Үр жимс их гаргая гэвэл

47,485 үзэлт

Сүнс аврах халуун сэтгэлтэй Сионы гэр бүлүүд маань нэгдээд, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхагласан газар болгонд нь ивээлийн үр жимснүүд гарсаар байна.

Сүнсний үр жимс гаргая гэвэл юун түрүүнд бид Бурханы хүслийг биелүүлэх хэрэгтэй. Бүр олон үр жимс гаргахыг хүсэж, Бурханаас гуйдаг бидэнд зан чанар маань Бурханы мэлмийд зөв гэж тооцогдох зохистой дүр төрхөөр өөрчлөгдөх үед л бүр олон цэвэр буудай үр жимс гаргаж чадна хэмээн Бурхан зааж өгсөн. Эдгээр сургаалыг дахин санаж, үр жимс их гаргадаг нууцын талаар илүү их мэдэж авцгаая.

Бурханы дотор байгтун

Есүс усан үзмийн модны сургаалт зүйрлэлээрээ их үр жимс гаргах нууцыг зааж өгсөн. Тэрээр биднийг Бурханы дотор байвал их үр жимс гаргана хэмээн айлдсан байдаг.

“… Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс гаргана. Учир нь Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. … Та нар их жимс гаргаж, Миний шавь нар болоход Эцэг минь алдаршина.” Иох 15:1-8

Үр жимс их гаргана гэдэг бол Бурханы нүдэнд үзэсгэлэнтэй, ивээлтэй үйлс юм. Биднийг сүнсний үр жимс их гаргавал Бурхан алдаршина хэмээсэн байна.

Үр жимс гаргахын тулд Самари болон дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тараахад хичээх хэрэгтэй. Сайн мэдээ бол төгс, мөн ертөнцийн бүх хүнийг аврах эрх мэдэлтэй. Харин сайн мэдээний үйлчлэгчид болох бидний зан чанар Христийг дуурайхгүй, одоо хэр нь ертөнцийн хирэндээ баригдсан хэвээр байгаа бол бидний тунхаглах сайн мэдээнд хүмүүс ивээлтэйгээр хариу үзүүлэхгүй.

Сайн мэдээ тараагч “би” өөрөө ямар байр байдалтай болж байж сонсогч хүн ивээлтэйгээр хүлээн авахыг бодож үзэцгээе. Хичнээн цэвэр тунгалаг булгийн ус байлаа гээд бохир заваан саванд байвал ам нь цангасан хүн ч хүртэл түүнийг цэвэр ус гэж тооцохгүй, уухгүй. Сайн мэдээг шилмэл гэсэн байдаг. Тиймд сайн мэдээ тунхаглаж буй бидэнд түүнд нь тохирсон эрхэм чанар байхгүй бол яаж бусдад үнэ цэнэтэйгээр тунхаглаж чадах билээ?

Бид одоо Бурханы өмнө үзэсгэлэнтэй үр жимс олныг гаргадаг мөчир болон бэлтгэгдэх хэрэгтэй. Ингээд бидэнд байх ёстой зан чанаруудын нэг болох “тэвчээр” гэгчийн талаар эхлээд бодож үзэцгээе.

Тэвчээрээр амиа олж авна

Бидний итгэл сүсгийн байдлыг Есүс үр цацах сургаалт зүйрлэлээр тайлбарлаад, тэвчиж байж үр жимс гаргана гэдгийг ч мөн зааж өгсөн.

“Сургаалт зүйрлэлийн утга нь ийм юм. Үр нь Бурханы үг. … Сайн хөрсний тухайд бол эдгээр нь үгийг сонсоод шударга зөв зүрхэндээ нандигнаж, тэвчээртэй байж, үр жимсээ өгөгсөд юм.” Лук 8:11-15

Зам хавиар, эсвэл чулуурхаг хөрсөн дээр, хогийн ургамалтай адил сэтгэл дээр унасан үр нь үр жимс гаргаж чадахгүй ч, харин сайн хөрсөнд соёолсон үр нь сайн, сайхан сэтгэлээр Бурханы үгийг сонсон дагаж, тэвчээрээр үр жимс гаргана гэж айлдсан байна. Сэтгэлээ гуч, жар, бүр зуу дахин үр жимс гаргадаг сайн хөрс болгохын тулд бидэнд зайлшгүй тэвчээр хэрэгтэй.

