Агуу эш үзүүлэгч болоорой

16,898 үзэлт

Библид Бурханы хүслийг түрүүлж ухаарч, Бурханы ажил хийж байгаа хүнийг “эш үзүүлэгч” хэмээсэн. Бурхан эш үзүүлэгчиддээ нууцаа урьдчилан илчлэлгүйгээр Бурхан үнэхээр юу ч хийхгүй ба сонгосон ард түмнийхээ төлөө үе тус бүрд эш үзүүлэгчдээ дахин дахин илгээж байсан (Амо 3:7, Иер 29:19 үзэх).

Хуучин гэрээний Библид израиль ард түмэн замаасаа гажиж хажуу тийш явах бүрд нь тэдэнд сануулж, Бурханы хүслийг үнэн зөв дамжуулан, удахгүй болох гамшиг ба Христийн авралын талаар зөгнөсөн эш үзүүлэгчдийн үйлс тодорхой гардаг. Шинэ гэрээний Библид ч мөн Христ ирсний дараа авралын сайн мэдээг түрүүлж хүлээн аваад дэлхий даяар тунхагласан сайн мэдээний эш үзүүлэгчдийн төрхийг тэмдэглэсэн байдаг. Судалж үзвэл Библийн 66 ном бүхэлдээ Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн эш үзүүлэгчдийн тэмдэглэсэн үг бөгөөд эш үзүүлэгчдээр дамжуулан дэлхий дахинд тунхаглагдсан Бурханы дуу хоолой юм.

Бурхан Сионы бүх итгэгчийг агуу эш үзүүлэгчид болоосой хэмээн хүсэж байгаа. Бурханы эш үзүүлэгчийн хувьд юун түрүүнд Бурханы хүслийг сайн ойлгох хэрэгтэй бөгөөд сайн мэдээг сайн тараах нь мэдээжийн хэрэг төдийгүй хийж буй үйлдэл нь түүндээ нийцэж байх хэрэгтэй. Яавал Бурханы хүсэж буй агуу эш үзүүлэгч болж чадах вэ гэдгийг хамтдаа бодох цаг гаргацгаая.

Мэдэх мэдэхгүйн ялгаа

Хүн бүхний мэдэх антибиотик пенициллин нь шархны үрэвсэлд онцгой үр нөлөөтэй боловч пенициллин дөнгөж гарч байсан үед зарим хүмүүс тариа тариулахаас дургүйцэн зайлсхийдэг байжээ. Учир нь пенициллиний ашиг тусын талаар мэдэх зүйл бараг байхгүй болохоор тэр. Эмийн үр нөлөөг мэдэхгүйгээс “Үнэхээр энэ тариаг хийлгээд эдгэрэх болов уу? Эсрэгээрээ илүү хүндэрвэл яана аа?” гэх мэт айдас төрж, хичнээн зоригтой хүн ч тариа тариулахаас зайлсхийдэг байж.

Гэвч одоо пенициллиний үр нөлөөг бага багаар мэдэх болцгоож, хүмүүсийн бодол өөрчлөгдөж эхэлсэн. Пенициллин тариулаад өвчин нь эдгэрсэн хүмүүс энэ эмийн үр нөлөөний талаар сурталчилснаар олон хүн пенициллинд итгэж найдах болсон байна. Тэр үеэс хойш хүмүүс сайн дураараа эмнэлэгт ирээд пенициллин тариулахын тулд дараалалд зогсож, ингэснээр олон хүний амь аврагдаж байжээ.

Вирусын эсрэг тамифлугийн хувьд ч адил. H1N1 гэдэг өвчин гарахаас өмнө энэ эмийн үнэ цэнийг мэддэг хүн тун ховор байсан. Харин H1N1 бүх дэлхийд тархсанаар тамифлу улам бүр улс орон даяар түгсэн. Хүмүүс нэрийг нь ч мэдэхгүй байсан энэ эм H1N1-ийг цор ганц эмчлэгч гэдгийг ойлгох болж, түүний улмаас тамифлу нөөцөлж чадаагүй засгийн газар ард түмний хүчтэй шүүмжлэлд өртсөн юм. Энэ үеэс эхлээд дэлхийн улс орон бүр цаашид тамифлуг нөөцлөх гэж багагүй сандралдсан.

