Сорилтыг ялдаг итгэгч

16,232 үзэлт

Цөлийн түүхийг эргэн харвал түүн дотроос сорилтыг ялах мэргэн ухааныг олж болно. Израиль ард түмэн 430 жилийн турш Египетэд амьдран янз бүрийн зовлон зүдгүүр амсаж байгаад Бурханы ивээлээр Египетээс чөлөөлөгдөж сүү, зөгийн бал бялхсан Канаан нутгийг зорин гарцгаав. Тэд Бурханы сонгосон ард түмнийхээ хувьд Алгасал баяр тэмдэглэж, Бурханы гэрээний үг болох Арван тушаал, өөр бусад тушаал, зарлиг, хуулийг ч Бурханаас хүлээн авсан байна. Тэд хэдийгээр Бурханы гэрээг хүлээн авсан сонгосон ард түмэн ч гэлээ ихэнх нь Канаан нутагт хүрч чадалгүй цөлд мөхжээ. Үүний гол учир нь тэд сорилтыг ялж чадаагүйд байсан аж.

Өнөө үед бид ч мөн Библид зөгнөгдсөн гэрээний ард түмэн, амлалтын хүүхдүүдийн хувьд Бурханы бидэнд зөвшөөрсөн үнэний тал дээр эргэлздэггүй. Харин сорилтыг ялж чаддаггүй нь л бидний гол асуудал болоод байна. Сорилтоос болж шаналдаг, бас явах ёсгүй сүйрлийн зам руу ордог гээд л бодохоор бид бүхэн сорилтыг ялдаг итгэгчид болох хэрэгтэй шүү дээ.

Бүү уруу татагд

Бурханы ард түмэн л бол сорилтыг ялдаг мэргэн ухаантай байх ёстой. Библид авралд хүргэх мэргэн ухаан шингэсэн гэсэн билээ. Иймд Библиэс мэргэн ухааныг нэг нэгээр нь судалцгаая.

“Уруу татагдахгүйн тулд сэргэг бай, залбир. …” Мат 26:41

Алгасал баярын шөнө Есүс Гетсемани гүвээн дээр гарч, дараа өдөр нь эдлэх зовлонгоосоо болоод шөнөжин шаргуу залбирч байхад шавь нар нь бүгд унтаж байв. Тиймээс шавь нараа сэрээж “Уруу татагдахгүйн тулд байнга залбир” гээд, залбирлаар сорилтыг ялж чаддаг болохыг биечлэн жишээ үзүүлжээ.

Есүсийн зааж өгсөн Эзэний залбиралд ч “Биднийг уруу татлагад бүү автуулаач” гэж байдаг.

“Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, … Биднийг уруу татлагад бүү автуулаач, ёрын муугаас гэтэлгээч. …” Мат 6:9-13

Сорилтонд уруу татагдсанаас болж итгэлийн цөлийн замд унах хүн ч гарна, тэнгэрийн орны босгонд тулж ирсэн хойноо үлдэх хүн ч гарна. Эртний израиль ард түмний цөлийн 40 жилийн түүхэнд ч бас янз бүрийн сорилт байдаг байв. Бурхан израиль ард түмэнд өдөр бүр манна буулгаж өгсөн шигээ хэрэгтэй бүхнийг нь хичнээн л бол хичнээнээр нь өгч чадах байлаа. Гэвч тэд төгс хүчит Бурханд бүрэн итгэж чадаагүй, Бурханыг түшиж ч чадаагүй. Тэгээд л “Ам цангаад байна”, “Хоол алга”, “Махсаад байна” гэх зэргээр Бурханд гомдоллож, бүгд сорилтонд орж байв. Тэд өөрсдийн ханаж цаддаггүй шуналаасаа болоод сорилтонд орж, шүтээн шүтэж, садар самуун үйлдэж, гомдоллож дургүйцэж, Бурханыг сорьж байгаад эцэст нь цөлд сүйрцгээсэн.

Энэ бүхнийг үеийн төгсгөл тохиож буй бидэнд сануулга болгон бичжээ (1Кор 10:1-11). Биднийг сорилтонд оруулахгүйн тулд Бурханы бидэнд харуулсан хэд хэдэн түүхэн жишээ Библиэс олж үзэцгээе.

