Библид энэ үед амьдарч байгаа Бурханы хүүхдүүдэд итгэлийн сургаал болон сануулга болгох үүднээс өнгөрсөн түүхийг тодорхой тэмдэглэсэн байдаг. Израиль ард түмний туулсан цөлийн зам зөвхөн өнгөрсөн түүх бус, тэнгэрийн Канааныг харан, итгэлийн зам туулж байгаа сүнсний израильчуудад тохиолдох юмсын хуулбар ба сүүдэр, түүнчлэн жишээ, сануулга юм. Израиль ард түмний 40 жил туулсан цөлийн замд тохиолдсон элдэв сорилт шалгуурыг эргэн хараад, өнөөдөр бид чухамдаа Бурханы хүсэлд нийцдэг итгэлийн зам туулж байна уу гэдгээ эргэн харж, өөрсдийгөө шалгацгаая.
3500 жилийн өмнө израиль үндэстэн сүү ба зөгийн балаар бялхсан Канаан нутагт орохын тулд Египет газраас гарахдаа сарын дотор зорьсон газартаа хангалттай оччихно гэж бодсон. Египетээс Канаан хүртэл тийм ч хол газар биш тул үржил шимгүй цөлийг 40 жилийн турш туулна гэж тэд төсөөлж ч байгаагүй аж.
Цөлд өдөр хоног өнгөрөх тусам бэлтгэж гарсан сарын хүнс нь дуусаж, идэх юмгүй болмогц өлсөж цангасандаа тэд залхжээ. Тэгээд л амнаас нь гомдол дургүйцэл урсаж эхэлсэн. Эцэст нь Бурханд гомдоллон урван тэрслээд, итгэлийнхээ зорилгыг мартан, израиль ард түмний ихэнх нь цөлд унасан юм.
“Та нар үүнийг эс мэдэхийг би хүсэхгүй байна. Ах дүү нар аа, эцгүүд маань бүгд үүлэн дор байж, бүгд тэнгисийг гатлан гарч, бүгд үүл ба тэнгист Мосе уруу баптисм хүртэж, бүгд адилхан сүнслэг хоол идэж, бүгд адилхан сүнслэг ундааг ууж, тэднийг дагаж байсан сүнслэг хаднаас ундаалсан ба тэр хад нь Христ байв. Гэсэн ч тэдний олонх нь Бурханы таалалд нийцээгүй тул цөлд хиарсан юм. Тэд тачаадан хүссэн шиг муу муухай юмсын араас бид тачаадан хүсэхгүй байхын тулд энэ нь бидэнд жишээ болсон юм. Тэдний заримтай адилаар шүтээн шүтэгчид бүү бол. … Тэдний зарим нь садарлаж, ганцхан өдөр хорин гурван мянгуулаа үхсэн болохоор тэдний адилаар садар самууныг бид эс үйлдье. Тэдний зарим нь сорьж, могойнуудад хөнөөгдсөн болохоор Христийг бид тэдэн шиг үл сорьё. Тэдний зарим нь гонгинож, устгагчаар хөнөөгдсөн болохоор тэдэн шиг бид үл гонгиноцгооё. Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг үеийн төгсгөл тохиож буй бидэнд сануулга болгон бичжээ. Тиймээс өөрийгөө зогсож байна гэж бодогч нь уначихгүйн тулд болгоомжил.” 1Кор 10:1-12
Итгэлийн цөлийн замд өөрийн итгэлийг “Иймэрхүү хэмжээнд хангалттай” гэж боддог хүн байвал уначихгүйн тулд болгоомжил хэмээсэн. Израиль ард түмэн анхандаа Бурханы бэлдсэн Канаан нутагт очоод ивээл ерөөл, аз жаргал эдэлнэ гэсэн итгэл дүүрэн байсан билээ. Харин цөлийн амьдрал нь аажмаар урт залхмаар болж, итгэлийн амьдралынх нь хатуу чанд, тууштай ухаан бага багаар арилж, жижигхэн асуудал гарсан ч Бурханыг түшихийн оронд гомдол дургүйцлийн үг гаргах болжээ. Үүний үр дүнд Египетээс гарах үеийн 20-иос дээш насны зургаан зуун мянган эрсээс ердөө Иошуа, Калеб хоёр л амлалтын Канаан нутагт орж чадсан юм.
Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд бидэнд сануулга болгон бичсэн тул израиль ард түмний туулан өнгөрүүлсэн цөлийн мөрийг нухацтай гэгч нь эргэн харангаа, итгэлийн цөлд бүдрүүлэх хүчин зүйл юу болохыг нарийн нягтлан үзээд, хэрэв байвал зайлуулцгаая.
“Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Елимээс хөдөлж, Египетээс гарснаас хойш хоёр дахь сарын арван тавны өдөр Елим болон Синаи уулын хоорондох Син цөлд хүрэв. Тэр цөлд Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гонгинолдов. Израилийн хөвгүүд тэдэнд —Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байхдаа ЭЗЭНий мутарт алагдсан бол дээр байж. Та нар чуулганыг бүхэлд нь өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөлд авчирлаа гэв. ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуулна. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү гэдгийг Би сорих болно. Тэд өдөр бүр хураадгаасаа хоёр дахин ихийг зургаа дахь өдөрт хурааж бэлтгэг гэв. Мосе Аарон нар Израилийн хөвгүүдэд… —ЭЗЭН орой нь та нарт идэх мах өгч, өглөө нь та нарт цадтал талх өгнө. Учир нь Өөрийнх нь эсрэг та нарын гонгинон гомдоллохыг ЭЗЭН сонссон. Бид юу юм бэ? Гонгиноон чинь бидний эсрэг биш, харин ЭЗЭНий эсрэг юм гэв. …』…” Гэт 16:1-16
Цөлийн амьдрал эхлээд сар өнгөрмөгц хоол хүнс нь дуусаж, олон түмний дунд удирдагчдын талаар гомдол өрнөв. Тэр нь эцэстээ Бурханы эсрэг гомдох гомдол болон үргэлжилсэн юм.
Мэдээж израиль ард түмэн таатай сайхан нөхцөл, амар тайван байдалд Бурханд гомдоллосон юм биш ээ. Тэд нээрээ л гомдоллохоос өөр аргагүй нөхцөл байдалд байсан юм. Махан биеэр бодоход идэх хоолгүй, уух усгүй байхад гомдоллож, дургүйлхэхгүй хэн байх билээ? Дээрээс нь шатам халуун нар төөнөж, хөрст газар нь өвс ургамал ч харагдахгүй, ангамал зэлүүд цөлийн замыг туулангаа найдвар тасрам эргэн тойрныхоо байдлыг хараад гомдоллохоос өөр аргагүй байж л дээ. Тэгтэл тэр агшнаас нь эхлээд л Бурханы тэдэнтэй хамт байна гэсэн амлалтын үг ухаан бодлоос нь ор сураггүй алга болчихож.
Бурхан тэдний гомдоллохыг сонсоод ард түмэнд өдөр тутмын хоол хүнс зөвшөөрч өгөв. Өдөр бүр тэнгэрээс манна буулгаж өгснөөрөө Бурхан уг нь Өөрийнхөө амьд гэдгийг, мөн Өөрийгөө ажилласаар байгаа гэдгийг, Өөрт нь боломжгүй юм байхгүй гэдгийг тэдэнд харуулсан юм. Энэ бол Бурхан израиль ард түмнийг сэрээсэн явдал байлаа.
Бурханы амлалтанд бат итгэж байсан хүмүүс ямар ч байдалд ганхахгүй эцэс хүртлээ итгэлээ сахисан байхад Бурханы амлалтыг мартаж, юм л бол хэцүү байдлыг нь харж байсан хүмүүс түр зуурын таагүй байдлыг тэвчилгүй, үргэлж гомдлын дуу хоолойгоо өндөрсгөж байв. Аварч өгсөн Бурханы нигүүлслийг мартаж, хоол хүнсээ дуусвал хоол алга гэж гомдоллон, усгүй болоход Египетийн нутагт байсан нь дээр байж гээд л дахин дахин гомдоллосон.
