөгөө авна гэж дотроо шийдэх нь ч бий. Тиймээс уур бухимдал эцэстээ өөрөө өөрийгөө л сүйрүүлэхэд хүргэдэг. “Anger (уур уцаар)” дээр ганц үсэг нэмэхэд “danger (аюул)” болох бөгөөд ширхэг шүдэнз уулыг бүхэлд нь шатаадгийн адил уур бүхнийг сүйтгэдэг.

Түр зуурын уураасаа болоод бүр гэр бүлийнхнээ ч хүртэл мартахын аргагүйгээр шархлуулж, хамаг амьдралаа сүйрүүлдэг хүн нэмэгдсээр л. Хүмүүс түргэн уураа барьж чадалгүйгээс болоод энэ ертөнц улам л аюултай болсоор байна. Ийм цаг үед бидний ар гэрийнхэнд хэрэгтэй байгаа зүйл бол уучлал, өгөөмөр сэтгэл, уужуу ухаан зэрэг юм.

“Байх л зүйл шүү дээ!” VS “Яаж тэгж чаддаг байна аа?”

Хүмүүс том зүйл гэхээсээ өчүүхэн зүйл дээр уурлах нь элбэг. Олон хүнийг үхэл рүү түлхсэн гэмт хэрэгтнүүдэд уурлахаас илүүтэй нийтийн тээврээр зорчиж байхад нь санамсаргүй хөл дээр нь гишгэсэн хүнд уурлана. Ард иргэдийн татварыг завшсан төрийн албан хаагчид гэхээсээ өөрийнх нь эд зүйлийг эвдсэн хүнийг уучлах хэцүү байдаг. Нүдээ эргэлдүүлэн царайгаа минчийлгэхээ нэг хором хойшлуулбал ихэнх нь юу ч биш зүйл байдаг. Уурласан шалтгаанаа нөгөө хүн уур хүргэсэн болохоор бус миний тэвчээр, ойлгох чадвар дутуугийнх биш байгаа гэж бодъё. Мөн нөгөө хүнийхээ үг, үйлдлийг ойлгохгүй хүлээн авч чадахгүй байгаа шалтгаанаа миний бодлын хэм хэмжүүрээс болоогүй байгаа гэдгээ бодъё.

Өчүүхэн, үл ялиг зүйлсээс болж өөрт буй энергиэ дэмий гарзадмааргүй байвал сэтгэлээ уужуу байлгаарай. Хийхэд хэлж байгаа шиг амархан биш байж мэднэ. Харин хэцүү үедээ нөгөө хүнээ ойлгон “Байх л зүйл шүү дээ!” гэж, бусдыг ойлгох чадвараа дээшлүүлцгээе. “Яаж тэгж чаддаг байна аа?” гэх бодол уур уцаар л төрүүлэхээс бус асуудлыг шийдэх зангилааг олоход ямар ч тус болдоггүй юм.

Мэдээж ямар нөхцөл байдал гэдгийг нь үл харгалзан бүхнийг ойлго гэсэн үг биш л дээ. Хүүхэд нь олон нийтийн газар гүйгээд байвал бусдад төвөг учруулна. Мөн томчуулд хүмүүжилгүй үйлдэл гаргахад нь “Байх л зүйл шүү дээ” гээд үг дуугүй хаацайлах нь буруу. Харин өөрөө жаахан тэвчихэд л болчих зүйл дээр, жаахан санаа тавихад л нөгөө хүнд эерэгээр нөлөөлж болох зүйл дээр бол өршөөнгүйгээр инээгээд өнгөрүүлцгээе.

Жишээлбэл заримдаа хань чинь уурлах үед “Яачихаад байгаа юм бэ? Надад яаж ингэж хандаж чадаж байна аа? Би тийм сул дорой харагдаад байгаа юм байх даа?” гэж бодвол зөрчилдөөн гарна. Харин “Нэг юм болсон бололтой. Ийм үе байх шүү дээ. Би жаахан тэвчээд, ханьдаа халуун дулаан хандъя” гэж бодоод, ханиа ойлговол ямар ч асуудал гарахгүй. Энэ мэтээр “Яаж ийм байж чадна аа?” гэх бодлоо орхин, “Ийм юм байх шүү дээ!” гэж бодох мөчид уур уцаар намжин уужирч, сэтгэл дотор чинь өршөөл уучлал гэгч цэцэг дэлгэрнэ.