Шүтээн шүтэх сорилтыг ялсан Шадрах, Мешах, Абед-него

Эхлээд шүтээнд мөргүүлэх гэсэн сорилтыг ялсан өвөг дээдсийн итгэлээс сурцгаая.

“Тэгэхэд Небухаднезар хилэнд автаж, Шадрах, Мешах, Абеднего нарт хандан царай нь хувирчээ. Зуухыг галлах ёстойгоосоо долоо дахин илүү галлахыг тэрээр тушаав. … Харин Шадрах, Мешах, Абеднего гэх эдгээр гурван эр хүлээтэй чигээрээ дүрэлзсэн галтай зууханд унажээ. Дараа нь Небухаднезар хаан гайхаж, яаран босож ирлээ. … Хаан хариулан —Хараач! Хүлээсгүй, дөрвөн хүн гал дунд явааг би харж байна. Тэд гэмтээгүй байна. Дөрөв дэх нь бурхдын төрхтэй юм гэв. Небухаднезар дүрэлзсэн галтай зуухны аманд ойртож очоод, —Хамгийн Дээд Бурханы зарц Шадрах, Мешах, Абеднего нар аа, гараад ир, нааш ир гэжээ. Тэгэхэд Шадрах, Мешах, Абеднего нар гал дундаас гарч ирэв. Бүх аймгийн удирдагч, цэргийн ноёд, түшмэд хийгээд хааны зөвлөгч нар тойрон бүчиж, гал энэ эрсийн биед ямар ч нөлөөгүй байсныг харав. Үс нь ч хуйхлагдаагүй, дээл нь ч хувираагүй, тэднээс түлэнхий үнэр ч үнэртсэнгүй. Небухаднезар —Шадрах, Мешах, Абеднего нарын Бурхан магтагдах болтугай. Тэрээр тэнгэрэлчээ илгээж, Өөрт нь итгэн, хааны тушаалыг зөрчиж, Бурханаасаа өөр ямар ч бурханд үйлчлэх ч үгүй, мөргөх ч үгүйгээр биеэ тушаан өгсөн зарц нараа аварсан билээ.” Дан 3:19-28

Небухаднезар хаан Дурагийн талд асар том шүтээн босгов. Тэрээр нийт захирагчдыг цуглуулсны дараа тэр шүтээндээ мөргүүлэх гэж тушаал буулгажээ. Бүх хүн өвдөг сөгдөн мөргөсөн ч Шадрах, Мешах, Абед-него нар хааны тушаалаас илүүтэй Бурханы үг дагахыг сонгосон байна. “Хэдий хааны тушаал ч гэлээ хаан танаас илүү аугаа, амийн эхлэл төгсгөлийг захирдаг ариун Бурхан “шүтээнд мөргөж болохгүй” гэж тушаасан болохоор бид таны босгосон шүтээнд хэрхэвч мөргөхгүй” гээд эрс татгалзжээ.

Тэгэхэд хаан уур хилэнд автаж, царай нь хувирав. Вавилонд ирсэн иудейн олзлогдогсдод онцгой ивээлээ хайрлаж, албан тушаалд хүртэл томилсон байхад тэд зарлигийг нь зөрчсөнд хаан дүрсхийн уурлажээ. Тэгээд тэднийг жирийн үеийнхээс долоо дахин хүчтэй галласан зууханд хаях аймшигт тушаал буулгасан байна.

Амь нас нь үхлийн ирмэгт тулж ирчихээд байхад ч Шадрах, Мешах, Абед-него нар үүнийг эс тоов. Тэд “Бурхан биднийг гал дундаас аврах бөгөөд хэдий тэгэхгүй байсан ч бид шүтээнд мөргөхгүй” гээд итгэлээ бат сахижээ. Сорилтыг ялсан тэднийг Бурхан гал дундаас ч аварч гаргав. Үүнд гайхсан Небухаднезар хаан “Шадрах, Мешах, Абед-него нарын Бурхан магтагдах болтугай” хэмээн Бурханд яруу алдар өргөж, Бурханы эсрэг хайш яйш юм ярих аливаа хүнийг хэсэглэн цавчиж, гэрийг нь үнсэн товрог болгоно гэсэн мэдээг Вавилоны муж даяар тараажээ (Дан 3:29-30).

Сорилтыг ялж гарахад Бурхан энэ мэт ерөөлөө соёрхдог юм. Бурхан итгэлийн өвөг дээдсийн үйлсээр авралд хүргэх мэргэн ухаан бидэнд зааж өгсөн билээ.