“Дараа нь Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн ЭЗЭНий тушаалаар аялан Син цөлөөс хөдлөн явсаар Рефидимд буудаллав. Тэнд хотол түмэнд уух ус байсангүй. Ард олон Мосетой маргалдан —Бидэнд уух ус өг гэсэнд Мосе тэдэнд —Та нар яагаад надтай маргалдаж байна вэ? Та нар яагаад ЭЗЭНийг сорьж байна вэ? гэв. Харин ард түмэн тэнд ус хүсэн цангаж, Мосегийн эсрэг гомдоллон гонгинолдож —Та юунд биднийг Египетээс авчран, биднийг болон үр хүүхэд, мал сүргийг маань цангааж алах гэж байна вэ? гэлцэв. Мосе, ЭЗЭНд хашхиран —Би энэ ард түмнийг яах вэ? Жаахан удвал тэд над уруу чулуу шидэх болно гэв. Тэгэхэд ЭЗЭН, Мосед… Чи хадыг цохь. Тэгвэл тэндээс ус гарч, ард түмэн уух болно гэв. Мосе Израилийн ахмадуудын нүдний өмнө тэр ёсоор үйлджээ. …” Гэт 17:1-7
Өнөө үед ч нөхцөл байдал нь л өөр болохоос, цөлд байсан шиг гомдоллох нөхцөл хүн тус бүрд маань зайлшгүй гардаг. Толинд дүрс туссан л бол бодит дүрс байх нь гарцаагүй шүү дээ. Гомдоллодог хүн бол Бурханы хаанчлалд орох зохисгүй, тэнцэхгүй хүмүүс. Бид Бурханыг үргэлж боддог байх хэрэгтэй. Итгэлийн замд Бурхантай уулзсандаа талархаж, тэнгэрийн орон явах амлалт авсандаа талархах хэрэгтэй. Харин ингэж чадахгүй, зөвхөн махан биеийн нөхцөл байдлыг л харж дүгнээд, сорилт шалгуур, хүндрэл бэрхшээл тулгарахад шууд унаж болохгүй.
Тасралтгүй гомдоллон дургүйцсэн израиль ард түмэн Бурханы оршихуйг умартан, шүтээнд хүртэл үйлчлэх болжээ.
“Мосег уулнаас бууж ирэлгүй саатсаныг ард түмэн хараад Аарон дээр цугларч, түүнд —Бос. Бидний өмнө явах бурхдыг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египет нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна гэж хэлэв. Аарон тэдэнд —Эхнэр, хөвгүүд, охидынхоо чихэнд байгаа алтан ээмгүүдийг мулталж, надад авчир гэв. Бүх ард түмэн чихнээсээ алтан ээмгүүдээ мултлан Ааронд авчрав. Аарон алтыг тэдний гараас авч хайлуулж цутгаад, багажаар цутгамал тугал болгов. Тэд —Израильчууд аа, та нарыг Египет нутгаас гаргасан бурхан чинь энэ юм гэцгээв. Аарон үүнийг үзээд, тугалын өмнө тахилын ширээ босгож —Маргааш ЭЗЭНд зориулсан баяр наадам болно гэж зарлан тунхаглав. Тиймээс дараа өдөр нь тэд эртлэн босож, шатаалт тахилууд өргөж, эвийн тахилуудыг авчрав. Ард түмэн идэж уухаар сууж, тоглож наргихаар босоцгоов. …” Гэт 32:1-12
Бурханаас Арван тушаал авахаар Синаи ууланд гарсан Мосе 40 хоног өнгөрсөн ч бууж ирээгүйд, хүлээж цуцсан израиль ард түмэн тэр даруй алтан тугал бүтээж, үйлчилсэн юм. Египетээс гарах үед Египетийн айл бүрд ууган хүүг цохих гамшиг нүүрлэсэн үед Алгасал баяраар зольж аварсан Бурханы хүч чадалд бишрэн талархаж, талархаад ч баршгүй байсан хүмүүс тэд билээ. Мөн тэр даруй Улаан тэнгисийн гайхамшгийг харж, мөшгөн хөөж байсан Фараон болон түүний морин цэргийг няцаан хөөсөн Бурханаас эмээгчид ч мөн л тэд байсан. Тийм байсан атлаа ердөө хэдэн сар ч бололгүй нөхцөл байдал хэцүү болонгуут Бурханыг орхив.
