Бидний явах тэнгэрийн хаанчлал

18,255 үзэлт

Хуучин оноо үдэж, шинэ онтой золголоо. Тэнгэрийн найдвар соёрхсон Бурхандаа дахин талархал өргөе.

Хожим очих газраа мэдэхгүй хүмүүс харвасан сум шиг өнгөрөх цаг хугацааг эргэн харж, харуусал, хоосон дотор гансарна. Харин шинэ гэрээний үнэн дотор байгаа ариун хүмүүст бол мөнхийн тэнгэрийн хаанчлал улам ойртож байгаа учраас илүү ихээр Бурханд яруу алдрыг өргөн, талархаж, Бурханы хаанчлалд орохдоо дутуу зүйлгүйгээр бэлтгэх ёстой гэж боддог.

Хожим очих тэнгэрийн хаанчлалын талаар Библиэс судалж үзэнгээ тэнгэрийн хаанчлалыг баяртай сэтгэлээр хүлээж, энэ газарт өгөгдсөн амьдралаа өдөр болгон утга учиртай өнгөрөөн, урам зоригтой амьдардаг Сионы гэр бүлүүд болохыг хүсье.

Цагийг ашиглаж юу үлдээх вэ?

Хүн мөнгө зарвал үр дүнд нь олж авдаг зүйл бий. Орон байр авч, хүссэн хоол, эд бараа худалдаж авдаг. Тэгвэл Бурханы бидэнд өгсөн амьдрал хэмээх цагийг зарцуулахдаа бид юу олж авч байгаагаа бодож үзэх хэрэгтэй юм.

Цагаа хаа нэгтээ бүгдийг нь зарцууллаа ч олж авсан зүйл байхгүй бол тэрхүү амьдрал нь Соломоны хэлснээр “Хоосноос хоосон агаад хоосны хоосон, бүгд хоосон ажээ” (Ном.Үгс 1:2) гэдэг нь болно. Хүмүүс нэг юманд хөрөнгө оруулчихаад түүнээсээ ашиг олохоороо үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт боллоо хэмээн дүгнэдэг. Бидэнд оногдсон цаг хугацааны хөрөнгө оруулалт ч мөн үүнтэй адил юм. Өнгөрсөн нэг жил хэмээх цаг хугацааг зарцуулсан бол үүний үр дүн нь байх ёстой. Тэрхүү цаг хугацаанд тэнгэрийн хаанчлалын шагнал их хурааж, мөнхийн юмсын төлөө хичээнгүйлэн бэлдсэн хүн байхад зөвхөн хоосноос хоосон юмны төлөө ашиглаж юу ч олж авч чадаагүй хүн ч бий.

Цаг хугацаа харвасан сум шиг нисэн өнгөрч, нэг л мэдэхэд залуу нас ард хоцорч, цал буурал болоод мөнхийн гэртээ буцан одох үе хаяанд нь ирчихээд байхад хүртэл Бурханы хаанчлалын оршихуйг мэдэх ч үгүй амьдарч яваа хүн үнэхээр олон. Александр хаан үхэхээсээ өмнө жанжнууддаа өөрийнх нь хоосон гарыг авсны гадна гаргаарай хэмээн гэрээслэл үлдээсэн гэдэг. Залуу насаа бүрэн зориулаад үй олныг хүйс тэмтэрч, олон улс орныг эзлэн, хүссэнээ бүгдийг нь олж авсан атал эцэстээ өөрийнх нь эзэмшил ердөө гурван алд булшны газраас хэтрэхгүй болохыг ухаарч, амьдралд хоосон ирээд хоосон буцдагийг харуулъя гэсэн нь тэр ажээ. Түүний адил олон хүн хоосноос хоосон амьдралд хөрөнгө оруулаад юу ч олж чадалгүй, эцэс сүүлд нь бүх зүйл хоосон юм хэмээн санаа алдан харуусдаг байна.

Бурхан зөвхөн харагдах ертөнц бус үл харагдах ертөнцийг ч бүтээсэн. Энэхүү үнэнд итгэдэг бид хоосноос хоосон зүйлд цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулахын оронд хожим очих жинхэнэ Бурханы хаанчлалын төлөө шамдан зүтгэх хэрэгтэй юм.