Сүнслэг ертөнцийн зүй тогтол ч үүнтэй адил гэж хэлж болно. Ертөнцийн эм нэг хоромд өвчнийг анагаах хүч нөлөөтэй боловч тэнгэр Эцэг Эхийн авч ирсэн шинэ гэрээ нь нүгэл ба үхэл рүү унаж буй хүн төрөлхтнийг мөнх амьдруулах эм бөгөөд бүх улс үндэстнийг эдгээх авралын эм юм. Тэгсэн ч хүмүүс Ариун Сүнсний үеийн Аврагч болсон Сүнс болон Сүйт бүсгүйг ухаарч чадахгүйгээсээ болоод хүлээн авахдаа эргэлзэж, мөнхөд амилуулах амийн ус өгч байхад нь ч амархан хүлээн авч чадахгүй байна (Илч 22:17 үзэх).

Үнэний агуу хүчийг хэдийн мэдэж байсан ч үнэ цэнийг нь тэр хэвээр нь мэдүүлж чадахгүй, тунхаглаж чадахгүй бол бидний хариуцлага асар их байх болно. Хүмүүс үнэнтэй анх танилцаж байгаа болохоор үнэ цэнийг нь мэдэхгүй учраас дуртайяа хүлээн авч чадахгүй байх нь мэдээж биш гэж үү? Шинэ гэрээний талаар бид тодорхой тайлбарлаж өгч, шинэ гэрээг дамжуулж өгсөн Елохим Бурхан болох Сүнс ба Сүйт бүсгүйн талаар ч баттай ойлгуулж өгөх юм бол дэлхийн бүх үндэстэн хэн хөтөлснөөс үл хамааран Библийн зөгнөлийн дагуу авралын ерөөл авахаар сайн дураараа Сион руу цутган ирэх болно.

Урьд Мосегийн үед асар барих материал цуглуулж байхад асрын материал Бурханд өргөх нь хичнээн агуу ерөөл болохыг ухаарсан израиль ард түмэн баяртайгаар Бурханд өргөл өргөсөн. Сайн дураараа өргөл авчирсан ард түмний өргөл өдөр ирэх тусам нэмэгдсээр асар барихад хэрэглээд ч хангалттай үлдэх хэмжээний их материал хоромхон зуур цугларч, эцэст нь Мосе одоо материал авч ирэхээ зогсоо хэмээн тушаал буулгах хэрэгтэй болдог (Гэт 35:20-29, 36:2-7 үзэх).

Энэ түүх бол тэнгэрийн ариун газрын материал гэж илэрхийлэгдсэн Бурханы хүүхдүүдийг цуглуулж байгаа энэ үед тэр хэвээрээ давтагдах зөгнөл юм. Тиймээс эхлээд тэдэнд сайн мэдээний үнэ цэнийг ойлгуулж өгөх хэрэгтэй. Өнөө үеийн эш үзүүлэгчид болох бид Бурханы үгийг дэлхий даяар өргөн мэдүүлбэл ерөөлийг ухаарсан израиль ард түмний хүн нэг бүр хичээж, Бурханд өргөх асар барих материал цуглуулсны адил үнэний үнэ цэнэ ба ерөөлийг ухаарсан олон хүн сайн дураараа Сионы хаалгыг тогшин авралыг хүсэмжлэх болно.

Ертөнцийг ухааруулах сайн мэдээний эш үзүүлэгчид

Өнөө үед дэлхийн өнцөг булан бүрээс гадаад ариун хүмүүс айлчлалаар тэнгэр Иерусалим Эхийн энгэрт тагтаа мэт нисэн ирж байна. Дэлхий дахин руу явсан Сионы гэр бүлүүд Библиэр дамжуулан үнэний сүнслэг эмийн талаар хичээнгүйлэн мэдүүлж танилцуулсан учраас Ариун Сүнсний үеийн Аврагч хэн болохыг, шинэ гэрээ нь юу болохыг, яагаад шинэ Иерусалим Эх орших ёстойн учрыг нарийн тодорхой сонсоод ухаарсан гадаад итгэгчид богино хугацаанд ч том итгэл олон, жинхэнэ ариун газар руу айлчлалын цуваа болон ирэх болжээ.

