Зүүн Европын цэвдэг газар нэгдмэл байдлын цэцэгс дэлгэрнэ

Паг Сон Хён / Чех, Прага

4,837 үзэлт

2019 оны эхээр Эх биднийг “Та нар нэгдэх л юм бол Европын сайн мэдээ сайн болно” гэсэн үгээрээ ерөөсөн юм. Одоо тэр жил нь өнгөрлөө. Зүүн Европт Эхийн үг яг айлдсан ёсоор нь биелж байна уу гэлтэй.

Өнгөрсөн хавар би Солонгост зөнчийн үүрэг хашиж байгаад Зүүн Европт байдаг Чех улс руу ирсэн юм. Европын сайн мэдээний хана тэр үед асар өндөр санагдаж билээ. Бурханы үгийг сурах гэхийн оронд өөрсдийнхөө мэдлэг, үзэл бодлоор бидэнтэй маргалдахыг хичээж байгаа хүмүүсийг хараад миний сэтгэл өвдөж, нөгөөтэйгүүр маш их талархаж, бас сүмээ авч явах гэж Чехэд удаан хугацаанд байсан солонгос гэр бүлүүдээ мөн сайн мэдээний төлөө хичээнгүйлэн зүтгэх чех гэр бүлүүдээ өрөвдөн хоолой зангирч билээ.

“Тэдэндээ яаж урам хүч өгье дөө, байз. Тэнгэрийн гэр бүлээ яаж олох уу?”

Зөнч хүний хувьд надад байсан энэ асуултын хариуг гэр бүлүүд хэдийн мэдэж байсан юм билээ. Тэд Европын сайн мэдээ хэцүү гэдэг урьдчилсан таамагт баригдаад байлгүй Эхийн үгэнд бат итгэх итгэлээр л үнэнийг идэвхтэйгээр тунхаглаж байлаа.

Итгэлийнхээ хандлагыг би өөрчилтөл олон зүйл өөрчлөгдлөө. Сар бүр шинэ гэр бүлээ олж, хэзээнээс ч юм долоо хоног бүр тэнгэрийн гэр бүл шинээр төрдөг боллоо. Удаан хугацаагаар ирэхээ болиод байсан гэр бүлүүд ч эргэж ирлээ. Гайхамшигт энэ үр дүнг хараад миний хараа тэлсэн дээ. Прагад нэг сүнс олох ч хэцүү гэж ярьдаг байсан гэр бүлүүд эрч хүч олж, Чех даяар Бурханы яруу алдрыг гаргахаар богино хугацааны тунхаглал өрнүүлэх төлөвлөгөө гаргав.

2019 оны 9 сард тэд богино хугацааны тунхаглалын баг гарган нэгдэв. Брно бол Прага хотын дараа орох Чехийн хоёр дахь том хот л доо. Мөн Яначекийн Хөгжмийн урлагийн академи зэрэг Зүүн Европт нэр хүндтэй их дээд сургууль олноор төвлөрсөн байдаг тул их сургуулийн хот гэдгээрээ ч танигдсан хот.

Энэ удаагийн богино хугацааны тунхаглал юу юунаас илүү онцгой байсан нь Словак Сионы гэр бүлүүд хамтдаа нэгдсэнд байлаа. Урьд өмнө огт очиж байгаагүй шинэ бүс нутагт сайн мэдээ тунхаглана гэдэг айхаасаа догдлох нь их байсан юм. Бид нэгдсэн юм чинь аргагүй шүү дээ. Чех, словак, солонгос нийлсэн арав гаруй гэр бүл байсан юм. Нийгмийн байдал, нас үе өөр өөр байсан ч Бурханы үг тунхаглах тангараг шийдвэрээр нэгдээд байсан тул бидэнд ялж чадахгүй зүйл гэж байсангүй.

Мөргөлийн хөтлөгч байхгүй байсан тул мөргөлийн өдрүүдийн хооронд цагийн хуваарь гаргах хэрэг гарч, бид Брнод ердөө 2 шөнө 3 өдөр л байсан. Ийм давчуу богино хуваарьтай байсандаа болоод ч тэр үү бид бүх зүрх сэтгэлээрээ тунхаглалаа. Брно хотынхон бидний шаналах сэтгэлийг олж харсан уу яасан эхэндээ Эх Бурханы тухай үнэнд сонирхолтой хандаж байгаа мэт байснаа сүүлдээ эргээд явчихна. Тэгж байгаад бид нэг эмэгтэйтэй таарлаа. Тэрээр үнэнийг хайж байж. Библид гэрчлэх Эх Бурханы оршихуйд баттай итгэх болсныхоо дараа тэр Бурханы хүүхэд боллоо. Богино хугацааны тунхаглалын сүүлийн өдөр нэг чех нэг словак гэр бүл хоёр маань өөр нэг хүн дагуулж ирэв. Хэдэн сарын турш нэг сүнс хөтлөх ч хэцүү байсан өнгөрсөн үеийг бодоход энэ бол үнэхээр гайхамшиг гэгч байлаа. Гэр бүлүүд маань “Эх сайн мэдээний хаалгыг өргөн нээж өгчээ” гэж хэлээд нулимс унаган байж билээ.