Амьдралаараа хөрөнгө оруулан тэнгэрийн хаанчлалыг худалдаж авсан хүмүүс

Бурхан хайртай хүүхдүүдийнхээ төлөө тэнгэрийн хаанчлалд бүгдийг бэлдсэн. Хүүхдүүддээ зөвшөөрөх тэрхүү яруу алдар ба ерөөл нь хүний хэлээр илэрхийлшгүй, хүний бодлоор төсөөлшгүй, хамгийн агуу эрхэм зүйл юм.

“Гэвч “Нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичигдсэн ёсоор болжээ.” 1Кор 2:9

Бурхан бидэнд хүний төсөөлдөг ерөөлийг биш, бүр яаж ч төсөөлсөн түүнээс нь ангид, илүү агуу ерөөлийг бэлдэж байгаа гэсэн билээ. Хосгүй нандин, эрхэм чухал зүйл бэлтгэж байгаа учраас бид амьдрал хэмээх цагийг ашиглах хугацаандаа тэнгэрийн хаанчлалыг заавал олж авцгаая.

Бурхан 2000 жилийн өмнө энэ газарт ирээд биднээс хүссэн зүйл нь эрдэнэ адил тэнгэрийн хаанчлалыг худалдан аваарай гэсэн үг байв.

“Тэнгэрийн хаанчлал нь талбайд нуусан эрдэнэ адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна.” Мат 13:44

Талбайд нууцалсан эрдэнийг бүрэн олж авахын тулд өөрт байгаа бүхнээрээ хөрөнгө оруулан, тэр талбайг худалдаж авсан нь бидний мөнхийн тэнгэрийн хаанчлалд бэлтгэж байгаатай адил юм. Бидний олж авах мөнхийн тэнгэрийн хаанчлалын ерөөл, бидний эдлэх хаан тахилчийн үүрэг… Энэ бүхэн цөм нууцлагдсан эрдэнэ юм.

Тэнгэрийн хаанчлалыг худалдан авна гэдэг нь хичнээн сайхан хэрэг билээ? Бид хэдийнээ Бурханы амласан амлалтын үгээр Бурханы хаанчлалыг худалдан авч тавьсан. Огт өөрчлөгдөшгүй шинэ гэрээний сайн мэдээгээр Бурханы хаанчлалыг өвлөн авах өв залгамжлагч болсон (Ефе 3:6 үзэх).

Хүмүүс цаг хугацаагаараа хөрөнгө оруулаад юу ч олж авч чадаагүй байтал бид сүнслэг хөрөнгө оруулалтыг баттай хийж байна. Бурхан руу буцаж ирснээс өөр юм хийгээгүй бидний төлөө Бурхан үнэхээр их зүйл бэлдсэн. Мөнх амь, мөнхийн тэнгэрийн хаанчлалыг ч бүгдийг нь аваарай хэмээн бидний хөрөнгө оруулсан зүйлийг хэдэн зуун сая дахин буцаан төлж байгаа билээ.

Тэнгэр дэх мөнхийн баяр хөөр, сүр жавхлан

Тэнгэрийн орон бол өдөр бүр баяр баясал бялхах аз жаргалтай газар. Бурхан энэхүү байдлыг нуусан эрдэнэтэй адилтгасан сургаалт зүйрлэл хэлж өгөөд, итгэлийн өвгүүдийн тэмдэглэлүүдээр харуулж өгсөн юм.

“Эрт цагийн үйлсээсээ өмнө, замынхаа эхнээс авахуулан ЭЗЭН намайг бүтээсэн. Өнө мөнхөөс, газрын цаг хугацааны эхлэлээс Би тогтоогдсон байсан. … Тэнгэрийг бүтээж, оёоргүй гүний гадаргуу дээр тойрог хязгаарыг сийлж байхад Би тэнд байсан. Дээр нь огторгуйг тогтоох үед мөн оёоргүй гүний булгууд бий болоход, тушаалыг нь ус зөрчихгүйн тулд тэнгист зарлигаа тогтоож байхад, газрын суурийг тавихад Би тэнд байсан юм. Би тэгэхэд хажууд нь урлаач, өдрөөс өдөрт бахдал нь байж өмнө нь үргэлж баярлаж байсан.” Сур.Үгс 8:22-30