Бурхан бидэнтэй хамт байгаа гэх Египетээс гарах үеийнх нь итгэл нэг л мэдэхэд алга болчихсон юм. 400 гаруй жилийн турш боолчлогдсон Египетээс өөрсдийг нь чөлөөлж өгсөн Бурхандаа талархаж байсан анхны сэтгэлээ ч мартаж, зөвхөн нүдэнд харагдах махан биеийн байдлаар л итгэлийн ертөнцийг харахад хоол хүнсгүй, усгүй, удирдагч байхгүй гэх зэрэг элдэв нөхцөл дундаас Бурханд гомдоллон эргэлзэж, Бурханыг сорьж байсан юм.
“Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин —Израилийн хөвгүүдэд Миний өгөх гэж буй Канаан нутгийг тандуулахаар өөрсдөөсөө хүмүүсийг илгээ. Эцгүүдийнх нь овог бүрээс, тэдний дунд удирдагч болох хүн бүрийг чи илгээгтүн гэв. Ингээд Мосе Израилийн хөвгүүдийн тэргүүнүүд болох тэр бүх хүнийг ЭЗЭНий тушаалаар Параны цөлөөс илгээлээ. … Гэтэл Калеб ард олныг Мосегийн өмнө намжаагаад —Бид гарцаагүй дийлж чадах учир өгсөж очоод түүнийг эзэлж авцгаая гэв. Харин түүнтэй хамт явж байсан хүмүүс —Тэд биднээс хэтэрхий хүчирхэг тул бид тэр ард түмний өөдөөс өгсөж очиж чадахгүй гэсээр байв. Тийнхүү өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хөвгүүдэд базаахгүй мэдээ дэлгэрүүлж…” Тоо 13:1-33
Энэ үед ч мөн Канааныг тандаад буцан ирсэн арван хоёр тандагчийн арав нь сөргөөр илтгэн, тэр нутгийн талаар муу мэдээ дэлгэрүүлсэн байна. Зөвхөн Египетээс гарах үеэс эхлэн Канаан орох хүртэл “Бурхан хамт байгаа” гэсэн хөдөлшгүй итгэлтэй байсан Иошуа Калеб хоёр л Бурханыг түшвэл Канаан нутагт орж чадна гэж ард түмнийг зоригжуулсаар байлаа (Тоо 14:1-10 үзэх). Өнөө үед Самари ба дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхагла гэсэн Библийн зөгнөлийн дагуу Сионы гэр бүлүүд дэлхийн сайн мэдээг гүйцэлдүүлсээр байна. Энэ явцад мөн л хоёр төрлийн хүн байгаа юм. Сайн мэдээ дэлхий дахинд тунхаглагдана гэсэн Бурханы амлалтанд хэцүү бэрх нөхцөл байдалд ч бат итгэн, сайн мэдээний зам туулах гэр бүлүүд ч бий. Өгсөн нөхцөл байдлыг буруутган, юм л бол зовлонд өртөөд байдаг гэр бүлүүд ч бий.
Бурхан усгүй газар нь ус, зэлүүд цөлд хоол хүнс бэлтгэж өгч байсан шүү дээ. Амар тайван, аюулгүй байх үеэс илүү сорилт шалгуур, саад бэрхшээл байгаа газар нь харин ч бүр гайхамшигт түүх харуулж байсныг Египетээс гарсан үеийн түүх болон 40 жилийн цөлийн түүхээс ойлгож болохоор байна. Сионы гэр бүлүүд маань тэрхүү түүхийг толь болгон, ямар ч нөхцөл байдалд бидэнтэй үргэлж хамт байдаг Бурхандаа найдацгаая.
Цөлийн түүхийг үргэлжлүүлэн судалж үзвэл ард түмнийг өдөөн хатгаж, хагарал үүсгэж, тэрслэхийг оролдсон бузар муу хүмүүс ч байсан юм.