Богино хугацааны тунхаглалын дараа ч гэр бүлүүдийн маань халуун сэтгэл хөрөөгүй юм. Богино хугацааны тунхаглалд оролцсон гэр бүлүүд төдийгүй оролцоогүй гэр бүлүүд ч хүртэл хөрштэйгөө таарахдаа, мөргөлийн дараа харих замдаа гээд цаг л гарвал авралын зар тарааж байлаа. Словакт ч бас гэр бүлүүд маань сар бүр тэнгэрийн гэр бүлээ хөтөлж, богино хугацааны тунхаглалд дуртайяа оролцдог залуучууд багийнхан мундаг сайн мэдээний үйлчлэгч нар болоод Солонгост очиж, тэнгэр Эхээс хайр, ерөөл зөндөө авсан.

Хоёр орны итгэгчид богино хугацааны нэгдсэн тунхаглалыг сар бүр өрнүүлэхийг ихэд хүсдэг байсны ачаар 11-р сард хоёр дахь нэгдсэн тунхаглалаа өрнүүллээ. Гэр бүлүүд хэвээрээ байсан ч харин тэдний итгэл, шийдвэр зэрэг нь хүчтэй болсон байлаа. Орчин нөхцөлөөс болоод сайн мэдээний тунхаглалд оролцож чадаагүй гэр бүлүүд тунхаглалын багийг үдэж гарган, Брнод юу болж байгааг байнга асууж, тэдний төлөө хамтдаа залбирсан юм. Үүний дүнд тэд эхний өдрийнхөө өглөө нэгэн нандин сүнсийг хөтөлж, нийтдээ тэнгэрийн 3 гэр бүлээ олжээ.

Тэдний дунд Бурханы үгийг номхон хонь мэт сонсож, тэр даруй үнэнийг хүлээн авсан нэг эгч дүү шөнө дүл болтол Библи үзэж байгаад гэр рүүгээ явсан. Тэрээр мөргөлийн ерөөлийг ухаарснаас хойш Брногоос Прага хүртэл өглөө эрт гараад галт тэргээр 2 цаг хагас явдаг ч гэсэн Амралтын өдрийн мөргөлөө сахихаар ирсэн юм.

“Та бүхэнтэй уулзсандаа би маш их баяртай байна.”

Гэртээ харих замдаа тэр ийм мессеж бичсэн байв. Олон зовлон туулах үеэрээ гэр бүлүүдтэй таарснаа ярьж, дэндүү аз жаргалтай, баяртай харагдсан гэр бүлүүдэд татагдсан гэнэ лээ. Одоо тэр эгч дүү бүх мөргөлөө сахиж, Бурхан дотор жинхэнэ аз жаргалыг мэдэрч байгаа.

Хоёр удаагийн богино хугацааны тунхаглалын дараагаас итгэгчдийн тоо нэмэгдэж, ариун газар маань жижигхэн санагдах болов. Хэдхэн сарын дотор гэхэд боломжгүй байсан зүйл л дээ. Ийм огт өөр үр дүн гарсны нууц түлхүүр нь Эхийн үгийг хэрэгжүүлсэн гэр бүлүүдийн маань нэгдмэл байдалд байлаа.

Одоо бид гурав дахь удаагийн богино хугацааны тунхаглалаа хийж байна. Чех, Словак хоёр улс нэг орон байсан болохоор хэл нь адилхан, харилцахад асуудалгүй байсан юм. Энэ нь хамт ажиллахад маш таатай нөхцөл байдал байв. Бид хуваариа 6 өдөр болгон сунгаж, Брно дахь шинэ гэр бүлүүдтэйгээ хамт мөргөл сахихаар шийдлээ. Брнод гэр сүм байгуулахаар бэлдэж байгаа гэр бүлүүд байсан болохоор Брнод үзэсгэлэнтэй Сион байгуулагдлаа гэсэн мэдээг тун удахгүй сонсгоно хэмээн найдаж байна. Зөвхөн Брнод ч биш, Зүүн Европ даяар тарж бутарсан алдагдсан тэнгэрийн гэр бүлээ олох хүртлээ нэгдсээр байх болно.

Хүйтэн салхи хувцас нэвт жиндүүлэх өвөл байсан хэдий ч гэр бүлүүдийн маань зүрх сэтгэл хэзээ хэзээнээс илүүгээр халуу дүүгэж байсан юм. Ариун Сүнсний галаар болон үзэсгэлэнтэй нэгдмэл байдлын ачаар цэвдэг хөлдүү газар амийн цэцэг дэлгэрсээр. Бүхий л зүйл “Европын сайн мэдээ сайн болно оо” хэмээсэн Эхийн үгийн дагуу биелсээр.