“… Та нар өөрсдийн тэвчээрээр амиа олж авна.” Лук 21:10-19

“… Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй.” Евр 10:32-36

Тэвчээртэй байдлаас ивээлтэй үр дүн гардаг. Үр цацчихаад үр дүн нь тэр даруй харагдахгүй байна гээд талбайгаа сэндийлж орхивол хэрхэн үр жимс гаргаж чадах билээ? Тариачин хүн үр жимс авахын тулд үр нь соёолон цэцэглэж, үр жимсээ өгөх хүртэл нь тэвчээртэйгээр хүлээдгийн адил бид ч мөн тэвчээртэй байх хэрэгтэй. Эцэст нь сайн хөрсөнд унасан үрнээс их үр жимс авахад тэвчээр бол зайлшгүй хэрэгтэй үндэс суурь нь болдог гэж болно.

Бурханы бидэнд амласан амлалт бол мөнх амь (1Иох 2:25). Энэ амлалтыг авахын тулд мөн л тэвчээр хэрэгтэй гэсэн учраас бид бүгдэд тэвчээр хэрэгтэй. Бурханы хүүхдүүдийн хувьд сайн мэдээний илүү үзэсгэлэнтэй үр жимс гаргах хэрэгтэй. Тэгж гэмээнэ бид Бурхандаа агуу яруу алдар өргөн, мөнх амийн хуваалцагч болох билээ.

Цочмог ууртай нь мунхаг хүн

Тэвчээр олон янз. Тэр дунд ялангуяа уурлахыг тэвчих нь хайр болон амар амгалан гэх Ариун Сүнсний үзэсгэлэнтэй үр жимс гаргуулдаг. Манай Сионы гэр бүлүүд уур уцаараа сайтар тэвчиж, гэртээ ч, сүмдээ ч амар тайвныг бий болгоцгооё. Хэдий чинээ тэвчээртэй болно төдий чинээгээр Бурхан бидэнд улам олон үр жимс соёрхоно.

“Цочмог ууртай нь мулгууг үйлдэх. Баширыг сэдэгч үзэн ядагдах.” Сур.Үгс 14:17

“Уурлахдаа удаан нь ухаан дүүрэн. Түргэн зантай нь мунхаглалыг дээдэлнэ.” Сур.Үгс 14:29

“Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос ч дээр. Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс ч дээр.” Сур.Үгс 16:32

Сургаалт үгс номонд уурлахдаа түргэн хүнийг мулгуу хэмээн дахин давтан хэлжээ. Цочмог ууртай хүн мунхаг үйлдэл гаргасныхаа эцэст өөрийгөө зэмлэж, харамсах нь гарцаагүй. Уураа хянадаг тэвчээртэй, биеэ барьж чаддаг байж Бурханд яруу алдар ихэд өргөх юм.

Бурхан уурлахдаа удаан. Бурхан бол усан үзмийн мод, бид мөчрүүд. Гэтэл бид цочмог уурлаад байвал хэрхэн Бурханы дотор байдаг мөчир гэгдэх билээ? Бурханы дотор байвал их жимс ургуулна хэмээсэн тул үр жимс гаргахыг хүсэж байгаа л бол бурхан чанарыг хуваалцагч болж, уураа барьж сурах хэрэгтэй.

Уур хүрэм, тэвчихэд бэрх нөхцөл байдал тулгарсан ч эхлээд тэвчээртэй байж, 10 хүртэл тоолоод үзээрэй. Уур хүргэх нөхцөл байдал гарахгүй байна гэж байхгүй. Гэвч түүнийг тэвчиж, давж чаддаг хүн бол мэргэн ухаантай, цэцэн хүн болно.