Өршөөж, ойлгох нь хайр юм

Комик номны зураач болохыг мөрөөддөг нэгэн хүү байжээ. Тэр хүү мөнгөтэй болох л юм бол гэрийнхээ ойролцоох комик номын дэлгүүр рүү гүйдэг байв. Тэгтэл нэгэн өдөр шинээр ирсэн комик ном маш гоё санагдав гэнэ. Өнөөх хүүхэд өөрт нь таалагдсан нэг хуудсыг эзэнд нь мэдэгдэлгүй урж аваад, нууцаар гэртээ авчирч л дээ. Тэрнээс хойш нөгөө хүү дэлгүүрийн эзний царайг нь харж чадалгүй, комик номын дэлгүүр рүү ч явалгүй урж авсан зургаа хэд хэдэн удаа дуурайлган зуржээ. Цаг хугацаа өнгөрч, нөгөө хүү дахин комик номын дэлгүүрт очив. Юу ч мэдээгүй мэт дэлгүүрийн эзэн баяртайгаар угтсанд хүү сэтгэл нь амарсан байртай санаа алдаж, бага багаар зоригтойгоор номны хэд хэдэн хуудсыг ураад авч явж эхлэв. Гэвч “Олон хавар нэгэндээ” гэгчээр эцэстээ эзэнд нь баригдаж орхив. Айсандаа яах учраа олохгүй байсан хүүд дэлгүүрийн эзэн загнах нь бүү хэл, толгойг нь илснээ, “Чи чинь нөгөө комик номны зураач болохыг мөрөөдөгч биз дээ?” гэж хэлжээ. Номын дэлгүүрийн эзний өршөөнгүй уужуу сэтгэл өнөөдрийн Солонгосын алдартай комик номны их зохиолч И Хён Сэ хэмээх зураачийг төрөн гаргажээ.

Өөрт нь хохирол учруулсан хүнийг, итгэлийг нь алдсан хүнийг уучилна гэдэг амархан хэрэг биш л дээ. Нэг хүн “Хайрлаж байгаагийнхаа хэрээр уучилж чаддаг” гэж хэлсэн байдаг. Харин хайртай хэрнээ амархан уучилж чаддаггүй хүмүүс бол гэр бүлийнхэн. Бид үе үе бусдад өршөөнгүй хандчихаад гэр бүлдээ хүйтэн хөндий хандах нь бий. Өчүүхэн алдааг нь зүгээр өнгөрүүлчихгүй чичлэх нь ч бий. Ялангуяа хүүхэдтэй харьцахдаа тэгэх тохиолдол их. Харин хүүхдийн алдаанд хэтэрхий огцом түргэн зан гаргахаас зайлсхийх хэрэгтэй. Хүүхдийн гаргасан алдаанд удаан уурлах, эсвэл хөндлөнгөөс зүгээр ажиглаад өнгөрөхийн оронд асуудлыг шийдвэрлэх арга олох хүртэл нь хайраар зааж сургаарай.

Гэр бүлдээ өршөөнгүй хандаж чаддаггүй хүн өөр хэн нэгэнд чин сэтгэлээсээ өршөөнгүй хандаж чадах болов уу. Гэр бүлдээ би бусдад ханддагаасаа ч дор хандаж байна уу гэдгээ эргэн харж, хайрлаж байгаагийнхаа хэрээр тэдэндээ ууч сэтгэлээр хандацгаая. Нэгэнт ууч өршөөнгүй хандах гэж байгаа бол нөхцөл байдал, цаг үе ялгалгүй, зөв бурууг ялгах гэж цаг алдалгүй, сэтгэлд нь шарх, толбо үлдээхээсээ өмнө хэрэгжүүлье.