Амь насанд нь аюул заналхийлсэн сорилтын дунд ч тэд итгэлээ чанд сахисан байхад бид жаахан л хэцүү байдалтай тулгарахаараа өвдөг сөгдөөд байж яахан болох. Бид итгэлийн зөв замаар алхаж, сорилтыг ялдаг итгэгч болох аваас ертөнцийн бүх хүн Небухаднезар хаан шиг бидний Бурханыг магтах юм.

Садар самууны сорилт ялсан Иосеф

Сорилт янз янз. Шүтээнд мөргүүлэхээс гадна бидний Бурханд итгэх итгэлийг унаган Сатаны өмнө сөгдүүлж, тэнгэрийн хаанчлалын замыг хаах гэсэн зүсэн бүрийн сорилт бий. Тиймэрхүү сорилтыг бид үргэлж ялж сурах ёстой.

“Иосеф Египет уруу хүргэгдэв. Тэгээд түүнийг тэнд авчирсан ишмаелчуудын гараас Фараоны түшмэл, хамгаалагчдын захирагч Потифар гэдэг нэгэн египет хүн түүнийг арилжин авчээ. ЭЗЭН Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж, тэр өөрийн эзэн египет хүний гэрт сууж байлаа. ЭЗЭН, түүнтэй хамт байгааг мөн ЭЗЭН, түүний үйлдсэн бүхнийг гараар нь бүтэмжтэй болгож байгааг түүний эзэн нь үзэв. … Тэрээр өөрт байсан бүхнээ Иосефын гарт даатгаад, идэх хоолноосоо өөр юунд ч санаа тавихаа больжээ. Иосеф чийрэг сайхан биетэй, үзэсгэлэнтэй сайхан эр байлаа. Түүнээс хойш эзнийх нь эхнэр Иосефт харц чулуудаж —Надтай унтаач гэж хэлэв. Харин Иосеф татгалзаж, эзнийхээ эхнэрт… Та түүний эхнэр учир тэр танаас бусад юуг ч надад хориглоогүй. Би яаж ийм ёрын муу хэрэг хийж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ? гэв. Тэр эмэгтэй өдрөөс өдөрт Иосефыг ятгасаар байсан боловч тэрээр өөртэйгөө унт гэснийг нь ч, хамт бай гэснийг нь ч сонссонгүй. Нэгэн өдөр Иосефыг ажилаа хийхээр гэрт ороход гэрийнхнээс нэг ч хүн тэнд байсангүй. Тэр эмэгтэй түүний хувцаснаас чангааж —Надтай унтаач гэсэнд Иосеф түүний гарт хувцсаа орхиод, гадагш зугтан гарав. Иосеф түүний гарт хувцсаа хаян зугтаж гарахыг хараад тэр эмэгтэй гэрийнхнээ дуудан тэдэнд —Хараач, эзэн маань бидэнд еврей хүн авчирч түүгээр биднийг доромжлууллаа. Тэр намайг хүчирхийлэх гэж над дээр орж ирлээ. Тэгээд би чангаар хашхирсан. Тэр миний чанга дуугаар хашхирахыг сонсоод хувцсаа миний дэргэд орхин гадагш зугтаж гарлаа гэв. Тэрээр эзнийгээ гэртээ иртэл нь нөгөө хувцсыг дэргэдээ тавьж байв. Тэгээд тэр түүнд нөгөө үгээ хэлж —Чиний бидэнд авчирсан еврей боол намайг доромжлохоор над дээр орж ирээд, намайг дуугаа өндөрсгөн хашхирахад тэрээр хувцсаа миний дэргэд орхиод, гадагш зугтаж гарсан гэв. …” Эхл 39:1-23

Иаковын арван нэг дэх хөвгүүн Иосеф Потифарын гэрт боол болон зарагджээ. Иосеф эзэгтэйнхээ садар самуун явдалд орооцолдохоос эрс татгалзаж, эцэст нь хилс хэргээр шоронд оров. Гэвч Бурхан зөвт сэтгэлийг нь хараад үргэлж хамт байсан болохоор Иосеф хожим Египетийн захирагчийн байр сууринд хүрэв.