Ах дүүдээ хилэгнэгч нь шүүхийн өмнө буруутай

Бурхан хүүхдүүдээ бурхан чанарыг хуваалцагч байгаасай гэж хүсдэг (2Пет 1:4). Бурхан чанарыг хуваалцагч байж чадахгүй, ертөнцийн муу зан чанараасаа салж чадахгүй бол Бурханы хаанчлалд орж чадахгүй гэсэн аймшигт үг ч байдаг.

“… Харин Би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ “Хоосон толгой” гэж хэлсэн хэн боловч Зөвлөлийн өмнө буруутай. “Мунхаг” гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор буруутгагдах болно.” Мат 5:21-22

Ах дүүдээ хилэгнэж, доромжилдог хүн галтай тамд орно хэмээсэн. Энэ нь үнэхээр Бурхан бидний авралын төлөө хэлсэн үг юм. Бид авралын ажлаа гүйцэлдүүлэхээр сэтгэлийг маань цэвэршүүлэгч Бурханы хүслийг ухаарч, дуулгавартай байх хэрэгтэй.

Энэ цаг бол тэнгэрийн хаанчлалын гэр бүлүүд маань бие биенээ хайрлаж, бурхан чанараар дахин төрөх ёстой үе юм. Одоо хэр нь тэвчээргүй, түргэн зан, уур омгоо урьтал болгодог ертөнцийн зан нь хэвээрээ байгаа хүн тэнгэрийн хаанчлалд найдалтгүй.

“Ууранд баригдсан хүнтэй бүү нөхөрлө, түргэн зантай хүнтэй бүү нийл. Учир нь чи түүний замаар суралцаж, өөрийгөө занганд оруулуузай.” Сур.Үгс 22:24-25

“Хилэн ихтэн торгуулиа хүртэнэ. Хэрэв түүнийг аварваас чи үүнийгээ дахих буй заа.” Сур.Үгс 19:19

Бурхан биднийг уур уцаар ихтэй, түргэн зантай хүнтэй бүү нөхөрлө, бүү нийл гэж айлдсан. Тийм хүнийг хүнд нөхцөл байдлаас нь гаргаж өгсөн ч тийм хүмүүс дахиад л уурлаж, алдаагаа дахин давтдаг. Хүн уурлахаараа биеэ барих, биеэ хянах ухаанаа алдан, мунхаг үйлдэл гаргадаг.

Уур хилэнгээс бий болох мунхаглал ба сүйрэл

Арамын цэргийн ахмад Нааман зарц нарынхаа зөвлөгөөг хүлээн авснаараа мунхаг үйлдэл гаргахаас арай ядан хэлтэрсэн байна.

“… Ингээд Нааман морьд, тэрэгнүүдтэйгээ ирж, Елишагийн гэрийн үүдэнд зогсов. Елиша түүнд элч явуулан —Явж, Иорданд долоон удаа угаа. Тэгвэл махбод чинь эргэн сэргэж, цэвэршинэ гэж хэлүүлэв. Харин Нааман хилэгнэн уурлаад холдон явахдаа… Тэрээр эргэж, уурласаар буцав. Тэгтэл зарц нар нь ойртож ирээд, түүнтэй ярин, түүнд —Эцэг минь, тэр эш үзүүлэгч илүү бэрх зүйлийг танаас нэхсэн бол та хийхгүй байх байсан гэж үү? Гэтэл тэр танд зөвхөн “Угаа, цэвэрш” гэж байхад та харин хийх бус уу? гэцгээхэд Нааман уруудан явж, Бурханы хүний үгийн дагуу Иордан голд долоон удаа булхав. Түүний бие махбод залуу хүний бие махбод мэт эргэн сэргэж, тэрээр цэвэршив.” 2Хаа 5:1-14

Уяман өвчнөө эмчлүүлэхээр Израильд хүрч ирсэн Нааман эш үзүүлэгч Елишаг өөртэй нь шууд нүүр тулан уулзалгүй, ердөө үг дамжуулсанд дүрсхийн уурлаад, буцжээ. Өчүүхэн хэрэгт юун түрүүнд уурлаж, ирсэн зорилгоо ч умартаж, зөв бурууг ялгах чадвараа алдав. Азаар зарц нар нь зөв бурууг нь ялган хэлж, ятгаж, тэрээр Елишагийн үгийг дуулгавартай дагасны үр дүнд уяман өвчин нь эдгэрчээ.