Бие биенээ уучлах шалтгаан

Шекспир “Бусдын алдаа бурууд өгөөмөр ханд. Өнөөдрийн гаргасан бусдын алдаа өчигдөр өөрийн тань гаргасан алдаа байсныг санаарай” гэж хэлжээ. Дэлхийн хаана ч гэм буруугүй, алдаж онож яваагүй төгс хүн гэж байхгүй байх. Хэн хүнгүй л төгс бус бөгөөд амьдрал янз бүрийн өөрчлөлт хувьслын үргэлжлэл болохоор үргэлж бие биенээ уучилж, дахин дахин өршөөж амьдрах хэрэгтэй.

Өнгөрсөн хугацаанд том жижиг алдааг маань далдалж, уучилж ирсэн хүнийг бодоцгооё. Гэр бүл, найз нөхөд, багш, ажлын хамт олон гээд эргэн тойронд тань байдаг бүхий л хүмүүс тэд юм шүү. Онцгойлон биднийг хамгийн ихээр уучилсан хүн бол төрүүлж өсгөсөн ээж аав маань. Багаасаа л, бүр өсөж томорсон хойноо ч бид эцэг эхдээ тоо томшгүй алдаа их гаргасан. Тэгсэн ч тэр тоймгүй олон алдаа дутагдлыг минь уучилсаар л ирсэн. Хүүхдүүддээ юм бүхнийг өгсөн хэрнээ л илүү ихийг өгж чадаагүйгээ гэмтэй мэт санаж, хүүхдүүдийнхээ өмнө харин ч буруутай мэт байдаг нь эцэг эх билээ. Тийм агуу хайраар нь хайрлуулсан байхад уучилж чадахгүй алдаа гэж бидэнд байхгүй юм шүү.

Библид биднийг арван мянган талант зээлсэн хүнтэй зүйрлэсэн. Арван мянган талантыг зуун жаран мянган жил ажиллаж байж олох мөнгө бөгөөд өөрөөр хэлбэл бид хичнээн хичээсэн ч төлөх боломжгүй өртэй хүмүүс билээ. Тэр асар их нүглийн өрийг Бурхан үнэ хөлсгүйгээр уучилсан. Тиймд бусдыг уучилж, өршөөх нь бидний хувьд зүйн хэрэг шүү дээ. Петрийг Есүсээс “Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу?” гэж асуухад “Долоон удаа бус, харин дал дахин долоон удаа” гэж Есүс хариулсан байдаг.

Уучлал бол авсан зүйлээ буцааж өгч байгаа хэрэг. Бидэнд хэн нэгний алдаа бурууг дэнсэлж, гэм бурууг нь уудлан гаргах эрх байхгүй. Харин биенээ хаацайлж, уучлах нь л бидний нэн тэргүүнд хийх ажил байх ёстой.

Заримдаа гэрийнхнээ ч үзэн ядаж мэднэ. Тэдэндээ дургүйцэж, уурлаж, гэрийнхэн тань биш байсан бол бүр нүүр бууруулах хэмжээнд уурлаж гомдох үе ч байдаг. Бүр халуун ам бүлийнхнээсээ нүүр бууруулж, танихгүй хүмүүс шиг амьдардаг хүн ч үнэндээ байдаг. Үзэн ядалт, уур хилэн, гомдол дургүйцэл гээд бүгдээс нь чөлөөлөгдөхийг хүсвэл, харилцаагаа сэргээх боломж байгаа дээр нь эхлээд өөрөө гар сунган, уужуу сэтгэл гаргаарай.

Нэг хүн “Үзэн ядаж, уурлах нь хорт могойд хатгуулсантай адил” гэж хэлсэн байдаг. Хорт могойд хатгуулсан үед хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол хорыг бүх биеэр тархахаас өмнө хорыг нь гадагшлуулах болохоос хатгуулсан хорноосоо өшөө авч, барих гэдэггүй. Өршөөл болон уучлал нь сэтгэлийн маань хорыг гадагшлуулах зүйл бөгөөд үр дүнд нь өөрийнхөө төлөө хийж байгаа сонголт ажээ.