​Амь аврахад бидэнд юу хэрэгтэй вэ?

246 Үзсэн тоо

2016 оны Рио де Жанейро хотод болсон Олимпоос алтан медаль авсан Мак Хортон нэгэн шүтэн бишрэгчээсээ и-мэйл авчээ. Тэр и-мэйлд тамирчны цээжнийх нь дээд талд байдаг мэнгэ томорч өмнөхөөсөө илүү хар болсон тул арьсны хорт хавдар байж магадгүй гэж таамаглаж байгаагаа дурдсан байжээ. Хортон нэн даруй эмнэлэг рүү очтол эмч түүний мэнгийг меланома болсон байх магадлалтайг хэлжээ. Меланома гэдэг нь меланоцитууд хяналтаас гарч эхэлмэгц үүсдэг арьсны хорт хавдрын нэг төрөл юм. Энэ нь үхлийн аюул дагуулах өвчин боловч шинж тэмдэггүй тул арьсаа сайн анхаарч үзэхгүй бол өвчнийг үнэн зөв илрүүлж чадахгүй талтай гэнэ. Өөрт нь санаа зовж, анхаарал халамж тавин, и-мэйл явуулсан шүтэн бишрэгчийнхээ ачаар тэрээр хэт оройтохоос нь өмнө мэс засал хийлгэж, амь насаа аварч чаджээ.

Саяхан АНУ-ын Флорида мужийн WFLA-ТВ-ийн эрэн сурвалжлах сурвалжлагч Виктория Прайс өөрт нь анхаарал тавьж, и-мэйл бичсэн нэгэн үзэгчийнхээ ачаар хорт хавдраа эрт үед нь илрүүлж чаджээ. Уг үзэгч захидалдаа хүзүүн дээрх бондгор юм бамбай булчирхайн хорт хавдар болж хувирсан гээд, сурвалжлагчийн хүзүүн дээр түүнтэй төстэй бондгор юм харагдаж байгаа тул шинжилгээ хийлгэхийг ятгасан байжээ. Сурвалжлагч нээрээ л бамбай булчирхайн хорт хавдартай гэсэн онош гарснаар барахгүй хавдар нь тунгалгийн булчирхайд нь тархаж байсныг илрүүлжээ. Хожим нь сурвалжлагч бүсгүй SNS-р дамжуулан уг үзэгчид хандан “Хэрэв надад ийм и-мэйл огт ирээгүй байсан бол би хэзээ ч эмч рүүгээ залгахгүй байх байсан. Хорт хавдар даамжран үсэрхийлэх байсан. Огт танихгүй байж и-мэйл явуулсан тэр эмэгтэйд би насан турш талархах болно” хэмээн талархлаа илэрхийлсэн байна.

Энэ хоёр хүнд тэдний хавдартай байгааг хэн ч хэлээгүй байсан бол юу болох байсан бэ? Биедээ юу тохиолдоод байгааг мэдэхгүй чигтээ цаг алдаж, таарч тохирсон эмчилгээ хийхэд хэтэрхий оройтсон үед нь онош тогтоолгох байсан биз ээ. Өөрт нь ямар ч хамаагүй мэтээр бодож болох байсан тэр шүтэн бишрэгч болон тэр үзэгчээс ирсэн хайр халамж, урам зориг л дээрх хоёр хүний амийг аврахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна шүү дээ.

Ниневегийн сүйрлийг анхааруулсан Ионагийн түүх Библид гардаг. Иона нэг өдөржин алхаж, гурван өдөр явж туулах том хот Ниневе даяар Бурханы үгийг тунхагласан байдаг. Бурханд итгэдэггүй байсан Ниневегийн хүмүүс хаанаас нь авхуулаад бүгд Ионагийн тунхаглалыг сонсон нүглээ ухаарцгаасан юм. Улмаар ард түмэн бүгд мацаг барин гэмшсэн шүү дээ. Үүний үр дүнд зуун хорин мянган хүн гамшгаас аврагдсан (Ион 1-3-р бүлэг). Иона хэрвээ Бурханы үгийг тунхаглаагүй бол Ниневе хотын хүмүүс ирж байгаа гамшгийг мэдэхгүй чигээрээ байх байсан.

Бурхан биднээс ч сайн мэдээ тараахыг хүссэн. Сайн мэдээ тараана гэдэг нь авралын мэдээг тунхаглаж, амь аварч байгаа болохоор үнэ цэнэтэй ажил юм. Эдүгээ олон хүн авралын сайн мэдээг сонсохгүйгээр үй түмэн гамшигт нэрвэгдэж байна. Тэднийг аврахад хэрэгтэй зүйл бол бид бүхний Бурханаас авсан бялхам хайр халамж, урам зориг маань билээ. Цаашид тээнэгэлзээд байлгүй, бүр оройтохоосоо өмнө шинэ гэрээ авралын сайн мэдээг чанга хашхирцгаая.