Сорилтыг ялдаг хүн энэ мэтээр ерөөл авч байдаг. Бурхан итгэл сүсэгтэй, үнэнч шударга хүмүүсийг сорилтоос ангижруулж, ерөөл өгдгийг бид мартаж болохгүй. Заримдаа бидэнд ямар нэг зүйл дээр хилстсэн ч юм уу Бурханд орхигдсон юм шиг санагдах тохиолдол байдаг ч эцэс сүүлд нь ерөөлтэй үр дүн ирдэг.

Итгэлийн амьдралд эцсээ хүртэл тэвчиж чадахааргүй болгодог хүчин зүйл бол сорилт аж. Хэрвээ Шадрах, Мешах, Абед-него нар сорилтонд уначихсан бол хичнээн иудей хүн, Бурханы сонгосон ард түмэн байлаа гээд ямар хэрэг байх билээ? Тэд шүтээнд мөргөчихсөн бол иудей хүний эрхээ ч, Бурханы ард түмний эрхээ ч бүрэн алдах байсан болов уу.

Иосеф ч мөн эзэгтэйнхээ уруу таталтыг ялж чадалгүй сорилтонд уначихсан бол үеийн үед ёрын муу нэгэнд тооцогдох байлаа. Гэвч Бурханы сургаалыг үргэлж даган, итгэл сүсэгтэй амьдрахад хэсэг хугацаанд муу нэр зүүж, шоронд орсон ч гэлээ Бурхан бүх байдлыг эсрэгээр нь эргүүлж, Египетийн хаан Фараоны дараах эрх мэдэл олгон, Египетийн бүх нутгийг захируулдаг. Иосефын туулсан адал явдалт амьдрал дунд Бурханы төлөвлөгөө, зүй тогтол шингэсэн байв. Тэрээр ах нартаа үзэн ядагдаж, Египет рүү зарагдан, олон зовлон, сорилттой учирсан ч тэр бүхнийг ялсны эцэст Египетийн захирагч болсон шүү дээ. Тэгснээр Канаан нутагт ган зуд болоход Иаковын гэр бүл Египет рүү нүүн суурьшиж, урт хугацааны ган зуднаас ангижирдаг. Энэ бүхнийг Бурхан урьдаас төлөвлөсөн аж.

Загалмайн сорилтыг ялсан Есүс

Бид уруу таталт, элдэв сорилттой тулгарах үедээ Бурханы мэлмийд аль нь зөв зүйтэй зам болохыг тунгааж мэдсэн Иосефынх шиг бас Шадрах, Мешах, Абед-него нарынх шиг ялгах чадвар бидэнд байх хэрэгтэй билээ. Явц нь хэдий хүнд хэцүү байлаа ч бид тэрхүү бэрхшээлээс зайлсхийхийн тулд зөвт бус байдалтай зөвшилцөж үл болно. Ямар ч хүнд нөхцөлд бид Бурханы тогтоосон тушаал, зарлиг, хуулийн дагуу зөв замаар алхах учиртай.

Есүс сайн мэдээний амьдралаа дуусгаад, хамгийн том сорилтыг ялсан юм.

“Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үүл мэт үлэмж их гэрч нартай тул аливаа саад тотгор ба амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе. Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм. Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүйн тулд Өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг тэвчсэн Түүнийг санагтун.” Евр 12:1-3

Загалмай ч мөн асар их зовлон дагалдсан сорилтын нэг байлаа. “Болж өгвөл Надаас энэ аягыг өнгөрүүлээч” хэмээн Есүс шаналан байж залбирсан юм. Энэ үгнээс бид Түүний зовлон хичнээн хүнд, аймшигтай байсныг жаахан ч атугай гадарлаж болохоор байна.

Есүс загалмайн сорилтыг ялж Бурханы сэнтийн баруун гарт залрах яруу алдрыг авсан байна. Түүнийг асар их ичгүүр, доромжлол, зовлон хүлээж байгааг мэдэж байсан ч Тэрээр энэ бүгдээс зугтаагүй юм. Харин ч бидний өмнөөс нүгэл үүрэн эвлэрүүлгийн тахил болъё гэсэндээ зовлонгийн замаар алхаж, авралын яруу алдарт түүхийг биелүүлсэн аж.

