#1 У Сын Гвон / Япон, Осака
Одоо коронавирусын улмаас сэтгэлээ ханатал сайн мэдээ тараах амаргүй болсон л доо. Харин “Цаг үе хүнд хэцүү байгаа тул гэр бүл, найз нөхөддөө илүү их хайр халамж үзүүлээрэй” хэмээсэн Эхийн үгийг дагаад “Сайн үр жимс гаргацгаая” хэмээх тунхаглалын наадам Япон даяар зохиогдлоо. Нэг эгч дүү уг тунхаглалын наадмын үеэр Бурхан руу ирсэн юм.
Тэрээр жаахан байхдаа аав ээж болон эгчтэйгээ Японы уламжлалт шашин шүтдэг байжээ. Харин тэнд ярьдаг сургаал номлол нь түүний хүсэлтэй зөрчилдөж, тэрээр юу ч олж аваагүй гэнэ. Гишүүдийнх нь ялзарсан, дарлангуй хэв маягт урам нь хугарч, тэрээр эгчтэйгээ өсөж том болсныхоо дараа өнөөх шашинд нь үнэн гэж юм алга гэсэн дүгнэлтэнд хүрч, улмаар тийшээ явахаа больсон байна. Хожим нь эгч дүү маань хаа нэгтээ байх ёстой үнэнийг хайж, нэлээн хэрэн хэссэн ч ороо бусгаа амьдрал дунд бага багаар шашнаас хөндийрсөн аж. Тэгсэн хэр нь Бүтээгч Бурхан байж л таараа гэсэн бодлоо орхиогүй гэнэ лээ.
Тунхаглалын наадмаар нэг сүнс ч болов аврал руу хөтлөх гэж туйлын хүчин зүтгэл гаргасан ажлынх нь хүнээр дамжуулан Бүтээгч Бурхан маань эгч дүүд авралын мутраа сунгасан юм. Ажлынхаа хүнээс Библийн үг сонсоод эгч дүү ихэд сонирхон сүм рүү иржээ. Үнэнийг гүн гүнзгий судалсныхаа дараа тэрээр алгаа ташаад, “Үнэхээр үнэн байна!” гэсэн аж.
Тэрээр нулимс дуслуулан байж баптисм хүртсэн байгаа юм. Тэгээд төрсөн эгч рүүгээ бөөн баяр болон залгаж, “Өнөөдөр би үнэнийг оллоо” гэж. Дүүгийнхээ мэдээг сонсоод эгч нь бас дүүтэйгээ цуг Сион дээр ирж Библи үзэн, Бурханы хүүхэд болж дахин төрсөн юм.
Дүү эгч дүү нь бас том, бага хоёр охиноо хөтөлсөн юм. Эгч дүүгийн бага охин нь цаг үргэлж “Ээж ээ, би тэнгэр элч байсан байхгүй юу. Бурхан надад онцгой хайр өгсөн” гэж хэлдэг байсан гэсэн. Мөн хол амьдардаг найздаа ч хүртэл эгч дүү маань авралын мэдээ тунхагласан байна. Утасны цаанаас Библийн талаар товчхон сонссон найз нь “Одоо би Бурханы үг сонсчихоод зүгээр суугаад байж чадахгүй нь. Би очлоо” гээд 620км газар туулан, буухиа галт тэргээр ирж үнэнийг хүлээн авсан.
Хүмүүс нүүр тулан уулзах ч боломжгүй цар тахлын үед ч Бурханы авралын төлөвлөгөө огтхон ч сааталгүй биелж байлаа. Корона гарсан талаар зарласнаас хойш Осакад 40 гаруй ах эгч дүү нар шинэ амиар дахин төржээ. Авралыг хүсэн хүлээж байгаа сүнс бүр ч олон байгаа даа. Нэг сүнсийг ч болов аврах гэсэндээ одоо болтол ажилласаар байгаа Эцэг Эхийн жишээг дагаад, бид амралтгүйгээр сайн мэдээ тунхаглах болно оо.
#2 Накано Мисако / Япон, Киото
Энэ Киотогоос ивээлтэй Сионы үнэр хуваалцаж байгаадаа баяртай байна.
Би ажлынхандаа хэд хэдэн удаа сайн мэдээ тараасан юм. Харин олонх нь шашны тухайд туйлширсан үзэлтэй, ихэнх нь Библид болон Бурханд сонирхолгүй байлаа. Зарим ажлынхан маань бүр намайг үгүйсгэж, христчүүдийн эсрэг сөрөг байр суурьтай болохоороо миний тунхаглаж байгаад тавгүйрхэж байгаагаа илэрхийлнэ. Хүмүүс коронавирус цар тахлаас болоод нэг нэгэнтэйгээ яриа хөөрөө дэлгэхээс ч зугтан зайлсхийж, энэ нь авралын мэдээ тараахад бүр л хүндрэлтэй болгож байлаа.
