WATV.org is provided in English. Would you like to change to English?

​Майхан баярын Ариун Сүнсээр

И Жон Хён / Солонгос, Инчон

6,600 үзэлт

Хэдэн жилийн өмнө эхнэр маань ажлын шаардлагаар таньдаг болсон нэгэн хэвлэлийн компанийн захирлыг “Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэнд урьсан юм. Тэрээр бидэнд Бурханы сүмийг мэднэ гээд, үзэсгэлэн үзээд сэтгэл нь их хөдөлж Библи сурлаа.

Тэгтэл энэ хүн Бурханыг үнэхээр хайж байсан хүн болж таарав. Тэрээр залуудаа гэрт нь орж ирсэн дээрэмчинтэй тулалдаж байгаад хүнд бэртэж, тухайн үедээ бараг үхэх шахсан байжээ. Тэр цагаас хойш Бурханыг болон үхсэний дараах амьдралыг тэрээр сонирхох болж, өөр олон сүмд явсан байв. Гэвч алинд нь ч итгэл төрөөгүй гэнэ. Тэгж байтал Бурханы сүмд үнэн байгаа юм шиг түүнд санагдаж, Библи судалсаар байсан аж. Бага багаар итгэлтэй болж байсан ч санаанд оромгүй юм болж гэрийнхэн нь түүнийг эсэргүүцжээ. Тэгээд Бурхан руу ирэх эсэхдээ эргэлзэх болж. Тэр үеэр нь манай эхнэр бид хоёр гадаад сайн мэдээнд явахаар болж, эргэж холбоо барилгүй удсан юм.

Өнгөрсөн намар бид Солонгостоо буцаж ирээд, өнөөх захиралтайгаа дахин уулзлаа. Бид түүнээс ямархуу байсныг нь асуун, Библи цааш нь сурахыг түүнд санал болгов. Цаг товлочихоод түүнийг хүлээж байх зуур намрын баярууд ч дөхөөд ирлээ. Тэгэхэд Майхан баяраар Эх “Одоо та нар Ариун Сүнс авсан юм чинь авралын зар тараагаад үзээрэй. Та нарын авралын зар тарааж байсан бусад үеэс өөр байх болно” гэсэн юм. Үүнийг сонсоод бид үнэнийг хүлээн авахад нь туслаач гэж нөгөө захирлынхаа төлөө Бурханд залбирлаа.

Товлосон өдрөө захирал Сион руу ирж, нухацтай гэгч нь Библи сурав. Хичээл үзсэнийхээ дараа бид түүнд авралын ерөөл авахыг санал болготол дуртайяа тэгье гэлээ. Ингэж хэлэхийг нь сонсоод бид санаа амарч, хүндээр санаа алдан, нүдийг минь нулимс бүрхээд ирж билээ. Бидний хүсэл биелсэн үнэхээр итгэмээргүй өдөр энэ байсан юм.

Идэвхгүй байсан захирал тэр өдрөөс хойш өөрчлөгдөн, шинэ хүн болж хувирав. Гадаад руу явахаасаа өмнө түүнд бэлэглэсэн номыг маань уншиж байхдаа олон зүйлийг сонирхсон гэнэ. Тэрээр хэзээ ч хамаагүй ирж болох эсэхийг, хэн нэгнийг дагуулж ирж болох эсэхийг, бас бид хэрхэн мөргөл тэмдэглэдэг эсэхийг асуулаа. Түүнийг хараад энэ бүхэнд бид гайхсан хэвээр л байлаа.

Удаан хүлээсний эцэст энэхүү нэг сүнсийг хөтлөх явцад Эцэг Эх маань бидний санаанд орсон доо. Бурхан хүүхдүүдийнхээ нэрийг алгандаа сийлснийг, огтхон ч мартдаггүйг санав (Иса 49:15-16). Хэдэн жилийн өмнө авралын ерөөл хүлээн авахаас татгалзаж байсан захирал Сион руу амархан гэгч нь ирж, Бурханы хүүхэд болон дахин төрлөө шүү дээ. Нэг сүнсийг марталгүй түүний төлөө залбирч байдаг тэнгэр Эхийн маань хайрын ач юм даа. Мөн сүүлийн борооны Ариун Сүнсийг бидэн дээр цутгасан Эцэгийн ивээлээр л ийм явдал тохиож байгаа хэрэг. Одоо би Эхийн “Энэ удаа өмнөхөөс өөр байх болно” гэж хэлсэн үгэнд нь бүх хүнийг аврагдаасай хэмээн хүсэж байгаа тэнгэр Эхийн хайр шингэснийг ухаарсан. Эхийн хайрыг байнга санаад, Ариун Сүнсний галыг бөхөөлгүй бүх зүрх сэтгэлээрээ нэг сүнс аврах болно оо.