Уурлаж догширвол зөв бурууг ялгах чадвараа алддаг. Тиймээс Бурхан “Түргэн ууртай хүнээс илүү мунхаг хүн байхгүй” хэмээн онцолж, хүүхдүүддээ сургадаг юм.

Одооноос дүрсхийн уурладаг мунхаг үйлдэл гаргахгүй байх нь дээр. “Хөршөө хайрла”, “Ах дүүсээ өөрийн бие шигээ хайрла” хэмээсэн айлдлыг үргэлж санаж, Сионы гэр бүлүүд бүгдээрээ уур хилэн гэдэг мунхаг үйлийг хайраар ялж гарцгаая.

Уур хилэнгээсээ болж буцаахын аргагүй мунхаг явдал үйлдсэн Саул хааны жишээг хамт үзье.

“… Давид өнөөх филист хүнийг устгаад, бүгдээрээ буцаж ирэхэд эмэгтэйчүүд Израилийн бүх хотуудаас гарч ирэн хэнгэрэг болон хөгжмийн зэмсэг барин, дуу дуулан бүжиглэж, хөл хөөрцөг болон Саул хааныг угтав. Эмэгтэйчүүд тоглон —Саул мянгыг, Давид түмийг алав гэж дуулалдав. Тэгэхэд энэ үг Саулын дургүйг хүргэсэн тул тэр ихэд уурлан —Тэд Давидад түмийг хамааруулж, надад мянгыг өгөв. Одоо түүнд хаанчлал л дутуу байх шив! гэжээ. Саул тэр өдрөөс хойш Давидыг нүд үзүүрлэх болов. Дараа өдөр нь Бурханаас ирсэн муу сүнс Саул уруу хүчтэй дайрч, …” 1Сам 18:5-10

Ард түмэн Саул, Давидыг хоёуланг нь магтсан ч, Саулаас илүү Давидад хамааруулсанд нь тэрээр дургүйцэж, ихэд уурлажээ. Удирдлаган доорх жанжин нь гарамгайгаас улс орон нь улам хүчирхэгжвэл бүхий л гавьяа зүтгэл эцэстээ хааных болох нь мэдээжийн хэрэг. Гэвч хардсандаа нүд нь сохроод, түргэн уурласнаас нь болоод Ариун Сүнс биш муу сүнс түүн рүү дайрсан байна.

Эцэст нь Саул Бурханы ивээлээс салж холдоод, эмгэнэлтэйгээр төгссөн. Библид Бурхан “Саулыг Израилийн хаан болгосондоо харамсав” хэмээн тэмдэглэсэн байдаг (1Сам 15:35). Уур хилэн нь бүхий л золгүй явдлынх нь гол учир шалтгаан байсан юм.

Хайр уурладаггүй

Хайр тэвчээртэй, энэрэнгүй, атаархдаггүй, үнэнд баярладаг хэмээсэн. Бид Сионы ах, эгч дүү нарын ажил бүтвэл баярлаж, болж бүтсэн аливаа ажилд нь чин сэтгэлээсээ баяр хүргэх хэрэгтэй. Бусад гэр бүлийн бүтэлтэй болсон бүхий л ажил Эцэг, Эхэд маань яруу алдар болдог бус уу?

Бурханы хүүхдүүд бие хүний тал дээр ч, итгэлийн тал дээр ч сайн хүн болох хэрэгтэй. Эхийн сургаалд айлдсанчлан ах, эгч дүү нарынхаа бүхий л алдааг тэвчиж чадах далай шиг уужим сэтгэлтэй болцгооё.

“ЭЗЭН ингэж айлдаж байна. “Едомын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэр өрөвдөх сэтгэлээ гээж, ах дүүгээ илдтэй мөрдсөн. Уураа үргэлж хадгалсаар хилэнгээ тэр үүрд байлгасан.” Амо 1:11

Бурхан амархан уурладаг хүнд баярладаггүй. Ийм хүмүүс дээр Бурханы уур хилэн ба ял шийтгэл буудаг гэсэн.