“Левийн гуч, Кохатын ач, Изхарын хүү Кора нь Реубений үр удмууд болох Пелетийн хүү Он ба Елиабын хөвгүүд Датан Абирам нартай хамт хөдөлж, Израилийн хэсэг хөвгүүд буюу цуглаанд сонгогдсон нэр алдартай хүмүүс, хотол түмний хоёр зуун тавин удирдагчидтай хамт Мосегийн өмнө хөндөлдөн босжээ. Тэд хамтдаа Мосе Аарон нарын эсрэг цуглаж, тэдэнд —Та нар арай дэндэж байна. Даяар хотол түмэн, хүн бүр нь ариун бөгөөд ЭЗЭН тэдний дунд байна. Юунд та нар өөрсдийгөө ЭЗЭНий чуулганаас дээгүүр өргөмжилнө вэ? гэв. … Даяар хотол түмнийг уулзалтын майхны үүдэнд тэдний эсрэг Кора цуглуулав. Тэгээд ЭЗЭНий цог жавхлан даяар хотол түмэнд үзэгдэв. … газар амаа нээж, тэднийг болон гэрийнхнийг нь мөн Корад хамаатай бүх хүнийг эд хөрөнгөтэй нь хамт залгилаа. Тэд болон тэдэнд харьяалагдах бүхэн Үхэгсдийн орон уруу амьдаараа доош оржээ. Газар тэдний дээр хаагдан, тэд чуулганы дундаас устгагджээ. …” Тоо 16:1-35
Корагийн бүлэглэлийнхэн өдий төдий ард түмнээ хөтлөх гэж өдөр шөнөгүй зүтгэж байсан Мосед туслахын оронд харин ч бүр гомдоллогч улсуудыг цуглуулж, удирдагчийнхаа эрх мэдлийн эсрэг тэрслэх оролдлого хийцгээв. Үүнд Бурхан газрын амыг нээлгэн, Кора тэргүүтэй удирдагчдыг болон түүний гэр бүлийг хүртэл залгиулж, хорон муу хүмүүсийг шийтгэн, юм бүхнийг Бурханы хүслийн дагуу хийж ирсэн Мосегийн талд ялалт өгчээ.
Үүнээс гадна зэс могой шүтэх хэрэг явдлыг оруулаад, ард түмнийг бүдрүүлж сүйрүүлсэн элдэв үйл явдал цөлд тасралтгүй гарч байв. Бурханы хүч чадлаар Египетийн хүлээснээс ангижирч, араас нь мөшгөн ирсэн Фараоны цэргүүд хүртэл сураггүй алга болсон. Тиймээс гадны ямар ч дайснаас айх шаардлагагүй болсон израиль ард түмэнд өөрсдийнх нь дотроос довтлох дайснууд гарч ирж, тасралтгүй тулалдах болжээ.
Сүнслэгээр одоо бид нэг иймэрхүү л үйл явц дунд тэнгэрийн Канааныг чиглэн явж байгаа. Гомдол, дургүйцэл, элдэв сорилт нь итгэл сулрах юм уу залхуурах үед Бурханыг умартсан сэтгэлээс үүсэн гардаг. Дахин нэг удаа хүн бүр дор бүрнээ итгэлээ эргэн хараад, чухам тэнгэр Эцэг, Эхдээ нийцсэн итгэлийн амьдралаар амьдарч байна уу, үгүй юү гэдгээ нягталж үзээрэй. Улмаар дутуу зүйл байгаа бол Елохим Бурханыг улам бүр сэтгэлдээ тээн, итгэлийн цөлийн замыг талархалтайгаар туулах тэнгэрийн хүүхдүүд болцгооё.
Цөлийн 40 жилийн түүх бол ердөө Канаан орох хүртэлх л түүх. Хэцүү аян зам байсан хэдий ч Бурхан эцэст нь Канаан нутгийг өгсөн биш үү? Бурханы амлалт өөрчлөгдөшгүй тул тэр амлалтыг авах хүртэл замын дундаас бүдэрч унасан тэдний мунхаг явдлыг бид давтах учиргүй.
Авралын маань төлөө урьдаас тусгаж харуулсан цөлийн түүхийг жишээ болгон, сүнсний Канаан орох хүртэл итгэлийн цөлийн замыг ивээлтэйгээр туулцгаая. Елохим Бурхан мөнхийн тэнгэрийн хаанчлалд биднийг Өөрийн биеэр хөтөлсөн болохоор Бурханы амлалтанд итгэн, энэ замаар барианд орон ортлоо эцсээ хүртэл гүйгээд, бүгд авралд хүрэхийг Сионы гэр бүлүүдээсээ хүсэж байна.