Сургаалт үгс номын зохиогч Соломон газар дэлхий бий болохоос өмнө өөрийнх нь сүнс хэдийн төрсөн байсныг, тэр үед амьдарч байсан Бурханы хаанчлал өдөр бүр баяр бахдал бялхсан газар байсан гэдгийг хэлж өгсөн. Бурханы хаанчлалыг илчлэлтээр харсан элч Иохан ч мөн тэр газар хичнээн үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болохыг дүрслээд, ертөнцийн алив зүйлийг алдсан ч Бурханы хаанчлалыг хэрхэвч алдаж болохгүй гэдгийг сургамжилсан байдаг.

“Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ. Сэнтийд Залрагч —Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна гээд —Бичигтүн, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн гэв.” Илч 21:4-5

“Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах болор мэт гялалзсан, амийн усны голыг үзүүлсэн нь гудамж дундуур урсаж байв. Голын хоёр талд арван хоёр төрлийн үр жимс ургуулан, сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгээхийн тулд байв. Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба Хурганы сэнтий тэнд байж, зарц нар нь Түүнд үйлчилнэ. Тэд Түүний царайг харна. Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед хаанчилна.” Илч 22:1-5

Энэ газрын амьдралд туйлдаж, найдварын дэн бүдгэрэх үедээ дээрх сургаалыг уншаад үзээрэй. Энэ газар бол хожим бидний явах ертөнц. Тэнд гашуудах, уйлах зовох, өвдөх гэж байхгүй төдийгүй өдөр бүр баяр баясал дүүрэн байдаг тэр газарт бид буцацгаах юм. Энэ газрын зүтгэл ба уйтгар ахархан зуур өнгөрөн одож, төд удалгүй айсуй Нэгэн ирвэл бид үеийн үед эдлэх тэнгэрийн хаанчлалын яруу алдарт хүрэх болно (Евр 10:37).

Бурханы хүслийг үйлдэгч тэнгэрийн хаанчлалд орно

Энэ мэтчилэн агуу авралыг хөнгөн хуумгай үзэж, хайнга хандаж болохгүй. Дайсан диавол бидний сэтгэлийг эзэмдэх гэж байсан ч өөрт байгаа бүхнээрээ хөрөнгө оруулан худалдаж авсан тэрхүү эрхмээс эрхэм зүйлээ үнэ цэнэгүйдүүлэн, Есав шиг орхих мунхаг хүн нэг ч гарах ёсгүй.

Ууган хүүгийн ерөөл хичнээн эрхэм чухал болохыг Есав мэдээгүй. Тэгээд үнэ цэнийг нь мэддэг хүн түүнийг нь өгөөч гэж гуйхад ямар ч бодолгүйгээр зүгээр л өгч орхидог. Хожмын өдөр үнэ цэнийг нь ухаарч, газар шаан гэмшсэн ч нэгэнт өнгөрөн одсон тул буцааж чадаагүй юм (Эхл 25:29-34, 27:1-40, Евр 12:16-17 үзэх).

Энэ газрын өчүүхэн зүйлээс болж, хоромхон зуурын өл дарж, амиа хоохойлохын төлөө аяга зармагны шөлөөр ууган хүүгийн эрхээ хэрхэн худалдаж болох билээ! Үзэсгэлэнтэй, сүр жавхлант Бурханы хаанчлалд орох эрхээ алдана гэсэн бодлыг хэн тэвчиж чадах билээ?

Бидэнд өгсөн авралын үнэ цэнэ ертөнцийн юугаар ч сольшгүй тийм эрхэм нандин. Харин үүнийг олж илрүүлсэн хүн нь өөрийн цаг хугацаа, хүч хөдөлмөрөө бүгдийг зарцуулаад ч болов тэрхүү эрдэнийг олохын төлөө хичээнэ. Тиймээс тэнгэрийн хаанчлал хүчинд автаж, хүчирхийлэгч хүн авна хэмээсэн (Мат 11:12).

Бурханы хаанчлалд орохын төлөө үргэлж сургаалд анхаарч, Бурханы хүслийг сайтар биелүүлэх хэрэгтэй.