Харин тэр үеэр тунхаглалын наадам эхэлж, эргэлтийн цэг болох боломж гарсан юм. “Тэнгэрийн хаанчлалд орох хүртлээ бид сүнс аврах үүргээ зогсоох ёсгүй” гэсэн Эхийн үгийг хүлээн аваад би шинэ хүч олон, сүнс нэг бүрийг үнэ цэнэтэй гэж үзэн, бүх сэтгэл зүрхээрээ сайн мэдээ тунхаглах гэдэг байсан анхныхаа сэтгэлийг өөртөө сануулав. Тэгээд хэнд тунхаглах вэ хэмээн ойр тойрныхноо харж эхэлсэн л дээ. Харин өнгөрсөн үеийн бүхий л бүтэлгүйтэл болон сэтгэлээр унаж байсан маань санаанд орж ирээд байсан тул надад сайн мэдээ тараах урам зориг бүр ч их хэрэгтэй байсан юм. Бурханыг юм бүхэн дээр илүү түшиж, Бурхан л бидэнд үргэлж тусалдгийг бодон, Бурханд залбиран итгэл, урам зориг гуйн ойр тойрныхоо хүмүүст нэг нэгээр нь үнэнийг тунхаглаж гарлаа.
Ихэнх хүмүүс огт Бурханы үг сонсож байгаагүй болохоороо мэл гайхна. Сайн мэдээний сайхан үр жимс гаргана гэдэг хаа ч байсан хол санагдсаар л байлаа. Гэвч шантралгүй оролдсоор байсан тул Бурхан надад эрдэнийн чулуунаас ч үнэ цэнэтэй нэг үзэсгэлэнтэй үр жимс соёрхов. Ерөөл авсан хүн бол манай барилгын компанид ажилладаг ажилтан л даа.
Эхэндээ бид хальт нэг нэгэнтэйгээ мэндлээд, тэгээд би түүнээс миний дамжуулах үгийг сонсож болох уу гэж асуутал тэрээр дуртайяа сонсов. Ажил дээрээ жаахан зав л гарангуут би түүнд Бурханы үг тунхагладаг боллоо. Тэрээр миний муухан чадвар энэ тэрийг тоолгүй намайг анхааралтай гэгч нь сонсоод, Библи үнэн гэдгийг, Эх Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөв. Миний дамжуулж байгааг үргэлжлүүлэн сонсмоор байгаагаа хэлэхэд нь баярласныг яана.
Нэг өдөр тэрээр сэтгэлээ нээн, туулсан бүх хүнд хэцүү амьдралаа ярилаа. Эгч дүү хар багаасаа нэлээн хатуу ширүүн амьдрал туулсан байлаа. Хамаг өнгөрсөн түүхээ нулимс унаган ярьсныхаа дараа тэрээр “Хамаг юмаа танд ярьчихсан чинь сэтгэл сайхан болчихлоо. Аврагдчихсан юм шиг санагдаж байна” гэхээр нь би “Бурхан л бидний шархалсан сэтгэлийг тайвшруулна” гэж хариулсан юм. Тэрээр Бурханы хүүхэд болмоор байгаагаа огт дургүйцсэн шинжгүй хэлж, гурав дахь өдрийн мөргөл эхлэхээс өмнөхөн Сион руу ирээд авралын амлалт авч, сүсэглэл бүхий төрхтэйгөөр мөргөл тэмдэглэсэн юм даа.
Түүнийг Сион руу хөтөлсөндөө би Елохим Бурхандаа үнэхээр их талархсан. Бурхан дотор тайвшрахыг хүсэж, тэнгэрийн хаанчлалыг хүсэн хүлээх эгч дүү шиг маань сүнснүүдийг уйгагүй хайх нь Бурханы надад өгсөн үүрэг даалгавар гэж би мэднэ ээ. “Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно” (Иса 60:22) гэсэн Бурханы зөгнөл Япон орон даяар биелэгдэх хүртэл би шантралгүйгээр сайн мэдээг тунхаглан мэдүүлэх болно.
Шинэ ондоо Япон орон даяар, цаашлаад дэлхий даяар итгэл найдвар, ерөөл бялхаж, мөн бүх хүн авралын мэдээ сонсож, махан биеэр ч, сүнсээр ч амар тайвныг олоосой хэмээн би залбиран байна.