Бид ч мөн итгэлийн цөлийн замаар алхахдаа сорилттой тулгардаг. Тэр үед бүх зүйл хэцүү, зовлонтой санагддаг. Есүсийн эдэлсэн загалмайн сорилт ч, Иосефын сорилт ч, Шадрах, Мешах, Абед-него нарын сорилт ч ялгаагүй бүгд л зовлонтой байсан. Гэвч зовлонг тэвчиж, Бурханы заасан зөвт замаар алхвал сорилтын ард асар том ерөөл хүлээж байдаг. Сорилт ирвэл зайлсхийх гээд байх биш, үүнд Бурханы ямар хүсэл шингэсэн бол гэдгийг тунгаан, сорилтыг үргэлж ялан гарахыг хүсэж байна.

Сорилтыг ялдаг хүн ерөөлтэй

Цөлийн 40 жилийн түүхэнд л сорилт байсан биш. Өнөөг хүртэл тоо томшгүй сорилт манай итгэгчдэд байсаар ирсэн. Сорилтыг хэрхэн ялдаг, ялахад ямар ерөөл авдгийг Бурхан Библиэр дамжуулан бидэнд сургасан юм.

“Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр шалгуулчихаад, Өөрийг нь хайрлагсдад Эзэний амласан амийн титмийг хүлээн авна.” Иак 1:12

Сорилтыг тэсвэрлэж ялбал амийн титмийг хүлээн авна. Бурханы бэлдэж тавьсан ерөөл, яруу алдар бидэнд өгөгдөх юм.

Соригдох үедээ өмнөө байгаа сорилтдоо л автан мунгинах биш, Бурханы хүслийг бодон, Бурханы сургаал болон тушаалыг дагах хэрэгтэй. Тиймээс Библид “Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр шалгуулчихаад, амийн титмийг хүлээн авна” гэж хэлсэн юм.

“сүсэг бишрэлтэй хүмүүсийг сорилтоос яаж ангижруулах ба зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэл дор яаж барихаа Эзэн мэддэг. …” 2Пет 2:9-12

Сорилтонд байхдаа Бурханы тусламжийг хүртье гэвэл итгэлийн амьдрал маань сүсэг бишрэлтэй байх ёстой. Бурхан сүсэг бишрэлтэй хүмүүсийг сорилтоос ангижруулдаг ч зөвт бус хүмүүсийг шийтгэл дор барьж байдаг.

Израиль ард түмэн Бурханы сонгосон ард түмэн байсан хэдий ч 40 жил цөлд амьдрахдаа тэдний ихэнх нь мөхсөн учир нь сорилтыг ялж чадаагүйд байв. Бид шинэ гэрээний үнэн дотор Бурханд итгэдэг Бурханы сонгосон ард түмэн, бас эмэгтэйн үлдсэн үр удам. Ийм яруу алдрын байр сууринд байгаа ч сорилтонд орж Есав шиг авсан бүх ерөөлөө алдчихвал ямар хэрэг байх билээ дээ? Есавынхтай адил сэтгэлтэй болоход хүргэдэг зүйл нь сорилт юм. Сорилтонд орвол ууган хүүгийн эрх ч юу ч биш юм шиг санагдана. Тэнгэрийн орны хаан тахилчийн ерөөл ч, Бурханы гэрээ хүртэл үнэ цэнэгүй мэт санагдаж, Бурханы амлалтыг нэг л өглөө үгүй хийчихнэ. Энэ бол бидний анхаарах ёстой зүйл. Тиймээс Есүс үнэн дотор байдаг шавь нартаа “Уруу татагдахгүйн тулд сэргэг бай”, “Уруу татагдахгүйн тулд залбир” хэмээн байнга чухалчлан захиж, эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно гэж айлдаж байлаа.

Христийн сургаалыг дагаж, ариун байдал ба итгэл сүсэг дор Бурханы хүсэлд нийцэж амьдрахыг та бүхнээс хүсэж байна. Бурханы ерөөл дунд амьдарч байгаагаа марталгүй, Бурхандаа яруу алдар, талархлыг их өргөөрэй. Тэгээд эцэст нь сорилтонд оролгүй, Бурханы үгийг сэтгэлдээ илүү гүн шингээж, сорилтыг ялдаг итгэгчид болоод тэнгэрийн ерөөлөөс эцэс хүртэл тас зуураад, тэнгэр Эцэг Эхдээ баяр баясгалан өргөх хүүхдүүд болохыг хүсье.