Гэвч ертөнцөд үнэний тухай хараахан мэдээгүй хүмүүс хавьгүй олон байгаа. Тэдгээр хүмүүс үнэнийг хүлээж аваасай гэсэндээ Сионы гэр бүлүүд бүгдээрээ сайн мэдээний агуу эш үзүүлэгчид болж, хичээнгүйлэн үгийг тунхаглаж, тэднийг ухааруулах хэрэгтэй. Шинэ гэрээний хүч чадал ба шинэ нэрний үнэ цэнэ, шинэ Иерусалимын яруу алдрыг бүрэн дүүрэн ойлгуулж, айдсаа эдгээрээр ялж, авралын үнэнийг хүлээн авч чадахуйцаар зөв ойлгуулах хэрэгтэй.

Анх удаа үнэнийг сонссон хүмүүс дунд “Ертөнцөд ийм үнэн үнэхээр байсан уу?” гээд гайхах хүн цөөнгүй. Ертөнц гайхан шагшрах энэхүү үнэнийг бид л мэдэж байвал болохгүй шүү дээ. Бурханы өмнөөс тэдэнд сэрэмжлүүлэх нь бидний үүрэг юм.

“—Хүний хүү, Би чамайг Израилийн гэрт харуулаар өглөө. Чи амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүл.” Езе 3:17

Бурхан ертөнцийг сэрэмжлүүлэх үүргийг бидэнд өгсөн тул үнэний тал дээр бат итгэлтэй болоод илүү хүчтэйгээр тунхаглацгаая. Сонсох болов уу гэж эргэлзэлгүй, байгаа чигээр нь ойлгуулан дамжуулах л юм бол ертөнцийн бүх хүн аврагдах өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэж байна.

Бурханы бидэнд тунхагласан сайн мэдээг дээд зэргийн бүтээгдэхүүнээс ч хамгийн сайн чанарын шилмэл гэж зүйрлэж байна (Иса 5:1-2 үзэх). Ийм хамгийн агуу үнэнийг хүмүүс мэдэхгүй байгаа болохоор хүлээж авч чадахгүй байгаа юм. Бид Самари ба дэлхийн хязгаар хүртэл очоод бүгдэд тунхаглан мэдүүлбэл дэлхийн бүх ард түмэн ухаарч чадаагүй байсан үеэсээ тэс өөр төрх харуулах болно.

Үр жимс их гаргах арга

Өөрийн хүч чадал ба нөхцөл байдлыг түрүүнд тавин эргэлзэж тээнэгэлзвэл юу ч хийж чадахгүйд хүрнэ. Эш үзүүлэгчийн хувьд ариун үүрэг авсан болохоор “Надад хүч чадал байхгүй учраас” мөн “Ярианы чадвар сайнгүй болохоор хийж чадахгүй” гэсэн бодлоо түр орхиж, Бурханы хүч чадалд найдан Бурханд л итгээд явбал болно.

“Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.” Фил 4:13

Бурхан бидэнд Өөрийнх нь хүч чадал дотор бүхнийг хийж чадах бүх нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Бүгдийг хийж чадах атал юу ч хийхгүй болохоороо л чадахгүй байгаа хэрэг.

Үр суулгасан үед л нахиалж, үр жимс боловсордог шиг сайн мэдээний үр ч мөн тарих хэмжээгээр, суулгах хэмжээгээр заавал үр жимсээ өгөх болно. Энэ бол байгалийн түмэн зүйлсээр дамжуулан харуулж өгсөн Бурханы зүй тогтол.

“Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ. Миний дотор байгч, жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг. Миний хэлсэн үгээр та нар хэдийнээ цэвэр болжээ. Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс гаргана. Учир нь Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй.” Иох 15:1-5

Бурханы мөчир болохынхоо хувьд Бурханы дотор оршиж л байвал бид олон үр жимс гаргана. Бид ингэж л бүтээгдсэн. Бурхан биднээр үр жимс гаргуулах гэж үндэснээс нь чийг өгч, бүх шим тэжээлээр адил тэгш хангадаг.

