
Давидын хүү Абсалом урвах санаа сэдэж байв. Тэрээр Давидын суугаа хотыг эзэлж, эцгээ хэрхэн хөнөөх талаар зарц нартайгаа зөвлөлдөж байв.
Тэр үеэр Давид төр улсаа цэгцлэхийн төлөө Абсалом руу цэрэг явуулав. Тэрээр хаалганы дэргэд зогсон, цэргүүдээ гарч явахыг хараад цэргийн бүх жанжингуудад тушаал өглөө.
“Миний төлөө залуу Абсаломд зөөлөн хандаарай.”
Ефраимын ойд маш ширүүн тулалдаан болов. Абсаломын дагалдагчид Давидын цэргүүдэд ялагдаж, эцэст нь Абсалом Давидын зарц Иоабын илдэнд үхэв.
Уг мэдээг сонсоод Давидын сэтгэл урагдах мэт өвдөж, хаалганы дээрх өрөөнд орж хүүгийнхээ нэрийг дуудаж уйлав.
“Миний хөвгүүн Абсалом минь, хүү минь. Миний хөвгүүн Абсалом минь. Чиний оронд би үхсэн бол дээр байсан юм. Абсалом хүү минь, миний хүү!”
Абсалом нь эцгийнхээ сэнтийг булаан, сиймхий л гарвал эцгийнхээ ар нуруу руу хутга зоох гэж байсан урвагч, тэрслүү хүү юм. Гэвч Давид түүнийг “залуу Абсалом” гэж дуудан, жанжингууддаа хүүд нь зөөлөн хандахыг захиж байв. Давид хүүгээ ухвар мөчид үйлдэлдээ гэмшиж, эцгийнхээ энгэрт эргэж ирнэ хэмээн найдаж байсан юм. Гэвч хүүгээ амь алдсан тухай мэдээ сонсоод “Би чиний оронд үхсэн бол!” гэж уйлж байв. Абсалом гэмийнхээ төлөөсийг төлсөн боловч Давид хүүгийнхээ оронд үхсэн болоосой хэмээн гашуудан байв.
Ертөнцөд логиктой зөрчилддөг нэг зүйл бий. Тэр бол амийг нь хөнөөхийг оролдсон дайснаа аминаасаа ч илүү хайрлах эцгийн хайр юм.