“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно.” Мат 7:21

Библид Бурханы олон хүсэл бичигдсэн байдаг. Бурханы тушаалыг сайн сахиж, Түүний өгсөн хууль, зарлиг, тушаалыг сайн биелүүлэх нь ч Бурханы хүсэл бөгөөд ариун хүний хувьд зан чанар болон итгэлээ хадгалж байх нь ч Бурханы хүсэл аж. Үүнд мөн үзэсгэлэнт Бурханы хаанчлалд ороход заавал хэрэгжүүлээрэй хэмээн хүүхдүүддээ захисан сургаал үг ч байдаг.

“Хэн ч хэн нэгний мууг муугаар хариулахгүй байхад анхаар. Харин үргэлж бие биендээ болон бүгдийн төлөө сайнд тэмүүл. Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн.” 1Тес 5:15-18

Талбайд нуусан эрдэнийг илрүүлсэн хүн баяр хөөрөөр дүүрэн байсан. Тэнгэрийн хаанчлалыг олж аваад баярлаж, хамаг залуу нас, амьдралаараа хөрөнгө оруулалт хийж, түүнийг худалдан авсан хүнийг агуу их баяр хөөр олсон хүн гэж хэлнэ.

Тэнгэрийн хаанчлалын өв амлагдсан хүүхдүүдийн хувьд өдөр бүр баяр хөөртэй амьдрах хэрэгтэй. Бурханы хаанчлал биднийх мөн тул үргэлж баяртай байж, тэрхүү Бурханы хаанчлалыг үнэгүйгээр, зүтгэлгүйгээр өгсөн болохоор бүх зүйлд талархаж, тэнгэрийн хаанчлалд найдах нь зүйтэй. Бурханы хаанчлалд орох болчихоод байхад баяр хөөр ч үгүй, талархал ч үгүй бол Бурханы хаанчлалд орох эрхгүй хүн болно.

Насан туршдаа хурааж цуглуулсан ардаа олон тэгтэй хадгаламжийн мөнгө нь сарын дараа шатах болно гэвэл шууд л зүрх нь дэлсээд эхэлнэ. Гэтэл түүнтэй зүйрлэшгүй эрхэм үнэт Бурханы хаанчлал өдөр өдрөөр дөхөн айсуй. Бид үүнд хэрхэн баярлахгүй байж болох билээ дээ? Талархахаа тасалж яаж болох билээ.

Бүгдээрээ үнэ цэнэтэй итгэлээ төгс төгөлдөр өсгөөд, Эцэгийг морилон ирэх өдөр яруу алдар дунд Түүнийг угтан авч, Бурханаас дүүрэн ерөөл авахыг Сионы ард түмнээсээ хүсье. Даатгал, хадгаламжийн мөнгө зэрэг нь төлөгдөх хугацаатай байдгийн адил бэлтгэгдсэн ерөөлийг аван автлаа жаахан хугацаа хэрэгтэй боловч тэр өдрийг найдан хүлээвэл бидэнд гарцаагүй өгөгдөх болно.

Гэвч тэнгэрийн хаанчлалын төлөө хөрөнгө оруулаагүй бол тэр өдөр нь харин ч бүр эсрэгээрээ аймшигт өдөр болон хувирна. Тэр өдрийг аймшигт өдөр болгох уу, догдлон хүлээх өдөр болгох уу гэдэг нь биднээс хамаарна. Эцэг Эхийн хүслийг сайн даган, алдагдсан ах эгч дүүгээ хайхад хичээцгээж, мөн тасралтгүй залбирч, сургаал үгийг нь шимтэн судлаад, Бурханыг хэзээ ч ирсэн баяртайгаар хүлээн авах хэрэгтэй юм.

Тэнгэрийн хаанчлалаас баттай зуурах амьдрал

Тэнгэрийн хаанчлалыг ертөнцийн ямар ч чухал зүйлтэй зүйрлүүлшгүй, юугаар ч сольж болшгүй учраас тэрхүү ариун газарт зогсох хүн хуурмаг хоосонд сэтгэлээ өргөж болохгүй хэмээсэн. Бурханы амлалтанд туйлаас найдаж, тэнгэрийн хаанчлалыг чиглэн эцэс хүртэл хурдлан гүйхийг хүсэх байна.

“ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартай, ариун зүрхтэй, хуурмаг хоосонд сэтгэлээ өргөөгүй, худал тангараг тавиагүй нь буюу. Тэрээр ЭЗЭНээс ерөөлийг, авралынхаа Бурханаас зөвт байдлыг хүртэх болно. Энэ нь Түүнийг хайгчдын үе юм. Иаковын Бурхан, Таны царайг хайгчдын үе юм.” Дуу 24:3-6

Илчлэл номыг уншвал Хургатай хамт байгаа дэлхийгээс аврагдсан хүмүүс, Бурханы улсыг өв залгамжлалаар авахад зохистой хэмээн эцсийн шийдвэр гаргуулсан хүмүүс Бурханы ууланд зогсож чадна (Илч 14:1). Тэд цэвэр гартай, ариун зүрхтэй, хуурмаг хоосонд сэтгэлээ өргөөгүй хүмүүс юм.

Хуурмаг хоосонд сэтгэлээ өргөж, Бурханы тогтоосон өдөр өөрийн өвийг авч чадахгүй харамсалтай хэрэг гаргаж болохгүй. Үргэлж баяртай байн, талархал өргөж, сэтгэлд таагүй, сэтгэл шархлуулах зүйл мэр сэр гарлаа ч хожим ирэх тэнгэрийн хаанчлалыг бодоод тэр бүгдийг сэгсрэн хаях хэрэгтэй.

Баяр хөөр бялхсан хүн таагүй зүйл сонслоо ч аягүйцээд байхгүй. Тэнгэрийн хаанчлалын баяр хөөр, найдвар агуу болохоор элч Паул олон хавчлагыг ялж гарч чадсан. Мөн Стефан чулуугаар цохиулж, сургаалынхаа төлөө амиа алдах тэр агшинд ч өөрийг нь хавчсан хүмүүсийн төлөө залбирч чадсан юм.

Гомдол дургүйцэл өвөрлөж, баярлаж талархаж чаддаггүй хүн Бурханы улсад хэрхэвч очиж чадахгүй. Тэнгэрийн хаанчлалд очиж чадах хүн нь Эцэг Эхийн хүсэл дотор үргэлж баярлаж талархдаг хүн юм. Мөн Бурханы амласан өвд баттай итгэдэг хүмүүс юм. Тэнгэрийн хаанчлалыг өгнө гэсэн байхад баяр баясалгүй, талархаж мэдэхгүй, гомдол дургүйцэл гаргаж байна гэдэг нь Бурханы амлалтанд итгэдэггүйтэй нь холбоотой биш гэж үү? Итгэдэг хүн л бол баяр хөөрөөр бялхана. Бүх зүйлд талархаж чадна.

Бидэнд бусдын мэдэж чадаагүй баяр хөөр бий. Учир нь бид талбайд нуусан эрдэнийг олсон. Шинэ гэрээгээр Бурханы хаанчлалын өв залгамжлагч болсон болохоор жаахан хүлээчихвэл тэнгэрийн хаанчлал биднийх болно. Харин хүлээх зуураа ертөнцийг аврангаа хүлээгээрэй хэмээн айлдсан тул одоо хүртэл Бурханы хаанчлалыг олж чадахгүй байгаа үндэстнүүдэд олсон эрдэнээ харуулаад, амьдарч чадах замыг тэдэнд зааж, дагуулцгаая.

Тэнгэрийн хаанчлал бидэн рүү өдөр өдрөөр ойртсоор. Хожим очих мөнхийн тэнгэрийн хаанчлалд сэтгэлийн гүнээсээ, цаг ямагт найдвараа тавья. Мөнхийн тэнгэрийн хаанчлалын юмсыг мөхөж устах энэ газрын юмсаар яасан ч бүү солиорой гэж хүсэх байна. Эцэгийн морилон ирэх өдрийг хүртэл тэнгэрийн хаанчлалын найдварын галаа бөхөөлгүй баттай хамгаалж, амийн титэм авч, тэнгэрийн хаанчлалын ерөөл хүртэхийг Сионы гэр бүлүүдээсээ бүгдээс нь хүсэж байна.