Усан үзмийн модны мөчрийн ганц үүрэг бол үр жимс гаргах. Бурханы мөчир болсон бид энэ үүргээ биелүүлэхгүй, үр жимс гаргахгүй бол юу болох вэ? Бурхан биднийг усан үзмийн мөчир болгож өгсөн юм чинь юу гэж л үр жимс өгөхгүй байх билээ? Чин сэтгэлээр гуйдаг, хичээж байгаа хүүхэддээ өгөхгүй байх учиргүй (Мат 7:7-11).

Бурхан биднийг бүх ажлыг хийж чадах хэмжээнд тусалж өгдөг учраас үр жимс гаргах ажил тийм хэцүү гэж бодохгүй байхад л болно. Хэрвээ болохгүй тохиолдол гарвал тэр нь Бурханы хүч чадлаар бус өөрийн бодлоор хийх гэснийх юм.

Сүнс аваръя гэсэн Бурханы энэлэн хүсэх чин сэтгэл үгүйгээр ярианы чадвар, мэдлэг зэрэгтээ тулгуурлаж Бурханы үгийг дамжуулах гэвэл ямар ч амжилт олохгүй. Даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэн зоригтойгоор, зүтгэлтэйгээр үгийг дамжуулаарай гэсэн Бурханы сургаалыг хасчихаад Бурханыг түшилгүй өөрийн хүчээр хийх гэвэл үр жимс огт гаргахгүй.

Бурхан “Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс гаргана” гэж айлдсан. Биднээр үр жимс гаргуулах хүчний эх ундарга, амийн усны ундарга буюу авралын эх ундарга болсон Бурханы дотор байх үед их үр жимс гаргаж чадна. Эцэгийн заавар, Эхийн сургаал дотор байвал болохгүй зүйл гэж үгүй.

Мөнх амийн шинэ гэрээг дэлхий даяар тунхагла

Хэрэв эмийн үр нөлөөг зөв ухуулан таниулаагүй бол нэртэй олон эм хүний амь аврах нь байтугай айлгаад л дуусах болно. Хүн төрөлхтөнд мөнх амь өгөх шинэ гэрээг мөн дамжуулахгүй бол ямар ч ашиггүй. Мэдэхгүйгээсээ болоод хүлээж авахаас айх хүн нэг ч гаргахгүйн тулд бид мөнх амь соёрхдог шинэ гэрээг бүгдэд тунхаглах хэрэгтэй.

“Би, Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захья. Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл зэмлэ, урамшуул. Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүслийнхээ дагуу, чихийг нь гижигдсэн багш нарыг өөрсдөдөө цуглуулах бөгөөд чих нь үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно. Харин чи бүгдэд саруул ухаантай бай, хэцүүг тэвч, сайнмэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ.” 2Тим 4:1-5

“Сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий” хэмээсэн нь усан үзмийн модны мөчир болохын хувиар олон үр жимс гаргаарай гэсэн сургаал биш бол юу гэсэн үг байх вэ? Бид дамжуулахгүй бол ертөнц Бурханы үнэнийг мэдэх замгүй болж, үнэнийг хүлээж авахаасаа айх болно. Үнэнээс нүүр буруулж, татгалзвал огтхон ч аврал авч чадахгүй шүү дээ.

Бурхан бидэнд эш үзүүлэгчийн үүргийг өгсөн болохоор бид Бурханы өмнөөс ертөнцийг сэрэмжлүүлэх хэрэгтэй. Цаашид илүү олон хүнд тэнгэр Эцэг Эхийн сургаал болох шинэ гэрээний үнэний үгийг тунхаглаад ертөнцийг аврах Сионы хүүхдүүд болцгооё. Сионы гэр бүлүүд бүгдээрээ Бурханы даалгасан үүргийг итгэмжтэй биелүүлж, олон сүнс амийн зам руу хөтлөх сайн мэдээний агуу эш үзүүлэгчид болохыг хүсэж байна.