Ертөнцийн жигшмээр үйлдлүүдийг бүгдийг нь хаяцгаая. Ертөнцөд бусдын золгүй явдлыг өөрийн аз гэж үздэг хүмүүс байдаг л даа. Харин бид тийм байж болохгүй. Бид бүгдээрээ Христ дотор нэг болсон тэнгэрийн хаанчлалын гэр бүл. Тэнгэрийн хаанчлалын гэр бүлүүдэд “Ах дүүс бие биенээ хайрла” гэсэн сургаал л байдаг. Нэг нэгэндээ уурла гэсэн сургаал байдаггүй.

“Хайрт ах дүү нар минь, үүнийг мэдэгтүн. Хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэнд хойрго байг. Учир нь хүний уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй юм.” Иак 1:19-20

Уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй хэмээн айлдсан. Тийм болохоор хайр бол уурлаж зэвүүрхдэггүй (1Кор 13:5). Бүгдээрээ тэнгэр Эцэг, Эхийн сургаалын дагуу тэнгэрийн хаанчлалд найдвараа тавин, бурхан чанарыг хуваалцагч болохын төлөө итгэл дээрээ сайн чанарыг, сайн чанар дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ өөрийгөө захирахуйг, өөрийгөө захирахуй дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ итгэл сүсгийг, итгэл сүсэг дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатгадаг Бурханы сайхан хүүхдүүд болохыг хүсэж байна (2Пет 1:4-8).

Тэвчээр болон хайраар гаргадаг үр жимс

Хэд хоногийн өмнө нэгэн шинжлэх ухааны байгууллагаас дурлалт хосуудаас 12 хосыг сонгон цуглуулж, бие организмын өөрчлөлттэй холбоотойгоор туршилт явуулжээ. Үүний үр дүнд, дурлавал эрэгтэй хүний биед эр гормон нь огцом буурч, харин эмэгтэй хүний биед эр гормон бий болдгийг мэдсэн гэнэ. Судалгааны баг энэхүү байдлыг бие биеэ дуурайх гэснээс бие организмд нь аяндаа гарсан өөрчлөгдөх явц гэсэн дүн шинжилгээ хийжээ. Дурлах л юм бол бие биетэйгээ сэтгэл нэгтэй болохын төлөөх бие организмд ч мөн өөрчлөлт гардаг гэнэ.

Өөрийн зангаа дарж, нөгөө хүндээ тааруулах гэж хичээх нь хайр юм. Өөрийн хэв маяг болон гөжүүд зангаа, мөн өөрийн бодол санаагаа хэрэгжүүлж чадаагүйдээ уурлаад байж болохгүй. Өөрийнхөөрөө зүтгээд байвал уур хилэн бий болж, үл ойлголцол төрнө. Харин өөрийн зангаа дарж, нөгөө хүнийхээ бодлыг хүлээж авбал аяндаа адил сэтгэлтэй болж, “Бие биеэ хайрла” гэсэн Бурханы тушаалыг дуулгавартай дагаж чадна.

Тэнгэр Эцэг, Эхийн золиосоор олдсон ах дүү, эгч дүү нар минь шүү дээ. Ах, эгч дүүдээ мэдэхгүй зүйл байвал зааж өгч, өөрөөсөө илүү сайн болгоё гэж тусалж, өөрөөс тань илүү сайн хийвэл урмын үг, магтаалыг харамгүй хэлээрэй. Зан чанарынхаа тал дээр Бурханыг дуурайж, тэнгэрийн хаанчлалын толбогүй, өө сэвгүй, үзэсгэлэнтэй гэр бүлүүд болоорой.

Уурлавал Бурханаас холдож, муу сүнсэнд дайруулдаг. Уур хилэнгээ тэвчин, инээж чаддаг хүн Бурханы дотор орших ба Бурханд тааламжит төгс бүтээл болж, үр жимс ихийг гаргаж чадна. Сионы гэр бүлүүд бүгдээрээ тэвчээр болон хайраар үзэсгэлэнтэй үр жимс олныг гаргахыг хүсэж байна. Үр жимсний ерөөл их аваарай.